Чөлөөт бөхийн анхны секц Төмөр замын техникумд нээгдсэний дараахан тэнд хорин нас ч хүрээгүй, хонгор зүстэй Бавуугийн Намжин хүү ирж нийлжээ. Бөхийн хорхойтой гэж тоймгүй. Үндэсний бөх, чөлөөт бөхөөр ялгаагүй оролдоно. 1963 он хавиас шигшээ баг хавиар эргэлдэж, техникумдаа ч суралцах боллоо. Монголд болсон анхны Казах ССР, РСФСР-ийн шигшээ багийн халз барилдаанд зодоглоод үзлээ. Голцуу л ялагдаж явсаар 1966 оны үеэс 63 кг-даа эрс чангарав. 1967 оны Бүх ард түмний спартакиадаар түрүүлж, тэр намар Энэтхэгийн Делид болсон ДАШТ-д V байр эзэлжээ. Ж.Мөнхбат аварга анхны хүрэл медаль авчрах үед шүү дээ. Нэг ёсондоо Монголын спортын түүхэнд дэлхийгээс анхны V байрыг авчирсан эрхэм нь Б.Намжин болж.
Улмаар 1969, 1970 оны ДАШТ-д VII байр эзэлж, 1968, 1972 оны олимпод оролцож явсныг нь түүхийн шарласан хуудас гэрчилнэ. Жингий нь залгаж гарсан дүү, хожмын их алдартан З.Ойдовыг чөлөөтөөр зодоглуулах лүндэн дээрээс буулгасны дагуу 1973 оны ДАШТ-д сонгомол бөхөөр бас хүч сорьсон аж. “Хүний нас 30 гарсхийгээд хурд харьдаг юм билээ. Ойдов эхлээд миний бэлтгэл хангагч байгаад сайжрах цагаар миний үеийн гадны бөхчүүд ч бас харьсан. Манай жинд Ойдов, түүнийг залгаад Б.Болд, А.Энхээ нар дэлхийд олон жил сайхан барилдлаа. Тэдний алтан тариаг тарьсан хүн нь би өөрийгөө гэж боддог. Харамсалтай нь тариагаа тарьчихаад ургацаа хурааж чадаагүй” гээд санаа алдах нь нэгийг өгүүлж, хоёрыг бодуулна. Ид барилдах үедээ ч Д.Сэрээтэрийн бэлтгэл хангалцаж, жинг нь хасалцаж явснаа сануулж байна. Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр олимп, дэлхийгээс хүрэл медаль зүүсэн, манай алдартай хүчтэнүүдийн нэг билээ. Харин эрүүл мэндийн шалтгаанаар Намжин гуай 1971 оны ДАШТ-ийг өнжсөндөө үргэлж харамсч явдаг бололтой.
Олимп дэлхийн олон удаагийн аварга Японы Масааки Канеко, Зөвлөлтийн Загалав Абдулбеков, дэлхийн аварга Ираны Шамседдин Сеидабаси, олимпийн мөнгөн медальт Болгарын Эньо Тодоров, ДАШТ-ий мөнгөн медальт Зөвлөлтийн Елкан Тедеев, дэлхийн хошой хүрэл медальт АНУ-ын Майкл Янг зэрэг дэлхийн шилдэг бөхчүүдтэй ана мана үзэлцэж, Монголын нэрийг гаргаж явсан хүчтэнүүдийн нэг нь Бавуугийн Намжин мөнөөс мөн. 1967 онд жиндээ тавуул үлдээд барилдахдаа Канеког далаар нь дараад байхад цэвэр ялалт өгсөн бол, 1970 онд М.Янгийг ялсаар байхад тэнцүүлж хасаагүй бол энэ хүний намтар арай өөрөөр бичигдэх нь тодорхой. Манайд шинэ тулгар хөгжиж асан самбо, жүдогийнхон ч Намжинг урвуулахаар шохоорхон асуудаг байж. “Тэднийд ороогүй ээ. Уул нь жүдо, самбо миний барилдаан байсан юм билээ” гэж өгүүлэв.
Тэр хооронд үндэсний бөхөөр чамгүй ноцолдож, 1967 онд Дорноговийн наадамд түрүүлэн аймгийн арслан цолтой болсон байна. Улсын наадмын гурав, дөрвийн даваанд хэд хэдэн удаа зодоглоод үзжээ. Заал танхимд ч муугүй барилдана. Улсын арслан Л.Сосорбарамыг нэг өдөр гурван удаа дараалан өвдөг шороодуулсан аж. Спортын төв ордон, “Хөдөлмөр”, “Хоршоолол”-ын зааланд. “Дэмжлэгээр нохой шувууны цол авахгүй, аймгийн арслан надад ахдасхийгээд таарна” гэж аархсан үе нь тэр. “Зүтгээд зүтгээд болдоггүй, олон жил жин хасаад борц болохгүй юу” гэх. Гэхдээ Таван Тэсийн хүү Намжин “Увсын долоон хар”-ын нэг болон шуугиулсан үе нь энэ билээ. Долоон харынхаа Т.Артаг, Ц.Лхамаа нартай ураг садангийн холбоотой, аав Бавуу нь орсон буурыг ганц дугтраад зогсоодог бүлтэй хүн байсан гэхээр аргагүй л бөхийн удам.
Төмөр замын техникумаа дүүргэхийн тулд 1973 оноос барилдахаа больжээ. Тэр жилээ Улаанбаатарт болсон Азийн АШТ-д түрүүлчихсэн байлаа. Дэлхий олимпод мөрөө гаргаж, Тбилиси, Интернациональ, Найрамдалт армиудын зэрэг олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нэгэн алдартай бөх энэ үеэс амьдралын мөр хөөсөн түүхтэй. Увс нутагтаа 20 гаруй жил тээврийн тэрэг жолоодож амьдраад 1997 оноос Сэлэнгэ аймагт шилжин суурьшсан байна. Барилддаг наадмаа тэгсхийж өндөрлөсөн ч уядаг наадамд нилээн шуударчээ. Аймгийн наадмыг чамгүй хэд авсны дунд дөрвөн түрүүтэй Пуужин хээр мориороо нэрд гарсан гэдэг.
Хүүхэд шуухад тань барилдсан уу гэхэд “Манай хүүхдүүд аймгийн аварга л болдог юм. Нэгийг нь “Хангарьд” клубт Нацагдоржид өгсөн боловч гавьсангүй. Найман банди маань барилдаж базаагаагүй ч гэсэн эрүүл чийрэг хүмүүс болсон. Сумын наадамд дөрөвт үлдэх юм, түүнийг ч ямар барилдах гэхэв” хэмээн нуг нуг хөхөрлөө. “Салаа цэрэгтэй хүн дээ би. Салаа цэргээ гэр бүл болгох гэж, хүүхдүүддээ хөрөнгө таслах гэж хар хөгшин одоо хүртэл зүтгэсээр явна” гээд өндөлзөв. Олон жилийн тэртээ эрэмгий, аатай барилдаанаар бөхийн дэвжээнд шуугиулж явсан энэ эрийг шагнаж хүндлэхээ харин мартсаар ирснийг сануулах юун.