Өхөөрдөм ламхайн өвөрт чихэр чихцэлдсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Өхөөрдөм ламхайн өвөрт чихэр чихцэлдсэн өдөр

Би заримдаа РС тоглочихдог

Буддын гүн ухаанд сургадаг гурван дацан сургууль Гандан тэгчилэн хийдийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний нэг болох Идга чойлин дацан сургуулийг зорилоо. Эх үрсийн баярыг тохиолдуулан Гандангийн үүдэнд олон хүн цугларч, дуу, хөгжим, хөл хөдөлгөөн болж байна. Орхимжоо засан зогсох цөөн хэдэн лам харагдах боловч ламхай нарыг олж харсангүй. Тэдний суралцдаг сургуулийг заалган алхлаа. Дацан сургуулийн үүдэнд байрлах чулуун арслангийн аманд дүүртэл чихэр, жигнэмэг чихчихжээ. Ламхай нарын хийсэн ажил байх хэмээн бодож толгой сэгсрэн, жуумалзсаар үүдээр нь оров. Хэзээний л том лам нар болсон мэт нэгэн дуугаар номоо хичээнгүйлэн уншихыг нь хараад хүндэтгэх сэтгэл төрж байлаа. Энд 9-18 насны 40 гаруй хөвгүүн суралцдаг байна. Үүдээр нь ороход дацангийн бага гэсгүй найрсагаар угтсан юм. Тэрбээр, “Хөвгүүдийн цөөнгүй хэсэг нь сургуульдаа амьдардаг. Өвөлдөө бүгдээрээ хамт амьдарна. Ер нь сүсэгтнүүдийн буянг арвижуулахын тулд суралцаж буй тул хүүхэд гэж харьцахаас зайлсхийдэг” хэмээн тайлбарлаж байна. Хөвгүүд Ногоон дарь эх номыг уншиж байгаа аж. Мөн ном унших зуур нь сүсэгтнүүд орж ирэн мөргөл үйлдэж байв. Ламхай нарт хэн нэгэн ирж ууттай бэлэг өгөөд явжээ. Тэд ном унших зуураа ширээнийхээ доогуур нуугдан ууттай бэлэгнээсээ задлан амтархан идэж байлаа. Зарим нь бохьтой болсноо гайхуулан үлээж суув. Ламхай нараас “Ингэж болдог юм уу” хэмээн асуувал “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ мэдэгдэхгүй идчихдэг юм” гэв. Тэдний хамгийн бага нь буюу есөн настнуудтай уулзлаа. Заримдаа РС тоглочихдог гэдгээ ч тэд нуусангүй. Хэнгэрэгний ард нуугдах жаахан ламхайг Л.Буянбадрах гэдэг. Хүү номоо унших зуураа дуугаа гэнэтхэн өндөрсгөн зүггүйтэх аж. Түүний хажууд суух хүү тэр бүрт нь тохойгоороо ёворч байв. 
   
Хүүхдийн баяраар чадахгүй бол бүр дараа нь парк орох байх

Идга чойлин дацанд суралцдаг ламхай О.Насанжаргалтай ярилц­лаа. Тэрбээр энэ сургуульд хоёр жил суралцаж байгаа юм.
 
-Хүүхдийн баяраа хэрхэн тэмдэг­лэдэг вэ?

-Өглөө есөн цагт хичээлдээ ирдэг. 11.30-13.30 хүртэл номоо унши­на. Орой 17 цаг хүртэл эндээ бай­на. Тэгээд гэрийнхэнтэйгээ хамт парк орж магадгүй. Гэхдээ чадахгүй бол бүр дараа нь л явах байх.

-Хүмүүс зөндөө их бэлэг өгдөг үү?

-Гайгүй ээ. Хүмүүс, сайд ах бэ­лэг өгсөн. Гандангаас ч бас бэлэг бэлд­сэн байдаг.
-Чамайг гэрийнхэн чинь лам бол гэж хэлсэн үү эсвэл чи өөрөө шийд­сэн үү?
-Би өөрөө шийдсэн.

-Энд сурах чамд ямар санагддаг вэ. Ямар хичээлд илүү дуртай вэ?

-Би хичээлээ дуусгаад чура ном дав­тах дуртай. Чура гэдэг нь ламхай хоо­рондоо ном хаялцахыг хэлдэг.

-Хоёр жил суралцаад хэдэн ном мэд­дэг болсон бэ?

-Одоо Жанлав цогзол, Ногоон дарь эх гээд 15 ном цээжээр уншиж мэддэг болсон. Би сургуулиа төгсөөд гэвш цолтой лам болохыг хүсдэг.

-Түвд үсэг сурахад хэдэн жил болдог вэ?

-Үсэг сурахад амархан. Уншихад хэ­цүү. Гэхдээ хүүхдүүд гэнэтхэн л ун­шаад сурчихсан байдаг юм.

Биднийг ярилцах зуур ламхай нарын гадаалах цаг хэдийнэ болжээ. Хөвгүүд түрүүхэн л надаас чухал зүйл байхгүй мэт анхаарлтайгаар асуул­тад минь хариулж зогссон бол гэнэт­хэн л шатаар уруудан гарцгааж, би ганцаар дацангийн төв танхимд үлдэв. Хоол гэснээс тэд зуны эхэн сарын эхний 15 хоногт цагаан хоол ид­дэг юм байна. Одоогоор энэ өдрүүд нь өнгөрсөн тул махан хоол болон цагаан хоолыг ээлжлэн иддэг аж. Ер нь ямар хоол байх нь тэдэнд бараг л чухал бус гэнэ. Яагаад гэхээр шашин номын үйлд суралцаж буй бол аливааг голох, шилэх сэтгэлээс татгалзах ёстой аж. 16 орчим насны лам хөвгүүд гадаалах цагаараа компьютерийн программ, интернет модем зэргийн талаар ярьж байв. Сонсох нь ээ, энэ тал дээр надаас ч илүү мэдлэгтэй байж таарлаа. 

Хоолондоо орсны дараа тэд ном хаялцах тул хамт байж чадсангүй. Цагийн зүү 15.00 цагийг зааж байв. Ламхай нарын зарим нь хүүхдийн баяраа тэмдэглэхээр ээж аавтайгаа парк орж магадгүй гэсэн. Магадгүй дараагийн удаа тэнд тааралдах байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж