Хайрын тунг тааруулах гэж хичээж л явна

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Хайрын тунг тааруулах гэж хичээж л явна

Нийтийн дууг нэлээн сайн хүч авахуулж, ханхүү хэмээх алдрын титэм хүртэл “зүүгээд” авсан С.Жавхлан гавьяат аль талаараа өвөрмөц ертөнц. Тийм дээ ч шинэ оны анхны зочноор уригдлаа. Өнгөрсөн онд хоёр дахь амьдралдаа сэтгэл шуударч, шинэ хүнээр бүл нэмсэн тэрбээр өдгөө хоёр дахь охиныхоо ээж “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй амьдарч буй. Хувийн амьдралынхаа өөрчлөлтийн хажуугаар хувьсгалын ажилд ханцуй шамалж, газар шрооо, эх байгалиа өмгөөлж цусан тангараг хүртэл өргөөд буй түүнтэй ярих зүйл их байлаа. Монголын улс төр надад жижигдэж, гологдож байна хэмээн ил шулуухан аархсан дуучин маань “Тэртэй тэргүй надад хангалттай нэр алдар, мөнгө хөрөнгө байна, зүгээр дуулаад явж болно, гэхдээ би өвөг дээдсийнхээ алтан газар шороог өмгөөлөн хамгаалах болно” хэмээн ярилаа. Түүнийг тойрон хүрээлэх, дэмжигчдийн тоо ч өдөр өдрөөр нэмэгдэж байгаа гэнэ. Юутай ч сэтгүүлчийнхээ үүргийг гүйцэтгэж түүнтэй ярилцлаа. Хэрхэн дүгнэхээ эрхэм уншигч та болгооно биз ээ.

-Таниас ярилцлага авахаар ирж байхдаа наснаасаа арай л эрт буурь суучихсан юм уу даа гэх бодол төрж явлаа. Үсээ ургуулсан, Монгол дээлтэй Жавхлан сүүлийн хэдхэн жилийн хугацаанд гаднаа ч, дотроо ч чамгүй өтөлсөн харагдаад байгаа шүү. Залуу хүн шиг дахиад хэдэн жил амьдарч болоогүй юм уу? Улс төр ярьж, үсээ ургуулан, дээл өмсөх цаг хэзээ ч ирнэ шүү дээ?

-Хөгшин Европын эсвэл тангудын хувцас өмссөнөөрөө залуу харагдахгүй. Би өвгөдийнхөө хувцсыг өмссөн юм. Монгол хувцсаа өмсч, бахархаж яваа хүн чамд хөгшин харагдаж байгаа бол чиний нүд чинь хөгширчээ гэж хэлээр байна. Улс төрийг зөвхөн хөгшин хүн ярьдаггүй юм. Бүр хүүхэд наснаасаа ч эх орноо ярьж, санаа зовж байх ёстой. Цаг нь ирсэн болоод үсээ ургуулж, дээлээ өмссөн. Удахгүй морио ч унана.

-Арай хотын гудамжаар морь унаад явах юм биш биз дээ?

-Дэлхийн бүх хотууд одоогийн байдлаар үер усны гамшигт автаж, ажилгүйдэл өлсгөлөнд нэрвэгдээд эхэлчихлээ. Байгалиа мартаж, дэлхий ээжээ гомдоосных. Хорвоо өгсөн бол бас авч чаддаг хуультай. Сая дэлхийн толгой баячууд 40 тэрбум мөнгөө хүмүүст тараагаад хотоос зайдуу уул, ус байгаль руу тэмүүлж байна. Тэд сайндаа биш мөнгө идэж болдоггүй, хэт хэлбэрт баригдаж болдоггүйг ухаарчээ. Тэд бидний өвгөдийн нүүдэлчин соёлын шүтэн бишрээд эхэллээ. Бидний сармагчин мэт дууриайдаг хүмүүс цаана чинь хотоосоо зугтаж байна. Одоо нүүдэлчин соёл маань сэргэнээ. Тэдний бид дагадаг биш тэд харин биднийг дуурайх цаг ирсээн. 2012 онд хөрсний маш том гулгалтууд болно. Бид хотоосоо гарч малаа маллах хэрэгтэй. Ийм учраас мэдээж Жавхлан хот дотор морьтой явахгүй нь мэдээж шүү дээ.

-2012 онд ямартай ч “цэвэрлэгээ” явагдана гэж зөгнөөд байгаа. Тань шиг тэнгэр шүтлэгтэй хүн энэ талаар бас дуулж сонсон, бэлтгэлээ хийсэн л байх?

-Энэ бүхнийг цаг хугацаа харуулна. Дэлхий дээр дөрвөн том галав юүлсэн байдаг. Үүнд Монголчууд л үлдэж байсан. Яагаад гэвэл Монголчууд нэг газраа суурин байдаггүй байсан учраас тэр. Дэлхийн хүн төрөлхтөн газрын хөрснөөсөө бүх хүнд металлыг нь сугалаад авчихсан. Нэг ёсондоо хөрсийг бэхэлж, тогтоож байдаг хадаасыг нь сугалаад авчихсан гэсэн үг. Тэгэхээр бэхэлгээгүй хөрс гулгаж л таарна. Монгол ч мөн адил сүүлийн 10 жил бүх хүнд металлаа тэр дундаа гаүрын гагнаас алтаа ухаад зарчихсан шүү дээ. Тэгэхээр Монголын хөрс мөн гулгаж л таарна. Зөнч мэргэчдийн үгэнд ч байдаг. Монгол өвгөдийн шашдирт ч тов тодорхой байдаг. 2012 онд гал, ус, мөсөн гурван галаь зэрэг юүлж дэлхий хүнсний дутагдалд орж, хөрсний гулгалтаас ургацаа алдаж, хүн хүнээ барьж идэх цөвүүн цаг ирнэ. Үүнээс үүдээд дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ гэж хэлсэн байдаг. Монголчууд үүнд бэлтгэх хэрэгтэй. Гулгаж байгаа хөрсөнд тариа нөгөө ургахгүй. Бидэнд юу үлдэхэв? Таван хошуу мал минь л бидний голыг зогооно. Онцлоод хэлэхэд Монгол өвгөдийн шашдирт цөвүүн цаг ирэхэл мал, малчин, Монгол ухаан гурав хаанаар тодорно, дэлхийг монголын нүүдэлсний соёл аварч үлдэнэ гэж бичсэн байдаг юм. Одоо мөнгө цаас, гадаадыг сармагчин шиг дууриаж, брэнд гоё ганган хувцас, байр, машин, чимэг зүүлт ярьдаг хүмүүс хоцрогдсоон. Харин хотондоо идэх шөлний хоньтой, унах морьтой хүн хамгаас баянд тооцогдох цаг эхэлсэн. Уучлаарай. Үнэн үг сайхан сонсогддоггүй байх талтай.

-Оны анхны дугаараа бид уншигчиддаа хүргэж байна. Их л билэггүй юм ярьж эхэлж байх шиг. Гэвч яая гэхэв. Таны хэлдгээр үнэн үг гашуун байдаг хойно. Үнэхээр дээр ярьсан шиг юм болно гэдэгт хэн ч бүрэн дүүрэн итгээгүй л явна. Та бол бүрэн итгэлтэй, бодит юм шиг ярилаа. Та бэлтгэлээ яаж базаасан бол? 2012 онд дуучин Жавхлан хаана байх бол гэдэг нь сонирхол татаж байна?

-Тийм учраас л билэггүй юм болохоос бид сэрэмжилж байх учиртай. Тэгээд л бүгдээрээ нийлье, сэтгэлийн галаа асаая, Монголоороо байж, аврагдаж үлдэцгээч малаа битгий зараач ээ, өвгөдийнхөө ёс заншил, хувцсаа өмсч, бүсээ чангалаач ээ гээд л ад үзэгдэн, ад үзэгдэн яриад байгаа минь энэ шүү дээ. Надад амьдрал хангалттай байдаг. Үүнийг ярих шаардлагагүйгээр ч Самандын Жавхлан хаана ч, хэнээс ч, юу ч гуйхгүй амьдарч чадна. Надад нэр алдар, авьяас билэг бүх юм бий. Энэ зүйлийг намайг ярихлаа зарим хүмүүст энэ хүн улс төрөөр оролдоод эхэллээ ч юм уу, нэр алдар, карьер хөөцөлдөөд байна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Надад хангалттай нэр хүнд, бялхам сайхан түмэн олны минь хайр энэрэл бий. Интернэт сүлжээгээр та бүхэн ороод харж мэдэр л дээ. Америкт хар салхи, гал усны аюул, үер, Европт ажилгүйдэл, өслгөлөн, үер Хятадад газар хөдлөлт болж тариан талбай нь үерт автсанаас өлсгөлөн, Орост түймрээс болж ургацаа алдсан. Манайхаас хайгаад л явж байна шүү дээ. Африк, Австралид мөн ялгаагүй. Нүдэн дээр ийм зүйлүүд болоод байхад та бүхэн тэр шүтээд байгаа улсуудад чинь юу болоод байгааг ядаж анзаарчихаач ээ. Самандын Жавхланд битгий ач холбогдол өг гэж хэлмээр байна.

-Та улс төрөөр хөөцөлдөөгүй гэж үү? Хүн бүр л таныг ирэх сонгуулиар нэр дэвших нь тодорхой, харин хаанаас, ямар намаас гэдэг нь л сонин гэж хүлээж байна. Үнэндээ ч улс төрийн далбаагүйгээр бодож, төлөвлөсөн зүйлээ биелүүлэхэд бэрх. Нөгөө талаах мөнхийн эрх ашиг гэж байдгаас мөнхийн хайр гэж байдаггүй гэдэгчлэн та ийм “хуурай” зүйл ярьж байгаа нь үнэмшилгүй сонсогдож байна?

-Өнөөдрийг мартаад маргаашийг бодож төлөвлөж болдоггүй. Үүнтэй адил өвгөдийнхөө үгийг мартчихаад харийг дагаж салбагнаж яваа бидэнд маргааш нэг их гоё харагдахгүй байна. Би юу гэх гээд байна гэхээр Самандын Жавхлан 2011 онд сар шинээ яаж хийх вэ, энэ урт хаврыг яаж давах вэ гэж бодохгүйгээр 2012 оныг харчихаад 11 оныг мартаж болохгүй. Харин миний 12 оныг харчихаад судлаад, яах бол, ийх бол гээд явж байгаа миний улс төрийн фенүүддээ баярлалаа. Маш сайн байна, сайн судлах хэрэгтэй. Та өөрийгөө биш Самандын Жавхланг яриад, судлаад байгаа нь сонин юм. Өнөөгийн улс төр надад үнэндээ жижигдэнээ. Яагаад гэвэл надаас дэндүү нэр хүнд муутай, жишээлбэл улс төрчид уулзалт хийе гээд очиход нэг ч хүн тоож ирдэггүй шүү дээ. Дуучдын нэрийг зарлаж, дуулуулж байж ар хормойл нь, нөмөрт нь нэг муу юм арьсан нүүрээ харуулж, долоох үахаж байж нэг юм болдог. Үүнээс үзвэл хэн нь ажлаа сайн хийгээд байгаа юм бэ? Тэгэхээр л улс төр надад жижигдэнэ. Харин Жавхланд тоогдож, хамаатаж байгаа нь их юм даа.

-Та чинь яасан аархуу, онгирсон, цөм ихтэй байх юм. Хүмүүст таатай сонсогдохгүй л байх даа?

-Толгой хагаравч тоорцгон дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэдэг. Одоо л бид сайн муугаа ярилцаж үнэн, зөвөө дүгнэж шүүхгүй юм бол тэгээд хэзээ гэж? Хоёр 80 настай чавганц ярьж байна гэнэ лээ. “Түү, тэгэхэд л Балдантай суудаж байж..”. Бүх юм дууссан хойно ийм битгийн байгаасай. Бид энэ гэр орон дотроо худлыг цаазалж, цөс ихтэй, аархуу байхгүй юм бол хаана, хэзээ цөс ихдэж аархах юм бэ. Харин нэмээд хэлчихэд Монголчууд аа, цөс ихтэй, аархуу байгаарай. Бүр ч илүү омголон байгаарай. Бид хонь заяатай биш ээ, бид чоно заяатай. Чоно худлыг тасддаг юм. Чоно худлаа зүйлийг тэвчдэггүй юм. Гэдсийг нь хага хүүлдэг юм.

-Та өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээд өвдөг шороодсон шүү дээ. Тэр үед улс төр таны өрсөлдөх дэвжээ мөн байгаад одоо болохоор больчихсон хэрэг үү? Арай тэрэндээ шаралхаад ингэж яриад байна уу?

-Би сонгуульд дэвшихдээ тэр сандал сэнтий дээр очиж, гэрэлтэх гэж, тэнд юу ч хийхгүй амлаж, лаглайж суух гэж дэвшээгүй юм аа. Харин тэр сандлыг гэрэлтүүлэх гэж, түмэн олгоо ёс заншил, ажил хөдөлмөрт зөв гарц замд уриалах гэж дэвшсэн юм. Би шаралхаж өрсөлдөж мөчөөрхөх гэж энэ хорвоо дээр төрөөгүй ээ. Шаралхуулж, өрсөлдүүлэх гээд байгаа бол миний ганцхан өрсөлдөгч бий. Тэр бол цаг хугацаа юм.

-Таныг тэгвэл Монголын улс төрийг голоод нэр дэвшихгүй нь гэж ойлголоо. Ингэхэд та энэ үйлдэл, үгнээсээ айхгүй байна уу? Эсвэл таны арыг даасан хүчирхэг тэнгэр байгаад та тэгтлээ омгорхоод байна уу?

-Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг. Нэг талаасаа хүмүүс гэгээн сайхан, хиргүй тунгалаг урлагаа хөөгөөд яваасай, хар буруу зүйл рүү битгийн орооч ээ гэж надад хэлдэг. Хар буруу зүйл байна гээд халгаж зугтаагаад байвал юу ч өөрчлөгдөхгүй, харин тэрний хойноос санаа тавьж нийтээрээ дуу хоолойгоо өргөж эхэлбэл цэвэрших ёстой юм. Бидний өвөг дээдэс өнөөдрийнх шиг ийм гутамшигтай төрийн байгуулж яваагүй юм. Хүмүүсийн ярьж байгаагаар бол тэгтлээ харлачихсан байгаа нь өнөөдрийн энэ нүүр царай юм. Монголд төр гэж байхгүй болчихжээ. Эзэн гэж алга. Бүгд ажиглач нар, амиа хоохойлогчид. Үлгэн салган хүмүүс болчихож. Монгол түмэн хар зйлээр удирдуулах ёсгүй. Яг үнэндээ төрийн тогтолцоо, төрийн үйл хэрэг урлагаас ч хэдэн ямнга дахин цагаан байх учиртай. Урлаг түүний нэг бичил хэсэг нь шүү дээ. Жавхлан ч мн түмэн олныхоо нэг оч цучил нь юм. Тэнгэр гэж байдаг бол зөвхөн надад биш хөх Монголчууд бидэнд бүгдэд нь тэнгэр байгаа. Бүгдээрээ санаа зовох ёстой. Бүгдээрээ энэ Монгол улс орон гэртээ санаа зовох ёстой. Энэ бол бидний үүрэг. Ийм харлачихсан, ийм муухай байж хэрхэвч таарахгүй ээ.

-Чин үнэндээ таны байр суурийг дэмжих нэг нь байна. Дэмжихгүй нэг нь ч байна. Яагаад гэвэд ард түмэн дуучин Жавхланд л хайртай. Дуулаад л явж байсан бо дээр байсан юм гэх үг захаас аван л дуулдаж байна. Үнэндээ гэгээн өнгө нялсан, идеал тал нь давамгайлсан жаргалтай урлагийн ертөнцөөс хальтирч бараан голцуу өнгөтэй, материаллаг тал нь дийлсэн улс төрийн ертөнцөд ороход танд ч гэсэн таатай санагдахгүй л байгаа байлгүй. Энэ хоёрын завсар дунд та ялгаа, үнэ цэнийг нь хэр мэдэрч байна даа?

