УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж, Тендерийн хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Санал хураалтын шатанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Яамдууд тендер зарлаад тодорхой хүмүүс мэргэшээд ажиллаад сурч байхад нь орон даяар байгууллагын сүлжээ үүсгэх шаардлага байна уу. Яам ямар ажил хариуцах болж байна вэ, хяналт шалгалттай холбоотой ажлыг нь мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн шүү дээ” гэв.
Дээрх асуултад Сангийн сайд хариулт өгсөн юм. Түүний тайлбарласнаар яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, Тендерийн хуультай холбоотойгоор санал солилцоход бүгд “Яам тендер зарлаж, шалгаруулж байгаа нь маш их цаг авдаг. Бодлогоо боловсруулаад сууж байх ёстой атал ажлынхаа цагийн тэн хагасыг тендерт зарцуулдаг. Тийм учраас тусдаа бие даасан байгууллага байгуулаад тендерээ зарлаад хариуцлагаа үүрээд явах нь энэ чиглэлийн ажил ил тод болно” гэсэн санал хэлж байсан аж. Тийм учраас хуулийн төсөлд тусдаа бие даасан агентлаг тендерийг хариуцаж ажиллахаар тусгаж өгсөн юм байна.
Санал хураалт үргэлжилж байна.
Г.Дарь