Ц.Элбэгдорж: Би энд зөвхөн үр дүн нь гарсан ажлын тухай л ярьж байна | News.MN

Ц.Элбэгдорж: Би энд зөвхөн үр дүн нь гарсан ажлын тухай л ярьж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Би энд зөвхөн үр дүн нь гарсан ажлын тухай л ярьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ УИХ-ын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Төрийн тэргүүний хувьд 2009 оноос хойш хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцуулж, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа.Төрийн тэргүүний тайланг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ц.Элбэгдорж: Би энд зөвхөн үр дүн нь гарсан ажлын тухай л ярьж байна

БИ ЭНД ЗӨВХӨН ҮР ДҮН НЬ ГАРСАН АЖЛЫН ТУХАЙ Л ЯРЬЖ БАЙНА

Улаанбаатар хот, Төрийн ордон                                               2015 оны 4 дүгээр сарын 10

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Ард иргэд ээ,

УИХ болон УИХ-аар дамжуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар ярих боломж гарсанд туйлын баярлаж байна. Ийм боломж олгосон УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд талархал илэрхийлье.

Тайлангаа эхлэхийн өмнө энд хоёр санааг онцолж хэлье.

1.Миний хийсэн гэж ярих гэж байгаа ажил зөвхөн ганц хүний биш, олон хүний ажил юм. Иймээс олон хүний хийсэн ажилтай өнөөдөр миний ярих гэж байгаа зүйл давхцах байх гэж бодож байна. Би тэдгээр хүмүүсийг болон өөрийгөө төлөөлж энд ярьж байгаа гэдгийг хэлье.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод би үндсэн зорилгоо хэлж байсан. Би өөрийн бодсон, дэвшүүлсэн зорилго, ажлаа бүтээхийн тулд ганцаараа зүтгэхээс илүүтэй олон түмнээс гарч байгаа сайн санаа, санаачилга, тэдний хичээл зүтгэлийг ажил болгох, үр дүнд хүргэхэд тусалж дэмжиж, хамтран ажиллах болно гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа харахад миний ажлын ихэнх нь энэ агуулгад багтаж байгаа юм.

2009 оны 6 дугаар сарын 18-нд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албан үүрэгт ажилд орсон. Энэ тухай өнөөдөр УИХ-д анх удаа ярих боломж гарч байгаа учраас энэ хүрээнээс эхэлж ярья. Тэгэхээр нэг жилийн биш, нийт ажилласан хугацаанд хийсэн ажлын талаар товчхон, тодорхой чиглэлээр ярья гэж бодсон. Ингээд дараах 9 чиглэлд ярихаар өнөөдрийн тайлангаа бэлдсэн юм.

Нэг. Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр;

Хоёр. Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр;

Гурав. Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох чиглэлээр;

Дөрөв. Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлогын чиглэлээр;

Тав. Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжлийн чиглэлээр;

Зургаа. Монгол хүн, монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх, түгээх, дэмжих чиглэлээр;

Долоо. Гадаад бодлого буюу Монгол Улсын нэр хүндийг  олон улсад өсгөх чиглэлээр;

Найм. Бусад гэдэг нь олон нийтээс гарсан санал, санаачилгыг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр;

Ес. Цаашид юу хийх вэ; гэдэг Ийм 9 чиглэлээр ярихаар төлөвлөсөн байгаа.

Нэг: Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр

Ингээд нэг дэх асуудалдаа оръё. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн ажлын эхний өдрөө Маршалаас хойш Төрийн тэргүүнүүдийн сууж байсан Ерөнхийлөгчийн албан өрөөг “Иргэний танхим” болгох санаачилгаас ажлаа эхэлсэн юм. Өмнө нь Төрийн ордонд иргэдийг хүлээж авах хоёр жижигхэн өрөөтэй байсан. Ордны арын байшинд байдгийг та бүхэн мэднэ. Яг иргэдээ цуглуулаад, хэлэлцэх асуудлаараа ярилцдаг тусгайлсан танхим Төрийн ордонд байгаагүй.

Сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүн бүхэн “Иргэнээ төвдөө тавья. Иргэнээ түшиж хөгжье” гэсэн зорилго тавьдаг. Намууд ч тийм зорилго тавьдаг.“Иргэнээ төвдөө тавья” гэж хэлснээр иргэд төвд орж ирэхгүй. Иргэнийг оролцуулж байж орж ирнэ. Тиймээс шийдэх гэж байгаа асуудалдаа иргэнээ оролцуулах хэрэгтэй. Иргэд оролцоод, сонирхсон талууд нь асуудлаа хэлэлцүүлээд шийддэг ийм хэлбэр, уламжлал  руу Монголын төрийн үйл ажиллагааг оруулах ажлыг эхэлсэн юм.

Ингэснээр “Иргэний танхим” бий болж, 2009 оны 12 дугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнээс хойш Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д 453 арга хэмжээ, хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага болсон байна. Үүний 17-д нь би өөрийн биеэр оролцсон байгаа юм. Энэ нь цаашаа өргөжөөд бүх аймаг, дүүрэгт “Иргэний танхим” бий болсон. Өнөөдөр нийт сумдын 80 хувь нь “Иргэний танхим”-тай болсон. “Иргэний танхим” гэж тусдаа заал, танхим гаргаагүй ч гэсэн энд иргэдтэй уулзаж ярилцдаг болно гэж нийт сумд, засаг захиргааны нэгжүүд ийм шийдэлд хүрсэн байгаа. Зарим аж ахуйн нэгж хүртэл “Иргэний танхим” байгуулж, иргэд, ажилчдаа сонсдог хэлбэр лүү орсон.

Энэ бол бидний хийх ёстой, үргэлжлүүлж авч явах ёстой бодлого юм. Энэ асуудлаар “Шууд ардчилал-иргэдийн оролцоо” гэсэн улсын зөвлөгөөн зохион байгуулсан. Энэ ажил тийм амар яваагүй.

Иргэдээ оролцуулж шийдвэр гаргадаг энэ ажил бас нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Үүнийг шийдэхийн тулд 2000 орчим багшийг тусгай үнэмлэхтэй бэлдсэн. Энэ чиглэлээр зөвхөн Улаанбаатарт 5 удаа зөвлөгөөн хийсэн. Бүсийн зөвлөгөөнүүд хийж, бүх аймаг, сумд руу манай ажлын хэсэг, Тамгын газрынхан очиж ярилцлага өрнүүлсэн. “Иргэдээ оролцуулахгүй. Би шийдвэр гаргана. Ийм бүрэн эрхтэй” “гэж хэлэх албан тушаалтан өнөөдөр Монголд байхгүй болтлоо иргэдийн оролцоо гэдэг зүйл амьдралд орж ирлээ.  Цаашдаа үүнийг бид улам баталгаажуулах ёстой.

Иргэд оролцсоноороо асуудал бас шийдэгдэхгүй. Иргэдэд боломжийг нь олгох хэрэгтэй. Санхүүгийн  боломжийг нь олгох хэрэгтэй гэдэг асуудлыг санаачилж тавьсан. Ингээд Төсвийн тухай хуульд “Орон нутгийн хөгжлийн сан” гэсэн тусгай сан бий болгосон. Үүн дээр УИХ-ын гишүүд дэмжиж шийдвэр гаргаж өгсөн явдалд би туйлын талархаж явдаг. Сүүлийн хоёр оны дүнг хэлье.

2013 онд 189 тэрбум төгрөг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжиж зарцуулагдсан. Нийтдээ энэ мөнгийг ашиглаж хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг авч үзвэл 6440 төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байна. Үнэхээр иргэд оролцоод, өөрсдөө хийгээд ирэхээр ямар олон санаачилга тэднээс гарч ирдэг нь эндээс харагдаж байгаа юм. Хүн мөнгөний боломж гарахаар байгаа, суугаа газраа өөд нь татахыг боддог. Наад зах нь гэрээ, сууж байгаа хашаагаа, гудамжаа, сумынхаа явган хүний замыг засаж эхэлдэг. Гэрэлтүүлэг тавьж эхэлдэг. Энэ ажлууд Монгол Улсын бүх суманд хийгдсэн. 2014 онд гэхэд 195 тэрбум төгрөг энэ зорилгод зарцуулагдсан. Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр дахиад 1000-аар нэмэгдэж, 8100 төсөл, хөтөлбөр энэ хүрээнд хэрэгжсэн.

Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боргидой багийн хуралд 2013 оны 3 дугаар сарын 23-нд оролцож байснаа сайн санаж байна. Багийн хуралд нь очиж суугаад, иргэдтэй нь “Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө нь аймагтаа, сумандаа, багтаа яаж хуваарилагдсан юм. Одоо багийнхан юу шийдэх гэж байгаа юм бэ” гэдгийг бүтэн өдөр ярилцсан. Тэр багийн хурал ямар их бүтээлч,  ажил хэрэгч болж байсныг би сайн санаж байна. Бүх багийн хурал, үйл ажиллагаа ийм болж эхэлсэн.

Мэдээж төсвийн хүндрэл гээд тодорхой хэмжээгээр санхүүжилт нь бүрэн очихгүй, хасагдаж танагдсан асуудлууд бий. Бидний зорьж байгаа зүйл бол иргэн хүн байгаа, суугаа газраа сайхан амьдрах шаардлагатай. Улаанбаатар, төв рүү нүүсэн нүүдэл өмнөх хоёр жилтэй нь харьцуулж үзвэл сүүлийн хоёр жилд саарсан байгаа. Энэ цаашдаа саарах ёстой гэж бодож байна. Зарим аймаг руу эргэж нүүж очиж байгаа иргэдийн тоо 1000-с дээш давж тоологддог хэлбэр лүү орсон байгааг энд хэлье. Хүн оролцож хийсэн юмандаа л дуртай байдаг. Түүндээ эзэн болдог. Тэр нь хөгжил болдог. Тэр нь оролцоо, хүний бүтээл болдог гэдэг нь эндээс харагдаж байгаа.

Би энд нэг үг хэлье гэж бодож байна. Монгол Улсын хөгжлийн үндэс бол иргэн нь эрхтэй, иргэд оролцдог, иргэн нь бүтээлч байхад л оршино. Бид энэ бодлогыг цаашаа үргэлжлүүлэх ёстой. Бид шууд ардчилал, төлөөллийн ардчиллын энэ боломжуудыг цаашдаа иргэний оролцооны хэлбэрээр дамжуулж шинэчилж, баяжуулах хэрэгтэй. Ардчилал гэхээр заавал бусдаас хуулдаг, суралцдаг зүйл биш шүү дээ. Монголдоо бид үүнийг баяжуулж болно. Энэ чиглэлд онцгой алхмуудыг хийх боломжтой. Улс орноо иргэдийнхээ оролцоотойгоор, иргэдийнхээ санал санаачилгатайгаар яаж авч явах вэ гэдэг төрийн энэ бүтэц, механизм, төрийн бодлого гаргадаг шийдвэрүүдээр бид баяжуулж авч явах боломжтой.

Та бүхэн сая чуулганыхаа завсарлагаар тойргууддаа очиж ажилласан байх. Хөдөө орон нутгийн сумд ер нь өөрчлөгдсөн шүү. Нүүрээ угаасан юм шиг болсон. Улаанбаатарын хороод, дүүрэг ч өөр болсон. Сум бүхэн нүүрээ угаасан юм шиг болох юм бол Монгол Улс нүүрээ угаасан юм шиг болно. Өөр болно. Ийм учраас цаашаа, дараа дараагийн сонгуульд, дараа дараагийн Монголын төрийн бодлогыг тодорхойлоход оролцох хүмүүс энэ боломжийг улам нэмэгдүүлэх ёстой.

Би ард иргэддээ хандаж нэг зүйлийг хэлэх гэж байгаа юм. Ирэх сонгуулиудад тэмдэглэлийнхээ дэвтэрт заавал нэг зүйлийг бичиж, сонгуулиар явж байгаа хүмүүсээс асууж байх хэрэгтэй. “Иргэний оролцоо, миний оролцоог яаж хангах юм бэ. Яаж бэхжүүлэх юм. Яаж баталгаажуулах юм. Танай нам мөрийн хөтөлбөртөө юу гэж тусгасан юм. Өөрөө мөрийн хөтөлбөртөө юу гэж тусгасан юм бэ” гэж заавал асууж байх ёстой. Энэ үүрэг, үйл ажиллагааг нь заавал тооцож ярьдаг байх ёстой. Ингэж чадах юм бол Монгол Улс албан тушаалтнууд нь шийдвэр гаргадаг, нэг талаас шийдвэр нь явдаг биш, бүгдээрээ нийлээд улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтарч ажилладаг ийм улс болно гэдгийг хэлэх гэсэн юм.

Дараагийн нэг хэлэх гэсэн зүйл бол иргэдийн оролцоо маш олон хэлбэрээр явж байгаа. Маш үр дүнтэй, чимээгүй явж байгаа нэг хөдөлгөөн Монголд байдгийг та бүхэн мэдэх үү? Олон нийтийн оролцоот хөгжил буюу хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг орон даяар дэмжих тухай гэсэн зарлигийг би 2010 онд гаргаж байсан. Хуримтлалын бүлэг гэж сум, төв суурин газруудад байгуулагдсан, ахмадууд, эмэгтэйчүүд голдуу, дээрээс нь оюутан, сурагчид хамрагдаж ордог  ийм сайн үйл ажиллагаа явдаг юм. Үүнийг газар бүхэнд дэмжих ёстой гэсэн бодолтой байгаа.

Хоёр: Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр;

  1. 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг санаачилж УИХ-д өргөн барьж батлуулсан. Эндээс бидний үйл ажиллагаандаа тавьдаг нэг зарчим бол аливаа асуудалд үндэсний аюулгүй байдлын шалгуураар хандаж байя гэсэн шаардлагыг ажилдаа, бүх шатандаа тавьж хэрэгжүүлэх гэж оролдож байгаа.
  2. Үндэсний аюулгүй байдлын асуудлаар миний бие УИХ-д гурван удаа хаалттай мэдээлэл хийж байсныг та бүхэн сайн санаж байгаа байх.  Өнөөдөр УИХ-ын индэр дээр анх удаа энэ сэдвээр ярьж байгаа юм биш. Энэхүү асуудлаар бид хаалттай ярилцаж, олон зүйлийг гишүүд асууж, бас тодорхой ойлголт авч байсан гэдгийг хэлэх нь зөв байх.
  3. ҮАБЗ гэсэн тусдаа институт хамтарч ажилладаг. Ажлын албатай. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч орж ажилладаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бид ҮАБЗ-ийн хурал хийхээс гадна зөвлөлийн гишүүдийн ажлын уулзалтыг тогтмолжуулж, зарим үед долоо хоног бүр хийж байгаа. Тогтмол уулзаж үйл ажиллагаа, чиглэлээ уялдуулдаг ийм хэлбэр лүү орсон. Зарим тохиолдолд ҮАБЗ-ийн гишүүн байсан эрхмүүдээр өргөтгөж тодорхой асуудлаар саналыг нь сонсож ярилцдаг хэлбэрийг бас хэрэглэж байгаа.
  4. Үндэсний аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтүүдээс гадна цаг үеийн тулгамдсан асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас мэдээлэл авдаг, чиглэл өгдөг, судалгаа тайлан гаргадаг, хяналт тавьдаг ажил нэлээд эрчимтэй хийгдэж байгаа. Эндээс хоёр гурван ажлыг дурдах нь зөв байх.Жишээ нь, газар хөдлөлттэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн. Халдварт өвчин, цацрагийн нөхцөл байдал, орчны бохирдол, бусад аюул занал гэсэн асуудлуудыг ярьж, тодорхой албан тушаалтнуудад чиглэл өгч, шийдвэр гаргуулж, хяналт тавьж ажилладгийг энд бас хэлэх нь зүйтэй байх аа.
  5. Манай цэрэгжсэн байгууллагууд үүргээ сайн биелүүлж байгаа. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, аюулгүй байдал, онцгой байдал, цэрэгжсэн харуул хамгаалалт гээд энэ чиглэлд орж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг би хэлж байгаа юм. Зэвсэгт хүчнээс тухайлж энхийг сахиулах үйл ажиллагаа, Хааны эрэлд олон улсын сургалтыг хэлмээр байна. Энэ хоёр үйл ажиллагаа бол Монгол Улсын нэрийг олон улсад гаргадаг сайн үйл ажиллагаа болж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй.Би энэ байдлыг биеэр үзэх гэж Өмнөд Судан улсад очсон. Бүр хэд хоногийн өмнөөс тариа хийлгэж, эм ууж, биеэ бэлдэж, тэр шаардлагыг хангаж байгаад Өмнөд Судан улсад очсон.Тэнд манай энхийг сахиулагчдын 850 гаруй хүнтэй хамгийн том бие бүрэлдэхүүн байдаг. Бүтэн есөн сар маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдгийг та бүхэн мэдэх байх. Тэнд очоод харж байхад манай энхийг сахиулагчдын хийж гүйцэтгэж, хэрэгжүүлж байгаа ажил, тэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ард иргэдийн сайн сайхныг хангахын төлөө ажиллаж байгаа үйл ажиллагаа үнэхээр бахархах сэтгэл төрүүлж байсан.
  6. Төрийн цэргийн бодлогын хүрээнд олон нийтээс дэмжлэг авсан зарим нэг шинэлэг ажлууд, санаачилга үр дүнгээ өгч байгаа.
    Нэг дэх санаачилга нь Цэргийн их сургууль дээр “Тэмүүжин” гэдэг хүүхдийн сургууль байгуулах санаачилга гаргаж зарлиг гаргасан. “Тэмүүжин өрлөг” гэдэг нэртэйгээр энэ сургууль ажиллаж байгаа. Тэнд хүүхэд, залуучууд багаасаа цэргийн эрдэм эзэмшиж сурдаг. Тэгээд цаашаа цэргийн сургуулиудаар дамжиж эх орноо батлан хамгаалах үйл ажиллагаа, зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж ажиллах боломжийг багаас нь бүрдүүлж байгаа юм.

Хоёр дахь санаачилга бол хэрэв боломж нь гарвал аймаг бүхний төв дээр барилга, инженерийн ангиудыг байгуулъя. Ингэж барилга, инженерийн ангиудыг байгуулснаар тэнд байгаа ажиллах хүчнийг мэргэшүүлнэ. Цэргийн албан хаагчдыг мэргэшүүлнэ гэсэн санал гаргасан. Мөн цэргийн байгууллага, зэвсэгт хүчний зүгээс барилга, инженерийн ангиудаар дамжуулж энхийн бүтээн байгуулалтад оролцох боломжийг нээж өгөх санаачилга гаргаж ажилласан. Энэ ажил урагштай сайн явж байгаа.

Гурав дахь санаачилга бол хилийн цэргийн ангиуд, зэвсэгт хүчний зарим ангийг түшиглэн морин сумангуудыг байгуулах тухай юм. Манай зэвсэгт хүчний хамгаалалт орчин цагт уламжлалд суурилсан, газар орондоо зохицсон, түргэн маневрлах, үүрэг гүйцэтгэх чадвартай байхад энэ бүтэц чухал гэж үзэж байгаа юм.

  1. ҮАБЗ-өөс хууль, тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд 2009 оны 6 дугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл 200 гаруй удаа зөвлөмж гарсан, 126 удаа тэмдэглэл гарсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын бодлогыг уялдуулж ажиллахад тодорхой чиглэл, удирдамж гаргаж, ажиллаж, хэрэгжүүлж ирлээ.Монгол төрийн бодлого уялдаа, зохицолтой явах ёстой. Зарим тохиолдолд алдаа дутагдал гарах нь бий. Гэхдээ дүн нуруу, уялдаа, зохицол нь байнга явж ирсэн гэдгийг энд хэлье.

Гурав: Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох чиглэлээр;

Нэг. Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар 2010 оны 4 дүгээр сарын 14-нд баталж хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхэд маш өргөн хүрээг хамарч ажилласан. Манай алдарт хуульч Б.Чимид гуай энэ хөтөлбөрт их санаачилгатай оролцож байсан. Одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байгаа Н.Лүндэндорж, тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, тэр үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ж.Баярцэцэг гээд олон хүн  үнэхээр санаа тавьж, энэ хөтөлбөрийг гаргахад оролцож ирсэн.

Мэдээж энэ хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх үйл явцад тодорхой хэмжээний шүүмжлэл, хүндрэл гарч ирсэн, гарч байгаа. Гэхдээ бид шүүх эрх мэдлийг шинэчлэх ажлаа тууштай явуулна. Хүндрэлгүй шинэчлэл, шүүмжлэлгүй асуудал гэж байхгүй. Шүүх эрх мэдлийг шинэчлэх бидний энэ хөтөлбөрөөр хийсэн  төлөвлөгөө талдаа ч ороогүй байгаа. Тэгэхээр маш их хийх ажил үлдэж байгаа гэдгийг хэлэх нь зөв байх.

Хоёрт, “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” гэсэн үндэсний зөвлөгөөнийг 2011 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотод, Төрийн ордонд зохион байгуулсан. Үнэхээр дуулиантай зөвлөгөөн болсон. Яг энэ зөвлөгөөнөөр бид “Шүүх эрх мэдлийн шинэчлэл гэж юу юм бэ”, “Яаж шударга ёсыг нийгэмд хангах юм бэ” гэдэг газрын зургаа гаргаж авсан. Мөн өргөн хүрээнд, талуудын хооронд ярилцаж үндэсний зөвшилцөл хийж чадсан.

Гуравт, Шүүх эрх мэдлийн шинэчлэл хийх эхний үе шатыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хуулиудыг 2011 онд өргөн барьсан. Тэр зургаан хуулийг 2012 онд гуравхан сарын дотор, мөн оны эхний улиралд багтаан Дамдины Дэмбэрэл даргатай тэр үеийн УИХ-ын бүрэлдэхүүн баталж өгсөн. Энэ бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хэрэгжүүлэх эхний ажлыг хийхэд маш их хувь нэмэр оруулсан. Энэ хуулиудын ачаар өнөөдөр шүүн таслах үйл ажиллагаанд үндсэн гэж хэлж болохоор эерэг өөрчлөлтүүд гарсан. Би заримыг нь хэлье.

1. Шүүх эрх мэдлийн хүрээнд үйлчилгээ авдаг хүмүүс гэж үзэх юм бол манай нийт хүн амын хоёр хувь нь. Цаана нь үлдэж буй 98 хувийнх нь эрхийг шүүх хамгаалдаг гэсэн үг. Манайхан бол шүүхээр очдог, шийтгэгдэж байгаа хүмүүсийг л шүүх хариуцдаг гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ бол тэр хууль зөрчдөггүй, үүргээ сайн биелүүлж байгаа хүн амынхаа 98 хувийн эрх ашгийг хангадаг юм. Энэ үйл ажиллагаа, энэ ойлголт тогтмолжсон. Хуулийн дагуу хүний эрх, эрх чөлөөг хангах ажлыг шүүх хэрэгжүүлдэг энэ ойлголт тогтсон.

2. Шүүх байгууллагын  үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай болох эхлэл тавигдсан. Шүүхийн шийдвэрийг ил тод тавьдгаас эхлүүлээд энэ бүх үйл ажиллагаа хяналттай, хариуцлагатай болж байгаа.

3. Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагаа хоёр салсан. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг хэлбэр лүү орсон.

4. Шүүгч болох, шүүхийн байгууллагад ажиллах үйл ажиллагааг илүү нээлттэй, илүү өрсөлдөөнтэй болгох чиглэл рүү явж эхэлсэн.

5. Бас нэг сайн зүйл бол шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Албан тушаалаараа далимдуулж  шүүгчдэд хандаж, буруу шийдвэр гаргуулах гэж оролдох юм бол шүүгчид нөлөөллийн мэдүүлэг дээрээ хуулиар бичиж өгдөг болсон.

6. Ард иргэдэд хамгийн их очиж байгаа нэг ажил бол эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа байгаа. Заавал бүх ажил, бүх маргааныг шүүхээр оруулж шийддэг биш, хооронд нь эвлэрүүлэн зуучлаад, шаардлагатай бол шүүхийн шийдвэрээр баталгаажуулж өгөөд явуулдаг энэ үйл ажиллагаа явж байгаа.

7. Монголд хуульч гэдэг энэ мэргэжлийг хуулийн тодорхойлолттой, шалгууртай, хүлээх үүрэг хариуцлагатай болгож өгсөн. Энэ ажлын үр дүн гарсан.

Дөрөвт нь хэлэх гэсэн миний нэг санаа бол хууль, шүүхийн шинэчлэлийн үндсэн нэг зорилго нь Монголд албан тушаалтны засаглал биш, хуулийн засаглал тогтооход оршиж байгаа юм. Хуулиар хориотой мөртлөө нэг бурангуй жишиг тогтсон байсан даа. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж амьдрал дээр ярьдаг. Тэгсэн мөртлөө албан тушаалтан нь илүү эрхтэй юм шиг ийм жишиг тогтсон байсан. Энэ жишгийг бид халах гэж ажиллаж байгаа юм. Энэ үйл ажиллагаа амаргүй байх болно. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэж л байх ёстой. Энэ сорилттой Монголын төр, монголын ард түмэн байнга тулгарч байх болно. Гэхдээ бид тухайн үед нь шийдэх асуудлаа шийдээд явах ёстой.

Тавд нь, миний энэ чиглэлд онцолж хэлэх гэсэн, бидний нэг хамтын ололт бол УИХ-аар Шилэн дансны хуулийг баталж хэрэгжүүлж байгаа. Монголд хууль хариуцлагатай хэрэгждэг байдлыг мөнгөнөөсөө эхэлье гэсэн санаа юм. Хүмүүсийн мөнгийг хэрхэн зарцуулж байна вэ гэдэг дээр ард иргэд онцгой анхаардаг. Иймээс зарцуулалтыг ил тод, хяналттай, хариуцлагатай байлгая гэж байгаа юм. Үнэхээр мөнгөний зарцуулалт ил тод байх юм бол төлөвлөлт нь зөв болно. Гамтай болно. Зөв зүйлдээ зарцуулагдана гэж харж байгаа.” “Шилэн дансны тухай хууль байгаа шүү. Үнэхээр буруу зүйл, хуулийн бус, зориулалтын бус зүйл хийхгүй, хуульдаа нийцүүлж ажиллах ёстой” гэсэн ийм хариуцлагыг дээрээсээ авахуулаад анхан шатандаа хүртэл албан тушаалтнууд, төсвийг захиран зарцуулдаг байдал руу орсон. Энэ бол нэг хуулиас гарч байгаа үр дүн.

Дээрээс нь олон нийтийн байгууллагууд, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ч гэсэн энэ асуудалд онцгой анхаарч, хяналт тавьж байгаа. Энэ хяналт улам сайжраасай гэж бодож байгаа. Одоо би нэг үр дүн хүлээж байна. Тэр нь юу вэ гэхээр УИХ-ын хэн нэгэн гишүүн, нэг бол Засгийн газрын хэн нэгэн сайд, эсвэл аль нэг аймгийн дарга, нэг бол аль нэг төсвийн захиран зарцуулагч этгээд Шилэн дансны хуулийг зөрчиж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх юм бол би энэ хуулийг сайн хэрэгжиж байна гэж үзэх болно. Ард түмний өмнө энэ хууль хэрэгжиж эхэллээ шүү гэж хэлэх боломж бүрдэнэ. Энэ ажлыг УИХ-аасаа эхэлж хийх шаардлагатай. Мэдээж аудитын байгууллага, бусад газар энд нэлээд хяналт тавьж байгаа болов уу гэж харж байна.

Хуулийн чиглэлд хийж байгаа шинэчлэлээс гарч байгаа бас нэг эерэг өөрчлөлт бол албан тушаалтнууд хуулиас дээгүүр байдаг юм шиг хандлага халагдаж эхэлж байгаа. Хууль дуудахад ирдэггүй тийм этгээд байсан. Тийм этгээдийг хууль орхихгүй, хууль хойноос нь очих л болно. Хуулиас зугтаж байгаа этгээдийг зугтаалгаад орхихгүй. Хуулийнхан барих л болно. Хэрвээ гадагшаа дүрвээд алга болдоггүй л юм бол. Энэ зарчим Монголын төрд, Монгол Улсад тогтож байна. Энэ зарчмыг бид цаашдаа хатуу тогтоож явах ёстой.

Хуулиас ядарсан иргэд зугтдаггүй юм. Задарсан албан тушаалтнууд зугтдаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол мөнгөтэй, нөлөөтэй, сүлжээтэй этгээдүүдтэй тулдаг ажил байгаа юм. Энэ бол хэцүү ажил. Хуулийн дагуу явж байгаа ажлыг дэмжих ёстой. Хууль бусаар явж, хууль завхруулж байгаа ажил дээр хариуцлага тооцож байх ёстой. Ер нь энэ чиглэлээр ажилладаг байгууллагын үйл ажиллагааны асуудлаар УИХ дээр, чиглэлийн байнгын хороо нь сонсоосой гэж бодож байна.

Их олон янзын яриа гараад байгаа. Гишүүд асуугаасай. Сонсоосой. Нэг бүрчлэн тайлбар аваасай. Тэгээд болж байгаа ажлыг нь болж байна гэдгийг нь хэлэх хэрэгтэй. Болохгүй байгаа зүйл байвал болохгүй байна гэдгийг нь хэлэх ёстой. Шаардлагатай бол хариуцлага тооцох ажлыг хийх хэрэгтэй.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажил дээр гарч байгаа нэг ойлголт бий. Би нэг үе хэлж байсан. “Хазааргүй юм шиг байна даа, энэ идэж уух үйл ажиллагаа. Хорхойтсон баавгай шиг алба, мөнгө рүү дайрдгаа больё. Үүнийг бид зогсоох ёстой” гэж. Энэ байдал дээр цэг тавигдаагүй юм гэхэд үүн дээр анхаардаг, “яах бол, харж байгаа шүү” гэдэг ийм хандлага нийгэмд бий болсон шүү. Үүн дээр би нэг үр дүн хэлье. Олон улсын хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр сүүлийн 4 жилд Монгол Улсын авлигажсан байдал, авлигын түвшин 40 орноор доошоо буусан байгаа юм. Монгол Улс авлигын түвшнээрээ 120-д явдаг байсан. Одоо та бүхэн Транспэрэнси Интернэшнл байгууллагын хуудас руу ороод хараарай, 80 дээр Монгол Улс очсон байгаа. Энэ бол хангалттай байр биш. Гэхдээ бид цаашаа үүнийг урагшлуулж ажиллах ёстой гэсэн бодолтой байгаа.

Хэдэн жилийн өмнө санал асуухад авлигын асуудал Монголд хамгийн их тулгамдсан байна гэж гарч ирдэг байсан. Одоо хүмүүсийн яриаг сонсож байхад хамгийн их тулгамдсан асуудал юу байна гэхээр авлига биш харин албан тушаалтнуудын амаар бол “АТГ” болоод байх шиг байна. Тийм учраас энэ газрын явуулж байгаа үйл ажиллагааны талаар УИХ, тодорхой байнгын хороо сонсох хэрэгтэй. Лав л авлига Монголын номер нэг асуудал гэж ярихаа больсон. Нэг үе 7, 8 руу орсон байсан, одоо хойшоо 10 руу орсон.

Дөрөв: Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлогын чиглэлээр юу хийв гэсэн үндсэн дөрөв дэх чиглэл рүүгээ оръё.

Нэг. Үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн олон нийтийн байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг тогтмол хийдэг боллоо. Энэ дээр жишээ хэлье. Өмнө нь С.Батболд Ерөнхий сайдтай хамтарч хэрэгжүүлсэн нэг санаачилга байдаг. Монголын Эдийн засгийн чуулганыг жил бүрийн хавар зохион байгуулдаг болсон. Энэ үйл ажиллагаа тогтмолжсон. Энэ жилийн хавар тав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Монголын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтыг жил бүрийн зургадугаар сард хийж байя гэж тогтсон. Энэ уулзалтыг ноднин хийсэн, энэ жилийн зургадугаар сард бас хийнэ. Энэ уулзалтад тухайн хувийн хэвшлийн байгууллагын удирдлага оролцож, ажил хэрэг, бизнест тулгамдаж буй асуудлыг ярилцан, үүнийг Засгийн газар шийдвэр гаргагчид нь сонсдог ийм уулзалт болсон. Нэг үгээр хэлэхэд ийм бүтцүүд бий болж байна. Нэг даргын үүдийг сахиад асуудлаа дэвшүүлдэг биш, олон нийтийн өмнө хэлэлцээд шийдвэрлэх механизм бүрэлдэж байна.

Хоёрдугаарт, бизнес эрхлэгчдээс гаргаж байгаа ажил хэрэгч саналуудыг дэмжиж 2010 онд Монголын өрсөлдөх чадварын судалгааны төв байгуулсан. Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааг 334 үзүүлэлтээр, монгол, англи хэлээр тав дахь жилдээ гаргаж байна. Өмнө нь Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааг 14 оронтой харьцуулж хийдэг байсан. Одоо манай энэ судалгааны чанар, чадавх сайжирсан учраас олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, энэ 2015 оноос эхлээд 60 оронтой харьцуулж судалгааг гаргах гэж байгаа.

Ер нь өрсөлдөх чадвар нь аливаа үндэстний оршин тогтнох чадвар юм. Монгол Улс өрсөлдөх чадвартай л байвал Монгол үндэстний оршин тогтнох үндэс энд орших юм. Мөн аймгууд өрсөлдөх чадварын судалгаагаа 180 үзүүлэлтээр гурав дахь жилдээ хийлгэж байна. Аймгуудын Засаг дарга нарын ширээн дээр байдаг хамгийн чухал баримт бичгийн нэг бол энэ юм. Энэ баримт бичгийн дагуу Засаг дарга нар бусад аймагтай өөрийн аймгаа харьцуулдаг хэмжүүртэй болсон. Хэмжүүртэй болж, өөрийгөө бусадтай харьцуулж чадвал бид урагшаа ахиж чадна. Миний энэ ярьсан зүйлүүд бол өнгөрсөн хугацаанд ажил хэрэг болсон ажлууд юм.

Гуравдугаарт, жил бүрийн нэгдүгээр сард би үндэснийхээ үйлдвэрлэгчидтэй уулздаг болсон. Бид яагаад үйлдвэрлэгчид, бүтээгчдээ онцгойлон дэмжих шаардлагатай вэ? Үйлдвэрлэл нь тухайн улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Юу хийж бүтээж, үйлдвэрлэж, ямар брэнд бүтээгдэхүүн бусдад нийлүүлж байгаагаас тухайн улс орны нэр хүнд, жин нөлөө шалтгаалдаг. Тэгэхээр үйлдвэрлэл нь үнэхээр чухал. Бид хямралд өртөмтгий байдлаасаа салах цаг болсон. Түүхий эдийг бид түүхийгээр нь гаргаад байх юм бол хямралд бүрэн өртөнө. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргавал хямралд хагас өртөнө. Харин бүрэн боловсруулаад гаргавал бид хямралд хялбар өртөхгүй. Иймээс бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, боловсруулж чадахгүй байгаагийн улмаас л дэлхий нийтээр нүүрлэж буй хямралд өртөөд байгаа хэрэг.

Ингэж эдийн засгийн бүтцээ бид зөв болгох хэрэгтэй. Монголын нийт экспортын бүтээгдэхүүний зөвхөн найман хувь нь боловсруулагдаж байгаа. Үлдсэн 92 хувь нь түүхийгээрээ хилээр давж байна.

Дөрөвдүгээрт, үйлдвэрлэлийн соёл Монголд хамгийн ихээр дутагдаж байна. Үйлдвэрлэлийн соёлтой улс орон сайн нэртэй улс болдог юм.

Тавдугаарт, мэдээллийн технологийн ачаар шинэ технологи, үйлдвэрлэл үйлчилгээ гаргах, бүтээх түгээх үйл ажиллагаа бол хүн амын тоо газар нутгийн байршил, эдийн засгийн чадвараар хязгаарлагдахаа больсон. Үнэхээр нэг сайн зүйл хийж чадвал аль ч зах зээлд худалдах ийм сайхан боломж бүрдсэн. Ийм таван үндэслэлийн үүднээс би шийдлийн Засгийн газарт Аж үйлдвэрийн яам байгуулах санал тавьсан. Миний саналыг хүлээн авч, яамыг байгуулсан. Цаашид Аж үйлдвэр, технологийн ажлыг энэ яам авч явах нь зөв гэж бодож байна.

Монгол бол үйлдвэрлэлийн асар их нөөц боломжтой улс. Байгалийн баялаг, уламжлалт мал аж ахуй байна. Үүнээс гадна өндөр технологийг оруулж ирэх боломжтой, хамгийн гол нь энэ авьяастай, амбицтай, эрдэмтэй шинэ үе өнөөдөр Монголд бий болж, гарч ирж байна. Технологийн боломжоор дамжуулан энэ үйлдвэрлэл рүү орох бүрэн боломж бидэнд бий.

Зургадугаарт, үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг би 2015 оны нэгдүгээр сарын 29-нд гаргасан. Би Монголдоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд гадаад зах зээлд гаргаж байгаа үйлдвэрлэгчийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ бол ойрын зорилго. Дотооддоо худалдан авах чадварыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Мөн дутагдалтай, шүүмжлэлтэй байгаа зүйлүүдээ багасгаж, талцдагаа больж, бүтээлч чиглэлд явах боломжтой гэж үзэж байна.

Энэ дашрамд хэлэхэд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийг өргөн барьсан байгаа. Энэ хуулийг төслийг хэлэлцэн баталж өгвөл сайн байна. Төр бол аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг газар биш юм. Энэ ойлголтыг бид төрийн эрх барих дээд байгууллагуудаас салгах ёстой.

Үндэсний бүтээн байгуулагчдыг дэмжих үүднээс “Үндэсний шилдэг бүтээн байгуулагч-Төрийн гэрэгэ” хэмээх шагналыг бий болгож, Цагаан сараар олгодог болсон. Өнгөрсөн Цагаан сараар олон нийтийн санал асуулгын дагуу гурван бүтээн байгуулалтад уг шагналыг олгосон. Бид бүтээлч, хамтач, хариуцлагатай байдлаараа л бусдаас ялгарах ёстой.

Тав: Хүрээлэн байгаа орчин байгальд ээлтэй хөгжлийн чиглэлээр;

Ер нь Монгол эдийн засгийн бодит байдал, байршил, хүн хүчний чадавх, нэр хүнд, идэвх оролцооноос шалтгаалаад дэлхийн, олон улсын санал санаачилгуудаас хоцроод байдаг. Өнгөрсөн хугацаанд үүнээс хоцорсон тохиолдол олонтоо гарсан. Монгол Улс байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын түвшинд гарч буй санал санаачилгуудаас хоцорч болохгүй гэсэн зарчмыг би баримталдаг. Монгол идэвхтэй оролцогч байх ёстой. Зарим асуудал дээр манлайлагч байх ёстой.

Энэ хүрээнд Нэгдүгээрт, Монгол Улс байгаль орчин, ялангуяа цөлжилтийн асуудлаар идэвхтэй, олон улсад өөрийн эзлэх байр суурийг олж авсан. Мөн 2009 онд Копенгаген хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад бид оролцож, энэ үйл ажиллагааг эрчимжүүлж чадсан.

Нөгөөтэйгүүр бид өөрийн улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлыг олны анхааралд оруулж, шийдүүлэх гэж чадахаараа ажиллаж байна. Манай Засгийн газар Өмнөговьд очин элсэн дунд хуралдаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хуурайшилт, цөлжилтийн асуудал Монголд үнэхээр хурцдаад байна. Бид үүнд дэлхий нийтийн анхаарлыг татах ёстой. Дэлхийд онцгой газар очиж хуралдсан гурван улсын Засгийн газар байдаг, үүний нэг нь манай Засгийн газар юм. Нэг нь цас нь хайлж буй өндөр уулын оргилд, нэг нь далайн түвшин нь нэмэгдээд усанд автах ирмэгт тулсан улсын Засгийн газар далайн усан дотор хуралдсан байдаг.

Монголын хөгжил, бидний үйл ажиллагаа руу олон улс ханддаг, хардаг болсон байгаа. НҮБ-ын Байгаль орчны Ерөнхий Ассамблейг С.Оюун гишүүн даргалж байгааг та бүхэн мэдэх байх. Тэгэхээр байгаль орчны чиглэлд бидний хамтаар гаргаж байгаа хичээл зүтгэлийг үнэлж байдаг юм.

Хоёрдугаарт, усны асуудлаарх хөдөлгөөнд Монгол Улс хамгийн идэвхтэй оролцох ёстой гэж би боддог. Ус бол хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн том асуудлын нэг. Тэгэхээр энэ ажилд бид оролцож, 2011 онд Монгол Улс Усны түншлэлийн гишүүн орон болсон. Усны асуудлаар Монголд сайд нарын хэмжээний хурлууд болсон. Дэлхийн эдийн засгийн чуулганд Монгол өөрийн оролцдог нэрийн үйл ажиллагаатай болж чадсан. Энэ бол үнэхээр том амжилт. Бид усны талаарх хуралдаанд байнга оролцож, хөтөлбөрүүдэд нь хамрагдсан. Мөн авлигын эсрэг түншлэлд, хариуцлагатай уул уурхай, ухаалаг төрийн чиглэлээрх арга хэмжээнүүдэд Монгол оролцож, илтгэгч болдог, хурлыг хөтөлдөг, тэндээс гарч байгаа шийдвэрүүдийг олон нийтэд хүргэхэд бид хамгийн идэвхтэй оролцдог болоод байна.

Гуравдугаарт, Монголтой холбоотой олон улсад яригддаг нэг санаачилга бол дотоодын сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг юм. Бид хоёр санаачилга гаргаж олон улсад хэлэлцүүлж байна. Эхнийх нь “Гобитек”, хоёр дахь нь “Азийн супер грид” гэх санаачилга юм. Ер нь бид Говийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглаж чадвал Ази, Номхон далайн орнуудын эрчим хүчийг хангах боломжтой гэсэн судалгаа гарсан. Энэ бол зүгээр нэг тооцоо биш юм. Энэ санаачилгыг биелүүлэхийн тулд тухайн бүс нутгийн улсуудын бүлэг байгуулагдсан. Энэ бүлэг нь дээрх сэдвээр хуралдаж, мөнгө босгож, судалгаа хийдэг. Монголд ирж ч хуралдаж байсан. Энэ санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд бас үйл ажиллагаа явагдаж байгаа.

Дөрөвдүгээрт, дотоодод ажил хэрэг болж байгаа зүйлүүдээс би зөвхөн гурвыг нь дурдъя.

1. Үндэсний мод тарих өдөр уламжлал болсныг та бүхэн мэднэ. Энэ санаачилгыг гаргаснаас хойш орон даяар нийт долоон сая мод тарьсан байна. Ус, мод тарихтай холбоотой асуудлыг би зөвхөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ч биш, амьдралынхаа турш анхаарч явах болно.

2. Өмнө нь хотын захирагчаар ажиллаж байсан хүмүүс болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргаж байсан. Үүнтэй холбоотой эрхзүйн үндсийг зарлигаар тогтоож өгсөн. Одоо Улаанбаатар хотод төдийгүй аймгийн төв, сумдад цэцэрлэгт хүрээлэн бий болж эхэлж байна. Үүний ачаар иргэд оршин суугаа газраа ая тухтай амьдрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин бүрдэж байгаа гэж бодож байна.

3. “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх тухай” зарлиг гаргаад нэг жил болж байгаа. Мэдээлэл харж байхад энэ асуудлыг Байнгын хороо хэлэлцэж байсан. Энэ зарлигийг эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Тавдугаарт, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтыг зогсоох шийдвэр бол уул уурхайн гэхээс илүү байгаль хамгаалах утга агуулгатай шийдэл байсан юм шүү. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг 2010 оны дөрөвдүгээр сараас 2014 оны арван хоёрдугаар сарыг хүртэл зогсоох шийдвэрийг УИХ гурван удаа хууль батлан гаргаж хэрэгжүүлсэн. Энэ шийдвэрийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гаргасан. Ер нь тэр үед энэ хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нэрийн дор Монголын газар нутгийн 46 хувь нь олгогдсон байсан. Харин энэ дөрвөн жилийн хугацаанд энэ тоо есөн хувь болтлоо, нэг оронтой тоо руу ортлоо буурсан юм. Энэ замбараагүй явдал бүр цүнхний уул уурхай болоод хувирчихсан байсан. Нэг хуудас цаас аваад түүнийгээ цааш нь худалддаг. Улмаар тэнд ашиглалт явуулах эрх нь бусдад шилждэг, тийм замбараагүй байдал үүссэн байсан. Үүний эсрэг бид арга хэмжээ авч чадсан. Одоо харин шинэ гарсан хуулиа олон нийтийн хяналт дор, техник технологийн боломжоо ашиглан авлига хээл хахуулийн сонирхолгүйгээр хэрэгжүүлэх ёстой.

Үүнд тавих нь зүйтэй нэг л шаардлага бий. Тухайн хайгуул хийх аж ахуйн нэгжид тавих шалгуур, шаардлагатай болъё гэж байгаа. Аливаа этгээд компаниа бүртгүүлээд л хэдэн мянган га газарт хайгуул хийх эрх авдаг биш, санхүүгийн чадвар, техникийн бололцоогүй, хангалттай боловсон хүчингүй нөхөд энэ зөвшөөрлийг аваад байна. Иймээс одоо гарсан хуульд эдгээр зүйлсийг тусгаж байгаа гэж би ойлгож байгаа. Эдийн засаг, техник, санхүү, боловсон хүчний чадавхтай байх ёстой. Болж өгвөл үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд бид түлхүү анхаарах хэрэгтэй. Монгол баялагтай л юм бол үүн дээр нэмүү өртөг үүсгэж, үндэсний үйлдвэрийн салбараа дэмжих нь зөв.

Зургадугаарт, байгаль орчны чиглэлээр өөр нэг хийсэн ажил бол нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой асуудал юм. ҮАБЗ дээр 2011 оны нэгдүгээр сард энэ асуудлыг хэлэлцэж, хууль санаачилсан. Уг хуулийг 2011 оны гуравдугаар сард УИХ баталсан. Бид хурдан ажиллаж чадсан гэж үзэж байгаа. Нийслэлийн агаарын бохирдлын асуудал бол үнэхээр гамшгийн хэмжээнд хүрч, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болсон. Энэ асуудлаар Үндэсний хороо байгуулагдаж, Засгийн газар хариуцаад ажиллаж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг саяхан сонсож байхад энэ асуудал дээр томоохон эргэлт гарах нь гэж би хувьдаа бодож байгаа. Хотын утааны асуудлыг шатдаг хийн түлшээр шийдэхээс өөр гарц харагдахгүй байна. Эхлээд хийн үйлдвэрийг байгуулъя, дараа нь хийгээ түгээдэг дэд бүтцээ байгуулъя. Тэгэхээр үүнд хөрөнгө зарцуулахаар болж байна. УИХ-ын дарга хүртэл шатдаг хийн үйлдвэр дээр очиж танилцаж байсныг би санаж байна.

Агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотод байгаа юм биш. Аймгуудын төв, суурин газруудад мөн бий болж байна. Бид агаарын бохирдлоор дамжуулан дэлхийн дулааралд мөн сөргөөр нөлөөлж байна. Энэ тал дээр олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, цаашид энэ ажлаа эрчимжүүлэх нь зүйтэй. Дашрамд хэлэхэд Хэнтий, Хангайн нуруу, Хөвсгөл нуурын сав газрыг хамруулаад байгалийн нөөцийн үндэсний парк байгуулах санаачилгыг гаргаж, ҮАБЗ зөвлөмж гаргасан байдаг. Энэ асуудлыг яамд эрхзүйн үндэстэй болгох тал дээр анхаарах нь зүйтэй.

Зургаа:Монгол хүн, монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил, үүнийг түгээх, дэмжих чиглэлээр;

Монгол Улсын иргэн бүр монгол хүн гэсэн нийтлэг нэртэй. Гэхдээ Монгол Улс нь олон ястны өвөрмөц ёс заншил, соёл зэрэгцэн оршдог орон юм. Түүхээсээ ч тийм байсан. Саяхан манай казах иргэд хаврын баяр буюу Наурызын баяраа тэмдэглэсэн. Манай Бакей гишүүн болон мөн Иргэдийн Хурлын зүгээс гарсан саналын дагуу Баян-Өлгий аймгийн Алтай Таван богдыг төрийн тахилгатай болгосон. Энэ тахилгыг ноднин анх удаа хийсэн. Нутгийн иргэд, дөрвөд, урианхай иргэд энэ тахилгад идэвхтэй оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч нь ард түмнийхээ түүх уламжлал, соёлын асуудалд онцгой анхаарал тавьж явах ёстой институт, албан тушаалтан шүү гэсэн ойлголтоор би хандаж ирсэн. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д Ерөнхийлөгчийн тухай тодорхойлолт байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж заасан байдаг. Тэгэхээр энэ асуудлаар ард иргэдээс гарч буй санал санаачилгад Ерөнхийлөгчийн хувьд их ойрхон ажиллах ёстой гэж боддог юм.

Монголчуудын түүх уламжлал, ёс заншлын чиглэлд олон ажил хийж байгаа. Эндээс ажил болон хэрэгжсэн заримыг нь дурдъя.

Нэгд. Монголын түүх урт удаан уламжлалтай гэдэгт би итгэдэг. Монголын тулгар төрийн түүхийг 2011 онд анх удаа 2220 жил гэж тэмдэглэсэн. Энэ чиглэлээр зарлиг гарсан. Тэгээд арван жил тутам тулгар төрийнхөө түүхийн тэгш ойг өргөн нийтээр тэмдэглэж байя, жил бүр энэ ойгоо тоолж явъя гэж тогтсон билээ. Мөн 2011 онд бид нэгэн түүхэн ойг сэргээн тэмдэглэсэн. Энэ бол Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 100 жилийн ой байсан. Ингээд жил бүрийн арван хоёрдугаар сарын 29-нд энэ ойг тэмдэглэж байхаар УИХ-ын хуулиар баталсан. Энэ ойн үеэр шилдэг 128 бөх барилдаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг олгодог болсон. Бид түүх, ёс заншлаа эргэн дурсах, үүгээрээ хойч үеэ хүмүүжүүлэхэд ахиц гаргасан ажил болсон.

Хоёрт, монголчууд бид түүхэн бахархалтай хүмүүс. 2012 оноос эхлээд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэсэн тэр мөчөөс эхэлж Монголын бахархалт өдрийг санаачилсан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ ойгоор бид Чингис хааны одонг Монголд хамгийн их гавьяа байгуулсан иргэндээ олгодог, бүх нийтээрээ амардаг болсон. Энэ ойгоор дамжуулан бид түүхээ, өвөг дээдсийнхээ хийсэн бүтээснийг дурсдаг ийм сайхан уламжлал тогтсон.

Гуравт, Монголын мөнх оршин тогтнох үндэс бол манай ард түмний түүхэн уламжлал, ёс заншил юм. Бид 2011 оноос эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулийн нэгдүгээр ангиас эхлээд монголчуудын уламжлалт сэтгэлгээ, арга билиг ухааны үндэс гэдэг хичээл ордог болсон. Ийм хичээлийг нэгдүгээр ангиас эхлээд монголчуудынхаа уламжлалт ухаан, ёс заншил, арга билгийн ухааныг заана гэдэг зарлиг гарсан. Одоо энэ хичээл 1-5 дугаар ангид ордог. Цааш явахаар иргэний боловсрол гэх мэт хичээлээр баяжаад явдаг болсон. Ер нь хүүхдүүддээ нэгдүгээр ангиас нь эхлээд монголынхоо түүх соёл, арга билиг, ёс заншлыг эзэмшүүлье, тодорхой хугацааны дараа дэлхийн боловсролыг эзэмшүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Бид хүүхдээ эхлээд монголынхоо түүхээр бахархдаг, уламжлал ёс заншлаа мэддэг, ахас ихсээ хүндэлдэг монгол хүн болгох хэрэгтэй. Бид ийм бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ ажилд манай Боловсролын яам идэвхтэй ажилладаг.

Дөрөвт нь, монголчуудын бүтээсэн гайхамшигт өв, өвөрмөц соёл, үнэт эрдэнэ бол монгол хэл бичиг юм. Монголын түүх, уламжлал, соёлын тамга, амь нь монгол хэл, бичиг юм гэж би хувьдаа боддог. Ингээд 2010 онд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасан. Төрийн албан ёсны захиа, мэндчилгээ, мөн иргэдэд олгодог баримт бичгүүдийг монгол болон кирил бичгээр бичдэг болсныг та бүхэн мэдэж байгаа. Мөн монгол бичгийн гайхамшгийг илтгэдэг “Мөнх тэнгэрийн бичиг” хэмээх каллиграфын үзэсгэлэн жил бүхэн гардаг болсон. Мөн бидний санаачилгаар Монгол хэлний цахим тайлбар толь ирэх арван хоёрдугаар сард албан ёсоор гарна. Гадаадын бүх үгийг заавал монголчлох хэрэггүй. Гэхдээ монголоор хэлж болох үгсийг орчуулж болно. Эрхэм гишүүдэд хандаад арван үгийг жишээ татан монголчилж хэлж өгье. Эдгээр үгийг монголоор хэлж заншъя гэж бодож байна. Бичиж авч болно.

Компьютерыг цахимбар, айпадыг хавтага, визийг нэвтрэг, бензинийг гүйгэн, цементийг гахиур, зарим газар гахиур гэж хэрэглээд эхэлчихсэн, хоббиг ин, жишээ нь би ангийн хоббитой гэхийн оронд би ангийн интэй хүн гэнэ, логог хондого, рестораныг зоогой, кофег боргол, хүүхдийн идэх дуртай шоколадыг борхош гэж хэлбэл ямар вэ гэсэн саналтай байна. Энэ бол хэлний чиглэлийн хүмүүсийн анхаарч явдаг зүйл. Монгол нэг үг бидний хэрэглээнд орно гэдэг бол монгол хэл баяжна гэсэн үг юм. Ардчиллаас өмнө нь цаг агаарын мэдээ зарлахад градус гэж зарладаг байсныг санаж байгаа байх. Харин өнөөдөр хэм гэж зарладаг болсон. Одоо 40 градус, 15 градус гэх юм бол бараг хүүхэд ойлгохоо больсон. Тэгэхээр бид энэ тал дээр өөрсдөө манлайлал үзүүлэх ёстой.

Тавд, номыг дээдлэх үзэл бол манай ард түмний чухал үзэл баримтлал юм. Жил бүхний есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт Монгол орон даяар номын баярыг тэмдэглэдэг уламжлал тогтсон. Бидний санаачилгаар Монголын эх түүх зургаан ботиор, монгол кирилээр хэвлэгдсэн байгаа. Одоо энэ ботиуд олдохоо болиод долоон ботиор хоёр дахь удаагаа хэвлэх гэж байна. Үүнийг хэн нэг нь зохиож байгаа биш юм. Зуугаад жилийн өмнө манай ахмад үеийнхний бичсэн тэр эх түүхийг өнөөдөр сэргээн хэвлэж байгаа юм. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулна гэж бодож байна. Мөн олон нийтэд зориулаад монголын түүхийн цахим нээлттэй хичээлийн иж бүрэн хөтөлбөрийг гаргах гэж байна.

Зургаад, монголын уламжлалт язгуур урлаг бол үнэхээр гайхамшигтай. Монголчуудыг хүчтэй байх үед бидний олон зүйлийг дуурайх гэж оролдсон. Ер нь хүчийг дуурайдаг гэж ярьдаг. Монголчуудын хувцас хэрэглэл, үсний засалт,охид, бүсгүйчүүдийнх нь гоёо, цэрэг баатруудынх нь хуяг дуулга гээд биднийг дуурайх гэж оролдсон зүйл олон бий. Дэлхийд бидний авчирсан уламжлал, язгуур урлаг соёл бол гайхамшиг. Хэн ч дуурайж чадаагүй, гэхдээ Монголдоо үлдсэн байдаг. Бид жил бүхэн монголын язгуур урлагийн хамтлагуудын сонгодог тоглолтыг хийж хэвшсэн. Манай язгуур урлагийн тоглолт дэлхийн сонгодог урлагийн зэрэгт хүрч үнэлэгдэж эхэлсэн, дэлхийн томоохон шагналуудыг авдаг болсон, арилжааны тоглолт хийж өгөөч гэж уригддаг болсон.

Энэ нь эргээд Монголын нэр хүндийг өргөж, Монголоор бахархах сэтгэлийг иргэдэд төрүүлдэг болжээ. Энэ ажлыг цаашид ч дэмжинэ. Мөн бид язгуур урлагаас гадна сонгодог урлагаа орхиогүй ээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын утсан хөгжмөөс бусад бүх хөгжмийг хувийн оролцоотойгоор шинэчилж чадсан.

Долоод нь, монгол судлалыг дэмжих асуудал. Өөрийгөө хүндэлдэг улс орон, үндэстэн бүхэн өөрийн орны гадаад дахь судлалыг дэмждэг. Монгол судлалыг дэмжих тухай зарлигийг бид 2012 онд гаргасан. Монгол судлалыг дэмжих сан гэж байгуулсан. Монгол судлаачдын их хурлыг бид Монголд 2011 оны наймдугаар сард зохион байгуулсан. Хэн нэгэн хүн, судлаач, дэлхийд нэртэй их сургууль бидний түүх соёлыг судалж байна гэдэг нь үнэхээр гайхамшигтай зүйл юм. Иймээс би айлчлалаар явахдаа тухайн орны монгол судлаачидтай заавал уулзаж, дэмжлэг үзүүлдэг, тэтгэлэг олгодог, эрдэмтдийг нь Монголдоо урьдаг жишиг тогтсон. Энэ чиглэлээр манай яамд, албан тушаалтнууд онцгой анхаарах хэрэгтэй.

Наймд нь, Монголд дэлхийн хамгийн том гүрэн байгуулагдаж байсан учраас монголын өв дэлхий нийтээр тарсан байдаг. Ватиканд очихдоо, хамба ламтай нь ярилцаж Монголын хаадын гурван захидлыг эх хувиас нь хувилуулж авчирсан. Наран ургах зүгээс наран шингэх зүг гэж ярьдаг тэр захидал шүү дээ. Иранд перс хэлээр бичсэн монголын түүхийн баримт олон бий. Энэ чиглэлээр бид судлаач эрдэмтдийг дэмжиж байгаа. Манай хойд хөршид Алтан улс, Батын улс, Цагаадайн улстай холбоотой асар их баримт материал байдаг. Ерөнхийлөгчийн ивээл дор хойд хөршид байгаа түүхийн энэ судалгааг судалж каталог болгож гаргая, хамтарч ажиллая гэж тохироод энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Энэтхэгт Их Могулын үед байгуулагдсан их өв, судлах зүйл байдаг. Урд хөршид ч манай соёлын их өв байдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас энэ чиглэлд ч цаашдаа анхаарч ажиллах болно.

Долоо: Гадаад бодлого буюу Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг өсгөх чиглэлээр;

Гадаад бодлого бол манай улс орны дотоод бодлоготой шууд уялддаг. Аливаа улс орны гадаад бодлого бол улс орных нь дотоод амьдралын үргэлжлэл байдаг.

Тийм учраас гадаад бодлого, дотоод бодлого гэдэг бол нэг зоосны хоёр тал юм. Энэ бол нэг л онцлогтой зоос, онцлог нь нэвт харагддаг зоос юм. Бид гаднаа мянга сайхан яриад дотроо асуудлаа шийдэж чадахгүй юм бол бидний нэр хүнд өсөхгүй, нөгөө “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг болно. Энэ байдал дээр бид улс төрийн системээсээ эхлээд шийдвэр гаргах түвшнээсээ эхлээд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, бид дотоод байдлаа гадагшаа очоод хэчнээн гоёж гоодож яриад нэмэргүй. Энд байгаа байдлаа бид нуух боломж байхгүй. Иймээс бид дотоод байдалдаа ч, гадаад бодлогодоо ч онцгой анхаарах ёстой.

Та бүхэнд гадаад бодлогодоо хэрэгжүүлж ирсэн гол зорилгоосоо дурдаж байна. Үүнд хоёр үндсэн зорилго тавьсан. Нэгд, Монголын олон улс дахь байр суурийг нэмэгдүүлэх, нэг үгээр хэлбэл Монголын жинг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Хоёрдугаарт, Монгол Улсын өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг олон улсад эерэг бодитоор ойлгуулах, Монгол Улсын нэрийг сайнаар гаргах чиглэлээр ажилласан юм. Эдгээр хоёр чиглэлээр хэрэгжүүлж ажилласан ажлуудаас тодорхой үр дүнд хүрсэн зарим нэгээс дурдъя.

Нэгдүгээрт, Монголын гадаад бодлого бол холоос эхэлдэггүй, хаяанаасаа, хөршөөсөө эхэлдэг, тиймээс ч ОХУ, БНХАУ-тай харилцах харилцааг Монгол Улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж үздэг. Нэг үгээр хэлбэл, манай гадаад бодлогын эхлэх цэг. Хөрштэйгөө сайн харилцаж чаддаг улс бусад улстай сайн харилцаж чаддаг. Энэ чиглэлд Монгол Улс хүчин чармайлт гаргаж ажилласан. Үүнд олон хүний хүчин чармайлт орсон.  Үүний үр дүнд тодорхой амжилтад хүрсэн.

1. Улс төрийн өндөр дээд түвшний айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж чадсан. Хоёр хөрштэй харилцах харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, стратегийн түншлэлийг хөгжүүлэх гэдэг хамгийн өндөр дээд түвшинд хүрч чадлаа гэдгийг хэлье.

2. Хоёр хөрштэй төрийн тэргүүнүүдийн болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын бүх түвшинд бүрэн итгэлцсэн, харилцан бие биеэ хүндэтгэсэн, асуудлыг бодитой харж шийдвэрлэх уур амьсгал, нөхцөл боломж бүрдсэн.

3. 2014 он бол Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа түүхэн дэвшил гаргасан он болж чадсан. БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар манай оронд түүхэн айлчлал хийж олон жил шийдлээ хүлээсэн ажлууд байрнаасаа хөдөлж эхэлсэн.

Мөн гурван улсын түүхэнд анх удаа, Монгол Улсын санаачилгаар гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ уулзалтыг бид байнгын үйл ажиллагаа болгож хувиргахын тулд Гадаад харилцааны дэд сайдуудын түвшинд гурван талт байнгын уулзалтууд хийх ажил болгоод явж байна. Энэхүү уулзалт одоо гурав дахь удаагаа болоод байна. Нэг үгээр хэлбэл, энэ ажлыг хийх байнгын механизм манай гурван улсад бий болсон. Гурван улсын ашиг сонирхол орж байгаа ажлаа нэг ширээн дээр суугаад ярилцаж чаддаг боломжтой болсон.

Үүнээс дүгнэж хэлэхэд хоёр хөршийн бодлого дээр одоо бид ажиллах л үлдсэн. Санаачилгатай, хариуцлагатай, гүйцэтгэлтэй, хэлж ярьсандаа байж ажлаа хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа бидэнд шаардлагатай байгаа гэдгийг хэлье.

Хоёрдугаарт, Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого дээр онцолж хэлэх ололтууд өнгөрсөн хугацаанд гарсан. Үүнээс онцолж хэлэхэд 2012 онд ЕАБХАБ-д Монгол Улс 52 дахь гишүүн орон болсон. Япон улстай эдийн засаг, түншлэлийн хэлэлцээрийг удаан хугацаанд ярьж, байгуулж чадлаа. АНУ-тай байгуулсан ил тод байдлын гэрээг УИХ  соёрхон баталлаа.

Гуравдугаарт, НҮБ, олон улс, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц, үзэгдэхүйц амжилттай байж чадсан. Түүхэн гэж хэлж болох нэг үйл явдлыг энд дурдъя. 2012 оны 9 дүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон болох ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Франц улсын бүрэн эрхт төлөөлөгчид Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс болон аюулгүй байдлын статусыг баталгаажуулж гарын үсэг зурсан.

Дөрөвдүгээрт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс өөрийн гэсэн байр суурьтай, хоёр талын болон олон талын харилцаанд уг асуудлаар бодитой хувь нэмэр оруулж чаддаг орон болсон. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ гэсэн бодит механизм энэ бүс нутагт бий боллоо. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатар хотод хийдэг яриа хэлэлцээ тогтмолжсон. Хоёр талын болон сонирхсон талуудын хооронд манай улсын зуучлалын үйл ажиллагаа амжилттай болж байгаа. Цаашид хамтын ажиллагааны тодорхой санал, санаачилгууд ирж байгаа, үүнийг ажил хэрэг болгох шатандаа  явж байгаа.

Тавдугаарт, Манай улсын гаргаж буй санал санаачилгад олон улсын зүгээс хүндэтгэлтэй итгэж ханддаг боллоо. Үүн дээр хоёр жишээ хэлье. Жишээлбэл, Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байхад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалах саналыг илэрхийлээд ирнэ үү гээд бид тохироод явуулсан. Сайд очиж хүсэлтээ гаргасан, тэр хүсэлт биелсэн.

Л.Болд сайдыг ажиллаж байхад АСЕМ-ийн 20 жилийн ойн ээлжит уулзалтыг Монгол Улсад 2016 онд зохион байгуулах санал гаргаад ир гээд тохироод явуулсан. Гаргасан, саналыг АСЕМ-ийн гишүүн орны удирдагчид санал нэгтэй дэмжиж, уулзалт зохион байгуулагч орноор сонгогдсон.

Би эндээс юу гэж хэлэх гэж байна гэхээр энэ бол Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд ямар байгаа, Монгол Улсын гадаад бодлого хэр идэвхтэй болсныг, үнэлэгдэж чаддагийг харуулсан бодит нотолгоо юм гэдгийг хэлэх гэсэн юм.

Зургаадугаарт, Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ яаж нэр төртэй биелүүлж чаддагийг нэг жишээгээр хэлье гэж бодлоо. Монгол Улс АОХН-ийг 2011-2013 онд даргалсан богино хугацаанд хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөл, гүйцэтгэх хороог шинээр байгуулж, ажилд нь оруулсан. АОХН-ийг орон тооны Ерөнхий нарийн бичгийн даргатай болгож, түүнийг томилсон. НҮБ-ын Женев дэх ардчилсан орнуудын бүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулсан. Ардчиллын шинэ удирдагчдын сүлжээг байгуулж ажилд нь оруулсан. Ардчиллын төлөөх Азийн түншлэлийн санаачилгыг дэвшүүлж ажил хэрэг болгосон.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд анх удаа Ардчиллын боловсролын асуудлаар тогтоол санаачилж батлуулсан. Эдгээр нь Монгол Улс АОХН-ийг даргалах 2 жилийн хугацаанд урьд өмнө байгаагүй цоо шинээр хийж хэрэгжүүлсэн ажлууд юм. Үүгээрээ Монгол Улс дэлхийн ардчилсан хөдөлгөөний  түүхэнд тод мөртэй, бодит хувь нэмэр оруулсан, оруулж чадах орон гэдгээ харуулсан юм.

Долдугаарт, бидний ахмад үеийнхэн Монгол Улсаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгохыг мөрөөдөж явсан үе бий. Тэр мөрөөдөл 1961 онд биелсэн. Одоо бидний тавьсан нэг зорилго байдаг. Тэр нь НҮБ-ын гишүүн орон бүртэй дипломат харилцаа тогтоож ажиллая гэсэн зорилго юм. 2009 оны 6 дугаар сард НҮБ-ын гишүүн 148 оронтой дипломат харилцаа тогтоогоод байв. Одоогоор НҮБ-ын гишүүн орны тоо 198 байгаа. Өнгөрсөн хугацаанд 50 оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлд ажилласан гэсэн үг. Өнгөрсөн зургаан жилд 33 улстай дипломат харилцаа тогтоож Монгол Улсын Их Хурал энэ асуудлыг шийдсэн байна. Одоо 3 улстай дипломат харилцаа тогтоох асуудал УИХ дээр байгаа. Одоо НҮБ-ын гишүүн улсуудаас ийм харилцаа тогтоогоогүй 14 орон л үлдээд байна. Бид энэ чиглэлд ажиллаж байна. Бид аль болох олон улстай харилцах тусам түүний үр дүнд Монголын жин нэмэгдэж олон улс дахь харилцан хамаарал нэмэгдэнэ. Тийм учраас энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Найм: Бусад олон нийтийн зүгээс гарсан санал санаачилгыг дэмжих, хэрэгжүүлэх чиглэлээр;

Би өмнө нь хэлсэн, үүн дээр хоёр зүйлийг дахин давтаж хэлье. Олон түмнээс гарч байгаа сайн санал санаачилгыг хийж хэрэгжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа хандуулж ажиллахыг аль болохоор хичээсэн. Тэгэхдээ тэр санал санаачилгыг хэрэгжүүлэхдээ өөрийн байр суурь, дүгнэлттэй хандаж ирсэн. Нэг үгээр хэлбэл, төрийн байр сууриас хандаж ирсэн гэдгийг хэлье. Хэрэгжсэн зарим санаачилгаас  дурдъя.

Санаачилга нэг: Энэ санаачилга манай алдартай тамирчдаас гарсан юм. Олон улс, олимп, тив дэлхийн тэмцээнд бидний гаргасан амжилтыг та бүхэн хардаг,шагшин магтдаг, бусад үед мартдаг гэсэн. Иймээс ярьж байгаад олимпийн наадам, олимпийн жин, зайд дэлхийн аварга шалгаруулах наадамд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдадаа насан туршид нь мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргасан. Энэ ажил үнэхээр сайн явж байгаа. Эргээд залуу үеэ бэлтгэх, залуу үе спортыг дээдлэх, түүнд оролцох хандлага идэвхтэй болсон. Наад зах нь айлаас нэг хүүхдээ тамирчин болгох юм сан. Энэ үйл ажиллагаанд хамруулах сан гэсэн эрмэлзэл бий болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байгаа юм.

Тэр шагнал урамшуулал авч байгаа тамирчид зүгээр байхгүй байгаа. Миний хамгийн их талархаж байгаа зүйл бол тэд авсан шагнал урамшууллаараа сан байгуулж, эргүүлээд залуу үеэ дэмжиж байгаа. Сайн үйлс ингэж дэлгэрч явдаг юм байна. Дээр нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр зарлиг гарган жил бүхэн сорил авч байгаа. УИХ-ын гишүүдээс авахгүй л байгаа байх. Гэхдээ үүнд хамрагдах хэрэгтэй. Энэ сорилд бүх насныхан хамрагддаг болсон. Дээр нь өвлийн спортыг дэмжих зарлиг гаргаж энэ чиглэлийн ажил явж байна.

Санаачилга хоёр: Эцэг эх, багш, хүүхдүүдээс лекц уншуулах, яриа хийлгэх талаар санаачилга гарч байсан. Тиймээс тэр санал санаачилгыг харгалзан жил бүхний есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар эхний цагийн хичээл заадаг болсон. Энэ уламжлал тогтоод зургаа дахь жилдээ явж байна. Эхний хичээл нь “Дэлхийн дулаарал ба Монгол орон”, хоёр дахь нь “Монголын бахархал”, гурав дахь нь “Монголын сайхан орноор”, дөрөв дэх нь “Хүн болох багаасаа”, тав дахь нь “Хуулийн засаглал ба хүүхдийн оролцоо”, зургаа дахь нь “Бүтээлч боловсрол, бүтээлч иргэн” гэсэн сэдвээр хичээл заасан байгаа юм. Дээр нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Үндсэн хуулийн мэдлэг олгох, түүнийг нэмэгдүүлэх зорилгоор зарлиг гарган хичээл болгон оруулсан байгаа. Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд бүх сургуульд Үндсэн хуулийн талаар хичээл заадаг болсон.

Санаачилга гурав. Монголчууд олуулаа болох тухай санаачилга байсан юм. Энэ санаачилгыг гаргахдаа дэлхийгээр тархан суурьшсан монголчуудаа Монголдоо эргэн ирээч гэж энэ индэр дээрээс 2011 оны 12 дугаар сарын 29-нд уриалан хэлсэн. Ийм бодол надад их төрдөг байсан. Б.Болдсайхан эмч над руу нэг яриад та төрийн нэрийн өмнөөс ийм уриалга гаргаач гэж хүсэлт тавьсан. Гаргаж чадсан. Тэгээд энэ чиглэлээр дэлхийд таран суурьшсан монголчуудын дунд олон сайн ажлууд өрнөж, ажил хэрэг болж байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ санаачилга мэдээж УИХ-д өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиас эхлээд дэлхийн Монгол хүртэл өргөн хүрээнд явж байгаа шүү. Та бүхэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг анхаарч, баталж өгөөрэй гэж хүсье.

Санаачилга дөрөв. Оюутан залуус, Боловсролын сайд, эцэг эхчүүдийн зүгээс гарч байсан цалинтай оюутан, хариуцлагатай оюутан болъё гэсэн санаачилгын чиглэлээр би УИХ-д хууль санаачлан батлуулсан. Монгол Улс дээд боловсролдоо зарцуулж байсан мөнгө 2010 оны байдлаар нийт төсвийн  есөн хувь байсан. Дэлхийн хамгийн өндөр хувийн боловсролтой орнууд боловсролдоо төсвийнхөө 40 хувийг зарцуулж байсан. Манай дээд боловсрол зөвхөн сургалтын төлбөр дээр тулгуурласан ийм боловсрол байсан юм шүү гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу. Ийм учраас оюутнаар нь, хэрэглэгчээр нь дамжуулж тэр хүмүүсийг санхүүжүүлэх байдлаар дээд боловсролыг дэмжих нь зөв юм гэсэн бодлого байсан юм. Төгрөг мөнгөний асуудлаас болоод энэ дээр жаахан яриа гарч байгаа байх. Гэхдээ оюутнуудтай, бусад хүмүүстэй ярьж байгаад үүнийг шийдэх хэрэгтэй шүү.

Энэ чиглэлээрх дараагийн санаачилга бол дэлхийн шилдэг 100 их сургуулийн эхний 20- д элсэж орох юм бол Монгол Улс мэргэжил харгалзахгүй дэмжлэг үзүүлнэ гэсэн. 21-100 хүртэл эрэмбийн сургуульд элсэн орох юм бол Монгол Улсын Засгийн газраас заасан мэргэжлээр дэмжлэг үзүүлье гэж байгаа. Ийм зарлиг гаргаж хэрэгжүүлж байгаа. Энэ ажил цаашаа үргэлжилж байгаа. 2014 онд дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуульд энэ тэтгэлгийг авч Монголоос 85 хүүхэд элсэн орсон байгаа. Энэ бол их чухал юм. Би яагаад чухал гэж байна гэхээр энэ маш шударга шалгууртай. Оюутан өөрөө эхлээд сургуульдаа орчих. Чиний эцэг эх мөнгөтэй, мөнгөгүй,ямар албан тушаалтай нь хамаагүй, чи үнэхээр чадвартай бол эхлээд сургуульдаа орчих. Тэгээд шаардлагатай байгаа санхүүжилт дээр нь төр тусалъя гэж байгаа. Тэгээд сургалтын төсөв дээр нь тусалдаг болсон. Сая төсөв хүндэрлээ гээд төсөв тодорхой хэмжээгээр хасагдсан гэж сонссон. Уг нь энэ дээр төсөв хасахгүйгээр явбал маш их хэрэгтэй юм.

Дараагийн нэг хэлэх гэсэн зүйл бол мастер, докторуудад тодорхой хэмжээний тэтгэлэг олгож ирсэн. 2012, 2013, 2014 оны хооронд 284 хүүхэд энэ тэтгэлэгт хамрагдсан байна. Жилдээ 94 хүүхэд хамрагдаад байгаа юм. Жилдээ энэ тэтгэлэгт 100 хүүхэд хамрагддаг байхад их зүгээр. Үүнд Монгол Улс жилдээ 1.5 сая ам доллар л зарцуулж байгаа юм. Би боддог юм. Энэ хоёр тэтгэлэгт жилдээ 5 сая ам.доллар зарах юмсан гэж. 10 тэрбум төгрөг шүү дээ. Тэгвэл жилдээ энэ хоёр тэтгэлэгт доод тал нь 200 хүүхэд явуулаад байхад таван жилийн дараа 1000 хүүхэд, 1000 сайн боловсон хүчнийг бэлтгэж чадна. Энэ дээр сайн анхаарч, шаардлагатай мөнгө хөрөнгийг зарцуулах хэрэгтэй гэж боддог.

Санаачилга тав. Монголоос гарсан оюуны өмч, соёлын түүхэн үнэт өвөө буцаан авч ирдэг болсон. Энэ их энгийн зүйл. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэг орой ажил тарсны дараа над руу утасдаж байсан. “Монголоос гарсан байж магадгүй үлэг гүрвэлийн олдвор зарагдах гэж байна. Та үүн дээр шуурхай арга хэмжээ аваач ээ. Нэхэмжлэл гаргаач” гэж хэлсэн. Эхлээд гайхаж байсан. Үнэхээр шаардлагатай гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Тэр дор нь гаргасны хүчинд тодорхой үр дүн гарч “Батаар” гэж нэрлэгддэг үлэг гүрвэлийн араг ясыг авчирч Монголдоо үзүүлэхэд хамгийн их хүмүүс үзсэн үзмэр болж хувирсан. Жуулчид татахын тулд үлэг гүрвэлийн хамгийн их олдоц баялагтай орны хувьд энэ чиглэлээр анхаарах шаардлагатай юм байна гэж ойлгосон. Ер нь энэ динозавр гэдэг амьтныг, энэ түүхийг сонирхдоггүй хүүхэд, улс орон, жуулчид гэж байдаггүй юм байна.

Үүн дээр бид нэг дүгнэлтэд хүрсэн. Монголын төр гарсан үнэт олдворууд, соёлын өвийнхөө хойноос хөөцөлддөг юм байна, хойноос нь явдаг юм байна гэдгийг олон улсад бид ойлгуулж чадсан шүү. Энэ бол том ололт юм. Энэ чиглэлээр буюу Соёлын өвийг бүртгэх, хадгалах, хамгаалах, нэхэмжлэх  зарлиг гарсан. Энэ цаашаа хуульдаа сууж өгч байгаа гэж бодож байна.

Санаачилга зургаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга их Майдар төслийг хэрэгжүүлэх талаар зарлиг гаргаж өгөөч гэж санаачилга гаргасан юм. Улаанбаатар хотын урд, Богд уулын урд Майдар хот байгуулах, их Майдарыг байгуулах ажил их эрчимтэй явж байгаа. Би бодохдоо хүмүүс Улаанбаатараас тэлж амьдрах ёстой. Энэ уудам Монгол орондоо, өргөн газар шороон дээрээ хүмүүс тэлж амьдрах хэрэгтэй. Энэ үйл ажиллагааг цаашдаа ч дэмжих хэрэгтэй гэж боддог.

Бас УИХ-ын гишүүн Н.Батбаяраас нэг санаачилга гаргасан. Монголын төрийн тулганы галыг бадраах талаар зарлиг гаргаач гэсэн. Зарлиг гаргасан. Энэ үйл ажиллагаа явж байгаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, гишүүн асан Ж.Сүхбаатар нар санаачилга гаргаж Монголын төрийн далбааг дээдлэх, хүндлэх тусгай өдөртэй болъё гэсэн. Түүний дагуу долдугаар сарын 10-нд, баяр наадмын урьд өдөр төрийн далбаагаа хүндэлдэг, дээдэлдэг үйл ажиллагаа заншил болж тогтсон.

Бүлгээс гаргасан санаачилгыг ч дэмжиж байсан. УИХ-д Монгол Ардын Нам бүлэг байгуулж чадахгүй байна гээд, тэдний хүсэлтээр 2012 оны 12 дугаар сард хууль санаачлан оруулж тэр хууль батлагдаж бүлэг байгуулагдаж байсан.Тэгэхээр санал санаачилга жирийн иргэнээс ч гарсан бай, УИХ-ын гишүүдээс ч гарсан бай, ажил хэрэг болгох юм бол тодорхой үр дүнд хүрч болдог юм гэдгийг энд хэлэхэд гэмгүй байх.

Санаачилга долоо. Монгол орны хамгийн алсад амьдарч ч бай, цөөн ч бай, тэр иргэддээ хүрч үйлчлэх, тэдэнд очих явдал бол иргэний төр, иргэнлэг төрийн шинж юм. 2013 оны өвөл идэр есийн хүйтэнд цаатан иргэд дээрээ очсоныг та бүхэн мэдэж байгаа. Очоод зогсоогүй, хамгийн олон заалт бүхий зарлигийг Засгийн газарт чиглэл болгож гаргасан. 15 зүйл заалттай зарлиг гаргаж өнөөдөр хэрэгжиж явдаг юм.

Иргэдээс гарсан санал санаачилга зөвхөн Улаанбаатарт өрнөдөг юм биш, бусад иргэд ч хэлдэг. Малчидтай холбоотой санал санаачилга ирдэг. Насаараа мал малласан малчдад мэргэжлийн үнэмлэх олгож, малчин өрх бүхэн данстай, тэмдэгтэй болж  аж ахуйн  үйл ажиллагаанд оролцох ийм боломжийг бид хангаж өгсөн.

Дээрээс нь тариаланчид, ногоочид, сүү үйлдвэрлэгчдийн саналыг дэмжиж зарлиг гаргаж хэрэгжүүлсэн. Малчдын 6 настай хүүхдийг сургуульд сургахад хүндрэл учирдаг талаар асуудал гарч, яамтай ярьж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зарлиг гаргаж ярилцсан. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн эхчүүд, эмэгтэйчүүдийн талаар гаргасан санал санаачилгыг дэмжиж хамтран ажилласан.

Санаачилга найм. Цэргийн алба хаана, цэргийн хүмүүжил олж авна гэдэг бол хүний амьдралд их чухал хүмүүжил болдог гэдгийг манай ард иргэд сайн мэддэг юм. Тийм учраас Монголын оюутны холбооны удирдлагаар ажиллаж байсан Х.Батсайхан гээд залуу олон нөхдөө төлөөлөн надад санал тавьж байсан. Тэр саналын дагуу оюутнуудтай ярьж байгаад “Оюутан цэрэг” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр ард иргэдийн зүгээс их дэмжлэг авч эрчимтэй явж байгаа. Цаашид цэргийн үүрэгтний хууль болон бусад хуульд энэ асуудлаа оруулж шийдвэрлэж явах ёстой гэж бодож байгаа.

Санаачилга ес. Төр, сүм хийдийн харилцааны асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээнд багтдагийг та бүхэн сайн мэдэж байгаа. Монголын төр түүхнээсээ хүмүүсийн шүтэн бишрэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Монголд хутагт хувилгаадыг тодруулахтай холбоотой асуудал хориотой байсан юм. Тэгээд энэ үйл ажиллагаа нэлээд эрчимжиж явж байгааг хараад зохицуулалт оруулж, хутагт хувилгаадыг тодорхой зохицуулалтын хүрээнд тодруулдаг ийм хэлбэр лүү орж байгаа. Ер нь миний барьж байгаа бодлого бол Монголд уламжлалт буддын шашин нэг удирдлага, нэг толгойтой байх ёстой. Энэ уламжлалыг бид Монгол Улс дотроо авч явах ёстой гэсэн бодлогыг хатуу баримталж байгаа гэдгийг энд хэлж байна.

Санаачилга арав. Монгол Улсад цаазын ялыг халах саналыг гаргасан. Ерөнхийлөгчийн тангараг өргөөд өрөөндөө орж ирэхэд миний ширээн дээр хоёр цаас байсан. Тэр хоёр цаасыг аваад үзсэн нэг нь уучлах, нөгөө нь уучлахгүй гэсэн хоёр төсөл байсан. Тэгээд түүнийг харж байгаад “уучлах” гэдэг дээр нь гарын үсэг зурсан. Түүнээс хойш Монгол Улсад цаазын ял авсан ялтнуудад уучлалт үзүүлдэг болсон. Уучилна гэдэг бол тэр этгээдийг шоронгоос гаргана гэдэг үг биш,  насаар нь шоронд хорих ялаар сольж байгаа юм. Энэ дээр ямар нэгэн хэлмэгдэл гарах ёсгүй. Шүүхийн зүгээс буруу шийдвэр гарах юм бол хүнээ аваачиж цаазалчхаад, дараа нь бодит эзэн нь илэрч байх ёсгүй л дээ. Тийм учраас энэ зам руу явъя гэсэн. Ер нь ардчилсан Монголын төрийн зам ариун, цусгүй байх ёстой гэсэн ийм бодлогыг хатуу барьж байгаа. Энэ бодлогыг манай УИХ дэмжиж НҮБ-ын цаазын ялтай холбоотой хоёрдугаар протоколд нэгдэн орж хууль гаргасан байдаг юм гэдгийг бас нэмж хэлэх нь зөв болов уу гэж бодож байна.

Санаачилга арван нэг. Монголчууд архийг биш, сүүг дээдэлдэг ийм хөдөлгөөнийг өрнүүлсэн. 2010 оны Бөртө чоно шагнал гардуулах ёслолын үер “Архигүй Монголын төлөө” гэсэн уриалгыг би гаргасан. Өдрийн сонины эрхлэгч Ж.Мягмарсүрэн над руу утасдаж “Та энэ Архигүй Монголын төлөө гэдэг уриалга гаргавал яасан юм бэ, энэ архины асуудал аюул боллоо” гэж надад хэлж байсан. Энэ чиглэлээр олон жил ажилласан Цогтсугар гэж идэвхтэй иргэн байдаг. Энэ хүн надад хандаж санал тавьж байсан. Тэгээд энэ уриалгыг гаргаж чадсан.

Энэ уриалгыг гаргаснаар бас тодорхой амжилтад хүрсэн. Одоо Ерөнхийлөгчийн оролцож байгаа ямар ч арга хэмжээн дээр архи үзэгдэхээ байсан. Үүнийг хориглосон байгаа. Манай ёслолынхон маш сайн мэднэ. Дээр нь төсвөөс архи худалдаж авахгүй байх ёстой гэсэн зарчим хэрэгжиж байгаа. Аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэдэг үйл ажиллагаа эрчимтэй явж байна.

2005 оны 11 дүгээр сард шиг санаж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа би спирт, архины үйлдвэр барих зөвшөөрөлд хориг тавья гэж Засгийн газар дээр шийдвэр гаргасан. Тэр шийдвэр явсаар байгаад өнөөдөр маш чухал үр дүнд хүрсэн байдаг юм байна гэдгийг би хоёрхон тоогоор хэлэх гэсэн юм. 2005онд спиртийн20 үйлдвэр байсан.2010 онд 15болсон , одоо 2015 онд 9 болсон байна. 2005 онд Монгол Улсад архины 183үйлдвэр байсан.2010 онд 92 болж буусан, 2015 онд 51 болсон байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд  архины 132 үйлдвэр хаалгаа барьсан байна. спиртийн 11 үйлдвэр хаалгаа барьсан байна.

Энэ зургаас харах юм бол Монгол Улсад таван аймаг архи, спирт үйлдвэрлэхгүйгээр эдийн засгаа аваад явж чадаж байна. Нийт гэмт хэрэгт оролцож, орооцолдож, шийтгэгдэж байгаа хүмүүсийн бараг 60 гаруй хувь нь архитай холбоотой байдаг. Тэгэхээр энэ асуудлаар жирийн иргэдээс гаргасан санаачилгыг дэмжихэд үр дүнд хүрч болдог юм байна гэдэг нь эндээс харагдсан юм.

Санаачилга арван хоёр. Ард иргэдийг цочроосон, санаа зовоосон асуудалд аль болох өөр байхыг хичээж, ажиллаж ирсэн. Хамгийн их анхаарал татсан асуудлаас гурвыг энд нэрлэе гэж бодлоо. Хар тамхины аюулын талаар Засгийн газар хөтөлбөр боловсруулж, хууль санаачилж оруулж ирэх ёстой. Энэ хууль, хөтөлбөр олон нийтийн дэмжлэг аваад боловсрогдоод явж байгаа. Энэ дээр бид онцгой хатуу байр суурьтай байх ёстой шүү. Хар тамхи гэдэг энэ аюултай зүйлийг хаяандаа битгий ойртуулаарай гэдгийг би ард иргэддээ хандаж уриалж байсан. Цөөхөн хүн амтай бид энэ асуудалд онцгой анхаарах ёстой.

Уулзалт хийж, хуулийг нь санаачилж, өргөн барихаар бэлдэж байгаа нэг асуудал бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал юм. Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе гэдэг чиглэл рүү явж байгаа Ер нь бид хүчирхийлэлгүй нийгэм байгуулъя гэвэл үүндээ хүчирхийллийн бус аргаар л хүрэх ёстой. Ийм учраас энэ чиглэлийн хуулийг ойрын үед УИХ-д өргөн барина. Баталж өгөх байх гэж бодож байна. Ашигт малтмалын асуудлаар мөн уулзалт, ярилцлага хийсэн.

Дээрээс нь ард иргэдтэйгээ ярьж байгаад, шийдвэр гарагчидтай ярьж байгаад улсын хэмжээнд гурван том зөвлөгөөн зохион байгуулсан. Би түрүүн хэлсэн. Шүүх эрх мэдлийн шинэчлэл, Шударга ёс, шууд ардчилал-иргэний оролцоо, Том төрөөс ухаалаг төр лүү гээд зөвлөгөөн хийсэн. Сүүлчийнх нь энэ санаачилга дээр УИХ-ын бүх гишүүд, УИХ дахь бүх бүлэг дэмжиж хамтарч оролцож ажиллаж ирсэн, цаашдаа ч хамтарч ажиллах байх гэж бодож байгаа.

Мөн зарим асуудлаар зарлиг гаргаж Монгол Улсын байр суурийг илэрхийлж байсан. Жишээлбэл, цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлахгүй. Ийм явдал Монгол Улсад хэзээ  ч гарахгүй гэдэг  зүйлээр одоо байгаа хууль тогтоомж дээр үндэслэж зарлиг гаргасан. Энэ чиглэлээр хэн нэгэн албан тушаалтан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр яриа хэлэлцээ хийх эрхгүй, хориглож өгсөн. Энэ тухай 2013  оны 9дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс би Монгол Улсын байр суурийг илэрхийлж байсан гэдгийг та бүхэн санаж байгаа байх аа. Ингээд яриад байх юм бол олон санал, санаачилгуудыг олон нийттэйгээ хамтарч хэрэгжүүлсэн

Ингээд үндсэн ес дэх, цаашдаа хийх ажлын чиглэлээр товчхон хэдэн зүйлийг хэлээд мэдээллээ өндөрлөе гэж бодож байна.

Би Ерөнхийлөгчөөр ажиллаад дотоод, гадаадын 1200 орчим арга хэмжээнд оролцсон байгаа юм. 40 хууль санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүний 23 нь батлагдсан, найман хууль нь буцаагдсан буюу эргүүлэн татагдсан, бас батлагдалгүй эцсийн хэлэлцүүлэг дээр очоод буцаж байсныг мэдэж байгаа байх. Есөн хууль энд хэлэлцэхээр хүлээгдэж байгаа. Эдгээрийг хэлэлцэх асуудалдаа яаралтай оруулж, шийдэж өгөөрэй гэдгийг хэлье. Энэ есөн хууль дээр нэмээд 30 гаруй хуулийг санаачилж, одоо үлдэж байгаа бүрэн эрхийнхээ хугацаанд оруулж, батлуулахаар төлөвлөж байгаа юм. Зандаахүүгийн Энхболд даргатай УИХ-ын бүрэлдэхүүн ийм ийм хууль баталж, Монгол Улсын тулгамдсан ийм ийм асуудлыг шийдэхэд жинтэй хувь нэмэр оруулсанд баярлалаа гэдэг үгийг дараа жил би хэлэхийг хүсэж байна. Ийм учраас үүнд онцгой анхаарах байх гэж бодож байна.

УИХ-ын гаргасан шийдвэрт би эхний бүрэн эрхийнхээ хугацаанд таван удаа хориг тавьсан. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш нэг ч хориг тавиагүй. Ер нь хориг бол бас ажил гэдгийг энд уламжилж хэлэх нь зөв байх. Засгийн газарт чиглэл өгсөн 31 зарлиг гаргасан. Харин нийтийг уриалсан 10 зарлиг гаргажээ.

Ер нь цаашид хийх ажлын тухай ярихад бүх зүйл тодорхой байгаа. Явж ирсэн бодлогоо улам эрчимжүүлнэ, дээрээс нь нэмж хийх шаардлагатай дараах ажлуудыг хийнэ гэж бодож байгаа. Цаашид хийх ажлынхаа талаар таван чиглэлээр товчхон танилцуулъя гэж бодож байна. Нэгдүгээрт, иргэний оролцоог хангах, аюулгүй байдлын чиглэлээр, хоёрдугаарт, хуулийн засаглалыг бэхжүүлэх, төрийг хариуцлагатай болгох, гуравдугаарт, бүтээгчдийг, байгальд ээлтэй хөгжлийг, Монгол бахархлыг дэмжих, дөрөвдүгээрт, гадаад бодлого, Монголын олон улсын үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, тавдугаарт, бусад гэсэн чиглэлээр ажлаа төлөвлөж байгаа юм.

Нэгдүгээрт, иргэний оролцоог хангах, аюулгүй байдлын чиглэлээр хийхээр төлөвлөж буй ажлуудаасаа би хоёр гурван зүйлийг товчхон дурдъя. Иргэний оролцооны тухай хуулийг одоо бид боловсруулж байгаа. Энэ хуулийг санаачилж, оруулж, батлуулна. Иргэний оролцооны чиглэлээр өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийсэн, эдгээр нь ямар их ач холбогдолтой тухай би өмнө ярьсан. Одоо үүнийг бид хуульчилж өгөх ёстой. Дээрээс нь, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тухай хуульд бид нэмэлт өөрчлөлт оруулж, үр ашгийг нь илүү дээшлүүлэх хэрэгтэй гэж би ойлгож байгаа.

Орон нутгийнхантай уулзахад “Орон нутгийн хөгжлийн санд мөнгөө хүнийх нь тоонд харьцуулж хуваарилах чиглэлийг бариач ээ” гэсэн санал их гардаг. Тийм учраас хүний тоог бид 70 хувьд нь харгалзах хэрэгтэй. Засгийн газар ч гэсэн энэ асуудлыг санаачлаад, оруулж болно. Дараа жилийнх нь төсвийг урьдах жилээс нь бууруулдаггүй байх ийм зарчмыг барья. Хэрвээ бууруулсан, ингэж төлөвлөсөн, дутуу олгосон байвал хариуцлага тооцдог байя гэсэн бодол байгаа юм.

Та бүхэн дээр Нийтийн сонсголын тухай хууль байгаа. Бидний  батлах шаардлагатай, хамгийн чухал хууль болох Хүний эрхийн, Өмчийн эрхийн, Гэрээний эрхийн хуулиуд хүлээгдэж байгаа юм. Мөн дээр нь Олон нийтийн байгууллага, төрийн ажлыг бусдаар гүйцэтгүүлэх гээд иргэний эрхийг бэхжүүлэх чиглэлд бидэнд хийх ажил маш их байна.

Аюулгүй байдлын чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын тухай хууль боловсруулаад, бэлэн болж байгаа. Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тухай, Тагнуулын байгууллагын тухай, Тагнуулын байгууллагын ажилтны эрх зүйн байдлын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Төрийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Онцгой байдлын тухай хуулиудыг боловсруулж байгаа. Батлан хамгаалах чиглэлээр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Цэргийн алба, Цэргийн үүрэгтэй холбогдсон таван багц хууль боловсрогдож байгаа. Өнөө, маргаашгүй Төрийн цэргийн бодлогын үндсийг өргөн барихад бэлэн болсон байна.Дээрээс нь Хямралт нөхцөл байдал, Онцгой байдал, Дайчилгааны хууль гээд үнэхээр шинэчлэх шаардлагатай хуулиуд олон байгаа. Би зөвхөн энэ хуулиудын нэрийг хэлэхэд л ямар их ажил байгаа нь харагдаж байгаа байх гэж бодож байна.

Хоёрдугаарт, хуулийн засаглалыг бэхжүүлэх, төрийг хариуцлагатай болгох чиглэлээр хийх гэж байгаа ажлынхаа тухай хоёр гурван зүйл хэлье. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хуулийг хамгийн түрүүнд шахаж батлуулахаар ажиллана гэдгээ хэлье. Ер нь бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа хүмүүс хэрвээ алдаа гаргаад, хохирол учирвал тэр хохирлоо, алдаагаа өөрсдөө төлдөг. Харин улс төрчид алдаж, буруу шийдвэр гаргавал алдааг нь ард түмэн төлдөг хандлага бий. Үүнд бид цэг тавих хэрэгтэй. Ийм учраас сонгогдсон, томилогдсон улсуудтайгаа хариуцлага тооцдог хуулийг баталъя гэж байгаа юм.

Намайг сонгогдож байхад “Та Монгол Улсыг хариуцлагатай улс болгооч, дарга нарыг хариуцлага хүлээдэг, хууль биелүүлдэг болгооч” гэж хэлсэн ард түмнийхээ үгийг би мартаагүй байгаа. Үргэлж санаж явах болно. Тийм учраас энэ хуулийг батлах ёстой гэж би бодож байгаа. Дээр нь төрийн захиргаанд хийх шинэчлэлийн амин сүнс болсон Захиргааны ерөнхий хуулийг санаачилж оруулсан. Үүнийг УИХ-ын Байнгын хороогоор хэлэлцээд явж байгаа. Энэ хуулийг хурдан батлаасай гэж бодож байна. Мөн дээр нь Засгийн газраас өргөн барихаар төлөвлөж байгаа, бид ярьж байгаа, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн агуулга болсон хуулиуд байгаа юм.

Эрүүгийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Мөрдөх албаны гээд энэ том хуулиудаа бид баталж чадахгүй бол шүүх эрх мэдлийн шинэчлэл талдаа ч хүрэхгүй гэдгийг би түрүүнд хэлсэн. Эд бол агуулгыг нь барьж байгаа их чухал хуулиуд. Үүнийг Засгийн газар удахгүй УИХ-д өргөн барих байх. Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг оруулж ирнэ. Авлига өгснийг нь чөлөөлж, авсныг нь шийтгэдэг болооч гэж олон хүн ярьдаг. Эрүүгийн болон бусад хуульд энэ талын заалтууд оруулж байгаа. Энэ чиглэлийн харилцааг Монголд бий болгохын төлөө бид ажиллаж байгаа юм.

Гуравдугаарт, бүтээгчдээ дэмжих, байгальд ээлтэй хөгжил, монголчуудыг дэмжих чиглэлээр хийх гэж байгаа ажлууд олон нийтийн санал санаачилгад тулгуурлана. Ер нь бүтээхийн тулд монголчуудаа нэгдэж, хамтарч ажиллахыг л би уриалж байгаа. Нэгдэж, хамтарч ажиллаж чадахгүй болчихвий гэсэн  болгоомжлол Монголын төлөө, Монголын хувь заяанд санаа зовдог хүмүүст төрдөг болсон шүү. Тэгэхээр монголчуудын эв нэгдэл гурван зүйлд суурилах ёстой гэж би бодож байгаа.

1. Монгол хүн монгол хүнээ дэмжих үйл ажиллагаанд суурилах ёстой, 2.Шударга ёсонд суурилах ёстой, 3.Бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй байдалд суурилах ёстой. Тэгээд монголчуудын эв нэгдэл бол хөгжлийн эрх ашгаар гагнагдах ёстой. “Монголчуудын эрх ашиг юу юм бэ?” гэж асуувал би хамгийн түрүүнд “Хөгжил” гэж хариулна. Монгол орныг хөгжүүлэх, хөгжилд хүргэх зам бол монголчуудын, өнөөдрийн бидний өмнө тавигдаж байгаа хамгийн чухал эрх ашиг шүү гэдгийг нэмж хэлье гэж бодсон юм.

Байгаль орчны чиглэлээр олон санал, санаачилгууд гарч байгаа. Дотоодод болон гадаадад, олон улсын чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа бодлогууд мэдээж үргэлжилнэ. Монголчуудын түүх соёл, уламжлал, ёс заншлын асуудлууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхааралд хэвээр байх болно оо гэдгийг энд бас хэлэх нь зөв байх аа.

Дөрөвдүгээрт, гадаад бодлого, Монгол Улсын үйл ажиллагааг улам идэвхжүүлэх чиглэлээрх зорилт тодорхой байгаа. Засгийн газар зорилтоо гаргасан. Хоёр хөрштэйгөө тохирсон ажлуудаа бид хариуцах эзэнтэй, тодорхой хугацаатай болгосон. Эдгээр яриа хэлэлцээ олон асуудлаар ид явж байгаа гэдгийг энд хэлье. Ер нь энэ жил хоёр хөршид олон түүхт их ойн жил байгаа. Өмнө нь байсан айлчлал, уулзалтууд үргэлжилнэ. Мөн гурван талын уулзалт ч үргэлжилнэ гэдгийг хэлэх нь зөв байх. Гуравдагч хөршийн чиглэлээр өндөр дээд хэмжээнд төлөвлөгдсөн айлчлал, уулзалтуудын хөтөлбөрүүд гарсан байгаа.

2015 он НҮБ, олон улсын чиглэлд бидний хувьд хариуцлагатай жил. НҮБ-ын Хүний эрхийн комиссын гишүүн болох сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлээд олон жил болж байгаа. Энэ онд шийдэгдэнэ. Тийм ч учраас үүнд бид онцгой анхаарч ажиллах ёстой. 2022 онд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болохоор нэрээ дэвшүүлээд ажиллаж байгаа. Суурийг нь зөв тавихын тулд бид эрчимтэй ажиллана гэдгийг хэлэх нь зөв байх.

Дараагийн нэг зүйл бол Ази, Европын дээд түвшний удирдагчдын уулзалт. АСЕМ гэж яриад байгаа. Ер нь өнгөрсөн саруудад дэлхийн бусад улс оронд уулзалт, хурал, зөвлөгөөн болж байгаа. Монголд ч ирэх сараас болж эхэлнэ. Иргэд, бизнесийнхэн, ялангуяа манай хэвлэлийнхэн энд нэгдэж, хамтарч ажиллахаар уриалга гаргаж буйд баярлаж байгаа. Гаднаас үнэхээр өндөр, дээд хэмжээний олон хүмүүс ирнэ, Монголыг харна. Ийм учраас бид дотоод байдалдаа эхлээд дүгнэлт хийе. Сайн болгоё. Асуудлуудаа шийдье. Дээрээс нь, гадаад ертөнцөд Монголын нэр хүндийг өргөх чиглэлээр хамтарч ажиллая. Энд ямар нэгэн нам, холбоо, үзэл бодол хамаагүй, Монголоо гэсэн нэг үзэл дээр нэгдье гэж ажиллаж байгааг нь би их сайн үйл ажиллагаа гэж бодож байгаа.

Тавдугаарт, Монголын шинэ төрх, шинэ имижийг бүрдүүлэх чиглэлд бид үнэхээр онцгой анхаарах хэрэгтэй. Монгол орон бол ардчилсан орон, Монгол орон бол нээлттэй орон гэсэн имижээр бид хорин хэдэн жил явлаа. Одоо бид Монгол Улс бол хариуцлагатай улс, монголчууд бол бүтээлч хүмүүс, монголчууд бол хамтарч ажиллаж чаддаг улс гэдэг ийм нэг имижийг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа.

Ер нь улсаа бодож байгаа хүн ажлаа сайн хийдэг. Түүнээс биш уриа, лоозон хашгирч, ганцаараа тодрох гэж гүйдэггүй гэдгийг энд би хэлэх хэрэгтэй. Ер нь ганцаараа тодрох гэсэн энэ хандлага, ийм юмнаас хүмүүс залхаж байна. Ямар нэгэн шийдэлгүй шүүмжлэл хэлдэг. УИХ дээр асуудал шийдүүлэхэд наад зах нь хорин гишүүний дэмжлэг хэрэгтэй шүү дээ. Тийм учраас монголчууд нэгдэж, хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Ганц нэгээрээ, хоёр гурваараа Монголын асуудлыг шийднэ гэж байхгүй. Энэ бол Монголын зам биш. Монголчууд олуулаа ярьж байж асуудлаа шийддэг. Энэ чиглэлд бид хуулиа өөрчлөх хэрэгтэй, тогтолцооны асуудлаа ярилцах шаардлагатай.

Нэг зүйлийг би Бизнесийн зөвлөгөөн дээр ч хэлж байсан. Ер нь аливаа ажлыг хийх санаачилга дэвшүүлж байгаа бол түүнийгээ зургаан шаттай харах хэрэгтэй. Нэг дэх шат бол зүгээр л дургүйцдэг, бухимддаг, шүүмжилдэг шат шүү дээ. Манайхан маш залхуу, бүр сэтгэлгээний залхууралд орчихсон. Бараг энэ шатнаасаа гарч чадахгүй. Гэтэл цаана нь хоёр дахь шат байгаа. Эрэл хайгуул хийдэг, боддог, хамтарч ажиллах түншээ олдог. Тэгээд гурав дахь шатанд шийдэл олдог, түүнийг хэрхэн дэмжүүлэх аргаа боддог. Дөрөв дэх шат нь, тухайн шийдлээ шийдвэр болгох хэрэгтэй. Хэрвээ чи мундаг юм бол УИХ-аар асуудлаа хэлэлцүүлээд, олны дэмжлэг аваад, шийдвэр гаргуул. Суманд асуудал байгаа бол сумынхаа ИТХ-аар шийдүүлж сур, аймагт асуудал байгаа бол аймгаараа шийдүүлж сур. Энэ бол зөвхөн дөрөв дэх шат нь. Тав дахь нь, хэрэгжүүлэх, хяналтын шат. Үнэхээр буруу, зөрүү юм гарсан, шийдэх, хэрэгжүүлэх явцад алдаа гарах юм бол түүнийг засаж сайжруулаад, дахиад эхлэх нь зургаа дахь шат. Ер нь ямар нэг асуудалд оролцъё, юм ярья гэж бодож байгаа бол ийм зургаан түвшинд бодож, үйлдлээ төлөвлөвөл зөв болно гэж би бодож байгаа. Ингэж чадвал монголчууд үнэхээр хариуцлагатай, бүтээлч, хамтач улс орон болох чиглэл рүү явна.

 

Эрхэм гишүүд ээ,

УИХ-ын, орон нутгийн ээлжит сонгууль нэг жилийн дараа болно. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хоёр жилийн дараа болно. Би өнгөрсөн хугацаанд УИХ-ын хоёр дахь бүрэлдэхүүнтэйгээ ажиллаж байна. Засгийн газрын дөрөв дэх бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энд үнэхээр бодох шаардлагатай зүйл байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй гэдэг нөгөө алдартай хуулиа удахгүй өргөн барина гэж бодож байгаа. Дээрээс нь Үндсэн хуульд оруулсан, дордуулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгох чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс санаачилга гаргадаг юм уу даа гэж бодож байгаа. Үндсэн хуулийг батлахад оролцсон депутатууд, ард иргэдийн зүгээс асар их санал тавьдаг. Энэ асуудлаа бид эхэлж шийдэх ёстой гэж бодож байгаа. Энэ асуудлаар Ардын намын хувьд бүр хурал дээрээ яриад шийдвэр гаргачихсан байгаа шүү дээ, дордуулсан долоон өөрчлөлтийг эргэж сэргээх хэрэгтэй гээд. Бусад намын хувьд ч үүн дээр шийдвэр гаргах боломжтой гэж бодож байна.

Ойрын үед барьж авч, Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа нэг зүйл бол Улс төрийн намын тухай хууль байгаа юм. Ер нь улс төрийн намын асуудал, санхүүжилтийн асуудал, улс төрийн сангийн асуудлыг бид шийдэхээс өөр аргагүй болж байна. Улс төрийн намд ер нь шинэчлэл хэрэгтэй юу гэж асуухад “хэрэгтэй” гэж 95 хувь нь хариулж байгаа юм билээ. Ихэнх санал асуулгад. Энэ асуудал ямар түвшинд хүрснийг энэ нь харуулж байгаа юм. Тэгээд улс төрийн намууд улс орны хөгжилд тус хүргэдэг, хөтөлдөг бүтэц байх ёстой. Энэ чиглэл рүү нь бид оруулах хэрэгтэй. Намуудын хувьд хариуцлагын асуудал аль аль талдаа байхгүй болчихсон, орох хаалга нь, орц нь хаагдчихсан байгаа. Тийм учраас гишүүнчлэл, хариуцлага, хөрөнгө, санхүүжилт нь ямар байх вэ? Энэ асуудлыг одоо бид ярилцах цаг болсон. Монголд улс төрийн нам байгуулаад олон жил болж байна. Олон намын системд шилжээд 25 жил болсон энэ сургамжаасаа харахад сайн хууль гаргаснаар бид улс төрийн орчноо цаашид эрүүлжүүлээд явах боломж байна гэж би харж байгаа.

Төрийн албаны тухай хуулийг Засгийн газраас санаачилж өргөн барих ёстой. Их удаж байгаа. Үүн  хууль дээр ажиллаж байгаа хүмүүсийг ойрын үед цуглуулж, ярилцъя гэж бодож байна. Төрийн албаныхны асуудлыг сонгуулиас өмнө нэг тийш болгож, эрүүлжүүлж, шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Үнэхээр чадахуйн зарчмаар ажилладаг, залгамж чанараа хадгалдаг, хариуцлагатай, мэргэжил, ёс зүйтэй төрийн албыг бий болгох чиглэлээр бид ажиллах хэрэгтэй болов уу.

“Хөгжлийн зорилт, хэрэгжилт, хяналт” гээд бид томьёолж яриад байгаа дараагийн нэг хууль бий. Намууд хийж байгаа зүйл нь хэр байгаа юм бол? Дахиад л нэг хэрэгждэггүй хууль болохвий дээ. Зарим нь өргөн барьсан хуулийн тухай сонсогдож байна. Хэрвээ тийм бол тодорхой санал өгье гэж бодож байгаа. Үнэхээр тэр зорилт нь сонгуульд өрсөлдөх намын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй уялдахгүй л бол ямар ч хэрэг байхгүй. Түүнд нь уялдуулсан, аудит үнэлгээ өгдөг байх ёстой. Хэрвээ уялдаагүй бол тэр намыг сонгуульд бүртгэж авдаггүй л байх хэрэгтэй. Засгийн газар байгуулахад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь заавал ордог байх ёстой. Оруулаагүй бол тэр Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог  байх нь зүйтэй. Тэгэхгүйгээр зүгээр хэдэн тоо тавьж оруулж ирээд мөрөөдлийн жагсаалт л болж үлдэнэ. Тийм учраас эхлээд хяналтынх нь механизмыг бий болгосон хуультай болгож байж оруулах байх гэж бодож байна.

Эцэст нь нэг зүйл хэлэх гэсэн юм. Ер нь дэлхий орчин, Монгол Улсын байгаа хүрээ цоо шинэ болж өөрчлөгдлөө. Үүнийг юугаар илэрхийлэх вэ гэвэл 1990 оноос өмнө нэг телевиз, нэг радиотой, зургаан сонинтой улс орныг удирдах шийдвэр гаргах өөр байсан. Одоо аймаг бүр, дүүрэг бүхэн шахуу олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй болчихсон. Нэг гаргаж байгаа мэдээлэл нь гучин мянгаар, гурван зуун мянгаар тардаг цоо шинэ нийгэм бий болчихлоо шүү дээ. Интернет гэдэг зүйл 1990 онд үүссэн. Фэйсбүүк 2004, твиттер 2006 онд үүссэн. Одоо хэдэн тэрбум хүний хэрэглээ болчихсон. Тэгэхээр гурван салбарт цоо шинэ хандлага хэрэгтэй болчихлоо.

Нэгдүгээрт, хүнийг хүн болгох чиглэлд бид онцгой анхаарах шаардлагатай. Одоо бидний хүүхдүүд юу хийгээд, мэдээллийн ямар орчинд ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа. 2007 оноос өмнө дэлхийн бүх түүхэнд Засгийн газрын хэмжээнд жилийн хугацаанд олж цуглуулдаг байсан мэдээллийг өнөөдөр захын сургуулийн сурагч хоёр хоногт багтаад олох боломж дэлхий дээр бий болсон байна. Энэ орчин, мэдээллийн энэ шинэ орчин дэлхийг бүрэн өөрчилчихлөө. Өмнө нь биеэрээ очиж хэл хүргэдэг байсан, сумын холбоон дээр очиж ганц утсаар ярьдаг, хажуу айлдаа орж утсаар ярьдаг байсан ойлголтууд өнөөдөр алга боллоо. Үүнийг мэдэхгүй нийгмийн бүхэл бүтэн шинэ үе босож ирж байна. Тэгэхээр хүнээ боловсруулах асуудал дээр бид онцгой анхаарах хэрэгтэй.

Хоёрдугаарт, улс төрийн систем, улс орноо удирдах үйл ажиллагаанд бид эргэлт гаргах хэрэгтэй. Үнэхээр энэ шинэ орчинд бид яаж ажиллах, яаж сонгууль өгөх юм бэ? Хуучнаараа хөтөлбөр гаргаад, дахиад хэдэн хүний нэр дэвшүүлээд, холимог байх уу, өөр байх уу гэж дахиад л ярих уу? Энэ дэлхий, энэ нийгэм, Монгол Улс өөрчлөгдчихсөн. Энэ өөрчлөлтөд нэг хүнд ногдох ДНБ хамаагүй болсон. Монгол Улсын далайд гарцгүй байдал хамаагүй болсон. Монгол Улсын цөөн хүн амтай байдал хамаагүй болсон. Энэ нь дэлхийн үзэгдэл болсон. Дэлхийн бүх улс орон өнөөдөр ийм сорилттой тулгарч байна.

Гуравдугаарт, Бизнес, эдийн засгийн хүрээнд ч гэсэн. Одоо нэг сайн зүйл хийж чадвал долоон тэрбум хүнд, наад зах нь нэг тэрбум, нэг сая хүнд хүргэж болохоор болсон. Нэг ам.долларын үнэтэй нэг зүйл хийснээ зараад тэрбумтан болохын тулд нэг тэрбум хүнд хүрч, түүнийгээ ойлгуулах гэж явдаг үе өнгөрсөн.

Одоо мэдээллийн технологийг ашиглаад, огт өөр түвшинд ажиллах боломжтой болчихлоо. Өөр түвшинд Монголд баялаг бүтээх боломжтой болчихлоо. Одоо нөхөд өө, хөгжлийнхөө асуудлыг жаахан өргөн харах хэрэгтэй. Жаахан шинээр харах хэрэгтэй. Хууль гаргах гэж байгаа шийдвэрүүдээ энэ дэлхийн шинэ дэг журамд зохицуулж,шинэ дэг журамд Монгол Улс цаашид яаж нийцэх вэ гэдгээ харах хэрэгтэй. Өөрсдөдөө гутрах, гомдох хэрэггүй. Энэ нөхцөлд, 20 жилийн хугацаанд ямар ч улс орон амжилттай нийгэм байгуулчхаагүй байна.

1990 оноос өмнө байсан хөдөлгөөн, янз бүрийн ардчилсан хөдөлгөөн, бослого, тэмцэл, ардчиллын төлөө тэмцлүүд бараг бүгдээрээ тодорхой хэмжээнд амжилтад хүрсэн. Харин 2000 оноос хойш гарсны ихэнх нь нуран унаж байна. Тэр 2000 оноос хойш гарсан бослого, тэмцлээр тэр этгээдүүд нэг хүнийг өөр нэг хүнээр, нэг намыг нөгөөгөөр, нэг дарангуйлагчийг нөгөөгөөр солих гээд байгаа юм. Ард түмэн нь өөрчлөгдсөн, дэлхий өөрчлөгдсөн, шинэ үе нь өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Одоо, өнөөдөр бид үүнийг мэдрэх цаг болсон. Ийм нөхцөлд бид яаж ажиллах юм бэ?

Өнөөдөр энэ асуудал яагаад их чухал болж байна вэ гэвэл бид олон нийтийн сүлжээний эрх чөлөөний асуудлаар тавдугаар сарын 4,5-нд Монгол Улсад сайд нарын түвшний их том хурал болох гэж байна. Дэлхий нийтийн анхаарлыг татсан,“Internet freedom, online freedom coalition” гэж нэрлэж байгаа энэ асуудлаарх, өөрөөр хэлбэл, Интернетийн эвслийн тэргүүн нь Монгол Улс. Ардчилсан улс орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байсан гэдэг шиг ийм том үйл ажиллагаа энд явж байгаа.

1990 оны долдугаар сарын 29-нд бид анх удаа ардчилсан сонгууль хийж байсан. Энэ жил 25 жилийн ой нь болох гэж байгаа. Хэдхэн сарын дараа боллоо. Долдугаар сарын 29, 30-нд Монголд анхны ардчилсан сонгууль хийсэн үйл ажиллагааг тэмдэглэнэ. Үүнийг бид яаж тэмдэглэх юм бэ, ямар ололт байгаа вэ, ямар дутагдал бий вэ, ямар орчинд бид амьдарч байгаа юм бэ? Өнөөдөр бид ололтоос гадна маш хүнд сорилтын дунд амьдарч байгаа. Энэ сорилтоо бид олон улсад ойлгуулах хэрэгтэй. Монголдоо юуг шинээр хийж байгаа, юун дээр болохгүй байгаа юм бэ гэдгээ ойлгуулах шаардлагатай болж ирж байна даа.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг өнөөдөр УИХ дээр яриад, Та бүхэн сонсоод сууж байгаа нь ч санамсаргүй зүйл биш ээ. Бид шинэ төр засгаа эмхлээд, есдүгээр сарын 13-нд анхны Бага Хурал хуралдаж байсан. 25 жилийн ой нь бас ирэх есдүгээр сард болно. Төр засгийн шинэ дэглэмд бид шилжээд 25 жил боллоо. Энэ хугацаанд юу болов гэдгээ ярилцах цаг одоо болжээ гэж би харж байгаа. Тэгэхээр ер нь энэ чиглэлд, ийм онцгой, сүүлийн хэдэн мянган жилийн түүхэнд өмнө нь байгаагүй нийгмийн ийм онцгой нөхцөл байдалд өнөөдөр хүн төрөлхтөн ч амьдарч байна, Монгол Улс ч амьдарч байна. Энэ асуудлаа бид ярилцах л хэрэгтэй.

Зүгээр л хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, ийм засаглал болохгүй байна, тийм засаглал бүтэхгүй байна, энэ гишүүн болохгүй байна, энэ нам болохгүй байна, одоо яадаг билээ гэж сууж болохгүй. Энэ бол нөгөө л гал зуухныхаа юмыг л ярьж байгаа хэрэг. Бид томоор харвал, явж байгаа үйл хэмжээний хүрээнд харвал үйл ажиллагаагаа өөрчлөх, шинэчлэх, сайжруулах олон ажил бидний өмнө хүлээгдэж байгаа шүү.

Үүний хүрээнд гарч байгаа сайн санал, санаачилга бүхнийг би дэмжиж ажиллана. Ямар нэгэн нам эвсэл, ямар нэгэн үзэл бодлыг би ялгаварлахгүй. Монгол л бол Монгол. Монголын эрх ашгийн төлөө сайн санаачилга гаргаж байгаа бол хамтарч ажиллахад би бэлэн байгаа шүү. Баярлалаа.

Үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын гишүүдэд сонсгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэм гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын дарга З.Энхболд: -Анх хурал эхлэхэд гишүүд бид Ерөнхий сайдын мэдээлэл сонсдог 25 минутын горимын нөгөө горимыг сонгосон учраас Ерөнхийлөгч урт хувилбараар тайлангаа уншлаа. Уг нь бол 25 минутын хувилбар байсан. Гишүүдийн олонх ерөнхий горим руу орсон учраас асуултын цаг бага байгааг анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: –Баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна гэсэн Үндсэн хуулийн заалтын цаана нэлээн том бодлого байгаа гэж ойлгодог. Бүхэлдээ парламент, Ерөнхийлөгчийн асуудал энд байдаг. Тайланг сонсгоно гэдэг асуудал нэлээн маргаантай явсан учраас тайланг хэлэлцэхгүй өдийг хүрсэн гэж би ойлгодог. УИХ-ын хуулиудад удаа дараагаар өөрчлөлт орсон. Тайлангаа сонсгох асуудал нь яваа яваандаа “тайланг сонсоно” гээд, Ерөнхийлөгч эрх хэмжээнийхээ хувьд хариуцлагаа ойлгож тавигдах ёстой асуудлыг УИХ шууд өөрийн үүрэг, хариуцлагын асуудал болгоод авчих байдлаар зүс нь нэлээн өөрчлөгдсөн. Би бол Үндсэн хуулийн уг агуулгаар нь явах ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. УИХ өндөр хэмжээний эрх мэдэлтэй юм уу, Ерөнхийлөгч эрх мэдэлтэй юм уу гэдэг байдлаар биш, тайланг сонсгоно гэдэг бол тайланг сонсоод Ерөнхийлөгчид үүрэг даалгавар, элдэв юм өгдөг ч асуудал биш, их онцлогтой юм. Нөгөө талаар энэ тайланг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд 7, 8, 9 дүгээр сард УИХ-д өгдөг. УИХ яваандаа хуульдаа өөрчлөлт оруулж, нэг сарын дотор хэлэлцэнэ гэдгээ дараачийн чуулган эхэлмэгц хэлэлцэнэ гэж өөрчлөхгүй бол энэ их зөрүүтэй явсаар ирсэн юм.

Ерөнхийлөгчийн тайланг бид сонслоо. Хуулийн үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн удаа дараа хийж байгаа мэдээлэл, ард иргэдэд хэлж байгаа үг зэргээс Ерөнхийлөгчийн бодлогыг Монгол Улсын иргэн, бид ч гэсэн ойлгож байгаа. Энэ талаар эргэлзэх зүйл алга. Монгол Улсын гадаад харилцааг идэвхжүүлэх, нэр хүндийг өргөх талаар Та үнэхээр чармайлт гаргаж ажилласан. Шинэлэг санаа олон гаргасан, олон сайхан хууль оруулж ирсэн, шинэлэг санаа дэвшүүлэн тавьж түүнийгээ эргэлтэд оруулах гэж ажиллаж байгаа. Энэ бүхнийг бид ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй, дээр нь УИХ-аас хавьгүй илүү нэг зүйл нь бол хориг тавих асуудал байдаг. Харин би үүнийг гайхдаг байсан. Үүнийг ажил гэж ойлгож байна гэдгээр хариултыг би авлаа. Би ингээд ганц хоёрхон асуудал тавья.

Намуудын нэр хүнд их уналаа, Ерөнхийлөгч өө. Монгол Улсын улс төрийн түшиг тулгуур болж байгаа намуудын талаар Та ямар байр суурьтай байна вэ? Намуудын өмчийг хураах биш, харин намуудыг өмчтэй хөрөнгөтэй болгож, компаниудын нөлөөллөөс гаргах замаар Монгол Улсын улс төрийн тогтвортой байдлыг хангая гэсэн бодолтой. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу.

Хоёрдугаарт, Та Таван толгойн асуудлаар яг ямар байр суурьтай байна вэ? Жаахан маргаан дэгдээд байх юм.

Монгол Улсын эдийн засаг нэлээн тогтворгүй байдалтай байгаад ямар байр суурьтай байгаа вэ гэсэн ийм гурван асуулт тавья.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Намуудын асуудлаар сая ерөнхийд нь ярьсан. Өнгөрсөн 25 жилийн явж ирсэн зам, сургамждаа үндэслээд бид Улс төрийн намын тухай хууль, санхүүжилт, цаашдаа улс төрийн сан гэж байвал ямар байдлаар байх вэ гэдэг чиглэл рүү орох хэрэгтэй болсон. Одоо бид энд шилжилт хүлээж суух хэрэггүй, яг л ардчилсан улс оронд улс төрийн намууд ямар байдалтай байх вэ, Монголд ямар онцлогтой байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Үүн дээр санаа оноо гарч байгаа. Намууд дээр тодорхой санаачилга байвал Тамгын газар дээр нэгтгэж авч ярилцъя гэж бодож байгаа. Мэдээж, хуулийн төслөө өргөн барихын өмнө сонирхсон нам, хүмүүст танилцуулах боломж гаргана. Гэхдээ бид ирэх сонгуулиас өмнө, дараагийн Засгийн газрын бүрэн эрх эхлэхээс өмнө бүрэн шийдвэл зүгээр байгаа юм.

Таван толгойтой холбогдсон асуудлаар би түрүүн хэлсэн. Нэгдүгээрт бодох ёстой юм бол Монгол Улсын Үндэсний эрх ашиг гэж юу юм бэ? Би хувьдаа тодорхойлж хэлэхдээ Монгол Улсын Үндэсний эрх ашиг гэдэг бол хөгжил юм. Энэ хөгжилд хувь нэмэр болох үйл ажиллагааг дэмжиж, үндэсний эрх ашиг дээрээ нэгдэнэ гэдэг бол хөгжлийн асуудал дээр нэгдэж ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Хоёрт нь, цагийн юмыг цагт нь хийхгүй бол бидэнд цаг хугацаа гэдэг нэг том өрсөлдөгч байгаа, бусад орон гэж том өрсөлдөгч байгаа. Цагийн юмыг цагт нь хийхгүй бол цаашаа илүү зардал гардаг гэж хэлэх хэрэгтэй. Хүмүүс миний хэлсэн юман дээр жаахан мушгисан байдалтай байна лээ. Гуравт нь хэлэх гэсэн юм бол УИХ асуудлыг хэлэлцэж чадна, чадахгүй гэсэндээ биш, УИХ, Засгийн газар, аж ахуй нэгжүүдэд өөрийнх нь хийх ёстой ажил байгаа. Аж ахуй нэгжийнхээ хүрээнд хоорондоо гэрээ хэлцэл хийгээд явчих боломжтой асуудал. Хөрөнгө оруулалтын хууль гээд гаргачихсан. Хөрөнгө оруулалтын хуулиар хэдэн төрлийн татвараа яаж тогтворжуулах юм бэ гэдэг асуудлаа л Засгийн газар яг хуулийнхаа дагуу шийдэхэд энэ асуудал бүрэн явах боломжтой, ийм л асуудал шүү дээ. Бид асуудлаа шийдчихээд өмнө нь хууль гаргаагүй юм шиг, ийм бүтэц байхгүй юм шиг харах хэрэггүй юм л гэж бодож байгаа.

Ер нь хэрүүл, талцал, сүйтгэл рүү ормооргүй байгаа юм. Монголчуудын хоорондоо талцаж байгаа, хэрэлдэж байгаа байдал бол Монголыг мохоох гэсэн тэр хэсгийнхний хувьд хүчилтөрөгч нь шүү дээ. Тийм учраас ийм юмыг бага гаргаж, нийлж нэгдэж, хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Та бүхэнд ганц жишээ хэлэхэд 30 сая тонн нүүрс жилдээ төмөр замаар зөөнө гэвэл өдөртөө 1400 вагон ачна, 1400 тэвш зурах гээд оролд, залхуу чинь хүрнэ, энэ бол зураг эвлүүлэхээс өөр асуудал. Тийм учраас үүнд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үнэхээр чухал асуудал. Түвшин түвшиндээ хуулийнхаа хүрээнд асуудлаа шийдсэн нь зөв болов уу л гэж бодож байна.

Эдийн засагтай холбоотой асуудлаар би түрүүн байр сууриа илэрхийлсэн. Бид бүтээж байгаа, хийж байгаа улсуудаа дэмжинэ. Хамгийн гол нь Засгийн газартай ч бас ярьж байгаа. Шинээр үйлдвэрлэл эхлээд, бусдын зах зээлд, гадаад түвшинд зарж чадах үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг монгол хүн, монгол аж ахуйн нэгж хийж байгаа бол хамгийн түрүүнд дэмжих хэрэгтэй. Том том орнууд эдийн засгийн хямралд орчхоод эхлээд шинэ аж ахуй нэгж, шинэ санаачилгууд, шинэ технологийн чиглэлийн start-up гэж нэрлээд байгаа бизнесүүдээ хамгийн түрүүнд дэмжсэн. Энэ бол Монголд адилхан л гарах гэж оролдвол нэг гарц нь юм шүү. Үүн дээр ойрын үед онцгой ажлуудыг хийх хэрэгтэй.

Сая эдийн засгийн чуулга уулзалтын үеэр би хийх шаардлагатай хэд хэдэн зүйлүүдийг хэлсэн. Хөрөнгийн биржийн асуудал, хөрөнгөө хувьцаа болгож олон нийтэд хүргэх асуудлаа маш хурдан шийдэх хэрэгтэй. Монгол хүнд ногдох газар хамгийн их, үүгээрээ л бид онцлогтой орон. Энэ газраа Монгол Улсын иргэн яаж баялаг болгох вэ гэдэг асуудлыг нэн түрүүн оруулаад шийдчихмээр байгаа юм. Гадаадын хүн түрээслүүлэх асуудлаа тусдаа хуулиар шийднэ гэх зэргээр. Үнэхээр шийдэх юм бол маш том асуудлыг шийдэж чадна. Энэ шийдвэрийг хурдан гаргачхаасай гэж бодож байгаа.

Дээрээс нь цахилгаан станцууд эрчим хүчний дутагдалд орох гэж байгаа. Энэ хүндрэлээ хурдан шийдэх, төмөр зам, дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой бүтээн байгуулалтуудаа хурдан хөдөлгөх, өөрийн гэсэн шатахуунтай болох чиглэлдээ хурдан хурдан алхмууд хийх хэрэгтэй. Энэ чиглэлээр өнгөрсөн бүтэн сайнд Ерөнхий сайд маш тодорхой ард түмэндээ хандаж хэлсэн. Ерөнхий сайдын хэлсэн санаануудтай би санал нэг байгаа. Энэ ажлыг бид Ерөнхий сайдтайгаа хамтраад, Засгийн газартайгаа хамтраад богино хугацаанд хурдтай, эрхийг нь хууль боломжоор нь хангаад хяналтаа тавиад хийх л хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: –Ерөнхийлөгчийн тайлан, хийсэн ажлыг анх удаа танхим дотор сонсож байна. Танхимд сонсох уу, яах ёстой вэ гэдгээр 20 гаруй жил маргаж ирсэн. Өнөөдөр өөрөө сонсгоё гэж байгаа бол сонсож, гишүүд асуулт асуудаг зүйлийг бий болголоо. Тэгэхдээ энэ нь яг тогтчихож байгаа асуудал мөн үү, биш үү гэдэгт би эргэлзэж байна. Тайлан нэгэнт тавьсан учраас би энэ асуудлаар ганц нэг үг хэлэхгүй бол болохгүй байх. Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг би чамлахааргүй, давуулан биелүүлжээ гэж ойлгогдож байна.

Гэхдээ өнөөдөр ганц зарчмын юм ярья. Манайх бол парламентын засаглалтай улс гэж бид ярьдаг. 2003 онд Германд онолын семинар болоод Германы болон бусад улсын энэ чиглэлийн эрдэмтэд цугласан. Би Үндсэн хуулиа англи эхээр тарааж өгөөд асуусан. “Манайх парламентын засаглалтай юм шиг, Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг ойлголт хүмүүсийн дунд, гадаадынхны ч дунд яваад байх юм. Та нар үүн дээр онолын хувьд хэлж өгөөч” гэсэн. Үзээд “Яах аргагүй парламентын засаглалтай улс байна. Төрийн эрх барих дээд байгууллага гээд заачихсан заалт бол чухал заалт байна” гэж хэлсэн. Сүүлийн үед нэг хэсэг нь энэ заалтыг авч хаяя гээд байгаа юм. Жаахан шийдэж чадахгүй асуудлаа болохоор тусгай бүрэн эрх гэж овоолсоор байгаад таарсан байна.

Та хөгжлийг л онцоллоо. Хөгжил нь засаглалтайгаа холбоотой. Засаг нь хөгжилдөө саад болохгүй байхын тулд яах ёстой вэ гэдэг таны байр суурь хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон түүний кабинетыг арай жаахан хүчтэй болгох, кабинетаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлдэг болгох, Боннын системээр Ерөнхийлөгч бол юм юм руу ороод байдаггүй, ер нь бол төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утга дээрээ илүү очвол яасан юм бэ гэдэг асуудал тавигдаад байгаа юм. Ерөнхийлөгч бол нам болон намуудын хамтарч нэр дэвшүүлсэн хүнийг парламентад дэмжих эсэхээ шийднэ, нэг ёсондоо сонгоно, тодруулна. Тэрийг нь Ерөнхийлөгч батламжилдаг, Ерөнхий сайд нь бол кабинетаа өөрөө бүрдүүлдэг, томилох огцруулах асуудал нь бол парламентаар дамжаад Ерөнхийлөгчдөө байдаг, Ерөнхийлөгч юм юм руу ордоггүй ийм систем рүү явж болох уу, үгүй юу гэдэг нэг асуудал байгаа юм.

Хоёр дахь нь шүүхийн талаар бид маш том ахиц гаргасан. Энд та бүхний хүчин зүтгэл маш их байгаа. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч шүүх засаглалын тэргүүн гэж ойлгочхоод байна. Энэ ойлголтын буруу хазгай, далд гар гэж юм байна уу, үгүй юу. Ийм ойлголтын зөрүү байна. Та өөрөө мэдэхгүй байж байтал таны нэрийг барьдаг юм уу ийм ойлголт гараад байх юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Үүнд товчхон хариулъя. Хөгжил Монголд чухал, хөгжилтэй холбоотой эдийн засаг, нийгмийн асуудал Засгийн газрын хариуцах хүрээнд явдаг. Бид нэг ордонд байгаа улсууд ойлголцоод үе үеийн Засгийн газартай хамт яваад байгаа юм. Миний хувьд ирэх хугацаанд төрийг хариуцлагатай болгох, саяын хэлсэн таван чиглэлээр гол үйл ажиллагаагаа анхаарч ажиллая. Үнэхээр Засгийн газраас хийх шаардлагатай ажил байвал Ерөнхий сайд, Засгийн газартаа хэлж уламжилж, тэгээд Аюулгүйн зөвлөлийн хүрээнд дэмжих шаардлагатай ажил байвал дэмжиж иймэрхүү л байдалтай явъя. Засгийн газар, улс төрийн намуудаас оруулаад ирэхэд хүндрэлтэй, зөвшилцөлд орж чадахгүй байгаа, зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн зүгээс оруулаад ирэх боломжтой ийм асуудалд орох нь зөв юм гэж нэг харагдаж байгаа. Өнгөрсөн хугацааны байдлаас харахад Монгол Улс өөрийн түүхэн уламжлал, төрийн тэргүүн, Ерөнхийлөгч гэсэн энэ хүн нь хамаг юм шийддэг юм шиг, оролцож байх ёстой юм шиг иргэдийн зүгээс гардаг хандлага байгаа. Үүнийг бид яаж уялдуулж явах вэ?

Тэнд шууд аваад шийдчих ажилтан, яам, тамгын газар байсаар байтал хамаг л болохгүй, хүндрэлтэй юмаа Ерөнхийлөгч сонссон болов уу, энэ асуудалд Ерөнхийлөгч анхаарлаа хандуулдаггүй юм болов уу гэж хандах хандлага, төрдөө итгэж ирсэн, шийдэхэд нь Төрийн тэргүүн нь оролцдог юм шиг ойлголт байх шиг байгаа юм. Би бодохдоо Үндсэн хуулиа өөрчилнө, засаглалынхаа асуудлаа ярина гэхээс урьдаар жижигхэн асуудлаа УИХ ярьчихмаар байгаа юм. Дэгийн хуульдаа өөрчлөлт оруулчхаж болж байгаа юм. Их Хурлын гишүүн бүрийн өмнө микрофон байгаад байх ямар ч шаардлагагүй. Яг бусад орны парламентад байдаг шиг гишүүн индэр дээрээс үгээ хэлдэг, тухайн асуудлаар намын бүлэг дээр ярилцаад, намын бүлгээ төлөөлөөд нэг л хүн хэлдэг, өөр хүн байр сууриа илэрхийлэхээр бол тэр хүн нь хэлдэг, ийм дэгдээ ороод явахад маш олон асуудал цэгцэрнэ. Бүлэг бүлэг дээрээ асуудлаа яриад явдаг, асуудлаараа бүлэг илтгэгчээ томилдог иймэрхүү байдал руу орж болно.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар байж болохгүй гээд байгаа. Жагсаалтаар орсон гишүүдээс энэ асуудлыг шийдэж болохоор гарц байна гэж намууд ярьж байгаа. Ингэж болно. Нөгөө талаас нь Их Хуралд байдаг тухайн асуудал хариуцсан төлөөлөл, парламентын нарийн бичгийн дарга гэж ярьдаг, тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнээр шийдчих юм бол аппарат, ямар нэгэн мөнгө цалингүйгээр, боловсрол, соёл, шинжлэх ухааныхаа асуудлыг энэ хүн Их Хуралдаа хариуцдаг, хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлдэг иймэрхүү байдлаар боловсронгуй болгоод явчих ажил маш их байгаа.

Шүүх засаглалын хувьд хуулиа л барьж ажиллах ёстой. Хуулиа бариад зөв асуудлыг сайн шийдэж яваа бол дэмжих хэрэгтэй. Шүүмжилмээр буруу, хууль зөрчсөн асуудал байгаа бол парламент бүрэн эрхийнхээ хүрээнд Сонсголын хуулиа баталчих хэрэгтэй. Тэгвэл хуулиараа дамжуулаад олон нийтийн өмнө нээлттэйгээр ямар ч асуудлыг сонсох, шийдвэр гаргах, шийдвэр гаргагчид хандаж хариуцлага тооцох тодорхой шийдлүүдийг гаргаад явах боломжтой.

Манайд хамгийн их дутаж байгаа юм бол хариуцлагын механизм. Хариуцлагыг биежүүлье гэж бодоод байгаа. Хуульдаа бичээд харах хэрэгтэй. Тэгэх юм бол ёс зүйн хариуцлага, улс төрийн хариуцлага, албан тушаалтнууд өөрсдөө хүлээгээд явчихдаг хариуцлага, хэрэв тэгэх юм бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгддөг жишгүүд байна. Олон боломжийг гаргаж өгч, үүнийг амилуулах хэрэгтэй. Үүнийг УИХ-аас эхлүүлж чадах юм бол Монголын төрд итгэх ард иргэдийн итгэл нэмэгдэнэ. Хариуцлага нь өөрөө эргээд төр засаг, ардчилсан нийгмийнхээ үйл ажиллагаа, зорилгыг утгатай болгож өгөх юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: –Баярлалаа. Ерөнхийлөгчийн тайланг сонслоо. Хаврын чуулганаар хэлэлцэх Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тал дээр Та ямар бодолтой байна вэ? Өнгөрсөн жилийн хаврын чуулганаар бид ерөнхийдөө Х.Тэмүжин сайд, “давхар дээл”, “Эзэн 100”-гийн асуудал гэсэн гурван асуудал дээр хамаг цагаа барсан. Давхар дээлийн асуудал дээр Таны оруулж ирсэн хууль батлагдаагүй. УИХ-ын шийдвэрт та яагаад хориг тавиагүй вэ? Баялаг бүтээгч, бизнесийн салбарыг дэмжих таны уриалгыг хүмүүс маш сайхан хүлээж авч байна. Үүн дээр хууль хүчний байгууллагаас маш их дарамт ирдгийг яаж зохицуулах ёстой вэ? Баярлалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Үндсэн хуулийн өнгөрсөн 23 жилд үйлчилж ирсэн үйлчлэлийг дүгнэх цаг болсон. Гарч ажиллаж байгаа ажлын хэсэг ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаа нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй. Би ч сонсоогүй явж байгаа. Нөгөө талаар өмнөх дордуулсан гэдэг долоон өөрчлөлт дээрээ бид нэгдмэл байр суурьтай болох хэрэгтэй. Хоригийн хувьд батлагдаагүй хууль дээр, мөн Их Хурлын шийдвэрт хориг тавьдаггүй. Хуулийн байгууллагатай холбоотой асуудал бол давхардаж гарч ирж байна. Нэг үеэ бодвол хуулийн байгууллагууд нэг нэгдээ хяналт тавьдаг, хариуцлагатай байх чиглэл рүү орж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль, Мөрдөх албаны хууль гээд хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиуд гараагүй байна. Ийм учраас шүүмжлэл гарах л болно. Энэ хуулиуддаа бид сайн шийдэл олж чадах юм бол хуулиар энэ асуудал шийдэгдэх боломжтой. Гэхдээ хэрэгжилтэд бид үргэлж анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: –Ерөнхийлөгчийн тайланг сонслоо. Дэмжиж байгаа зүйл бий. Архины эсрэг санаачилга, гадаад бодлогын талаар гаргаж байгаа санаачилга гэх мэтээр. Миний хамгийн их сонирхож байгаа зүйл бол таны сонгогдох үедээ хэлдэг байсан хэдэн сайхан үг. “Шударга л байцгаая, Ам ажлын нэгдлийг хангая, Баялаг бүтээгчдээ хайрлая, Дарга нарын засаглалыг халъя” гэх мэтээр. Яг энэ ам, ажлын нэгдэл хэр хангагдсан  бэ Ерөнхийлөгч өө. Жишээлэх юм бол та “Давхар дээл” гэж яриад байгаа юм. Энэ буруу л томьёолол байгаа юм. Давхар хаших юм бол дандаа эсэргүүцэж байна гэж та хэлж л байсан. Тэгсэн хэр нь энэ дотор сууж байгаа хүмүүсээс Засгийн газрын гишүүнээр томилоод, хууль, тогтоол батлаад явуулахад хориг тавих нь уу, үгүй юу гэж хараад л байсан. Үнэхээр хүсэж байсан хүн юм уу гэж хараад байхад та хориг тавихгүй л байна лээ. Батлагдаагүй хууль гэж сая цаана нь өөр юм яриад явчихлаа. Эндээс би харж байгаа. Та энэ төрийн мэргэжсэн албыг халж болохгүй, энэ бол тогтвортой ажиллах ёстой. Том төрөөс ухаалаг төр лүү гэдэгтээ ч хэлж л байсан.

Гэвч намаар ялгаварлаад, үзэл бодлоор нь ялгаварлаад халаад байсан. Одоо ч халж л байгаа байх. Энэ дээр таныг дуугарах нь уу гэж би харж л байсан. Дуугарахгүй л байсан. Ам, ажлын нэгдэл хэр хангагдсан бэ. Танаас шалтгаалсан уу, эсвэл шалтгаалахгүй байсан уу. Эсвэл олонх битгий хориг тавиарай гээд шахаад байсан уу. Үүнийг би асуух гэсэн юм.

Хоёр дахь асуулт нь сая та эв нэгдлийн тухай ярилаа. Энэ их зөв асуудал байгаа юм. Гэхдээ саяхан харж байхад Төрийн гурван өндөрлөг Таван толгойн асуудлаар хоорондоо ойлгомжгүй л байлаа шүү дээ. ҮАБЗ гэж зөвхөн та гурав орсон том байгууллага байгаа шүү дээ. Тэнд Таван толгойн асуудлаа ярьж болохгүй байсан юм уу. Та УИХ-аар асуудал хэлэлцүүлэхээр улам мууддаг гээд хэлчихсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д оруулахгүй гэсэн. Гэтэл УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр “Та нар яасан том улс вэ” гээд дэлхий даяар ярьчихсан. Одоо үүнийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна. Яаж ч хэлэлцсэн энэ бол хэл ам дагуулна. Тэгээд сонгууль залгана. Ам, ажлын нэгдлээ эндээс эхлэхгүй юм уу.

Гуравдугаарт, гадаадынханд уучлал үзүүллээ. Би үүнийг Ерөнхийлөгчийн бүрэн эрх гэж ойлгож байгаа. Гэхдээ уучлал үзүүлсний дараа юу болохыг харж байсан. 35 тэрбум төгрөг төлөгдөх юм байна. Давж заалдахгүй юм байна гэж ойлгосон. Та Каплаг гаргасан. Нутаг руугаа буцсан. Давж заалдсан. 35 тэрбумыг төлөхгүй гэсэн. Одоо хэн төлөх вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй гэдэг хуулийг л УИХ батлах ёстой. Түүнийг батлаагүй нөхцөлд Үндсэн хуулиар энэ асуудал нээлттэй гээд оруулж ирээд байгаа шүү дээ. Ерөнхий сайд улс төрийн хувьд Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүнтэй давхардуулахгүйгээр  оруулж ирэх боломжтой. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар оруулж ирэх нь хуулиар нээлттэй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй гэдэг хуулийг л УИХ баталж өгөх ёстой байсан. Хууль батлагдчихвал давхар томилгоон дээр хориг тавьж болно. Бид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Монгол Улсын хөгжлийн зорилт гэсэн 2 асуудлыг багцаар нь шийдье гэж тохирсон шүү дээ. Хөгжлийнхөө чиглэлийг 20 жилээр гаргая. Үндсэн бүтэц, бүрэлдэхүүнээ ойрын 10-20 жилдээ хөдөлгөхгүй хуульдаа хийж баталж авъя гэсэн. Ийм ойлголт намуудын дунд бий болсон. Одоо үүнийгээ хуульчлаад, биежүүлээд оруулж ирээд шийдэх хэрэгтэй байгаа юм.

Таван толгойтой холбоотой асуудлаар жилийн өмнө Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад ямар байдлаар энэ асуудлыг шийдэх вэ гэж ярьсан. Асуудлыг 5-6 жил шийдэж чадахгүй ирлээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын дунд тендер зарлаад явлаа, дүгнэлээ. Бас тэдний зүгээс гомдол гараад нийлж нэгдэж чадахгүй байна. Гаднынхан толгой нь болоод аваад явах боломжгүй юм байна. Тэгвэл дотоодын аж ахуйн нэгж байвал яасан юм бэ. Төрийн өмчтэй аж ахуйн нэгж байвал идэж уудаг, хяналтын зүйл нь байхгүй байна. Дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцоод, дээр нь сонирхож байгаа компаниуд ороод явбал яасан юм бэ гэсэн. Ингээд дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, дээрээс нь гол нүүрс авдаг хөрш улс, дээрээс нь манай гурав дахь хөрш гэгддэг Япон улс гаргаж байгаа нүүрсний 30 хувийг авах нөхцөлтэйгөөр яриад байх шиг байгаа юм. Үүнийг та бүхэн нэгэнт УИХ дээр ярина гэсэн учраас яриад, цаг алдалгүй явуулах хэрэгтэй. Нэг их олон хуудас гэрээ, хэлцэл хийгээд, Засгийн газар өмнүүр нь гүйж ороод байх шаардлагагүй.

Бид үүн дээр нэгдмэл байр суурьтай байгаа. УИХ-ын даргаас асуусан ч ийм, Ерөнхий сайд ч ийм байгаа. Тэндээ ярьж байгаад, хуульдаа, хөрөнгө оруулалтын гэрээндээ  заасан асуудлаа тогтворжуулаад, аж ахуйн нэгжүүдийн хооронд асуудлыг ярья. Хөрөнгө оруулагчид Засгийн газарт хандаж асуудал тавьдаг юм бол эрх хэмжээ нь хүрэхгүй бол УИХ-д оруулж ирж ярьж болно. Өмнө нь ч гэсэн төрийн өмчийн “Тавантолгой” гаднын компани ажиллуулахдаа хоёр  аж ахуйн нэгж хоорондоо гэрээгээ хийгээд л явчихсан. Аж ахуйн нэгжүүд хоорондоо шийдэх асуудал байна. Засгийн газрын түвшинд шийдэх асуудал байна. УИХ-ын түвшинд шийдэх асуудал байна шүү дээ. Түвшин түвшиндээ л асуудлаа шийдээд явъя. Энэ асуудлаар хамгийн сүүлд ҮАБЗ-ийн 5 зүйлтэй нээлттэй зөвлөмж гарсан. Түүнийг олж харж болно. Түүн дээр ҮАБЗ-ийн гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа.

Тэр 35 тэрбум төгрөгийг сургуулийн хүүхэд ч ойлгохоор болсон. Капла нарын хүмүүс шүүхэд давж заалдаагүй. Ялаа хүлээн зөвшөөрөөд уучлал гуйсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа, давж заалдах хугацаа гэж байдаг. Тэр давж заалдах хугацаа нь өнгөрөөд шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Ялтан уучлал гуйсан. Ялыг нь уучилсан. Түүнээс биш аж ахуйн нэгж дээр тавьсан 35 тэрбум төгрөгийг уучилсан тухай асуудал байхгүй. Аж ахуйн нэгж нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давсан. Шүүхээс 35 тэрбум төгрөгийг төлүүлнэ гэсэн шийдвэр гарсан. Энэ бол давж заалдах шатны шүүхийн эцсийн шийдвэр. Одоо асуудал байгаа бол Дээд шүүхэд нэг гаргаж ярина. Шүүх ингэж л явдаг хуультай, үүгээрээ явж байгаа. Энд ямар нэг хуулийн зөрчил байхгүй. Ойлголтын зөрчил л байгаа байх.

Гишүүн З.Баянсэлэнгэ: -Би энд бодит үнэний талаар хэлье гэж бодож байна. Хэн нэгэнд таалагдах үг хэллэг нэг ч хэлэхгүй. Ард түмэн асуугаарай гэсэн юм. Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг жингийн туухай дээр тавих юм бол цагаанаасаа хар нь илүү байна гэж тэд үзэж, шүүмжилж байна. Нэгд, төрийн одон, шагнал үнэгүйджээ. Хэт хавтгайрчээ. Нэг аймаг, нэг сумын ой болоход тэнд бидэнд олддоггүй шагнал, төрийн одон, тэмдгүүд багц багцаараа тараагдаж байна. Ямар шугамаар, яаж аваад байдаг нь ойлгомжгүй. Хүрэх ёстой эзэндээ хүрч байна уу, үгүй юү гэдэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Хоёрт, Ерөнхийлөгчийн сонгуулийг та хэр шударга явсан гэж үзэж байгаа вэ? 2009 оны сонгуульд Ерөнхий сайд асан С.Баяртай хуйвалдаж гарсан. 2013 оны сонгуульд өрсөлдөгчөө байхгүй болгож, Н.Удвал сайдыг нэр дэвшүүлэхийг захиалж гарсан. Энэ сонгуулийг та хуулийн дагуу явсан, шударга ёсонд нийцсэн  гэж үзэж байна уу?

Гуравт, Уучлал үзүүлэхдээ та ард түмэн, улс орны эрх ашгийг хэр харж байна вэ? Иргэд ярьж байна. Хүний амь нас бүрэлгэсэн хүнийг гаргаад дахиад хүн алчихлаа гэж байна. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэчхээд өнөөдөр улсад өчнөөн хэмжээний хохирол учруулсан хүмүүсийн шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад уучлал үзүүллээ гэж ярьж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ц.Нямдорж гишүүн захиалж, орж ирж ярьдаг гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Энэ хэлмэгдүүлэлт зогсох болоогүй юу? Одоо хэнийг хэний захиалгаар хэлмэгдүүлэх гэж байна вэ? Ялангуяа төрийн 3 өндөрлөг нэг намаас сонгогдсон энэ үед, олонх болж Засгийн газраа байгуулсан энэ үед хүний өөрийнгүй нийлж барьж хорьж байгаа асуудлыг та шударга ёсонд нийцэж байгаа гэж үзэж байна уу?

Дөрөвт, Үндсэн хууль,Ерөнхийлөгчийн тухай хуульд та бол Төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч. Өнөөдөр эв нэгдэлтэй байя гэж та ярьж байна. Бодит амьдрал дээр эв нэгдэл алга. Хууль, хүчний байгууллагуудыг ашиглаж, сүр хүчээр далайлгаж өрсөлдөгчгүй болсон. Нам дотроо төдийгүй, намуудыг хооронд нь хагалан бутаргаж байна. Энэ таны өргөсөн тангарагт нийцэж байна уу? Нэгийг нь хуйвалдаж унагаад, нөгөөг нь даргаар тавьж байна. Их эвслийн Засгийн газар биш, шийдлийн Засгийн газар биш, Ц.Элбэгдоржийн Засгийн газар гэж ард түмэн нэрлэж байна. Үүнийг шударга ёсонд нийцэж байна гэж үзэж байна уу?

Тавд, Би байгаа цагтаа Ноён уулыг ухуулахгүй гэж та хэлсэн. Одоо ухуулах гээд сууж байгаагаа шударга ёсонд нийцэж байна гэж үзэж байна уу?

Зургаа. Эдийн засгийн форум дээр та баялаг бүтээгчид гутал оёод интернетээр зараад болж байна гэсэн. Ийм амьдралгүй юм ярьж болохгүй ээ, Ерөнхийлөгч өө.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Төрийн шагналд өөрчлөлт хийе гэж байгаа.Намуудаас төлөөлөл орсон.З.Баянсэлэнгэ гишүүн өөрөө орсон. Дэмжсэн гэж ойлгосон. Төрийн шагналд ямар өөрчлөлт хийх вэ гэсэн саналаа УИХ-д өргөн барина. Бид нийгмээ, улс төрийн системээ өөрчилж байх үедээ энэ өөрчлөлтийг давхар хамт шийдсэн бол боломжтой, зөв жишиг тогтоод явах байсан. Энэ асуудал үлдчихсэн учраас хүндрэлтэй, шүүмжлэлтэй зүйлүүд байдаг. Түүнийг хүлээж авах боломжтой. Хэрэв нэр,устай  тодорхой шүүмжлэл байх юм бол Тамгын газарт, ажил хариуцсан хүмүүст хандаад тавихад авч үзэх боломжтой. Шагнал дээр маргаантай, хүндрэлтэй асуудлууд бий. Хүнээр нэрлэсэн одон байх уу, үгүй юү. Чингис хааныхаа одонг л хадгалъя ч гэдэг юм уу, иймэрхүү асуудлууд бий. Тийм учраас УИХ дээр ярина. Хэрэв УИХ-д төрийн шагналд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барих юм бол шийдтэл нь шагналыг олгох дээр харзнах нь зүйтэй. Мэдээж зайлшгүй олгодог Төрийн шагнал, Чингис хааны одон, бусад шийдвэртэй шагналуудаа олгоод бусад дээр нь түдгэлзэж болохоор байгаа. УИХ түргэн шийдээд өгвөл бид нар шинэ системд шилжүүлэх боломж байгаа.

Ерөнхийлөгчийн сонгууль ямар явсныг шийддэг, дүгнэлтээ гаргадаг, олон нийтэд мэдээлдэг байгууллага нь тусдаа. Түүнээс биш Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, өрсөлдсөн улсууд энэ тухай ярьдаг зүйл биш. Ийм байдлаар бид хуулиа хийгээд, хэрэгжүүлээд явж байгаа.

Шүүхийн эцсийн шийдвэр заавал Дээд шүүх дээр очиж гардаг юм биш. Шүүхийн анхан шатны шийдвэрийг давж заалдаагүй бол тэр эцсийн шийдвэр. Шүүхийн давж заалдах шатны шийдвэрийг давж заалдаагүй бол тэр эцсийн шийдвэр. Тэр давж заалдах хугацаа нь өнгөрсөн бол тэр эцсийн шийдвэр.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал асуугаад байх шиг байна. Тэр хүн уучлалаа үзээд, нутагтаа ирж очоод явж байгаа. Чөлөөтэй ирж очоод яваасай гэж бодож байгаа. Энхтуяа, Хуяг гээд хоёр хүн гараад явсан гээд манай цагдаагийн байгууллагынхан яриад байдаг юм. Үнэхээр ямар нэг асуудал байхгүй бол тэр хүмүүс дэлхий орчлонгоор энд тэнд нуугдаж зугтаад явах ямар ч шаардлага байхгүй. Гадна дотно байгаа, зарцуулж байгаа хөрөнгө мөнгө, асуудал байна. Шалгах хэрэгтэй гэсэн байдаг юм. Тиймэрхүү юм байгаа бол түүнийгээ оруулаад ирэх л хэрэгтэй. Тэр хүнтэй хөөцөлдөөд байгаа юм байхгүй. Зүгээр хэргийг нь тусгаарлачихсан. Шалгах шаардлагатай. Ийш тийш зугтаад явчихсан, орж ирэхгүй байгаа, тийм улсуудын асуудал бий байх. Шаардлагатай бол хэрэг дээр нь хяналт тавьж байгаа прокурорын байгууллага, прокуророос мэдээлэл авч болдог. Энэ зүйлийг хэлье.

Ноён уултай холбоотой асуудлаар би нэг байр суурьтай л байгаа. Орон нутгийнхантай нь очиж ярь. Байгаль орчинд хор хохиролтой үйл ажиллагаа явуулж болохгүй. Өвөг дээдсийн булш, бунхан байгаа тэр газрыг хамгаалаад, тэр булш, бунхныг нээж илрүүлэх, олны хүртээл болгох дээр нь тухайн аж ахуйн нэгж нь эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ийм л байр суурьтай байгаа. Ноён уулын булш, бунхнаас 100 жилийн өмнө гарсан зүйл Монголд ч байдаггүй. Ордны гадаа хоол унд идэхгүй гэж явж байхаар Эрмитажийн хажууд очиж түүнийг нэхвэл арай ойрхон очих байх. Бусад үлдсэн тийм зүйл байгаа бол тэр аж ахуйн нэгж нь төлбөр, мөнгийг нь төлөөд, гаргаж ирээд, олны хүртээл болгоод явахад аж ахуйн нэгжийнх нь зүгээс тусалж дэмжих шаардлагатай гэсэн бодол байдаг. Түүнийг хайрлаж хамгаалж, хилийг нь тогтоох хэрэгтэй. Олон нийтийн хяналтыг явуулах хэрэгтэй л гэж бодож байгаа. Баярлалаа.

Гишүүн Л.Эрдэнэчимэг: -Гишүүдийн Таван толгойн талаарх асуултад та нэлээн хариуллаа. Хамгийн гол нь Хөрөнгө оруулалтын хууль батлагдсан учраас хуулиа дагаад шийдвэрлэх ёстой гэж та хариулж байна.Миний хувьд Таван толгойн асуудал бол жирийн нэг хөрөнгө оруулалтын асуудал биш юм гэж боддог.Учир нь Монголын гурван сая иргэн хувьцааг нь эзэмшдэг цорын ганц компани, цорын ганц баялаг бол “Тавантолгой” юм.Цаашид Монголын гурван сая иргэнд ийм хувьцаа олдох ч юм уу үгүй ч юм уу.Тиймээс бид үүнийг арай өөрөөр харах ёстой.Хувьцаа эзэмшигч гэдэг нь компанийн эзэн гэсэн үг шүү дээ.“Эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” гэж бид ярьдаг.Тэгээд ер нь эзэн хүн нь хэнээр юмаа мануулах вэ, хэнээр юмаа үржүүлэх вэ гэдгээ шийдэх ёстой байх.Та саяхан хэлсэн үгэндээ ганц нэгээрээ Монголын асуудлыг шийднэ гэж байхгүй гэж хэлсэн.Гэтэл Монголын гурван сая хүний хөрөнгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан гэж хүн ганцаараа шийдээд явж байна.