-Би ганцхан дуулаад явж болноо, болно. Надад хангалттай нэр алдар байна. Монголд 500 мянган өрх айл байна гэж бодоход яг нэг нэг айлаар нэг өдөр ороод явбал үлдсэн амьдралынхаа хугацаанд би дунджаар 70-80 мянган айлд л орж чадах юм байн лээ. Цаана нь 40 мянган өрх үлдэж байна. Би энэ насандаа өлсөхгүй. Би Монгол орноо таван удаа тойрсон. Над шиг таван удаа тойрсон хүн хэд байдаг бол. Бараг тойрч үзээхгүй ерөнхийлөгч ч байдаг байх шүү. Би тойрох болгонд л нутаг маань сүйдэж, гол ус маань ширгэж , түмэн олон маань гомдож цөхөрч байгааг хараад нүдэн дээр илт муухай зүйл газар авч хөгжөөд байгааг харсаар байж, мэдсээр байж амаа үдүүлчихсэн юм шиг, таглуулчихсан юм шиг би ганцхан дуулнаа гээд амин хувиа хичээхийг хүсээгүй юм. Чи ч бас бодоод үзээрэй. Гэрт чинь ээжийн чинь бие муудаж байхад  өө, би ганцхан сэтгүүлчээ хийнээ, би ганцхан нягтлангаа хийнээ, ээжийг эмч нар ирээд эмчилдэг юм байгаа биз гэж хэлж чадах уу. Тэгэхээр эх орны минь, ээжийн минь бие муудчихаад байхад бид нэгнийгээ ганцхан мэргэжлээр тулгаад явж болохйгү ээ. Жавхлан дуугаа ч дуулна, үгээ ч ярина, түүхээ ч судална, шүүмжилнэ чиг. Эх орноо ч хайрлана, Би энэ байгаа цаг хугацаандаа бүх зүйлийг хийж амжуулахыг л хүснэ. Надаас нэг хүн асууж байсан юм. Та хөдөөний хүн, хотод орж ирээд идээшиж байна уу гэж. Тэгэхэд нь би би хотынх ч биш, хөдөөнийх ч биш, би монгол хүн гэж хариулж байсан юм. Ингэж тархин дотроо бид ялгаа зааг хийх хэрэггүй ээ. Бид нэг л гэртэй. Бид нэр л гэрт төрж өссөн. Тийм болохоор би урлагийнх ч биш, улс төрийнх биш. Би Монгол хүн.

-Хоёулаа зөндөө улс төр, хүнд бараан сэдвээр ярилцлаа. Арай өөр зүйл ярилцъя. Таны дуулсан дуу болгон хит болдог бичигдээгүй хуультай юм шиг ээ. Шалтгаан нь юунд байна гэж та боддог вэ?

-Үүргээ зөвөөр ухаарч, түмэн олныхоо юу хүсч, юу руу чиглэж байгааг зөв мэдэрч судалж хөл нийлүүлж алхаж чадаж байгаагийн минь илрэл бол миний уран бүтээл. Би нэг барьж авсан жалаа үргэлж зөв, бүрэн дүүрэн, төгс хийхийг боддог юм. Би ямар дуу хийх санаанаасаа эхлүүлээд маш өндөр шалгуур тавьж хичээдэгт бас байгаа юм. Голын эх булингартай гэдэг шүү дээ. Бохир сэтгэлт зүрхнээс дуу гаргавал хит болдоггүйг би мэднэ.

-Ингэхэд нээрээ шинэ он гараад удаагүй байна. 2010 он таны хувьд ямар он байв даа? Хүн болгон алдаа оноогоо цэгнэдэг шүү дээ, оны эцэс бүхний эхлэлд?

-Аав маань яруу найрагч хүн байсан. Биднийг багад Монгол бүх үг өөрөөрөө задардаг юм гэж хэлдэг байсан. Жишээлбэр, “өвөл” гэж үг байна. Өвөг дээдэс маань урт хүйтэн шөнөөр түүх шашдир, туульс сургаалаа өвлүүлж үлдээдэг байсан учраас өвөл гэж нэрлэжээ. Сэтгэл гэж үг байна. Цээжнийхээ галыг сэтэлж ил болго буюу сэтгэ-ил гэсэн утгатай байх жишээтэй. Шинэ жил гэдэг үгийг би бас бодож үклээ. Өнгөрсөн он цагаа дүгнэж, шүү, ирж байгаа цаг хугацааг шинэжилж, судал гэсэн үг байх жишээтэй. 2010 он миний хувьд хамгийн онцлох үйл явдал гэвэл эх орондоо хайртай олон ахан дүүстэйгээ нэгдэж “Гал үндэстэн” холбоогоо байгуулалцлаа. Мөн эх орныхоо хамгийн их хухуулж, сэндийчүүлж уйлж байгаа Заамарын нутагт очиж эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм аа, газар шороо минь энэ цагаа хойш за-амар байгаарай хэмээж цусан андгай тавьсан явдал байлаа.

-Та хувийн амьдралд орсон өөрчлөлтөө дурдсангүй. Юутай ч шинэ хүнтэй болсонд тань Монгол ёсоор баяр хүргэж, уншигчдынхаа өмнөөс ерөөл өргөе. Эцэг болно гэдэг, хүүхдийн тоо өсөх тусмаа үүрэг хариуцлага нэмэгддэг зүй тогтолтой. Та хэр эцэг гэж өөрийгөө дүгнэхсэн бол?

-Би эх нутгийнхаа нэг эд эс нь. Монглын хувьд нэг жижигхээн эс Жавхлан миний хувийн амин-ундрал/амьдрал/ огтхон ч сонин биш болов уу. Би хувийн амьдралаа зөнлөө л ярьдаг. Нөгөө Жавхлан чинь нөгөө л улиг болсон юмаа донгосч байна гэж хүмүүс хэлэх байлгүй дээ. Миний хувийн амьдралыг хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Би өөрийгөө яриа яахав дээ. Хүмүүс та нар минь л ярьцгаа. /инээв/

-Та бултгаж зугтах аргаа сайн мэдэх юм гээч. Амьдрал угаасаа баялаг. Тэр дундаа Жавхлангийн амьдрал хэн хүнээс илүү баялаг, тэр хэрээр сонирхол татсаар ирсэн. Та эцсийн бөгөөд эхний удаа гэгчээр энэ сонголт, өнөөдрийн хувийн амьдралынхаа талаар нэг удаа ний нуугүй зоригтой хэлчихээч?

-Би бүл нэмсэн нь үнээн. Тэр жаахан амьтан юугаа мэдэхэв дээ. Тэр бол бас л Монголын хойч ирээдүй. Бид нялхас хойчийгоо хир тусгахгүй цагаан, хар хэл аманд хавчуулахгүй явах юмсан даа. Түүнд юуны ч буруу байхав дээ. Чи ч гэсэн эмэгтэй хүн. Ээж болно. Олон хүүхэдтэй болно. Хүүхдүүд чинь улаан нялзрай байхад хүмүүс асууж шалгаагаад байвал чамд хэцүү биш үү. Өвчин хууч, ханиад томуунаас өгсүүлээд томчууд бидний амьдралаас илүү Монголын хойчист их хэцүү цаг явж байна шүү дээ. Ер нь зөвхөн чи ч биш Монголын бүх л сэтгүүлч нар энэ тал дээр их зөвөөр хандаасай. Бусад нь яахав, дүүрч. Монгол хүн биш юм шиг алтан сайхан гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохгүй юм шиг, аз жаргалыг амсахгүй юм шиг ааш бидэнд хэрэггүй шүү дээ.

-Нэгдүгээрт, та сэтгүүлч та нар гэж бидэн рүү дайрах хэрэггүй. Өрөөсгөл байна. Бид уншигчид маань юу хүснэ, юу сонирхож байна тэрийг л эрж байдаг, асуудаг хүмүүс. Мэргэжлийн үүрэг гэх үү дээ. Хоёрдугаарт, би таны нялх охиныг бус хувийн амьдралдаа хийсэн хоёр дахь сонголт дуучин Л.Эрдэнэчимэгийн талаар асуусан. Та хэзээ хэрхэн танилцсан, хамтын амьдралынхаа талаар ганц үг газар унагаагүй санагдана. Энэ тухайд?

-Ямартай ч эх үр хоёрыг салгаж ойлгож болохгүй. Хүйгээрээ холбогддог ялангуяа нялх хүүхэдтэй эмэгтэй хүн хүүхэдтэйгээ ялгаагүй шүү дээ. Тэгэхээр Эрдэнэчимэг ч гэсэн яригдахад тэр нялх үрд нөлөөлнө. Тэр жижиг нөхөр жаахан том болог дээ. Үнэндээ надаас үг унахгүй нь дээ /инээв/.

-Таныг туулсан амьдралаараа ном бичиж байгаа гэсэн. Номондоо нөөцлөөд та энэ сэдвээр ярихгүй байгаа юм байна. Тэрнээс хүн бүрт л байдаг амьдралын хүрд шүү дээ.

-Ном удахгүй гарна. Ямар хэлбэрээр гаргахыг судалж байна. Миний үзсэн харсан бүх зүйл ний нуугүй яригдах болно. Гашуун үнэнээрээ.

-Хайрын тухай сэдвийг хүн гэдэг амьтнаас салгаж ойлгохыг аргагүй. Хайр танд юу өгдөг вэ?

-Хайрын тун багадвал шохоорхол, ихэдвэл хардалт, тун нь яг таарвал хайр болдог. Үүнийг хүн бүр дорноо бодох л учиртай. Би таруулах гэж хичээж л явна. Энэ зөвхөн хувийн амьдрал ч юм уу, гэр бүл ч юм уу зөвхөн эр эм хоёр дээр яригддаг зүйл биш ээ. Бид өнөөдөр нэг бол тунг нь багадуулаад нөгөө бол маш их ихэдчүүлчихээд энэ алдаа болоод байгаа юм шиг. Яг өнөөдөр Жавхлан миний бие хайраас зөв тунг л тааруулж авч сурч байна даа.

-Хүн бүрт өөрийн нандигнах юм, үнэт зүйл бий. Тэр нь таны хувьд юу бол?

-Би нандигнаж байгаа учраас надад ярих зүйл, ярихгүй зүйл гэж бас бий. Надад хорвоогоос өгсөн энэ тавилан заяа минь, өнгөрүүлсэн түүх, ирж байгаа цаг хором л миний хамгийн үнэтэй зүйл юм даа. Би 2080 онд амьд байхгүй гэж бодохоос л яардаг. Тэгэхээр надтай ямар ч хүн, хэн ч тааралдсан хичнээн даваа нугачаа, зовлон бэрхшээл, баяр гуниг тэр бүхэн л миний үзэх ёстой зүйл байх болно.

-Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Ер нь алдаа онооны талаар та ямар бодолтой явдаг вэ? 31 насны өндөрлөгөөс эргээд харахад та амьдралдаа юун дээр хамгийн их алдаж явсан гэж тунгаадаг вэ?

-Бид төгс бус жаргалант, төгс бус зовлонт хорвоод амьдарч байна. Зовлонгоос мултрах арга бол зовлонг зовлонд биши тооцож байж мултардаг гэдэг. Миний өнгөрүүлсэн амьдралд алдаа байгаагүй. Хэрэв байсан гэж үзвэл тэр бүхнийг ухаарсан миний оноо юм даа. Хүмүүс намайг өөрийгөө өмөөрч, дөвийлгөж байна гэж бодож байж магадгүй. Гэхдээ би тэр үед тэгдэг байжээ, энэ үед ингэдэг байж гэхээсээ илүү тэр бүх туршлаган дээрээ яг одоо цаг маань яаж үргэлжилж байгааг маш сайн анзаарахыг хичээдэг. Ер нь бид нэгнийгээ нөгөө нь л тэр алдчихлаа л гэж дүгнэдэг болохоос биш бид ямар ч алдаагүй амьдарч байгаа шүү. Өтөл буурал болж, бүх юм өнгөрсөний хойно харамсч шүүрс алдаж суухгүйг л хичээж явна даа. Би зүгээр л Жавхлан.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл /М.Уранчимэг /

“Гранд” сэтгүүлийн 2010 оны нэгдүгээр сарын дугаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж