Тестийн нууцлал, найдвартай байдлыг БҮТ хариуцна

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Тестийн нууцлал, найдвартай байдлыг БҮТ хариуцна

Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбаттай элсэлтийн ерөнхий шалгалтын талаар ярилцлаа.


-Элсэлтийн шалгалт авах хуга­цаа ойртож байна. Боловсролын үнэлгээний төв шалгалтын бэлт­гэлийг хэр хангаж байна вэ?

-Ердөө 17 хоног үлдсэн байна. Бид элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах, зо­хион байгуулалтыг сайжруулах, менеж­ментийн хувьд өмнөх оны шалгалтуудаас илүү өөр түвшинд хүргэхийг зорьж ажиллаж байна. Мөн ерөнхий шалгалтын ач холбогд­лыг шалгуулагч, багш, эцэг эхчүүдэд ойлгуулахад чиглэсэн аж­луудыг бас түлхүү зохион бай­гууллаа. Шалгуулагчдын үндсэн хэрэг­лэгдэхүүн болох тест, сорилуудыг нээлттэй болгож, гар дээр нь тавилаа. Шалгуулагчид  гаргасан тест, даалгаврууд дээр ажиллаад, ха­риул­тын хуудсан дээр тодорхой хэмжээний дасгал хийх, тест, даалгавруудын бүтэц, агуулгад шин­жилгээ хийх, өөрийн бодолт, хариуг үндсэн зөв хариулттай тулгаад явах боломж бүрдсэн байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалт бол жилд нэг удаа явагддаг нэр хүндтэй том шалгалт бөгөөд шалгалтад орж чадахгүй бол дахин нэг жил хүлээх шаардлагатай болдог. Сайн бэлдээд орвол шалгуу­лагчдад өөрт нь л хэрэгтэй. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд онлайнаар бүртгэгдсэн, бүрэн хамрагдсан шалгуулагчийн тухайд шалгалтад орох эрх нь нээгдсэн гэж ойлгож болно.

-Шалгуулагчид зарим асуу­далд одоог хүртэл эргэлзэж байгаа бололтой. Жишээлбэл, “Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тестийн эмхэтгэлийн даалгавраас ирэх үү” гэсэн асуулт тавьж байна л даа?

-Манай байгууллагаас бэлтгэж гаргасан тест даалгаврын хүрээнд энэ сарын 17-19-ний хооронд ул­сын хэмжээгээр элсэлтийн ерөнхий шалгалтыг авна. Өмнөх онуудын тест даал­гавруудаас орж ирэх болов уу, үгүй болов уу гэсэн эргэлзээ шалгуулагчдын дунд байгаа байх л даа. Энэ нь урьд жилүүдэд шалгуулагчдын ажилласан тест, даалгавруудаас тухайн жилийн шалгалтад оруулдаггүй байсантай холбоотой байж болох юм.

-Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт авах журамд өөрчлөлт оруулсан. Үр дүн нь хэр байна?

-Шалгалтын үр дүн сайн байх эсэх нь шалгалтын зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгохтой шууд холбоотой. Шалгуулагчийн ажиллаж буй тестийн хүнд, хөнгөн нь тохирсон эсэх, бүтэц, логик дараалал, холбоо хамаарал, шал­галтын даалгаврыг заасан хуга­цаанд гүйцэтгэх боломж хэр байна вэ гэдгийг бид янз бүрийн түвшинд судалж, шинжилгээ хийж үзсэн. Тодруулбал,  хичээл тус бү­рийн даалгаврын агуулга, бүтэц, тави­лууд өөр өөр байдаг. Тэр ч бүү хэл, нэг хичээлийн даалгаврын хувилбаруудын хувьд ч өөр өөр байдаг. Тест даалгавар зохиох, бү­тээх, сонгох гэдэг нь их нарийн ажил байдаг. Тиймээс энэ жилээс эхлэн шалгуулагчдад тустай гэдэг үүд­нээс тухайлбал, математик, хими, физикийн шалгалтын хугацааг 100 минут болгосон. Эндээс тодорхой үр дүн гарна гэж ойлгож байгаа.

-Шалгалтын даалгаврыг чухам яаж боловсруулах юм бэ?

 “Тест даалгавруудын эмхэтгэлээс ирэхгүй байх вий” хэмээн эргэлзэх шаардлага огт байхгүй. 2006-2010 оны хооронд шалгалтад авагдсан  тест, даалгавруудаас тодорхой харьцаагаар оруулна. Мөн энэ онд зо­хиогдсон шинэ даалгавруудаас ч элсэлтийн ерөнхий шалгалтын ма­те­риалд оруулж өгнө. Гэхдээ ту­хайн оны даалгавраас хэдэн хувийг нь оруулах, ямар харьцаатай оруулах вэ гэдгийг блюпринтийн зарчим, онол, арга зүйд тулгуурлан даалгаврыг боловсруулах, бүтээх ажлуудыг хийнэ. Бид шалгалтыг шалгуулагчдад ойлгомжтой, хүнд аль болох нээлттэй байх чиглэлийг баримтлан ажиллаж байгаа. Шалгалтын мөн чанарыг сайн ойлгож, зөв хандаж байх учиртай. Харин шалгуулагч, сурагчид энэ шалгалтыг өгс­нөөр өөрийгөө таних бололцоотой болно.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн нууц­лал маргаан дагуулсан асуудлын нэг байдаг. Энэ тал дээр?

-Тестийн нууцлал, найд­вартай байдлыг тест зохиоход орол­цож байгаа багш, эрдэмтэн, судлаачид болон манай байгууллага бүрэн хариуцаж байгаа. Олон ул­сад баримталдаг зарчмын дагуу даалгаврыг боловсруулж, шалгалтаа авдаг. Жил бүр тестийг зөв, буруу боллоо  гэх маргаан гардаг. Үүнийг арилгах үүднээс энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд шалгалтын даалгавруудыг кодлож, санамсаргүй түүвэрлэх аргаар сонгогдсон тест даалгавраар шалгалт авна гэдгийг тусгаж өгсөн.

-Ер нь нийт элсэгчдийн хэдэн хувь нь их, дээд сургуульд элсэх боломжтой байдаг юм бэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтаар шалгуулагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн ерөнхий түвшинг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, тухайн шалгуулагч цаашид их, дээд сургуульд суралцах чадвартай эсэхийг тогтоож байгаа гэсэн үг. Яамнаас тогтоосон квотын дагуу их, дээд сургуулиуд 400 онооны  босгыг баримтлаад, манайхаас гаргаж өгсөн үнэлгээ, эрэмбэлсэн жагсаалт, ангилал дээр тулгуурлан элсэлт явуулах боломжтой. Дээр дурдсан зарчмыг баримталбал нийт шалгуулагчдын 75 хувь нь их, дээд сургуульд элсэн орно.

-Тэгвэл боловсролын түвшинг тодорхойлох, үнэлгээний чанарыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Бид үнэлгээний үр дүнг сайн байлгах зорилгоор хэд, хэдэн өөрчлөлт хийж байгаа. Энэ жилийн хувьд хүчин чадал сайтай, сайн чанарын засагч машинуудыг элсэлтийн ерөнхий шалгалтад ашиглана. Мөн үнэлгээний арга зүй дээр ажиллах чиглэлээр мэргэжилтнүүдээ  тодорхой тувшинд бэлтгэж, сургах ажлуудыг хийж байна.

-Сурагчид элсэлтийн шалгалтын үеэр алдаа гаргахгүйн тулд юуг анхаарвал зохих вэ?

-Хариултын хуудас, даалгаврын дэвтэр дээр хэрхэн ажиллах талаар зөвлөгөөг байгууллагын www.eec.mn цахим хуудас болон “Элсэгчийн сонин”-гоор  дамжуулан өгч байгаа. Хамгийн гол нь ийм агуулгатай, ийм бүтэц, дараалалтай даалгавар ирнэ шүү гэдгийг нь тест даалгавруудын эмхэтгэлээр дамжуулаад гаргаад өгчихсөн учраас шалгуулагчид маань эмхэтгэлийн тестүүд дээр сайтар ажиллах хэрэгтэй. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж