Гомбожавын Мэнд-Ооёо
Нутгаараа яваад ирлээ. Хаврын хавсарганд өвсөн толгой бөхөлзөж, тэнгэрт хар утаа хөшиглөнө. Хэсэг хэсэг газар хар тарлантан түймрийн цурав таарна. Аймгийн төвийнхөн маань түймрийн дажинтай, хярвас үнэртсэн хаврын салхинд түгшүүртэйхэн хөлхөлдөнө. Засаг дарга Ж.Батсуурь түймрийн голомтоос дөнгөж орд ирээд байх хооронд нь хэдэн минут уулзлаа. Галан хөшиг далан км өргөн зурвасаар давшиж, 12 орчим метрийн өндөртэй тэр их нөөлөгийн аюул бол яг л дайны байдлыг санагдуулна. Түймэрт нэрвэгдсэн айл, шатаж нүүрс болсон малыг харахад нүд хальтармаар… Түмэнцогтын түймрийг бараг дараад байтал Эрдэнэцагаанд дахиад түймэр гарчээ. Ингээд бид уулзсаных ирэх 9-р сарын 4, 5-нд зохион байгуулах "Ганга нуурын чуулган" аялал жуулчлалын хөтөлбөрийнхөө талаар товчхон зөвлөлдөөд Засаг дарга түймрийн голомт руугаа яаран мордлоо. Ганц хүний хайнгууд асгасан нурамтай үнснээс үүдсэн гал монголын хадлан тэжээлийн гол нутгийн нэг Түмэнцогтын ерэн хувийг шатаасанд харамсавч баршгүй.
Өнгөрсөн намар гарсан түймэр Шилийн Богдын хормой шүргээд унтарсаны ул мөр бас л харлана. Сэтгэл ч харлана… ГАЛ АМЬДРАЛД ТУСТАЙ Ч ГАРААСАА АЛДВАЛ ДАЙСАН гэдгийг санууштай байна. Галын аюулд өртсөн хүмүүст туслахыг уриалах байна.