Өмнөд Солонгосын улс төрийг доргиосон авлигын дуулиан

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын улс төрийг доргиосон авлигын дуулиан

Keangnam Enterprises” компанийн захирал Сун Ван-Жон

 

“Keangnam Enterprises” компанийн захирал Сун Ван-Жоны авлигын хар жагсаалт Өмнөд Солонгосын улс төрийг донсолгож, том дуулиан тарьжээ. Сун Ван-Жон захирал амиа хорлохынхоо өмнө өөрөөс нь их хэмжээний авлига авсан улс төрчдийг хэвлэлд мэдээллэж, хар жагсаалтаа гэрээслэл болгон үлдээсэн аж.

 

Бизнесмен Сун Ван-Жон өнгөрсөн пүрэв гаригт Сөүл хотноо модноос дүүжилж нас барсан ба түүний халааснаас улстөрчдөд өгсөн мөнгийг тэмдэглэсэн хар жагсаалт гарч ирснээр дээрх дуулиан манджээ.

 

Сун Ван-Жон амиа хорлохынхоо өмнөх өдөр нь Сөүлийн хэвлэлд ерөнхий сайд Ли Ван Гуд 2013 онд 30 сая вон өгсөн гэж утсаар мэдээлсэн аж. Тухайн үед Ли Ван Гу нь сонгуульд ерөнхийлөгч Пак Кын Хегийн намаас нэр дэвшигч байв. Харин ерөнхий сайд Ли Ван Гу энэ хэргийг эрс няцааж,  прокурорынхан түүнийг Сун Ван Жоноос авлига авсан гэх нотолгоо олвол “амьдарлаа дуусгана” хэмээн шийдэмгий мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ Сун Ван-Жоны хар жагсаалтад Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын өмнөх болон одоогийн дарга зэрэг нийт найман хүний нэрийг авсан мөнгөн дүнгийн хамт бичсэн байгаа аж. Тухайлбал, тэрээр 2012 онд Пак Кын Хегийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд зориулан эрх барих намын хууль тогтоогч Хон Мун Жонд 200 сая вон өгсөн гэж хар жагсаалтдаа тэмдэглэжээ.

 

Ийнхүү авлигын дуулиан дэгдсэний дараа сөрөг хүчин ерөнхий сайд Ли Ван Гу болон ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Ли Вён Ги нарыг огцрохыг шаардаж байна.

 

Сун Ван-Жоны “Keangnam Enterprises” компани нь Өмнөд Солонгосын үндэсний газрын тос корпорацитай хамтран Оросын газрын тосны төслийг хариуцаж байжээ. Тэрээр амиа хорлохын өмнө Оростой хамтарсан газрын тосны төсөлд олгосон Засгийн газрын 73 сая ам.долларын зээлийг зохисгүй зарцуулсан хэрэгт прокурорт шалгагдаж байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: UPI, Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж