Ким овгийн эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2015.04.19-нд нийтлэгдсэн

Ким овгийн эмэгтэйчүүд

-Хойд Солонгосын удирдагч нарын амьдрал санаж байсан шиг дарчиг биш ажээ-

 

Ким Чен Ун түүний эхнэр Ли Соль Жу. 2012.07.25. Фото: Korean Central News Agency via Korea News Service / AP

 

Энэ сард Хойд Солонгосын лидер Ким Чен Уны эхнэр Ли Соль Жу оны эхнээс анх удаагаа олон нийтэд харагдлаа. Агуу залгамжлагчийн өвөө болон эцэг нь улс орноо удирдаж байхад эхнэрүүдээ олны өмнө гаргаж байсан нь ховор юм. Кимийн өвөг эцэг ч эхнэрээ олонд төдийлөн харуулдаггүй, түүний хүү Ким Чен Ир ч өөрийн хайрын романуудаа зарлаад байх хүсэлгүй байлаа. Харин өнөөгийн эрх баригч эхнэртээ халамжтай өрхийн тэргүүн болж харагдахыг хичээгээд зогсолгүй, өөрийн эхнэрээ Хойд Солонгосын ердийн эмэгтэйчүүд эдэлдэггүй эрх чөлөөтэй байлгадаг хүн ажээ. Тийм эрхийг өмнөх удирдагч нарын эхнэр болон нууц амрагуудын аль нь ч хүртэж үзээгүй юм. Оросын “Лента.ру” сайт Хойд Солонгосын удирдагч нарын хувийн амьдралын онцлогийг ойлгох гэсэн оролдлого хийснийг та бүхэнд хүргэж байна.

 

Ярихдаа улс ороноо коммунист үзэл сурталынх гэх авч албан бусаар хязгааргүй эрхт хаант засаглал бүхий ер бусын улсын бүтэц бол орчин үеийн Хойд Солонгос юм. БНСАУ-д коммунизм цаашлаад социализмаас нь юу үлдсэн талаар маргаж болно. Харин засаглал нь удам дамжсан гэдэгтэй маргах зүйлгүй. Ямар ч хязгааргүй эрхт хаант засаглалд эхнэр, нууц амрагууд, татвар эмс зэрэг эмэгтэйчүүд том үүрэгтэй. Хойд Солонгос ч эндээс хасагдахгүй. Одоо олны анхааралд Ким Чен Уны эхнэр болох царайлаг эмэгтэй Ли Соль Жу байна. Харин түүний өмнөх эрх баригчдын эмэгтэйчүүдийн талаар ярих зүйл их бий.

 

Хойд Солонгос улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен (жинхэнэ нэр нь Ким Сон Жу) 1912 онд Пхеньяны орчим христийн сүсэгтнүүдийн гэр бүлд төрөөд тун удалгүй Хятадад цагаачлан гарчээ. Гучаад оны эхээр ирээдүйн удирдагч Хятадын коммунист намд элссэн бөгөөд энэ талаар Хойд Солонгосын хэвлэл 1950-иад оны эхнээс дурсахаа больсон байна. Мөн тэр үеэс Ким Ир Сен Японы эсрэг Манжуур дахь хөдөлгөөнд оролцож байгаад хамгийн алдартай партизаны дарга нарын нэг болжээ. 1940 онд япончуудын давуу хүчинд шахагдан тэрээр хил даван Зөвлөлтөд бүгжээ.

 

Үүнээс өмнө нь Ким Ир Сен япончуудын эсрэг тэмцэж байсан солонгос бүсгүйтэй танилцсан байв. Түүнийг Ким Чон Сук гэдэг байжээ.

 

Ким Чон Сук 1919 онд Хверён хотод төрсөн ч гэр бүл нь Кимийн гэр бүл шиг Манжуурт шилжин суурьшжээ. Ихэнх тариачин бүсгүйчүүд шиг тэрээр албан ёсны боловсрол олоогүй. Партизаны отрядад бичиг үсэгт тайлагдсан ч байж магадгүй. БНАСАУ-ын ирээдүйн тэргүүн хатагтайг таних хүмүүс инээмсэглэсэн, ажилсаг, гэр бүлдээ үнэнч, сайхан санаатай эмэгтэй байсан гэж дурсдаг юм.

 

Ер нь бол Ким Ир Сен, Ким Чон Сук хоёрын гэрлэлт албан ёсоор бүртгэгдээгүй болов уу. Партизаны отрядад иргэний бүртгэл мэдээллийн төв гэж юу байлаа?

 

Гэр бүлийн гэхээр амьдрал залуу партизануудыг ЗХУ-д орогносны дараа л бий болов. Тэнд Ким Ир Сен Зөвлөлтийн армийн ахмад цол авч 88-р тусгай бригадад суман командлах болсон байна. Хабаровскийн орчмын Вятское гэсэн тосгонд тэдний анхны хүү ирээдүйн агуу удирдагч бөгөөд Генерал Ким Чен Ир төржээ. Хүүг оросоор Юра гэж нэрлэв. Тэр үед Ким Ир Сен нутагтаа хурдан буцна гэж бодоогүй, зөвлөлтийн офицероор амьдрахаар шийдээд байсан бололтой. Ким Чен Ирийн дүүг бас л оросоор Шура гэж нэрлэсэн байлаа. Шура Ким багатаа азгүй тохиолдлоор нас баржээ.

 

Ким Ир Сен 1945 оны есдүгээр сард эх орондоо буцан ирээд шинээр байгуулагдсан БНАСАУ-ын засгийн газрыг толгойлжээ. Пхеньянд тэднийх дахин нэг хүүхэдтэй болсон нь Ким Кён Хи гэдэг охин байв. Хожим Ким Чен Ирийн охин дүү Хойд Солонгосын оёдлын аж үйлдвэрийг толгойлж, армийн генерал цол авав. Тэрээр өөрийн үеэл ач Ким Чен Уны тушаалаар түүний нөхөр, Төв хорооны гишүүн Чан Сон Тхэкийг цаазлан хөнөөсний дараа 2013 онд улс төрийн тавцнаас алга болсон юм.

 

Ким Ир Сен, түүний анхны эхнэр Ким Чон Сук хүү Ким Чен Ир нар. Фото: Noboru Hashimoto / Sygma / Corbis / East News

 

1949 онд төрөлтийн хүндрэлээс болон Ким Чон Сук нас барав. Ким Ир Сен 1950-иад оны эхээр түүни штабт бичээч эсвэл холбоочин (энэ талын мэдээллүүд нь хоорондоо тохирдоггүй) байсан Ким Сон Э гэдэг бүсгүйтэй хоёр дахь удаагаа гэрлэжээ.Тэд нар дөрвөн хүүхэд төрүүлжээ.

 

Ким Чон Сукд партизаны тэмцлийн баатар гэсэн цолыг нөхөн өгчээ. Түүнийг нас барсаны дараагийн 15 жилд Кимийн хоёр дахь эхнэрийн талаар Хойд Солонгосын хэвлэлээр огт дурсаагүй. Агуу удирдагч, үндэсний нар, маршал Ким Ир Сений хоёр дахь эхнэрийн талаар хойд солонгосчууд 1965 онд л мэдсэн юм. Тэр үеийн албан ёсны хэвлэлээр нэгэн албаны хүлээн авалт дээр Ким Сон Э байсан тухай мэдээлсэн юм.

 

Жараад оны сүүлчээр Хойд Солонгосын гэрийн эзэгтэй нарыг бүгдийг хамруулж чадсан Эмэгтэйчүүдийн холбооны даргаар Ким Ир Сен эхнэрээ томилсон байв. Тэр үед эхнэрийг нь тахин шүтэх хандлага ажиглагдаж Ким Сон Эгийн хувьсгалт үйл ажиллагааг судлах төвүүд гарч ирсэн байлаа. Гэвч Ким Чен Ир дээшидсэн нь хойд ээжийнхээ улс төрийн амбицийг даржээ. Далаад оны дунд үеэр тэр эмэгтэй олон нийтэд ховорхон гарах болсон ба зөвхөн том Кимийн эхнэр гэж гадаад орнуудын төлөөлөгчдийг хүлээн авахад дагалддаг байлаа.

 

Ким Ир Сен 1970-аад оны эхээр социалист орнуудын хувьд өмнө гараагүй шийдвэр гарган засгийг уламжламжлуулахаар болсноо зарлав. Залгамжлагч нь мэдээж түүний том хүү байв. Дунд Ким засгийн өрсөлдөгч нараа амархан дарж авлаа. Ким Ир Сений хоёр дахь эхнэрийн хүүхдүүд гадаадад дипломатаар томилогдож Пхеньянд найруулах хоронд оролцож чадахгүй болсон байв.

 

Ким Ир Сен түүний эхнэр Ким Чон Сук нарт зориулсан хөшөө. Фото: Reinhard Krause / Reuters

 

Ким Чен Ир залгамжлагч болсны дараа түүний талийгаач эхнэрийн тахин шүтэлтийг Хойд Солонгосын үзэл суртал өргөжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нь даруухан тогооч бөгөөд партизаны отрядын оёдолчин эмэгтэй агсан “Пэкту уулын гурван агуу жанжнуудын” нэг болон хувирлаа.

 

Залгамжлагчийн хувийн амьдрал нь ширүүхэн өнгөрөв. Залуудаа Пхеньяны элитийн хүрээний эмэгтэйчүүд дунд Ким Чен Ир алдартай байв. Залгамжлагч ханхүү өөрөө ч хүнийг татах увидас бүхий залуу байж. Кимийн гэр бүлийнхний удамшлын гэхээр тарган байсан ч тэрээр мотоцикл дажгүй унана. Түүнийг Пхеньяны анхны байкер гэвэл илүүдэхгүй биз. Морь дажгүй уначихна. Кино урлагийг сайн мэдэх бөгөөд шог мэдрэмж сайтай нэгэн байжээ.

 

Гэхдээ Ким Чен Ир хувийн амьдралаа гайхуулж гаргаад байдаггүй учир түүний эхнэр, амрагуудын тоо, хичнээн хүүхэдтэй нь тодорхойгүй үлдэв.

 

Ким Чен Ирийн хамгийн том шохоорхол нь тэр үеийн Пхеньяны сексийн бэлгэдэл болсон кино жүжигчин Сон Хе Рим байсан болов уу. Дуулианд нь Сон Хе Рим нөхөртэй байсан нь саад болоогүй. Ли Ги Ён гэх тэндхийн хамгийн алдартай зохиолчийн хүүтэй сууж байснаа салаад хэдэн жил Сон Хе Рим төрийн өргөөнд очин амьдарчээ. Тэдний дундаас Ким Чен Ирийн анхны хүү Ким Чен Нам төржээ. Одоо тэрээр Макаод амьдарч, улс төрөөс хол байдаг. Өнөөгийн удирдагч дүүтэйгээ санал бодол нийлдэггүй бололтой. Агуу удирдагч ч хүүгийнхээ сонголтод дургүй байв. Ким Ир Сенд залгамжлагч нь өмнөдөөс зугтан ирсэн коммунистуудын охин гэсэн анкеттай, нөхрөөсөө салсан бүсгүйтэй холбогдсон нь таалагдаагүй гэдэг. Өмнөдийн коммунистуудыг Хойд Солонгос хүлээн авч байсан ч өөрийн гэж хэзээ ч үзэж ирсэнгүй.

 

Ингээд тэд салцгаажээ. Сон Хе Рим мэдрэлийн өвчтэй болоод харьд эмчлүүлж байгаад амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Москвад өнгөрөөж, 2002 онд өөд болжээ. Найз эмэгтэйгээ тэтгэж байхаа Ким Чен Ир мартаагүй байлаа.

