Иран руу доллар урсаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Иран руу доллар урсаж эхэллээ

Иран болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны хоорондох цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр амжилтад хүрсэнд Израйлийн талаас тун таагүй хүлээн авч байна. Ойрхи Дорнодын орнуудыг эвгүй л хөдөлбөл “нармайг нь нээчих” гээд байдаг еврейчүүдийн ганц шүдний өвчин нь Иран буюу персүүд тул ингэж хүлээн авах нь зүйн хэрэг.

 

 

Ирантай холбоотой олон улсын хориг арга хэмжээнүүд цуцлагдахаар болж олон тэрбум ам.доллар тус улс руу урсан орж ирэхээр болсон нь яах аргагүй Ираны хувьд томоохон ахиц дэвшил. Энэ хэлэлцээрт персүүдийг толгойлж оролцсон тус улсын Гадаад хэргийн сайдыг Тегеранд олон нийт нь үндэсний баатрын хэмжээнд хүлээн авсан.

 

Харин Иран руу цутгах олон улсын хөрөнгө оруулагчдын мөнгө эргээд батлан хамгаалах салбарыг нь улам хөгжүүлэх вий гэдгээс Израйл эмээж байна. Ер нь персүүд ядуу зүдүү амьдарч байх нь хүн төрөлхтөнд хэрэгтэй гэх ухааны зүйл Беньямин Нетаньяху шууд л ярьж байна.

 

Персүүд цөмийн зэвсэг гартаа оруулж авах нь Израйлаас дутуугүй Арабын орнуудад аюултай талаар тэд сануулдаг. Иран нэгэнт цөмийн зэвсэгтэй болвол бүс нутгийн нөлөөллөө идэвхтэй сэргээж улмаар баялаг Ойрхи Дорнодыг Америк тэр чигт нь алдах болно хэмээн Ираны тагнуулууд аминд нь хүрэхийг оролдлоо хэмээн шуугиан дэгдээж байсан Саудын Арабын америк дахь элчин ярьсан байдаг.

 

Юу юугүй цөмийн хөтөлбөрөөсөө болж бөмбөгдүүлэх шахаж байсан Тегераны цэрэг зэвсгийн хүч ингэхэд хэр бол. Барууныхны мэдээлж буйгаар мөн үнэрч ноход гэгдэх Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Иранд хийж байсан шалгалт нэртэй тандах ажиллагаагаар /иран цөмийн эрчим хүчний агентлагийг ийн шүүмжилдэг/ олж авсан мэдээллүүдийг та бүхэнд сонирхуулья.Саяхан агаарын цохилтоос хамгаалах лазерийн их буу амжилттай туршсанаа иранчууд зарласан. Өнгөрсөн жил дөрөв хүртэл тооны пуужинг нэгэн зэрэг тээвэрлэх хүчин чадалтай алсын удирдлага бүхий нисгэгчгүй бөмбөгдөгч онгоц зохион бүтээснээ ид хав болгон дэлхий нийтээр зарлаж байсан.

 

 

Магадгүй Иран батлан хамгаалах салбартаа гарсан ахиц дэвшлийг ийнхүү сүр чимээтэй зарлаж байдаг нь ч тэдний өөрсдийнх нь алдаа гэх. Ямар учраас стратегийн чухал зэвсгээ нууцлахын оронд ил тод зарлаад байгаа нь ч ойлгомжтой.

 

АНУ, Израиль тэргүүтэй "заналт" дайснуудаа галаар оролдох аюултай шүү гэдгийг л сануулаад байгаа хэрэг. Үүний хариуд Израиль Ираныг даврааж цөмийн гүрэн болгохгүй гэдгийг хатуу анхааруулж мэдэгдэл гаргасаар ирсэн. Анхны алсын зайн нисгэгчгүй бөмбөгдөгч "Каррар"-аа танилцуулах ёслолын ажиллагааг улс даяараа шууд нэвтрүүлэх үедээ Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмединижад ямар ч эргэлзээгүйгээр, бахархалтайгаар АНУ, Израиль хоёрыг заналхийлсэн билээ.

 

Тэрбээр хэлсэн үгэндээ "Иран улс ямар нэг улс орон руу халдан довтлохгүй ч өөрсдийн хүчээр эзэмшсэн зэр зэвсгийнхээ тусламжтайгаар бидний эсрэг дайсагнаж байгаа хэнийг ч зогсоох болно. Манай улсын төдийгүй хүн төрөлхтний дайснуудад илгээх энх тайван, найрамдлын төлөөх үхлийн элч Каррар байх болно" хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Батлан хамгаалах салбартаа 2015 онд 18 тэрбум доллар төсөвлөсөн. Зэвсэглэлийнхээ 60 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Өрнөдийн томоохон хэвлэлүүдэд бичигдсэнээс үзвэл ойролцоогоор 5000 орчим танктай, үүнийх нь багагүй хувийг гадаадын танкууд эзэлдэг. Орос, Хятадаас ихэвчлэн худалдан авсан байх ба дээхнэ үед АНУ-аас авсан "М47Паттон", "М113" гэх мэт дөрвөн төрлийн танк хүртэл бий.

 

Түүнчлэн Хойд Солонгосоос "Чхонман хо" хүнд танк 1982-1985 онд 150 ширхгийг худалдан авсан нь одоо хүртэл зэвсэглэлд нь хэвээр байгаа гэнэ. Сүүлийн үед 1995-2005 оны хооронд ОХУ-аас "Т72", "ВМР-2" зэрэг хүнд танкуудыг 1000-аад ширхгийг худалдан авсан байх юм. Танкийн армийн гол хүчийг нь Оросын эдгээр хүнд танкуудаас гадна персүүдийн өөрсдийнх нь үйлдвэрлэсэн “Zulfigar MBT1-3” гэх мэт өндөр хүчин чадалтай танкууд эзэлдэг. Харин 1996 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн тэдгээр үндэсний танкийнх нь тоо ширхгийг барууныхан хэвлэлд одоог хүртэл дэлгэж тавиагүй байгаа билээ.

 

2006 оноос Иран улс ойрын болон алсын зайн тусгалтай баллистик пуужингууд үйлдвэрлэж эхэлсэн. Эдгээрээс 300-1300 км туулах чадвартай "Шахаб-2", "Шахаб-3" баллистик пуужин, 3000 км-ийн тусгалтай "Жхадр-110"-ыг хамгийн хүчтэйд нь тооцож болно. Мөн Орос, Хятадаас худалдан авсан 20 орчим төрлийн том жижиг пуужинтай.Ираны арми дотооддоо үйлдвэрлэсэн 20-иод төрлийн байлдааны нисдэг тэрэг, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудтай. Эдгээрийнх нь хамгийн сүүлийн үеийн ололт нь хэдэн өдрийн өмнө олонд үзүүлсэн "Каррар" юм.

 

 

Ийнхүү Ираны зэвсэгт хүчин улам хүчирхэгжсээр олон улсын дарамт шахалтыг үл тоон зэвсэглэлээ баяжуулсаар байлаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Ираны цэргийнхэн "Фатех-110" буюу орчуулбал байлдан дагуулагч хэмээх нэртэй 200 км-ын тусгалтай есөн метр урт, 3.5 тонн жинтэй пуужинг харваж туршжээ. Туршилт ч амжилттай болсон байна. Ираны армийн талаархи ил байгаа мэдээлэл иймэрхүү.

 

Ингэж зэвсэглэлийн араас хөөцөлдөж байгаа улсыг Ойрхи Дорнод, Дундад Азийн "Хойд Солонгос" мэтээр үзэх нь ч аргагүй бизээ. Тэгвэл Ираны зэвсэглэлээр хөөцөлдөх явдал, түүнээс эмээх олон улсын айдас ямартай ч саяхан болсон хэлэлцээрийн үр дүнд нэлээн нааштай болж хувирлаа.

 

Ийнхүү Иран улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана гэдгээ батлаж хариуд нь олон хориг арга хэмжээ цуцлагдаж Иранд өрнө, дорны олон компани бизнес эрхлэхээр болоод байна.

 

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж