Ерөнхийлөгч түүх, соёлын дурсгалт үзмэрүүдтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч түүх, соёлын дурсгалт үзмэрүүдтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Санкт-Петербург хотноо өнөөдөр айлчлалаа үргэлжлүүлж байна. Ерөнхийлөгч Санкт-Петербургийн галт тэрэгний “Московский” буудлаас дэлхийн хоёрдугаар дайны хүнд жилүүдэд 900 хоног бүслэлтэд байж, хотоо баатарлагаар хамгаалан тулалдсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан босгосон Пискаревскийн цогцолборт зочилж, сүрлэг хөшөөний нь өмнө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.

Цогцолборын үзмэрийн танхимд ороход тус хотын нэг сая хүн бүслэлтийн үеэр амь үрэгдсэн гэж бичсэн байв. Тэд бүслэлтэд олон зуун хоног өлсөн зовж, 125-хан грамм талхаар бор хоногт өл залгуулж байсан ч төрөлх хотоо хамгаалж чадсан юм. Тэсвэр хатуужлаар төрөлх хотоо, эх орноо аварч чадсан энэ түүхээрээ Санкт-Петербургчууд онцгой бахархдаг юм.

Эндээсээ Ерөнхийлөгч Эрмитажийн музейд очлоо. Музейд Монголын анхны төрт улс Хүн гүрний, эзэнт гүрний нэг хэсэг болох Алтан ордны улсын дурсгал, Эрмитажийн хосгүй ховор үнэт эдлэлийн сан хөмрөгтэй танилцав. Хосгүй ховор үнэт эдлэлийн санд хүн төрөлхтөний түүхэнд оруулсан монголчуудын хувь нэмрийг нотлох олон үзмэр байна. Тухайлбал   Ноён уулнаас  олдсон Хүн гүрний дурсгалууд, Чингис хааны хэрэглэж байсан мөнгөн гэрэгэ, хаад ноёдын өв уламжилсан мөнгөн тамга, Занабазарын бүтээсэн цутгамал бурхан, 17-18 зуунд Оросын эзэн хаадтай харилцаж,  дипломат шугамаар тэдэнд илгээж байсан бэлгүүд, 13-14 зууны Монголын хаадын эд өлгийн зүйлсийг үзэж сонирхлоо.  Мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дорно дахины гар бичмэл судлалын хүрээлэнд Ерөнхийлөгчийг зочлоход Монголын түүх, соёлын холбогдолтой олон дээж дэлгэн тавьсан байв. Нийтдээ манай оронтой холбоотой 8000 гаруй гар бичмэл хадгалагддаг юм байна. Ер нь тус хүрээлэн Монгол судлалаар анх ажлынхаа гарааг эхэлсэн ажээ. Дараагийн  зочилсон газар бол 1-р Петр хааны нэрэмжит хүн судлал, угсаатны зүйн музей байв. Энд Монголын тасаг, тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй ховор эд өлгийн зүйл, манай орны түүхээс өгүүлсэн, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй гэрэл зургуудыг үзэж сонирхсон юм. Музейд дэлхийн бүх орны түүх соёлыг харуулсан 42 мянган гэрэл зураг байдаг гэнэ.

Ерөнхийлөгчийн айлчлал цаашид хоёр орны эрдэмтэд энэ чиглэлээр хамтран ажиллах, Монголын түүх соёлын дурсгалуудыг судалж томоохон бүтээл тууривах эхлэлийг тавьж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна.

Энэ айлчлалын хүрээнд, цаашдаа ОХУ-д хадгалагдаж буй Монгол Улсын соёл түүхийн хамааралтай хосгүй үнэт өвийг дэлгэн үзүүлэх, хамтран судлах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар Монголын ШУА, оросын талын холбогдох байгууллагуудтай амжилттай яриа хэлцлийг хийгээд байна.







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж