21 мянгаа зээлийн төлбөрт шилжүүлж болно

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

21 мянгаа зээлийн төлбөрт шилжүүлж болно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам эх орны хувь хишиг 21 мянган төгрөгтэй холбоотой иргэдээс ирсэн хамгийн түгээмэл асуултуудад хариулт өгснийг хүргэж байна.

-Хүний хөгжлийн сангаас сар бүр олгож буй 21 мянган төгрөгийг урьдчилан авч, банкнаас авсан зээлээ төлж болох уу. Тэтгэврийн зээлийг энэ мөнгөтэй холбож болох уу?

-Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1-д иргэдэд хишиг хувийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээр олгож болно гэж заасан. Сар бүрийн 21 мянган төгрөг нь бэлнээр олгож байгаа хэлбэр бөгөөд  бөөнөөр биш сар сард нь тэтгэврийн болон бусад зээлтэй холбон шилжүүлүүлж болно. Энэ тохиолдолд тухайн банкиндаа харилцах  дансаа өгч, гэрээ хийх хэрэгтэй. Мөнгийг бөөнөөр олгох нь инфляци нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Иймээс иргэд өөрсдийн санаачлагаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор 2011 онд сар бүр бэлэн мөнгөөр хүртэх хишиг хувиа бэлэн бусаар бөөнөөр авч болох юм. Тэгэхдээ оруулах хөрөнгийн хэмжээ 10 сая төгрөгөөс доошгүй байх нөхцөлтэй юм.  Материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн зориулалт бүхий эд зүйлсийг худалдан авах бол нэхэмжлэлийн дагуу төлбөрийг бэлэн бусаар хийхээр журамласан байгаа.

-Хүний хөгжил сангаас олгож буй оюутны сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг зөвхөн өдрийн ангийн оюутнуудад өгөөд байгаа нь бусад оюутныг ялгаварласан хэлбэр болж байна. Тиймээс бүх оюутныг энэ арга хэмжээнд хамруулж болохгүй юм уу?

-Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн хүрээнд энэ онд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалавр, магистр, докторын шатлалд өдрийн ангид 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутнууд Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө хэлбэрээр сар бүр олгож байгаа байгаа 21 мянган төгрөгөөс гадна сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх боломжтой байгаа. Энэ арга хэмжээнд 82 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаас зарцуулж байна. Орой, эчнээ ангийн оюутнууд нь ажлын хажуугаар суралцаж байгаа учир эхний ээлжинд орлогогүй, үндсэн мэргэжил эзэмших хэсгийг хамруулж байгаа юм.  Хөрөнгө мөнгөний бололцоо гарвал  энэ асуудлыг авч үзэж болох юм.

-Өндөр насны тэтгэвэр авдаг ахмад настнууд сургуульд сурахгүй, орон сууцны зээлгүй, нийгмийн даатгалын шимтгэл улсаас төлөгддөг учир Хүний хөгжил сангаас олгох мөнгөө хүүхдүүдийнхээ орон сууцны зээл болон сургалтын төлбөр рүү шилжүүлж болох уу. Бид нэг сая төгрөгөө хэзээ авах вэ?

-Энэ онд хишиг, хувийг зөвхөн оюутнуудын сургалтын төлбөр болон малчин, ажилгүй хүн, оюутнуудын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр л олгож байгаа ба бусад иргэдэд бэлэн бусаар олгох хишиг хувийн асуудлыг төсөвт тусгаагүй юм. Иргэдэд бэлэн бусаар олгох нэг сая төгрөгийг ямар арга замаар хэрхэн олгох талаар олон хувилбарыг судалж байна. Судалсан хувилбараас сонгож Засгийн газар, УИХ шийдвэрээ гаргаж, төсөвт хөрөнгийг нь шийдвэрлэнэ гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж