142 төсөл хөтөлбөрт хувийн хэвшилтэй хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

142 төсөл хөтөлбөрт хувийн хэвшилтэй хамтарна

“Улаанбаатар Хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнөө болж байна. Нийслэлээс санаачлан зохион байгуулж буй энэхүү чуулганаар цаашид хотын хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг бол хувийн аж ахуйн нэгжүүд гэж тодорхойлж байна. Чуулганы үеэр нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн салбарын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг нийслэлийн удирдлагууд онцолсон. 2015 онд хөрөнгө оруулалтын нийт 515 ажил төлөвлөгдсөнөөс 23,6 тэрбум төгрөгөөр зураг төсөл нь хийгдсэн 1,6 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй ажлууд байгаа юм байна. Эдгээрээс 142 ажилд 946 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхан хэлж байлаа. Ингээд хувийн хэвшил ямар төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой байгаа талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяагаас тодрууллаа.

-Чуулга уулзалтаар Нийслэлээс хувийн хэвшилтэй хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийх тухай асуудал ихээхэн яригдаж байна. Одоогоор ямар ажлуудад хөрөнгө оруулалт хийх боломжтой байна вэ?

-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бидэнд 25,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Эдгээрээс нийслэл болон улсын төсвөөс ердөө хоёр их наяд төгрөгийг олгох боломжтой байгаа юм. Иймээс бид хувийн хэвшилгүйгээр хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Тиймээс өнөөдрийн чуулга уулзалт зохиогдож байна гэж хэлж болно. Хотын хөгжлийг тодорхойлох томоохон 20 гаруй төсөл болон жижиг 150 орчим төслүүдийг хөрөнгө оруулагчдад өнөөдөр танилцуулан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд бид томоохон хөтөлбөрүүдийн зураг төсөл ТЭЗҮ-г боловсруулаад байна. Эдгээрт 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 20 гаруй төслүүд багтаж байгаа юм. Улмаар хөрөнгө оруулагчидтайгаа хамтран ажиллах боломж, хөрөнгө оруулалтыг босгоход ямар гарцыг эрэлхийлэх талаараа ярилцах нь чуулга уулзалтынг гол зорилго юм.

-Эдгээр 20 гаруй томоохон төслүүдэд аль салбарыг хамарч байгаа вэ?

-Тухайлбал Туул, Сэлбийн хурдны зам байна. Эхний ээлжид 60 км авто зам тавихаар зураг төсөл нь батлагдсан байгаа. Мөн амьтны хүрээлэн усан паркын төсөл, Монгол наадам цогцолбор байна. Мөн хот дундуур хөндлөн тавигдах 17,7 км урттай метроны төслөл ч багтаж байгаа юм. Эдгээрээс гадна хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрт багтсан 9 дэд төвийн эхний ээлжийн хоёр дэд төв байгуулах төсөлд хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой.

-Хөрөнгө оруулагчид та бүхнээс санал болгож буй төслүүдээс ямар төслийг илүү сонирхож байна?

-Хувийн хэвшлүүд өөрсдийн нөөц бололцоонд тааруулж хөрөнгө оруулалт хийх нь тодорхой. Зарим нь нэгээс хоёр жил хэрэгжих жижиг төслүүдийг сонирхож байгаа бол томоохон хөрөнгө оруулагчид миний дээр дурдсан 20 гаруй төслүүдийг их сонирхож байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж