Азийн волейболын холбооны ивээл дор болох Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-15-нд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болох билээ.
Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам дэмжин, “Витафит” групп ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Монгол, Хонгконг, Тайвань улсын нийт найман баг оролцох юм.
Монголын волейболын холбооны дэргэдэх шигшээ баг энэ оны эхээр Дархан хотод нэг сарын хугацаатай вакум бэлтгэлд хамрагдсаны дараа Бээжинд хамтарсан бэлтгэлийг хийсэн юм.
Багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүтоо Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, А.Түвшинтөгөлдөр, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, Б.Болдбаатар, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Баттөгс нар багтаад байна.
Дашрамд, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сайн дурын ажилтан хэрэгтэй байгааг Монголын волейболын холбооноос зарлаад байна. Гадаад хэлний мэдлэгтэй, волейболд дуртай залуус энэхүү сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл Mongolian Volleyball Association фэйсбүүкийн хуудсаар зочилж, холбогдож болох юм байна.
Ч.БОЛОР