Зепп Блаттер улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Зепп Блаттер улиран сонгогдлоо

Олон улсын хөлбөмбөгийн холбооны 61 дэх удаагийн чуулга уулзалтын гол зорилго нь ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт байсан юм. Өчигдөр санал хураалт болж, боломжит 203 саналаас 186 санал авснаар Зепп Блаттер улиран сонгогдлоо. Мохамед бин Хаммам хээл хахуулийн хэрэгт холбогдсон учраас Блаттер өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшсэн юм. Ингээд санал хураалтын дүнг өчигдөр ОУХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жероме Уокер Жулио Грондонад танилцуулна уу хэмээн гардуулж өгсөн юм.

“Чуулга уулзалтад FIFA-д гишүүнчлэлтэй 206 орон оролцож буйгаас санал өгөх эрх бүхийн 203 орон санал хураалтад оролцсон байна. Санал хураалтын 51 хувь нь 102 саналын хуудас болно. Ноён Блаттер 186 санал авчээ” хэмээн Грондона танилцуулсан байна.

Санал хураалтын дүнг танилцуулсны дараа төлөөлөгчид улиран сонгогдсон Зепп Блаттерт алга ташин баяр хүргэжээ. Энэ нь Блаттерийн хувьд дөрөв дэх удаагаа улиран сонгогдож байгаа үйл явдал болж байгаа юм. Тэрбээр 1998 онд анх сонгогдон гарч ирснээр тус холбооны түүхэн дэх найм дахь ерөнхийлөгч нь болсон юм. Тэрбээр “Итгэл найдвар хүлээлгэж байгаад талархлаа илэрхийлье.  Сэтгэл зүрхнээсээ баярлаж байна. Бурхан надад дахиад дөрвөн жил ажиллах эрч хүч өгнө гэдэгт итгэж байна. ОУХБХ хэмээх нэр хүндтэй байгуулагыг дахин удирдаж,  хийх байсан ажлаа үргэлжлүүлэх, хийхээр төлөвлөж байсан ажлуудаа хийх боломж олгосонд баярлалаа. Бид ОУХБХ-ны хөлөг онгоцыг цэвэр тунгалаг усанд нь оруулах болно” гэсэн байна.

Блаттер энэ жил 75 настай бөгөөд 2015 он хүртэл ОУХБХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашна.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж