Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

 

ОХУ-ын ерөнхийлөгч жилд нэг удаа ард иргэдийнхээ асуултад шууд хариулдаг уламжлал тогтоосон. Энэ уламжлалын дагуу В.Путин өнөөдөр Москвагийн цагаар 12.00 цаг, Монголын цагаар 18.00 цагаас иргэдтэйгээ шууд эфирээр холбогдож, асуусан асуулт болгонд хариулна хэмээн  “RT” агентлаг мэдээлсэн.  

 

Энэхүү нэвтрүүлгээ “Путинтэй шууд ярилц бас асуу” хэмээн нэрлэдэг билээ. Нэвтрүүлгийг Оросын "Первый канал", “Россия-1”, “Россия-24” суваг болон “Маяк”, “Вести-FM”, “Радио России” станцууд шууд дамжуулах аж.

 

Кремлийн зүгээс  В.Путин өнөөдөр иргэдийн 3000 гаруй асуултад хариулна хэмээн тооцоолж байгаагаа мэдээлжээ. В.Путинаас асуух асуултаа иргэд  долоо хоногийн өмнөөс  явуулж эхэлсэн тул ийм баримжаа гарсан хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн байна.  Гурван цаг орчим үргэлжлэх нэвтрүүлэгт иргэд ихэвчлэн барууны орнуудын хоригууд болон зүүн Украины асуудалд хариулт авахаар сонирхож байгаа хэмээн Дмитрий Песков онцолжээ. Хэрвээ нэвтрүүлэг хугацаандаа багтахгүй бол сунгахаар бэлтгэлээ хангажээ. В.Путин 2010 оноос хойш жилд нэг удаа ард иргэдийнхээ асуултад шууд хариулдаг уламжлалтай болсон юм. Өнгөрсөн жил Оросын ерөнхийлөгчөөс хэзээ гэрлэхийг сонирхсон бяцхан охины асуулт дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг багагүй татсан юм.

 

 Б.ХУЛАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж