“Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015” чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нэгдсэн хуралдааны оролцогч Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Амартүвшин “Хувийн хэвшлийн санаачлага” сэдвээр илтгэл тавьсан нь хуралдаанд оролцогчдын анхаарлыг татсан гол сэдэв байлаа.
Тэрээр “Бид анхныхаа чуулга уулзалтыг хотын захиргаатай хамтран хийж байгаагаараа илүү онцлогтой байна. Монгол Улсын хөгжил бол хотын хөгжилтэй шууд холбоотой. Улсыг, хотыг хөгжүүлэх нь хувийн хэвшилтэй хамтран ажиллахад оршино. Хотоос худалдан авалт, төсөл хөтөлбөрөө хувийн хэвшлүүдэд ил тод болгосноор бизнес эрхлэгчдэд илүү боломж олгож байна” гэсэн юм. Энэ үеэр дараах асуултад түүнээс хариулт авлаа.
-Олон улсын Арбитрийн шүүхийг байгуулж, төр хувийн хэвшлийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэдэг болно гэх асуудал хуралд оролцогчдын анхаарлыг татсан гол асуудлуудын нэг байлаа. Энэ талаар дэлгэрэнгй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдрийн хурлаар Хотын дарга төрийн үйлчилгээг цаашдаа шударга хариуцлагатай байлгах үүднээс анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Үнэндээ төр хувийн хэвшлийн хооронд үүссэн маргаан, гэрээ гээд асуудлуудад шударга бус зүйл цөөнгүй байсаар ирсэн шүү дээ. Тиймээс Худалдааны танхимын дэргэд олон улсын Арбитрийг хуулийн дагуу гадаадад байгаа жишгийн дагуу ажиллуулах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Олон улсын Арбитрийн шүүхийг байгуулах юм. Энэхүү шүүхээр төр хувийн хэшлийн хооронд үүссэн маргааныг тус шүүхээр хэлэлцэнэ.
-Хувийн хэвшлийн төлөөллийн зүгээс төр захиргааны байгууллагатай хамтран ажиллахад хүнд суртал хамгийн том бэрхшээл байдаг гэж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал болон хүнд сурьтал хувийн хэвшлүүдэд тулгардаг хамгийн том асуудал юм л даа. Төр үүргээ хүлээхгүй бол ямар ч хариуцлага хүлээдэггүй нь дээрх асуудлыг гаргаад байгаа юм. Тиймээс цаашид хувийн хэвшилтэй хийсэн гэрээнд ямар нэгэн байдлаар хүндрэл үүслээ гэхэд асуудлаа Арбитраар шийдүүлэн төр ч гэсэн эрсдэлээ хүлээж, торгууль төлдөг болох хэрэгтэй.
Д.ЖАРГАЛ