ОХУ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эх орны дайны ялалтын баярын жагсаалд энэ жил манай улс анх удаа цэргийн бие бүрэлдэхүүнээ оролцуулах гэж байгаа.
Хорь гаруй хоногийн дараа болох энэхүү жагсаалд оролцох бие бүрэлдэхүүний бэлтгэл ажилтай Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн нар танилцсан.
Тус парадад оролцох 75 “сайн эрс”-ийг өндөр шаардлага, шалгуурын дагуу тодруулж, багагүй хугацаанд бэлтгэсэн гэдэг. Гэтэл Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн тус бие бүрэлдэхүүн эхний ээлжийн шалгалтад ёстой бүрэн утгаараа бүдэрцгээсэн гэнэ.
Тодруулбал, цэргүүдийн гар хөл зөрж, баруун зүүн зүгийг зэрэг ширтэцгээж, зарим нэг нь бүүр гутлаа хүртэл талбайд “подарклаж” үлдээсэн нь багагүй шүүмжлүүлж байна.
Хөрш улсын томоохон нэрт жагсаалд Монгол Улсын нэрийн өмнөөс алхах бие бүрэлдэхүүнийг “Ялалтын талбайд алхахдаа гутлаа сайтар үдэж, үлдсэн хугацаанд хөл, гараа сайтар нийлүүлэх”-ийг цөөнгүй иргэд хүсч байгаагаа цахим ертөнцөд илэрхийлжээ.
Д.ЖАРГАЛ