Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг зарласан дайнд ялагдал хүлээснээ дэлхийн улстөрийн лидерүүд, улстөрчид хүлээн зөвшөөрчээ. Дээрх мэдэгдлийг мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих олон улсын холбооны гишүүд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, Мексик, Колумб, Бразилийн экс-ерөнхийлөгчид гаргасан юм. Харин АНУ хар тамхи, мансууруулах бодисын эсрэг явуулж буй үйл ажиллагаа тодорхой ахиц олохгүй байгаа гэдгийг Цагаан ордон үгүйсгэж, шинжилгээ судалгааг төөрөгдүүлсэн мэдээ гэж үзсэн байна. Дэлхийн 19 орон элссэн тус холбооны гишүүд нь АНУ-ын Холбооны нөөцийн дарга асан Пол Уокер, Колумбын ерөнхийлөгч асан Цезарь Гавириа болон Грекийн одоогийн Ерөнхий сайд Жорж Папандрео нар ажээ.
НҮБ-ын шинжээчдийн явуулсан судалгаа мансууруулах бодисын хэрэглээ дэлхийн хэмжээнд 1998-2008 оны хооронд 35 хувиар, тэр дундаа кокайны хэрэглээ 27 хувиар, каннабийн хэрэглээ 8.5 хувиар нэмэгдсэнийг харуулжээ. Хар тамхины худалдааны эргэлт, зохион байгуулалттай гэмт хэргийн арга улам нарийсч, сүлжээ нь өргөжиж байгаагаас мансууруулах бодисын эсрэг явуулж буй тэмцэл дорвитой үр дүнд хүрэхгүй байгааг холбооны мэдэгдэлд дурьдсан байна.
Н.Энх