Нэртэйгээр нь авгайгаа ард түмнээсээ асуучих

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Нэртэйгээр нь авгайгаа ард түмнээсээ асуучих

Сүүлийн үед ард түмнээсээ санал асуулга авдаг явдал моод болон дэлгэрч байна. Сав л хийвэл ард түмнээсээ асууна, барина гэдэг болоод удаж байна.  Жаахан дэгсдүүлээд хэлчихвэл манай улстөрчид хаашаа харж бааж, шээхээ хүртэл ард түмнээсээ асууж шийдэх бололтой. Уг нь тэднийг шийдвэрээ гарга, бодлогоо хэргэжүүл, хуулиа батал гээд ард түмэн  аль арван хоёр онд эрхийг нь өгчихсөн юм шүү дээ. Харамсалтай нь, энэ хэдийнх нь байж байгаа царайг хар.

 Асуудлаа  шийдэж чадахгүй, юмаа мэдэхгүй гацаад, талцаад байгаа юм бол ард түмнээсээ асууж, саналыг нь сонсч болно.  Олон нийтийн дунд судалгаа явуулдаг  цөөнгүй байгууллага бий. Тэрнээс биш  сонгууль шиг төсвийн мөнгөнөөс бөөн зардал, мөнгө, цаг зав үрээд санал асуулга явуулна гэж сагсагзаад байх хэрэггүй. Хэрэв өөрсдөө ярилцаад асуудлаа шийдэж чадахгүй, ард түмнээсээ асууна гэж байгаа бол УИХ, Засгийн газар татан буугдах хэрэгтэй.  Бүх шийдвэрээ ард түмэн талцаж, хэрэлдэж, зодолдож байгаад гаргадаг бол гоё уу. Чухамдаа ард түмнээр асуудлаа шийдүүлээд явах байсан юм бол энэ олон дарга сайдаар юугаа хийх вэ. Ажлаа өгөөд, албанаасаа буусан нь дээр. Ямар хотоо мануулах гэж мануухай босгосон биш дээ.

Ард түмнээсээ асууж шийддэг моодыг моодыг хотын дарга дэлгэрүүлсэн юм.  Авто машины дугаарын хязгааралтаар ард түмнээсээ санал асууна гэж бөөн ажил удсан. Дараахан нь хогны ногоон уут тараах уу үгүй хэмээн баахан мөнгө зарсан.  Хогны ногоон уут хэрэггүй гэдгийг хэвлэлээр хангалттай бичээд байхад итгээгүй, иргэдээсээ асууна гээд зогсч байдаг дарга нар  цааш, цаашдаа шийдвэр гаргах бүрдээ ард түмнээсээ асуух болж байна уу?

Ард түмэн дөрвөн жилд нэг удаа сонголтоо хийгээд, улстөрчдөд хариуцлагаа үүрүүлээд явуулдаг. Аль намд хариуцлага үүрүүлэх үү гэдгээ ч шийддэг.  Дөрвөн жилийн дараа намуудтай, улстөрчидтэй хариуцлага тооцдог.  Энэ намайг төрд төлөөлж чадахгүй гэснээ сонгодоггүй. Гэтэл сонгогдсон нөхдүүд нь сав л хийвэл ард түмнээсээ асууна, тодруулна, лавна гээд байвал яах уу.

Ардын намынхан сүүлийн үед сонгуулийн тогтолцоогоор санал асуулга авна гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаараа өичгдөр тус намын генсек “МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаж сонгуулийг ямар системээр явуулахыг ард иргэдийн санал асуулга авах шийдвэрийг гаргасан. Ард нийтийн санал асуулга  явуулахад 5-6 тэрбум төгрөг   шаардлагатай гэж ярьж байна.  МАН-ын хувьд хамгийн хямд зардлаар буюу 1-2 тэрбум төгрөгт багтаах боломжтой гэж үзэж байгаа” хэмээн хэвлэлийнхэнд хэлсэн байна лээ.  Яасан их завтай, мөнгөтэй төр вэ гэж халагламаар.  МАН-ынханд биднийг төлөөл гээд 26 нөхрийг нь УИХ-д суух эрхийг ард түмэн олгосон, дээр нь тэд засагт хамтарч байгаа шүү дээ.

Гэтэл дахиад парламентад суудалгүй намын дарга нар гарч ирээд Тавантолгойг ард түмний санал асуулгаар шийдүүлэх ёстой гэнэ.  Уг нь Засгийн газар ард түмнээс асуухад нь Тавантолгойг урагшлуул гэдэг даалгаврыг иргэд энэ засагт өгчихсөн юм шүү дээ. Бид нэгдүгээр замыг сонгож байна гээд. Улстөрчид өөрсдөө бөөн хэрүүлийн алим болгочихоод дараа нь дахиад ард түмнээсээ асууна гэвэл ёстой даапаалсан хэрэг болох биз. Тэгээд  бүгдийг нь  ард түмнээсээ асуух байсан юм бол   төр гэж байгаад яах билээ дээ.

 М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж