Тус клуб нь Дорнод аймгийн хөгжил цэцэглэлтэнд дэмжлэг үзүүлэх, иргэний боловсролыг дээшлүүлэх, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, түүнчлэн ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг зорилготой аж. Мөн тус клуб нь энэ оны 03-р сарын 19-ны өдөр нутгаа гэсэн сэтгэлтэй хэсэг залуусын санаачилгаар үүсгэн байгуулагджээ.
“Нар тоссон нутгийнхан Дорнодчууд” уулзалтанд Улаанбаатар хотод амьдардаг нутгийн уугуул иргэдээс гадна аймгийн ЗДТГ-ын ажилтнууд болон ДОЗНХ-ны салбар зөвлөл, түүний гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, энгийн иргэд ирж оролцсон байна.
1300 гаруй Дорнодоор овоглосон тал нутгийн залуусыг нэгтгэн цуглуулсан энэхүү арга хэмжээ нь анх удаа зохиогдсон бөгөөд зохион байгуулалт, үйл ажиллагаа, үзэл бодлоороо олны талархалыг хүлээж байсан юм.
Тус арга хэмжээний үеэр орон нутгийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх болон аймгийн 80 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулсан бизнес уулзалт, спортын өдөрлөг, галын наадам зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Дорнод нутгаас төрсөн жүжигчин Амбий, дуучин Хэрлэн, Долгармаа зэрэг олны танил хүмүүс ирж оролцсон ба Нисванис, Мотив, Ньюанс хамтлагууд, МУГЖ дуучин Сарантуяа зэрэг алдартнууд ая дуугаа өргөн мэндчилгээ дэвшүүлсэн юм.