Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ой энэ онд тохиож буй нь хоёр Солонгосын эвлэрлийн харилцаанд таатай нөлөө үзүүлнэ хэмээн ажиглагчид дүгнэж буй. Тэгвэл ирэх есдүгээр сард хоёр Солонгосын төрийн тэргүүн Хятадад нүүр тулан уулзах магадлал өндөр байна. Учир нь Бээжин ирэх есдүгээр сард болох ялалтын баярын цэргийн парадад Пхеньяний удирдагч Ким Чен Ун болон Сөүлийн ерөнхийлөгч Пак Кын Хе нарыг урьжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хувьд эцгийнхээ орыг залгамжилснаас хойш Хятадад айлчлах урилга хүлээж авсан нь анхных юм.
Өмнө нь ирэх тавдугаар сард Москвад болох “Ялалтын баяр”-т хоёр Солонгосын төрийн тэргүүн уригдсан боловч Пак Кын Хе биечлэн оролцохгүй, төлөөлөгчөө явуулахаа мэдэгджээ. Харин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун урилгыг хүлээн авч, гадаадад хийх анхны айлчлалаа ОХУ-д хийх болсон тухай Кремлийн албаныхан мэдээлсэн билээ.
Хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд өмнө нь 2000, 2007 онд ердөө хоёрхон удаа нүүр тулж уулзаж байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Chosun ilbo