 

Ко Ён Хи. 1973 онд хэвлэгдсэн ардын дууны түүвэр номын хавтас

 

Сон Хе Римаас хагацсаны дараа залуу залгамжлагч өмнөх бүсгүйг нь санагдуулсан Ко Ён Хи гэдэг жүжигчинтэй холбогджээ. Тэрээр бүжигчин байсан аж. Гэхдээ гарал үүсэл нь жараад оны эхээр социализм байгуулна гэж Японоос ирсэн уугуул солонгосчуудын гэр бүлээс гаралтай байсан гэнэ. Ким Чен Ир, Ко Ён Хи нар гурван хүүхэд төрүүлжээ. Ким Чен Чхоль, Ким Чен Ун гэсэн хоёр хүү, Ким Ё Чон охинтой. Ко Ён Хи хорт хавдраас Парист эмчлүүлж байгаад 2004 онд нас баржээ. Хөгширч байгаа Ким Чен Ирийн сүүлчийн найз эмэгтэй нь Агуу удирдагчаасаа 20 насаар дүү нарийн бичгийн дарга нь байсан гэдэг.

 

Удаан үргэлжилсэн энэ гурваас гадна түүнд богино хугацаатай дотно харилцаатай бүсгүйчүүд багагүй байсан гэдэг. Тэр нь түүний хүү Ким Чен Унд багагүй нөлөөлжээ. Эмэгтэйчүүдийг байнга солих эцгийнх нь стиль Унд төдийлөн таалагдаагүй ба тэрээр үлгэр жишээч гэр бүлтэй байхаар шийдсэн нь одоогоор болж бүтэж л байна.

 

Ким Чен Ун ширээндээ заларсанаас хагас жилийн дараа буюу 2012 оны зунаас түүнтэй хамт албан ёсны арга хэмжээ, концерт дээр нэгэн царайлаг, гоолиг бүсгүй байх болов. Удалгүй Хойд Солонгосын хэвлэл мэдээллээр түүнийг Ли Соль Жу гэдэг, залуу маршлын эхнэр гэж мэдээлэв.

 

Ли Соль Жугийн талаар мэдээлэл хомс. Хойд Солонгосын өнөөгийн тэргүүн хатагтай цэргийн зүтгэлтний гэр бүлд төрсөн юм шиг байна. Хөгжим сонирхон оролдож, Өмнөд Солонгост төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орон очиж байсан гэж ярилцдаг. Хэсэг хугацааны өмнө “Моранбон” гэх барууны өнгө аястай хамтлагийн жүжигчин байжээ.

 

Ким Чен Ун, Ли Соль Жу хоёр цэргийн баазад зочилж байгаа нь, 2013 оны долдугаар сарын 21. Фото: KCNA / Reuters

 

Эхнэрийн хамт олны өмнө цөөн гарч байсан өвөө, эмэгтэйчүүд амьдралынх нь нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй эцэг хоёроосоо ялгаатай нь бага ким эхнэрээ нуудаггүй. Ли Соль Жу-г Жанжин штабын хуралдаан дээр хөгшин генералуудтай хамт, удирдагч нарынх нь анхааралд багтсан тэргүүний ажилчины гэрт харж болно. Нэгэн удаа гэрийн эзэгтэйд нь аяга тавгаа хурааж угаахад нь туслаж байв. Ли Соль Жу одоогоор нөхрийнхөө өвөө, эцэг хоёрын зурагтай тэмдгийг зүүлгүйгээр олонтой уулздаг Хойд Солонгосын цорын ганц эмэгтэй гэж болно. Тэр энгэрийн тэмдэг нь удирдагч нартаа үнэнч гэсэн бэлэгдэл гэх уламжлал далаад оноос тогтжээ. Тэмдэг зүйдэггүй нь гоо сайхны талаасаа юу эсвэл улс төрийн шалтгаантай юу гэдэг талаар хэлэхэд хүндрэлтэй. Гэхдээ ийм байдал нь “хамжлагуудад” нь гайхал төрүүлэх нь мэдээж.

 

2012 оны эхээр Ли Соль Жу, Ким Чен Ун хоёр охинтой болсон байна. Охин нь тэдний анхны хүүхэд гэгдэж байна. Хойд Солонгосын удам залгамжлах уламжлалд охин төрсөн нь ямар нөлөөтэйг хэлэхэд эрт. Хойд Солонгосын хэмжээгүй эрхт хаант улс тэдний охиныг бодит залгамжлагч болж байгааг хартал хангалтай урт хугацаанд оршин тогтнож байх болов уу гэсэн үндэслэл байгаа билээ.

 

Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж