Дэлхийн улс төрд шууд нөлөө үзүүлдэг хүчирхэг гүрэн АНУ-ын төрийн тэргүүний суудалд өрсөлдөгчид тодорсоор байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өндөр жилийн арваннэгдүгээр сарын эхний мягмар гаригт болдог. Тодруулбал, ирэх 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны мягмар гаригт АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болох юм.
Одоогийн байдлаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхлээд буй бөгөөд ирэх сараас сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлнэ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн улс төрийн хоёр гол хүчин болох Ардчилсан нам, Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн хооронд өрнөдөг.
АРДЧИЛСАН НАМ
Одоогийн ерөнхийлөгч Барак Обама хоёр сонгууль дараалан ялалт байгуулсан нь Ардчилсан намын том амжилт байсан юм. Үндсэн хуулийн заалтын дагуу Барак Обама гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй. Боломж байсан ч Барак Обамагийн нэр хүнд, түүнд үзүүлэх ард түмний итгэл улиран сонгогдсоноос хойш огцом буурсан билээ.
Хиллари Клинтон
Энэ удаад Ардчилсан нам ард түмний дунд нэр хүндтэй, олон улсад танигдсан нэгнийг ерөнхийлөгчийн сонгуульд сойжээ. Энэ бол АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон юм. Тэрээр АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны эхнэр юм. Америкчуудын дунд явуулсан судалгаагаар Хиллари Клинтон олонхийн дэмжлэгийг авах магадлал тун өндөр байгаа бол Ардчилсан намын дэмжигчдийн 65 хувь нь түүний талд зогсохоо илэрхийлжээ.
БҮГД НАЙРАМДАХ НАМ
Ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас илүү Бүгд найрамдахын нэр дэвшигч ялах магадлалтай. Бүгд найрамдах нам улс төрд ардчилагчдаас илүү хүчтэйн дээр Барак Обамагийн сүүлийн жилүүдийн уналт консерватив үзэлтнүүдэд завшаан болж буй. Бүгд найрамдах нам 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүнийг нэр дэвшүүлээд буй. Үүнд: Техас муж улсын сенатч Тед Круз, Марко Рубио, Рэнд Пол нарыг албан ёсоор ерөнхийлөгчид нэр дэвшүүүлжээ. Кентакки муж улсын сенатч Рэнд Пол нь Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг идэвхтэй эсэргүүцэгч гэдгээрээ алдартай юм.
Марко Рубио, Тед Круз, Рэнд Пол
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд латин америк гаралтай хоёр ч нэр дэвшигч өрсөлдөж буй нь Марко Рубио, Тед Круз нар юм. Куба-Америк гаралтай Марко Рубио шинэ зууны Америкийг цогцлоон бүтээх амлалт өгч, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.
АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны мягмар гаригт болох юм.
Тэрээр Барак Обамаг цагаачлалийн бодлого болон Кубатай дипломат харилцаагаа сэргээснийг ихээхэн шүүмжилдэг юм. Марко Рубиогийн эцэг, эх Кубаас 1956 оны үед АНУ-д цагаачилж ирсэн аж.
Түүнчлэн Техас муж улсын сенатч Тед Круз мөн л Куба-Америк гаралтай нэр дэвшигч юм. Тэрээр цагаачлал болон эрүүл мэндийн даатгалаар хангах Засгийн газрын хөтөлбөрөөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болоод Бүгд Найрамдах намын хамтран зүтгэгчидтэй зоригтой маргадаг учир консерватив үзэлтнүүдийн дунд нэр хүндтэй байдаг аж.
Үүнээс гадна АНУ-ын дэд ерөнхийлөгч Жое Байден, тэрбумтан Дональд Трамп, АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш нар Цагаан ордоны тэргүүний суудалд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн юм. Хэрэв Жеб Буш Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, ирэх сонгуульд ялалт байгуулвал нэг гэр бүлийн гурван улстөрч Цагаан ордныг тэргүүлсэн түүхэн үйл явдал болох аж.
Б.АНХТУЯА