АНУ-ын Иллиной муж улсын хамгийн их хүн амтай Чикаго хотноо нохойн томуугийн халдвараар 1137 нохой өвчилж, зургаа нь нас баржээ. Энэ нь тус бүс нутагт гарсан хамгийн өргөн хүрээтэй нохойн томуугийн халдвар хэмээгдэж байна. Малын эмч нарын мэдээлснээр нохойн томуугийн өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш халдварын тархалт нэмэгдсээр байгаа аж. Нохойн томуугаар хүн өвчилдөггүй боловч халдвар тараагч болдог байна.
Нохойн томуу нь “A” хүрээний “H3N2” вирусээр үүсгэгддэг бөгөөд анх 2006 онд Азид илэрч байжээ. Нохойн томуугийн вирус илэрснээс хойш голдуу Өмнөд Солонгос, Хятадад халдвар гарч байсан аж. Өмнө нь уг вирус Хойд Америкт үзэгдэж байгаагүй бөгөөд Чикаго хотноо гарсан халдварыг Азийн орноос ирсэн жуулчид авчирсан хэмээн үзжээ. Нохойн томуугийн халдвар тархсанаас Чикаго хотын амьтны дэлгүүр, үйлчилгээний газрууд түр хугацаагаар хаалгаа барьж, ирэх сард болох 21 дэх удаагийн "Bark in the Park" үйл ажиллагааг цуцалсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters