Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах зорилгоор дөрөвдүгээр сарын 25-нд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ. Аж үйлдвэрийн яам, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулах тус чуулга уулзалт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болох аж.
Шийдлийн Засгийн газрын хувьд эхний ээлжинд хойд хөрштэй хил залгах Алтанбулагийн чөлөөт бүс, урд хөртэй хил залгах Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх зорилт тавьсан. Ингэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад голлон анхаарч байгаа юм.
Мөн УИХ намрын чуулганаараа Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг шинэчлэн баталснаар хөрөнгө оруулагчдын хувьд татварын дараах хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрдсэн. Үүнд:
-Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний таван жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувь чөлөөлнө.
-Чөлөөт бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний 10 жилд чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.
-Чөлөөт бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх Орлогын албан татварын хөнгөлөлтийг үзүүлнэ.
-Чөлөөт бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын үйлдвэрлэл байгуулахад 300 мянган ам.доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжид оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлнэ.
Замын-Үүд чөлөөт бүс ямар байдалтай байна вэ?
Замын-Үүд чөлөөт бүс нь 900 га газар нутагтай аж. Арав гаруй жилийн өмнө УИХ-аас тус чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргаснаар дэд бүтцийн ажлууд үндсэндээ нугалагджээ. Тухайлбал, 2011 онд Засгийн газраас Замын-Үүд чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан байна. Мастер төлөвлөгөөний дагуу дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж эхэлсэн байна. Төслийн хүрээнд Замын-Үүд сумын үндсэн дэд бүтэц болох дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын систем бүрэн шинэчлэгдэх аж. Тодруулбал, нийт 900 га талбайн 278.62 га буюу 30.9 хувь нь дэд бүтцэд бүрэн хамрагдана. Төслийн нийт өртөг 58,8 сая ам.доллар юм юм байна.
Төслийн хүрээнд хийгдэх 4 багц ажлын явц:
1. Дулааны станц
2. Цахилгаан хангамж
3. Усан хангамж /Ус цэвэршүүлэх үйлдвэр, бохирын цэвэрлэх байгууламж/
4. Автозам, холбоо
Дээрх 4 багц ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр ажлууд хийгдснээр "Замын-Үүд" чөлөөт бүсийн 3, 4-р хэсэг бүрэн дэд бүтэцтэй болж буй юм байна.
Нэг үгээр хэлбэл, дээрх ажлууд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Тиймээс энэхүү чуулга уулзалтыг товложээ.
Чуулга уулзалтаар Замын-Үүд чөлөөт бүсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Замын-Үүд чөлөөт бүсийн Мастер төлөвлөгөөны хэрэгжилт, Чөлөөт бүсийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, Замын-Үүд чөлөөт бүсэд хэрэгжүүлэх төслийн танилцуулгыг тус бүр сонсох аж.
Г.ДАРЬ