Хагас сарын турш үргэлжилж байгаа дизель түлшний хомсдол өнөө хэр арилахгүй байна. Газрын тосны газрын дарга нар утсаа авахгүй таг чиг болж, иргэд, үйлчилгээний байгууллагууд түлшгүй болсны улмаас хэмнэлтийн горимд шилжээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар гэхэд л цөөн хэдэн шатахуун түгээх станцууд карттай хэрэглэгчдэдээ дизель түлш худалдаалж байна. Энэ нь “Содмонгол” компанийн салбарууд бөгөөд зөвхөн карттай хэрэглэгчдэдээ нэг удаад 15 литр хүртэл дизель худалдаж буй ажээ. Дизель худалдаалж байгаа салбаруудыг дурдвал,
- -Баянзүрх дүүргийн Чулуун Овоо дахь салбар
- -Хан-Уул дүүргийн Энхтайваны гүүрний зүүн талын салбар
- -Хан-Уул дүүргийн “Бармаш”-ийн баруун талын салбар
- -Нисэхийн цагаан хаалганы цаана байрлах салбар
- -Баянгол дүүргийн ТБД Андуудын урд байрлах салбар
- -Сонгинохайрхан дүүрэг, Таван шар дахь салбар
- -Сонгинохайрхан дүүрэг, 22-ын товчоо өнгөрөөд байрлах салбар
- -Чингэлтэй дүүрэг, Хайлаастын авто замын уулзварын салбарууд байна.
Гэхдээ үнийн хувьд Засгийн газраас тогтоосон жишиг үнээс илүү, 1590 төгрөгийн ханштай. Дизелийн хомсдол арилах хүртэл ийм үнээр худалдана гэдгийг тус компанийнхан ярьж байлаа. Харин “Петровис”, “Магнай трейд” зэрэг томоохон компаниуд дизель түлш огт худалдахгүй байгаа хэмээн төв оффисынхон нь хэлж байгаа юм.
Б.СҮРЭН