ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ард түмэнтэйгээ бүтэн гурван цаг 55 минут ярилцлаа. Түүнээс хариулт авахыг хүссэн хоёр сая 400 асуулт ирсэн талаар Кремлийн ордоноос мэдээлж байсан юм. Ямартай ч, ноён Путины ард иргэдийнхээ асуултад илэн далангүй хариулдаг 13 дахь удаагийн уулзалт тун ч амжилттай болов. Түүний хэлсэн олон, олон ишлэлийг дэлхийн хэвлэлүүд онцлон бичиж байгаагийн нэг нь“Дотооддоо эвтэй байвал Орост ямар ч аюул заналхийлэхгүй”.
Дотооддоо эвтэй байвал Монголд ч ямар ч аюул заналхийлэхгүй. Түүхийг сөхвөл монголчууд дотооддоо эвтэй байхдаа мандан бадарч, эв нэгдэлгүй үедээ талцан тэмцэж, бусдын идэш хоол нь болсон байдаг гашуун түүх бий. Чухам иймээс л эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэхээсээ илүү өнөөдөр эв нэгдэл, эв нэгдэл, эв нэгдэл гэж эрх баригчид, улстөрчид нь дуугарах цаг болжээ.
Улстөрчдийн хэрүүл саарал ордон гэх савнаасаа хальж, сошиал ертөнцөөр талцсан, хуваагдсан үзэл бодлууд дүүрэн байх нь хэвийн үзэгдэл болов. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх нь хүний эрх ч монголчууд өнөөдөр бие биенийнхээ сайн сайхан амжилтад баярлахаасаа илүү муу муухайг олж харах нь амархан болсон байна.
Томчууд нь ингэж талцаад хэрэлдэж байхад, хүүхдүүд гудамжинд үсдэлцэж аваад зодолдоход гайхах хэрэггүй юм. Монголчуудын энэ их талцал, залхмаар хэрүүл нийгмээ ямар их бохирдуулж, үр хүүхэд ирээдүйдээ ямар төлөвшил олгож буйгаа эргээд нэг хараад үзье.
Эдийн засгийн хямрал иргэдийг туйлдуулж байгаа бол эв нэгдэлгүй байдал маань улсын хөгжлийг доройтуулж байна. Эв зүйгээ олж чадаагүйгээс эдийн засагт чухал олон асуудал шийдэгдэж чадалгүй олон жил болж байна.
Гэхдээ эдийн засгийн хямрал түр зуурын үзэгдэл. Монголчууд дотроо эвтэй байж чадвал эдийн засгийн хямралаас амархан гарчихаж чадна. Харамсалтай нь өнөөдрийн хувьд монголчуудад эв нэгдэл, хамтын хүч гэж алга.
Намууд нь тал тал тийшээ харсан, нам дотроо ч хэдэн толгойлогчдод хуваагдсан Монголын улс төрийн эв нэгдэлгүй байдал эцэстээ иргэдэдээ халдварлаж, эргээд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэх баталгаагүй. Тиймээс л эдийн засаг, эдийн засаг гэж хашгирхаас илүү эв нэгдэлээ хамгаалах нь монголчууд бидний хувьд жижиг юм шиг хэрнээ хамгийн том асуудал болж байна.
Б.ХОНГОР