Болт хоёр дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Болт хоёр дахь түрүүгээ авлаа

Гэмтлийн улмаас есөн сар гаруй хугацаанд уралдааны талбарт гараагүй Усаин Болт эргэн ирсэн эхний хоёр тэмцээндээ төвөггүй түрүүллээ. Чех улсад болсон “Golden Spike” уралдааны шигшээд тэрбээр нутаг нэгт Стив Муллинсийг ардаа орхиж, түрүүлсэн байна. Муллинсийн хувьд өнгөрсөн сард 100 метрийн зайн шилдэг амжилт буюу 9.89 секундийн амжилтыг үзүүлж байсан ч тухайн үед  олимп, дэлхийн аварга Болт уралдаагүй гэдгийг мартаж болохгүй.

Энэ удаагийн тэмцээний шигшээ гараанд Болт 9.91 секундийн амжилт үзүүлсэн бол Муллинс 9.97 секундээр удаалсан байна. Харин тэдний хамт медалийн тавцанд 10.08 секундын амжилтаар Антикуа арлын гүйгч Даньел Бейли зогссон байна.

Өнгөрсөн долоо хоногт “Diamond League”-т эргэн ирсэн дэлхийн дээд амжилтын эзэн өмнөх цагаа ахиулсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ. “Миний амжилт муугүй байна. Гэхдээ үүнээс ч илүү байж болно. Илүү хурдан гүйж амжилтаа ахиулахыг хичээх болно” гэж Болт ялалтынхаа дараа өгүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Стокгольмд болсон уралдаанд гол өрсөлдөгч АНУ-ын Тайсон Гейд ялагдсанаас хойш гэмтлийн улмаас тэмцээн уралдаан оролцолгүй амралтын байдалтай байсан билээ.

“Golden Spike” тэмцээн Ямайк гүйгч нарт ээлтэй байсан бөгөөд 200 метрийн зайд олимпийн хошой аварга Вероника Кэмпбэлл-Браун эмэгтэйчүүдийн 100 метрт гайхалтай хурдалж, 10.76 секундийн амжилт үзүүлсэн нь энэ оны шилдэг амжилт болсон юм.

Эрэгтэйчүүдийн 200 метрийн зайн гүйлтэд мөн л Ямайкийн гүйгч Марвин Андерсон манлайлсан бол 400 метрт нутаг нэгт Жермейн Гонзалесийнх нь өмнө гишгэх тамирчин олдсонгүй.

Өмнөд Африкийн ЭлЖэй ван Зил 400 метрийн халхалттай гүйлтэд өөрийн шилдэг үзүүлэлт болох 47.66 секундийн амжилтаа давтан түрүүлсэн бол олимпийн наадмын 110 метрийн халхалттай гүйлтийн аварга, Кубын Дейрон Роблес 13.14 секундын амжилтаар алтан медалийнхаа тоог нэгээр нэмлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж