Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголын уул уурхайн корпораци”/MMC/, “Керри Групп”-ын эзэмшдэг коксжих нүүрсний QGX ордыг худалдан авахаар 464 сая ам.долларын гэрээ байгуулсан тухай “Ройтерс” мэдээлжээ. Тус коксжих нүүрсний орд 285 сая тонн нүүрсний нөөцтэй гэнэ. Хэрэв нөөцийн шинжилгээ батлагдвал тус групп гэрээг есөн сарын дотор батална гэжээ. “Керри Групп” тус ордыг 2008 онд 260 сая ам.доллараар худалдан авч байсан гэнэ. Хонгконгийн Куок хэмээх гэр бүлийн эзэмшдэг “Керри Групп” нь “Шангри-Ла” зочид буудлын сүлжээ, “Керри” гэх барилга, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээллийн бизнес эрхэлдэг ажээ. Дотоодын нүүрс олборлогч хамгийн том хувийн хэвшлийн корпораци “Монголын уул уурхайн корпораци” нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Ухаа худаг” нүүрсний ордыг эзэмшдэг юм.
Н.Энх