АНУ Хятадыг цэргийн хүчээр далайлгах гээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

АНУ Хятадыг цэргийн хүчээр далайлгах гээгүй гэв

АНУ болон Хятадын батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн үед дэнсэлж байна. Хэн хэнийгээ шүүмжилж, хэрүүлийн алим чулуудаж буй энэ үед АНУ-ын батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Хятадын батлан хамгаалахын сайд тэргүүтэй төлөөлөгчидтэй Сингапурт хуралдаж, хоёр орны цэрэг хүч, батлан хамгаалахын салбарт харилцах цаашдын харилцааны асуудлаар ээлжит хэлэлцээрээ хийжээ.

Хятадын эдийн засаг тэлэхийн хэрээр тус улс цэрэг хүчнийхээ салбарыг зузаатгаж байгааг АНУ шүүмжилж байгаа бол Хятадын тал АНУ-ыг Тайваньд зэвсэг нийлүүлж байгаа явдлыг таашаахгүй байгаагаа өнгөрсөн тавдугаар сараас хойш илэрхийлж байгаа юм. Харин энэ удаа талууд хоёр орны санаа зовниж буй асуудлуудыг хэрхэн харилцан ашигтай шийдвэрлэж, намжаах тухай хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр талуудын хийсэн мэдэгдэлд АНУ-ын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт Гейтс “АНУ дэлхийн гол хүчний тэнцвэрийг хадгалагч гэдэг нэрээрээ Хятадыг далайлгаж, хавчихыг оролдоогүй. Одоогийн нөхцөлд АНУ, Хятадын харилцаа бат бэх байр сууринд байгаа ч цаашдын хэлэлцээр, хуралдаанууд хоёр орны хоорондын харилцааны хэтийн төлвийг тодорхойлох болно. Хятад улс АНУ-тай цэрэг армийн салбарт эн зэрэгцэх зорилго тавиагүй байж болох ч Азид тэргүүлэгч байж, нөлөөллөө тэлэхийг  эрмэлзэж байна. Цэрэг армийн салбарт ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа нь алсдаа тус улсын эдийн засагт сөрөг үр дагавар авчрах магадлалтай” гэжээ.

Тайванийг Хятад улс өөрийн эзэмшлийн нэгээхэн хэсэг гэж үздэг бөгөөд хэрэв тусгаар тогтнолоо албан ёсоор зарлахыг оролдсон тохиолдолд Хятадын талаас зэвсгийн хүч хэрэглэнэ гэдгийг мэдэгдсэн байдаг. Харин өнгөрөгч 2010 онд Вашингтоноос Тайпейд зургаан тэрбум ам.долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлсэн нь Хятадын бухимдлыг төрүүлж, Бээжин Вашингтонтой батлан хамгаалахын салбарт харилцаагаа тасалдуулахад хүргэж байжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж