Улаанбаатарт нөөцийн мах бэлтгэсэн компаниудад кг тутамд 1000 төгрөгийн урамшуул олгодог. Энэ жилийн тухайд үхрийн мах 6000 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөр зарагдаж байна.
Гэтэл нөөцийн махны урамшууллыг хөдөө орон нутгийн нөөцийн мах бэлтгэдэг компаниудад өгдөггүйгээс өвөлжин зоорилж, арчилж хамгаалж тодорхой хэмжээний зардал шингээсэн махаа анх авсан үнээрээ өгөхөд хүрдэг ажээ. Нэгэнт орон даяар нөөцийн махны үнийг зарладаг тул түүнээс илүү үнээр өгөх боломж байдаггүй. Хөвсгөл аймагт дундажаар 150 тонн махны хэрэгцээ байдаг байна. Хаврын нөөцийн мах бэлтгэлийг “Дөл” ХЭАА сүүлийн 7-8 жил бэлтгэж байгаа ажээ. Төрөөс нэг л удаа нөөцийн махны урамшуулал хүртэж байсан гэнэ. “2012 онд 50 тонн маханд 25 сая төгрөг авсан. Тэгсэн хэрнээ нөөцийн мах бэлтгэдэггүй ноос ноолуурын чиглэлээр ажилладаг компанид тэр жилд 200 тонн мах бэлтгэсэн гэдгээр 75 сая төгрөг өгч байасан. Тэрнээс хойш тэр компани нэг ч тонн мах бэлтгээгүй” гэж “Дөл” ХЭАА-н эзэн П.Лхавга-Очир ярьж байна. Ийнхүү энэ жил Хөвсгөл аймагт нөөцийн маханд урамшуулал олгох төсөв батлагдаагүй учир төрөөс тогтоосон хямд үнэтэй мах идэх боломж иргэдэд байхгүй байна. Харин Ховд, Говь-Алтай, Завхан , Баянхонгор аймгууд нөөцийн маханд урамшуулал олгодог ажээ.
Эх сурвалж: www.polit.mn