Сүүлийн өдрүүдэд монголчууд “Тавантолгой” гэсэн ганцхан сэдвээр амьсгалж байгаа ч саарал ордны 76-д нэн чухал хамаатай хэд, хэдэн хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх юм.
Худалч хүнд, арван хоёр оны сонгуулийн маргаашнаас л Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэн гэж хэлж болно. Ялангуяа ялагдал амсана чинээ зүүдлээ ч үгүй явсан МАН-ынхан холимог тогтолцоонд сэтгэл гонсгор ханддагаа нуудаггүй. Арван зургаан оны сонгуулийг жижиг тойргоор явуулах асар их сонирхол Ардын намынханд бий. Харин тэдний саналыг АН яагаад ч хүлээж авахгүй нь намын даргынх нь байр сууриас ч тодорхой байна.
Ардчилсан намын хувьд пропорциональ тогтолцоогоо хэвээр хадгалах, чадвал хувь нэмэх байр суурьтай байгаа бол Ардын намынхан нэг мандат-нэг тойрог гэсэн хувилбарыг санал болгож байгаа юм.
Чухам ийм л шалтгаанаар Ардын намынхан арван зургаан оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг ард түмнээсээ асууна гэж зөрүүдэлж байна. Тэдний энэхүү, үг үйлдэл аргаа барсан хүмүүсийн хийх ажил мэт харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.
Одоогийн холимог тогтолцоо буюу 28:48 бол тийм ч муу хувилбар биш. Намын нэрээр өгсөн саналыг ядаж л луйвардаж авах боломжгүй юм. Тэгээд ч сонгууль болгоны өмнө саарал ордны улстөрчид болон намууд Сонгуулийн хуулийг зөвхөн өөртөө тохируулан өөрчлөөд байвал утгаа алдана.
Одоогийн холимог тогтолцоо буюу 28:48 бол тийм ч муу хувилбар биш. Намын нэрээр өгсөн саналыг ядаж л луйвардаж авах боломжгүй. Тэгээд ч сонгууль болгоны өмнө саарал ордны улстөрчид болон намууд Сонгуулийн хуулийг зөвхөн өөртөө тохируулан өөрчлөөд байвал утгаа алдана.
Ардын намынхны өргөн барьсан хуулийн төслийг МҮАН дэмжиж, ард түмнээсээ санал асуулга авах нь зөв гэсэн байр сууринд хүрснээ өчигдөр мэдэгдсэн. Ингэхдээ зөвхөн сонгуулийн тогтолцоогоор биш, засаглалын ямар хэлбэртэй байх ёстой вэ гэдгээ мөн ард түмнээс асуусан нь дээр гэж үзэж байгаа гэнэ.
Мажоритар системээр сонгуулийг явуулах нь МАН-ынхнаас гадна МАХН-д бас ашигтай байж магадгүй. Нэг чиг баримжаатай, нэг угшилтай намууд эвсч нэгдэх асуудал ид яригдаж байгаа нөхцөлд бол шүү дээ. 2000 онд одоогийн МАН буюу тэр үеийн МАХН нийт ард иргэдийн саналын 51 хувийг авсан атлаа УИХ-ын 76 суудлын 72-ыг авч байсан түүхтэй.
Харин холимог систем буюу 28:48-аар сонгуулийг явуулах нь АН-д илүү ашигтай. Өөрөөр хэлбэл, холимог системээр сонгуулийг явуулсан тохиолдолд олуулаа болж чадахгүй юмаа гэхэд олон суудал авна гэдэгтээ Ардчилсан нам тун ч итгэлтэй байгаа юм. Энэ шалтгаанаар ард түмний дунд санал асуулга явуулна хэмээн зүтгээд байгаа Ардын намынханд Ардчилсан намын дарга З.Энхболдын өгсөн хариу нь “Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хууль байна. Харин тойргоо жижигрүүлэх үү, томруулах уу гэж асуудаг нь мөнгөний гарз. Түүний оронд сонгуульдаа шударга оролцдог, бага мөнгө зарцуулдаг ийм асуудлаар уралдахаас бус сонгуулийн тогтолцоо амин чухал асуудал биш. Тиймээс Ардын намын өргөн барьсан хуулийн төслийг Ардчилсан нам дэмжихгүй”.
Нөгөө талаар пропорцианаль систем төгс төгөлдөр хувилбар биш юм. Энэ тогтолцооны нэг алдаа нь жагсаалтаар хэний ч танихгүй, мэдэхгүй хүн УИХ- орж болдогийг харуулсан явдал. Тиймдээ ч пропорцианаль системийн хамгийн том алдаа О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ гэж үздэг хүмүүс УИХ-д тэр тусмаа АН, МАН-д цөөнгүй байдаг.
Нөгөө талаасаа пропорциональ систем төгс, төгөлдөр хувилбар бас биш юм. Энэ тогтолцооны нэг алдаа нь жагсаалтаар хэний ч танихгүй, мэдэхгүй хүн УИХ-д орж болдогийг харуулсан явдал. Тиймдээ ч пропорциональ системийн хамгийн том алдаа О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ гэж үздэг хүмүүс УИХ-д тэр тусмаа АН, МАН-д цөөнгүй байдаг.
Ирэх сонгууль холимог системээр явсан тохиолдолд Ардчилсан намын дарга З.Энхболдын хувьд гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулахгүй байх дүрэм баримтлах, мөн нэг хүн давтан орох боломжийг хязгаарлахаа илэрхийлсэн. Харин Ардын намын дарга М.Энхболд “Монгол Улс шиг өргөн уудам нутагтай, иргэд нь тархан суурьшсан ийм оронд, монгол хүний зан сэтгэхүйд нийцсэн зөв хувилбар нь мажоритар систем. Бид мажоритар системд тулгуурласан бодлогуудыг 2016 онд явагдах Сонгуулийн тухай хуулиндаа тусгах ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм.
Улс төрийн гол хоёр хөдөлгүүр болсон, нэг засагт хамтарч байгаа Ардын намынхан болоод Ардчилсан намын байр суурь ийнхүү зөрөлдөх болсон нь Сонгуулийн хууль энэ чигээрээ явах нь гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм. Хэрэв намууд тохиролцож чадахгүй бол 28:48 гэсэн хувилбараар арван зургаан оны сонгууль явагдах нь ойлгомжтой байна. Мөнгө төгрөгөнд хууртахгүй, хэн нэгэн бизнесмеийн хяналтад орохгүй гэдэг утгаараа өнөөдрийн хувьд бол АН-ын хадгалж үлдэхийг хүсч байгаа пропорциональ тогтолцоо нь илүү сайн хувилбар.
Гэхдээ Ардын намынхан яаж ч алиалаад холимог тогтолцоог өөрчилж чадахгүй гэж Ардчилсан нам хэтэрхий бардах нь арай л эртэднэ. Учир нь, сонгуулийг хэрхэн явуулах вэ гэсэн Ардын намынхны өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн тохиолдолд дэмжигдэх магадлал өндөр. Тэднийг МҮАН дэмжихээ илэрхийлсэн. Хэрэв МАХН дэмжвэл 50:50 болно. МАН-ын 26 кноп дээр “Шударга ёс” эвслийн 10-ыг нэмбэл 36. ИЗНН-ын хоёр Ардчилсан намын талд орлоо гэхэд бие даагчдын саналаас сонгуулийг жижиг 76-гаар уу, эсвэл томсгосон тойргоор явуулах уу гэдэг нь шалтгаалахаар болж байна. Хэрэвзээ ард түмнээсээ санал асуулга явуулах хэмжээнд хүрлээ гэхэд нийт иргэдийн хэд нь сонгогчийн боловсролтой билээ гэдгийг Ардчилсан нам бодолцох хэрэгтэй болов уу. Ардын намынхны хувьд тогтолцоогоо шийдвэрлэж чадахгүй юм аа гэхэд саналыг хар машинаар тоолдогийг нь болиулах, үгүйдээ л маргаан гарсан тохиолдолд гар аргаар тоолох санал оруулахаар зүтгэж таараа. Тэдний хувьд өнгөрсөн сонгуулийн ялагдлынх нь хамгийн гол шалтгааныг өөрсдөөсөө хайхгүйгээр “хар машин” рүү чихдэг нь худлаа бишээ.
Одоогоор улстөрчид хамаг анхаарлаа Тавантолгой төсөл рүү тавиад туучихсан ч Сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцсэн тохиолдол багагүй маргаан зөрчил дагуулах шинжтэй байна. Гэлээ гээд “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихож” болохгүй биз.
Ж.НЯМСҮРЭН