Шадар сайд Сүхбаатарыг зорино

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Шадар сайд Сүхбаатарыг зорино

Улсын Онцгой комисс урьд шөнө хуралдаж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-нд гарсан түймрийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Түймэрт газар нутгийн 80 гаруй хувь шатсан гэх мэдээлэл бий, гэхдээ эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Түймрийг газар авахуулахгүй унтраахын тулд аймгийн Онцгой байдлын хэлтэс, цэргийн ангиудаас нэмэлт хүч авсан байгаагийн зэрэгцээ нутгийн иргэдийг ч дайчилсан. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймгийг зорих болжээ. Одоо Онцгой байдлын ерөнхий газарт гал түймрийн талаар хэлэлцэх юм байна.


Гал унтрааж буй иргэд цуцаж байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-нд гарсан гал дөрвөн шөнө таван өдрийн турш асч, нутгийн 80 гаруй хувийг гал эзлээд байна. Сүхбаатарын Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутгийг дамнан хамарсан түймрийн яг одоогийн байдлыг Сүхбаатар аймгийн Засаг дарга С.Батсууриас утсаар тодрууллаа. Тэрээр,  

-Одоогоор галыг бүрэн цурманд оруулсан гэж хэлж болохгүй байна. Учир нь уржигдар галыг цурманд оруулсан ч салхины хүч тогтворгүй байгаагаас өчигдөр 11.00 цагийн үед гал дахин асч эхэлсэн. Гэхдээ чадах чинээгээрээ галыг хяналтандаа байлгаж байна. Олон жил хуримтлагдсан асар их өвс нүд ирмэхийн зуурт шатаж, газар авч байгаа нь хүндрэл учруулаад байна. Галыг унтраахаар Зэвсэгт хүчний анги, онцгой байдал, нутгийн иргэд нийлсэн 600 гаруй хүн таван өдөр тэмцлээ. Одоо үнэндээ тэд цуцаж байна. Тиймээс эхний ээлжинд галыг унтрааж байгаа иргэдийг сэлгэх ажлыг зохион байгуулж байна. Техник, хэрэгслийн хувьд хангалттай байна. Хохирлын хэмжээг одоогоор хэлэх боломжгүй цагдаагийн байгууллага ажиллаж эцэслэн тогтооно гэж мэдээллээ.

Мөн одоо цаг агаарын байдал хэдий тогтуун байгаа ч гал гарч буй орчимд салхитай байгаа гэдгийг мөн хэллээ.

Г.ДАРЬ, Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж