Үнэ нэмсэн компаниудтай хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Үнэ нэмсэн компаниудтай хариуцлага тооцно гэв

Том оврын автобусны тасалбар  өнөөдрөөс эхлэн 100 төгрөгөөр нэмэгдсэн нь олон нийтийг  бухимдахад хүргэв. Манай орны нөхцөлд дундаас доош орлоготой иргэд ихэвчлэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тэдэнд 100 төгрөгийн өсөлт хүндээр тусч байгаа нь ойлгомжтой. Архичид, хог түүдэг, мөнгөө төлдөггүй нөхөдтэй өдөр бүр хэрүүл хийдэг кондуктруудын зовлон дахиад л нэмэгдэв. 300 төгрөгөө өгөхдөө гар татдаг манайхан 400  төлнө гэдэг санаан зоргоор бүтэх хэрэг биш  бололтой.

Автобусанд өрнөх  хэрүүл урьд өмнөхөөс ч ихэсчээ. “Яахаараа 400 төгрөг болдог юм. Та нарыг үнээ нэмэх ёсгүй гэж байна лээ” гэж нэгэн зорчигч бухимдахад “Та манай автобус компанийн даргатай ярь. Энэ сарын 2-ноос үнээ нэмнэ гэж мэдээлсэн биз дээ” хэмээн кондуктор амыг нь таглах гэж  оролдоно. Энэ мэт хэрүүл өнөөдөр нийслэлийн бүх чиглэлд явж байгаа автобусанд өрнөсөн байх. Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид нийтийн тээврийн салбар алдагдалд орж, өрөнд баригдсан тул тасалбарын үнээ нэмэх шаардлагатай гэх  мэдэгдлийг жил гаруйн өмнөөс тавьж эхэлсэн. Үнэхээр ч дизель түлшний хомсдол, үнийн өсөлт нийтийн тээврийг сөхрүүлж, үнээ нэмэхээс аргагүй байдалд оруулсан байх талтай. Ингээд өнөөдөр өглөө тэд Засгийн газраас татаас өгөх, нийтийн тээврийн газраас  үнээ нэмэхийг зөвшөөрөхийг хүлээсэнгүй, дур мэдэн үнээ нэмлээ. Тасалбарын үнэ нэмэх болсон шалтгааныг Газрын тосны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тодруулахад “Бид хэдэн жил хүлээсэн. Бодит байдал тасалбарын үнэ нэмэхийг шаардаж байхад ямар ч арга байхгүй. Засгийн газраас  асуудлыг шийдэхийг хүлээнэ гэвэл хэдэн сар болно. Мөн зохицуулалт хийлгүй өнөөг хүрсэн Нийтийн тээврийн газрын  шийдвэрийг харвал бид зогсоход хүрнэ” гэлээ. Харин нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Албан ёсоор тасалбарын үнэ нэмэх шийдвэр гаргаагүй байгаа” гэх тайлбар өгөв. Тус газраас  400 төгрөгөөр үйлчилж буй компаниудад захиргааны хариуцлага тооцно гэдгийг ч хатуу сануулсан юм.

Ингээд бид өнөөдөржин нийслэлчүүдийг бухимдуулаад байгаа нийтийн тээврийн эргэн тойрон дахь асуудлаар Тээврийн  төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Лхагва-Очироос тодрууллаа.

-Хувийн хэвшлийнхэн  автобусны тасалбарынхаа үнийг нэмчихлээ. Танайх болохоор нэмэх ёсгүй гээд байдаг. Энэ асуудал хэдий хүртэл үргэлжлэх юм бэ?
 
-Бид хуулийн дагуу автобус компаниудтай  гэрээ байгуулж ажилладаг. Энэхүү гэрээнд 400 төгрөгөөр үйлчилнэ гэх үг өгүүлбэр ороогүй. Манай газраас ЗТБХБЯ, НЗДТГ-т  автобусны үнийг нэмэх тооцоо судалгаа, саналаа өгчихсөн, хүлээж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн  газар дангаараа үнэ нэмэх асуудлыг шийдэхгүй. Хэзээ шийдэгдэхийг ч хэлж мэдэхгүй байна.

-Хэдийгээр танайхаас албан ёсоор нэмээгүй гэж байгаа ч  зорчигчдоос 400 төгрөг нэхэж байна. Үүнийг яаж шийдвэрлэх юм бэ?

-Автобус компаниуд дур мэдэн үнээ нэмж болохгүй. Бид Авто тээврийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 10-30 мянган төгрөгөөр, аж ахуй нэгж байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Мөн зорчигчдод хандаж, 24 цагаар ажиллаж байгаа 321490, 323176, 326352 дугаарын утсаар холбогдож, 400 төгрөгөөр үйлчилж буй автобусны талаарх  мэдээлэл өгөөрэй гэж хэлмээр байна” гэлээ.

Автобусны үнийг 100 төгрөгөөр нэмэхэд төсөвт 10 тэрбум төгрөгийн ачаалал  ирнэ гэж албаныхан хэлж байна. Түүнчлэн Газрын тосны хэрэг эрхлэх газрынхан өнгөрөгч сарын 30-нд хуралдаж, нийтийн  тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудыг зургадугаар сарын 6 хүртэл дизель түлшээр хангах боломжтой  гэдгийг мэдэгдсэн аж.  Одоогийн байдлаар том оврын 600 автобус үйлчилгээнд гарч, өдөрт 49.6 тонн түлш зарцуулж байгаа гэх мэдээллийг ч албаныхан өглөө. Дизель түлш 1320 төгрөгөөс 1440 төгрөг болж нэмэгдэхэд нийтийн тээврийн салбар 2.1 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэх тайлбар ч байгаа. Түүнчлэн “нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд нэг зорчигчоос 29 төгрөгийн алдагдал хүлээдэг.  Өнгөрсөн онд 5.1 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Хэрэв энэ байдлаараа цааш үйлчилгээ явуулбал автобус компаниуд дампуурахад  хүрнэ” гэх  үгс ч дайж байлаа. 

Ямартай ч автобусны тасалбарын үнэ 400 төгрөг болчихлоо. Ард түмний нуруун дээрх ачаа бага гэлтгүй нэмэгдэв. Албаны хүмүүс болохоор үнээ нэмсэн компаниудтай хариуцлага тооцно гэх боловч бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Өдрийн 14.00 цаг өнгөрч байхад автобусны жолооч, кондукторууд 400 төгрөг “нэхсэн” хэвээр байв. “Үнэ нэмэх болоогүй ээ” гээд автобусын тасалбарыг 300 болгон буурууллаа гэхэд өнөөдөр илүү мөнгөөр үйлчилсэн хөлсийг хэн авах вэ? Олон хүний зуу, зуун төгрөг хэнийх болох вэ?

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж