Хэрвээ дээр заасан 45 хоногт багтаан тендер зарлаагүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага ногдуулж албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Мөн энэхүү хуульд заасан бас нэг өөрчлөлт нь тендерийг зохион байгуулах, шалгаруулах тусдаа бие даасан агентлагийг Засгийн газрын дэргэд байгуулахаар болж тусгажээ. Аль яамны харьяанд энэхүү агентлаг хамаарах вэ гэдгийг Засгийн газар шийдвэрлэх аж.
Ер нь өнгөрсөн хугацаанд мөрдөж ирсэн Тендерийн хуулиар аль бага үнийн санал ирүүлсэн компани ялалт байгуулж ирсэн. Улмаар барьсан зам, барилга нь чанаргүй баригдах, жилийн дараа зам дээрээ дахин нөхөөс тавих зэргээр төсвийн мөнгөөр тоглох үзэгдэл гарсан авсан. Тиймээс тендерт тавигдах шалгуурыг өндөрсгөж аль болох стандарт, үнэ хоёрыг гол болгожээ.
Ингэхдээ өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулна гэсэн заалтыг эхэлж эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагаанд мөрдүүлэхээр болсон аж. Аажмаар бусад салбаруудад үнийн өндөр санал ирүүлсэн компанийг Төрийн болон орон нутгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцуулж, шалгаруулдаг байх зарчим мөрдөж ажиллах аж. Түүнчлэн хариуцлагын механизмыг өндөржүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д мэдүүлсэн. Анхны хэлэлцүүлэгт хүргээд байгаа. Энэ хуулийн хүрээнд улсад их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаад байгаа юм. Энэн дотроо тав хүртэлх жилээр хорих гэсэн заалт ч тусаад буй юм байна. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэж байгаа энэхүү Тендерийн хууль батлагдахад өмнө гарч байсан алдаанууд давтагдахгүй гэж хууль санаачлагчид болоод ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна.