Төв аймагт малжуулах төсөл хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Төв аймагт малжуулах төсөл хэрэгжүүлжээ

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчигдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажилласан байна. Тэрбээр “Малжуулах төсөл”-д хамрагдаж байгаа Сэргэлэн сумын айл өрхөд мал хүлээлгэн өгч, хүүхэд, багачуудад нь гарын бэлгээ гардуулжээ. Шадар сайд анх удаа гэрт нь зочилсонд бэлэгшээсэн Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн малчин Б.Доржсүрэн саяхан мэндэлсэн ууган хүүдээ нэр хайрлахыг хүссэнээр, хүүд нь түвшин сайхан амьдрахыг хүсэн ерөөж, Д.Түвшин хэмээх нэр өгчээ.

Өнгөрсөн 2009-2010 оны өвөл Монгол Улсын нийт нутгийг хамарсан зудын гамшгийн улмаас олон зуун малчин өрх амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээсээ салсан юм.

Тиймээс Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос зудад нэрвэгдсэн малчдыг ажлын байраар хангах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, банкны зээлийн хүүгээс чөлөөлөх, мэргэжил олгох сургалт, дамжаанд хамруулах зэрэг арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж ирсэн байна. Энэ хүрээнд Төв аймгийн малгүй болсон айл өрхүүдийг малжуулах төсөлд хамруулжээ.

Шадар сайдын санаачлагаар байгуулагдсан “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага нь зудад хамгийн их нэрвэгдсэн Төв аймгийн Архуст, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Сэргэлэн, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ зэрэг найман сумын 80 гаруй өрхөд энэ хавраас эхлэн малжуулах төсөл хэрэгжүүлж буй юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж