Монголын жүдо бөхийн холбооны тамирчид, дасгалжуулагч, удирдлагууд байгалийн гамшигт аюултай үзэгдэл болох түймэрт өртөөд буй Сүхбаатар аймгийн ард иргэдэд тусламжийн гараа сунгалаа. Тэд өөрсдийн цалин болон тэмцээний шагналаасаа нийлүүлэн нийт 10 сая төгрөг хандивласан нь энэ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Монголчуудад маань гамшиг зовлон бага тохиолдоосой. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гал усны гамшигт нэрвэгдсэн ард иргэддээ тусламжийн гараа сунгах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго байх ёстой. Тэр ч миний бие болон жүдогийн тамирчид маань нэгдэн Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдэд туслах сэтгэлийг өрнүүлж байгаа юм. Энэхүү уриалгыг хүлээж авсан холбооныхоо удирдлага болон нийт тамирчдадаа талархал илэрхийлье. Монголчуудаа түймэрт өртөөд буй иргэддээ туслъя” хэмээн уриаллаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар өмнө нь Г.Танан хэмээх бяцхан охинд тусламжийн гараа сунгаж байсан юм.
Б.ЗУЛ