Энэ гэрээнд Таван толгойг 30 жилээр олгож, 30 жилээр сунгах, өөрөөр хэлбэл 60 жилээр олгохоор заасан байгаа. Мөн гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч Шинхуа компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээж байна гэж заасан байна.Би Монгол Улсын иргэн, энэ “Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшигчийнхээ хувьд ийм заалттай гэрээ надад таалагдахгүй байна.Би өөрийнхөө энэ хөрөнгийг 60 жилээр өгмөөргүй л байна. Миний сонгогч Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд амьдарч байгаа Дулмаа эмээд ч гэсэн хөрөнгө эзэмшигчийнхээ хувьд ийм заалттай гэрээ таалагдахгүй байх гэж би бодож байгаа.

Чуулганы нээлтэд УИХ-ын дарга хэлэхдээ “Би өнөө өглөө гэрээг нэхэж авлаа.УИХ-ын гишүүдэд гэрээг тараасан байгаа” гэж хэлсэн.Тэгээд бидэнд ирүүлсэн гэрээ нь яг гарын үсэг зурах ёстой тэр гэрээ нь бас биш байсан.Одоо хэн ч үзээгүй гэрээнд гарын үсэг зурах нь ээ.Гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд Шинхуагийн олох байсан ашгийг төлнө гэж заасан байна.Одоо энэ гурван сая хүний эрх ашгийг хамгаалах ёстой Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өнөөдрийн ийм заалттай гэрээг та дэмжиж байна уу?Хоёрт, ҮАБЗ-ийн үзэл баримтлалд нэг улсын хөрөнгө оруулалт нь нийтхөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байна гэсэн заалт байгаа шүү дээ.ҮАБЗ-д байдаг хүнийхээ хувьд энэ хуулийн заалтыг зөрчиж байна гэж та үзэж байна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ер нь асуудлаа шийдэх түвшинд нь яриад явбал хэрэгтэй. Таван толгойн асуудал улс төрчдийн амны зугаа, хуваагдаж ярьдаг ярианы сэдэв битгий болгочхоосой л гэж бодож байна.ҮАБЗ-д бид яриад тэр 1072 хувьцааны асуудлыг маш тодорхой шийдсэн. Энэ хувьцааг мөнгөжүүлэхтэй холбоотой асуудлыг Засгийн газар тусад нь оруулж, УИХ-аар тусад нь ярилцах юм. Энэ нь хууль дүрэм, тогтоолтой.үүнийг манай гишүүд маш сайн мэдэж баймаар юм. ҮАБЗ-өөс хамгийн сүүлд гарсан зөвлөмжид бид бүр тусад нь зааж өгсөн байгаа.

Гэрээний төслүүдээ оруулж ирж ярилцъя гэж байгаа юм байна лээ. Тэр үед эрхэм гишүүд та нарт маш их эрх бий. Энэ төсөл, гэрээг хариуцаж байгаа М.Энхсайхан сайдаас асуух хэрэгтэй. Нээлттэй байгаа.Өмнө нь 16 сайд асуулаа гээд маш олон асуулт явуулсан байсан. Эдгээр асуултад М.Энхсайхан сайд хариулаад буцаагаад илгээсэн байсан. Бүх асуултад нээлттэйгээр  хариулаад явж байгаа. Энэ бол та бүхэнд байгаа эрх шүү дээ.

Монголд ямар улсын хөрөнгө оруулалт хамгийн их вэ гэж зарим гишүүнээс асуувал хүндхэн хариулах байх гэж бодож байна. Яг 2014 оны судалгаагаар Голландын хөрөнгө оруулалт хамгийн өндөр байсан. Тэр Оюутолгойн Рио-Тинто компани бүртгэгдсэн газар гэдэгт утгаараа ийм үзүүлэлттэй байдаг. Аль нэгэн улс орны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь ҮАБЗ-өөс гаргасан үзэл баримтлалаас хэтэрчихсэн явж байгаа зүйл байхгүй. Үүн дээр хяналтаа тавиад дүнгээ гаргаад явдаг. Ер нь хөрөнгө оруулалт орж ирж байж бидний боломж өргөжих ёстой. Бялуу томорно гэж ярьдаг. Энэ боломж л нэмэгдэж байх хэрэгтэй.

Монголын эдийн засаг агшиж багасаад байвал эдийн засаг, ард иргэдийн маань эрх ашиг хохирно шүү дээ. Улс төрчид яах вэ, хоёр талд талцаад маргалдах болж. Үүний оронд ажил хийгдээд явбал зүгээр. Бидэнд ямар их ажил байгаа вэ, ямар бага цаг хугацаа байна вэ. Бидэнтэй нүүрс нийлүүлэгч улс орнууд бүгд л өрсөлдөж байна. Нэг зүйлийг хэлье. Энэ асуудлыг хойшлуулаад явахад тэр үед өнөөдрийн энэ байдлаас тухайн үеийн нөхцөл эрс дордсон, илүү их зардал гарчахаар болсон байж магадгүй шүү дээ. Цаг алдаж байгаа нь л илүү зардал шүү дээ.

Гишүүн Сү.Батболд: -Ерөнхийлөгчийн тайланг сонслоо. Тодорхой дэвшилтэт зүйлүүдийн талаар олонтаа ярилаа. Гэвч хэдэн зүйлийг Ерөнхийлөгч маань юу гэж бодож байгаа юм бол хэмээнбодлоо. Монгол Төрийн бодлогын талаар анхаарах зүйл байна даа гэж би УИХ-ын гишүүний хувьд, мөн Засгийн газар толгойлж байсан хүний хувьд ч боддог юм. Саяхан Ерөнхийлөгч маань “Дөрвөн Засгийн газартай ажиллалаа” гэж хэллээ. Би эхлээд эдийн засагтай холбоотой зүйл ярья. Монголын эдийн засаг өндөр өсөлттэй явж байсан он жилүүд ч бий. Мөн эдийн засгийн өсөлт хүчтэй буурч байгаа он жилүүд ч бас гарч байна. Янз бүрийн субъектив болон объектив шалтгаануудыг энд хэлж байна. Тэгэхдээ энд юу тодорхой байна гэхээр гадна дотор талдаа ч тэр маш тогтворгүй байна. Залгамж чанар байхгүй, ойлгомжгүй, итгэл төрүүлэхүйц орчин хангагдаж чадахгүй байна гэсэн ерөнхий дүгнэлт сонгуулиар юм уу, Засгийн газар солигдохоор үүсэж байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд янз бүрийн дунд хугацааны хөтөлбөрүүдийн талаар бид ярилцаад байгаа юм. Энэ  бол нэг их олигтой юм болохгүй л байх шиг байна. Тэгээд ер нь цааш цаашдаа үүнийг яриад ойлгоод байгаа мөртөө үүнийг хэрхэн ойлгомжтой, тогтвортой, харьцангуй итгэлтэй орчин болгох вэ? Мэдээж хэрэг бидний авдаг, зардаг юмны үнэ ханш, өсдөг ч өдөр байна, буурдаг ч өдөр байна. Зарим нэгний хэлдгээр Америкийн эдийн засаг өсдөг ч өдөр байна буурдаг ч өдөр байна. Түүнээс болчихсон юм шиг юм яриад байна л даа.

Тэгэхээр үүнийг тогтвортой, залгамж чанараа хадгалсан төр засгийн, ялангуяа хөгжлийн бодлого, түрүүн Ерөнхийлөгч хөгжлийг их онцолж хэлсэнтэй би бас санал нэг байна. Тогтвортой хөгжлийн бодлогыг хангахад чухам ямар механизм хамгийн чухал хэрэгтэй гэж танд бодогддог вэ? ҮАБЗ-ийн тэргүүний хувьд дөрвөн Засгийн газартай ажилласан Ерөнхийлөгчийн хувьд юу гэж боддог вэ?

Хоёрт, ардчилал, нээлттэй засаг, ард түмний оролцооны талаар Ерөнхийлөгч маань нэлээн ярьж байгаа. Хөдөө сум, орон нутагт Иргэний танхим гэх мэт олон ажил хийж байгааг бид мэдэж байгаа. Тэгэхээр бид ардчиллын үнэт зүйлс, үнэ цэнийг бол ойлгочихсон. Одоо бид ардчиллын институцийг хэрхэн төлөвшүүлэх ёстой юм, энэ харилцааг хэрхэн боловсронгуй болгох вэ? Хувь хүн хоорондын бус, институци хоорондын харилцаа, улс төрийн намууд төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод энэ бүгдийн харилцааг хөгжүүлэхийн тулд чухам юу хийх вэ? Зүгээр очоод үгээ хэлэх бол нэг хэрэг. Харин үр дүн гаргах, энэ харилцааг хуульчлах, хэлбэржүүлэх тал дээр ямар ажил хийх ёстой вэ?

Гуравт, Ерөнхийлөгчийн зүгээс хийсэн шийдвэр гаргах тал дээр хийгдэж байгаа нааштай ажлууд олон бий. Ерөнхийлөгч бас хөрөнгийн зах зээлээ ил тод болгож хөгжүүлье гэж ярих болсон. Тэгээд төр, хувийн хэвшлийн хил хязгаарыг тунгалаг шилэн данс шигээ болгох тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ? Үүний нэг жишээ гэвэл дотоодын хөрөнгийн зах зээлийг яг тэр Лондонгийн хөрөнгийн бирж шиг болгох. Энэ ажлыг ажил болгоё гэж ярилцсан. Энэ ажлыг эрчимтэй явуулах асуудал байна. Хоёрт, энэ зөвшөөрлийн тогтолцооноос бүртгэлийн тогтолцоо руу шилжих асуудлыг бид өмнө нь ярилцаж байсан. Үүнийг стандарттай болгоё, Европын стандартыг нэвтрүүлье. Энэ тал дээр Засгийн газрыг шахах, УИХ-тай хамтран ажиллах тал дээр чухам юу гэж бодож байна вэ? Ялангуяа, төрийн үйл ажиллагааны шийдвэр гаргах механизм нь өөрөө судалгаа шинжилгээн дээр үндэслэсэн байх ёстой гэсэн зарчимтай. Хамгийн сүүлд нь энэ боловсролын салбар дээр бүх институт, тэр дотроо Ерөнхийлөгчийн институт манлайлах маягаар оролцоо гаргаж хийвэл зүгээр юм болов уу? Дандаа засаг, Засгийн газар дээр боловсролын тогтолцоо өөрчлөгдөөд, бидний үед ярьж байсан Кембриж маань олон улсынх, үндэснийх гээд өөрчлөгдөөд байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:– Эдийн засгийн чиглэлд, институци хоорондын харилцаа, Монгол Улсын урт удаан хугацааны хөгжил, тогтвортой байхтай холбоотой асуудлууд нь бидэнд хуульдаа нэг зүйл хаяад байгаатай холбоотой. Иймээс дээрх асуудлууд хэрэгжихгүй байгаа юм. Хэрэв зохих хуулийг гаргавал миний түрүүчийн хэлдгээр бид хариуцлагынх нь механизмыг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Сонгуулийн хуулийн дагуу бид бэлэн мөнгө амлахгүй, хэрэв амласан байвал ийм хувиас хэтрэхгүй, үүнийг нь аудитын байгууллага шалгаж баталгаажуулна, тэгээд хууль зөрчсөн байвал СЕХ бүртгэж авахгүй гэж хуульчилсан. Тэгээд нөгөө замбараагүй бэлэн мөнгө амладаг байдал алга болсон. Яг үүнтэй адилхан тэр хөгжлийнхөө чиглэл хөтөлбөрөө тийм байдлаар шийдэх хэрэгтэй.

Сонгуульд оролцож байгаа намууд Монголын хөгжлийн урт хугацааны хөтөлбөрт уялдуулж мөрийн хөтөлбөрөө хийнэ, хэрэв уялдаагүй байх юм бол тэр мөрийн хөтөлбөрийг СЕХ бүртгэж авахгүй ээ. Үүн дээр олон нийт, аудитын байгууллага хяналт тавьж дүгнэлт өгнө. Мөн Засгийн газар байгуулагдахад, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гаргаж ирж байгаа бол, тэр нь хөгжлийн урт хугацааны хөтөлбөртэй уялдаагүй байх юм бол тухайн Ерөнхий сайдтай хариуцлага тооцно.Ингээд ийм асуудлыг маш тодорхой шийдэж, хариуцлагатай нь уялдуулах хэрэгтэй.

УИХ-д байгаа нэг хүндрэлтэй асуудал бол хариуцлагынх нь заалтыг хасаад, мөлийлгөж хаяад яваад байдаг. Харин энэ асуудлыг оруулаад өгчих юм бол зөв болоод л алхам алхмаар сайжраад л явна. Үүн дээр Засгийн газар оруулахдаа жаахан хүндрэлтэй байдаг.Бас УИХ-ын гишүүд оруулахдаа хүндрэлтэй байдаг бол Ерөнхийлөгч энэ асуудал дээр зориг гаргая л гэж байгаа. Би энэ тал дээр зориг гаргаж ажиллана.

Мөн Засгийн газрын зүгээс сая хяналтын тухай хуулиа оруулчихсан байгаа байх, мөн зөвшөөрөл, тендертэй, худалдан авалттай холбоотой асуудлууд байна. Эдгээр асуудлыг маш хурдан оруулаад шийдэх хэрэгтэй.

Гишүүн А.Бакей: Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны танилцуулгыг их анхааралтай уншлаа, бас сонслоо. Энэ өнгөрсөн хугацаанд үнэхээр их ажил хийсэн байна. Олон ч санаачилга гаргасан байна. Үүнтэй маргах асуудал байхгүй. Өнөөдөр Монголд тулгамдсан бэрхшээлтэй асуудлууд байгаа. Гэхдээ Монгол нь парламентын засаглалтай улс учраас зөвхөн Ерөнхийлөгчтэй юм уу, эсвэл зөвхөн Засгийн газартай, эсвэл УИХ-тай холбож ярих нь өрөөсгөл асуудал юм.Тиймээс би сүүлийн 25 жилийн хугацаанд бидний ололт амжилт байвал бид бүгдийн хамтын бүтээл.Алдаа дутагдал,бэрхшээл байвал бас бид бүгдийн хамтран бичсэн түүх гэж үзэж байгаа. Тиймээс бид бүгдээрээ л ер нь хамаатай шүү гэж хэлэх гээд байгаа юм л даа. Тэгэхээр нэг асуулт л байна. Ерөнхийлөгчөөс УИХ-тай харилцах харилцаа, Засгийн газар, шүүх засаглалтай харилцах харилцаа буюу энэ төрийн байгууллага, институци хоорондын харилцаанд ер нь таны бодлоор засаж сайжруулах зүйл юу байна гэж үзэж байна вэ?

Энэ харилцааг цаашид сайжруулахгүйгээр явахад хүндрэлтэй байх шиг байна. Энэ талаар таны бодол юу вэ? Энэ дашрамд, төгсгөлд нь нэг зүйлийг хэлэхэд энэ удаагийн чуулганд багтаж бид олон асуудлыг төлөвлөж байгаа. Үүний нэг нь Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал байгаа юм. Үүнийг Ерөнхийлөгч бас санаачилж оруулж ирэх гэж байгаа нь их сайшаалтай байна. Тиймээс энэ хуулийн төслийг болж өгвөл, аль болох эрт оруулж ирвэл сайн байна гэж хүсмээр байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Товчхон хариулъя. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын хоорондын харилцаанд хүндрэлтэй, болохгүй зүйл байхгүй. Өнөөдрийн байгаа хуулийнхаа хүрээнд ажлаа уялдуулж явуулах бүрэн боломжтой. Зарим нэг асуудлыг шийдье гэвэл Үндсэн хуулийг дэлгэрүүлсэн тулгуур гол хуулиудаар энэ асуудлыг яриад явчих боломжтой. Улс төрийн намын санхүүжилт, намтай холбоотой асуудлыг УИХ хэлэлцээд эхэлчих юм бол хажуугаас нь саналаа өгөөд явъя гэж бодож байсан. Гэтэл яг бичээд оруулчихсан төсөл байхгүй цаг алдаад байна. Шийдэх шаардлагатай харагдаж байна. Дараачийн сонгуулийн дараа болох юм бол УИХ-ын олонх, цөөнхийн асуудал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн гээд хүндрэл учирч магадгүй. Тиймээс энэ хуулийг сонгуулийн өмнө шийдвэл шийдсэн шиг шийдэх хэрэгтэй байгаа юм. Одоохондоо хууль дээр төвлөрүүлж, хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байгаа. Цаашдаа үр бүтээлтэй батлах, хэрэгжүүлэх тал дээр шаардлагатай бол хамтарч ярилцъя гэсэн ийм л бодолтой байгаа юм.

Гишүүн С.Одонтуяа: –Тайланг сонслоо. Санал санаачилгуудын дотроос хамгийн онцлох нь олон улсад Монгол Улсын нэрийг өргөж, ялангуяа хоёр хөршийн төрийн тэргүүн айлчилж, олон чухал гэрээ хэлэлцээр хийсэн. Үүнийг Засгийн газар, УИХ хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаараад ажиллах юм бол үр дүн нь гарах байх.  Хоёр асуулт асуух гэсэн юм. Нэгдүгээрт, эдийн засгийн форум дээр итгэлцлийн асуудал яригдсан. Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин муу байгаагийн нэг шалтгаан бол Монголын төр ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэсэн. Ялангуяа бизнес эрхлэгчид бол Монголын төрд итгэх итгэлгүй болсон. Шүүх дээр төрийн буруугаас болж үйл ажиллагаа нь зогссон, алдагдалд орсон олон зуун аж ахуй, бизнесийн чиглэлийн маргаануудын нэгд нь ч төр хохирлыг нь барагдуулахаар болсон шийдвэр гарч байгаагүй. Тиймээс Монголын түүхийг төрөөс хараат байна гэж үздэг учраас олон улсын хөрөнгө оруулагчид итгэхгүй байна. Бизнесийнхэн бол юмаа зараад гадаадад гаръя гэсэн ийм сөрөг хандлага сүүлийн үед яваад байна. Та бол төрийг хариуцлагатай болгох ажлыг хийнэ гэж байна. Гэтэл төр цаашдаа эдийн засгийн ямар хариуцлага хүлээх юм бэ?

Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар таны саналыг сонсмоор байна. Өнөөгийн байгаа засаг захиргааны тогтолцоо хөгжил дэвшилд хүргэж чадах уу? Хэчнээн мөнгө төгрөг байгаад энэ олон сумын татаас, үр ашиггүй зарцуулалттай шүүрэн шанага шиг тогтолцоотойгоор хөгжил дэвшилд хүрэх үү? Би Тамгын газрын гаргасан Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн бүх зүйлүүдтэй танилцаж байгаа. Энэ бол арга замыг нь гаргаж байгаа боловч Монгол Улс тав, арав, гучин жилийн дараа ямар байх, бүсчилсэн хөгжилдөө таарсан төсвийн бодлогыг хийж чадахгүй л байгаа. Бүсчилсэн хөгжил бол цаасан дээр тунхгийн чанартай болж мартагдсан. Бид таван том бүс болгоод, бүсийн сайд томилоод, бүсчилсэн хөгжлөө бодлогоороо дэмжээд явах юм уу, эсвэл энэ шүүрэн шанага шиг сумдынхаа тогтолцоогоор явах юм уу гэдэг дээр таны саналыг сонсъё. Ер нь бол бид зорилтуудаа эрэмбэлдэг, даацтай хөгжлийн тухай ярих цаг болсон. Сүүлийн хоёр жил төсөв батлахад оролцож байна. Нэгдсэн хөгжлийн төсөв биш, тойрог тойргийн л төсөв байдаг. Үүгээр бид цаашид хөгжихөд хүндрэлтэй. Улс төрийн намын нэгдмэл зөвшилцөл хэрэгтэй байгаа. Нэгдмэл алсын хараатай байж ажлын дэд хэсгүүд яаж ажиллахаас улс төрчдийн өөрсдийнх нь том шийдэл гарах ёстой. Эцсийн зорилго бол монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид хандаж ажиллах ёстой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Саяхан би Хуульзүйн сайдтай ярьж байхад эдийн засгийн хохирлыг тооцохтой холбогдсон хууль Засгийн газар дээр ярьж байгаа юм байна лээ. Төр, хууль, хяналтын байгууллагаас аж ахуй нэгж, хувь хүнд хохирол  учирсан байх юм бол эргэн төлүүлдэг байхтай холбогдсон хуулийг Засгийн газар дээр яриад өргөн барихаар болж байгаа юм байна. Тэгэх юм бол төрийн хариуцлага гэдэг зүйл бодитоороо хэрэгжиж эхэлнэ.

Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн тухай асуудал арваад жилийн өмнө УИХ дээр орж ирээд дэмжигдээгүй юм. Одоо үүнийг яриад айхавтар газар авч явахгүй дээ. Цагт нь хийж чадаагүй өнгөрсөн асуудал гэж байдаг. Одоо шүүрэн шанага шиг сум гэсэн асуудал байхгүй. Техник, харилцаа холбоо энэ бүхэн шал өөр болчихлоо. Одоо хүмүүс байгаа суугаа газартаа асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Энэ дээр эргэж ярих шаардлагагүй гэж би хувьдаа боддог юм.

Нэг ярих шаардлагатай юм  бол хүний тоондоо уялдуулж хөрөнгө оруулалт хийдэг, хүний төвлөрлийг татаж байгаа газраа төсвөөс хөрөнгөө татдаг, орон нутгийн санхүүжилт нь хүний тоондоо нийцэх юм бол зөв болох учиртай. Хоёр дахь нэг юм бол бид газар нутаг томтой, алслагдсан асуудал байдаг. Алслагдсан гэдэг асуудлыг хүний тоон дээр нь нэмж явах юм бол энэ хөгжил зөв явна.

Өнгөрөөгүй байж магадгүй, өмнө нь ярьж байсан нэг санаачилга бол Монголын хөгжлийн нэг төв болж хөгжих боломжтой нэг газар бол үнэхээр Хархорины бүс нутаг байдаг. Тийшээгээ тээврийн асуудлыг шийдэхгүйгээр энэ шийдэгдэхгүй. Тээврийн асуудал гэдэг нь төмөр зам, хурдны замын болоод бусад асуудал. Хэрвээ үүнийг шийдэж чадвал энэ нь өөрөө эргээд Монголын хөгжил болно. Үүнийг дараа дараагийн Засгийн газар, улсууд ярилцах боломжтой л гэж бодож байна.

Гишүүн Арвин: –Баярлалаа. Таны тайланг сонсож мэдлээ. Гурван зүйл асуух гэсэн юм. Монгол Улс бол өөрөө хөгжлийн шинэ үед яваа, мэдээж шийдвэрлэх хийх ажил их байгаа. Гэсэн хэдий ч өөрсдөө хийж, шийдвэрлэж чадахгүй олон бүтээн байгуулалтын ажил байгаа. Өнөөдөр Монгол Улс гаднын сонирхол татсан улс болчихсон байгаа. Гаднын хөрөнгө оруулалт татах, гаднын харилцаан дээр таны харилцаа маш сайн ажиллаж байгаад сэтгэл нэгдэж явдаг. 2000 оноос хойш хоёр хөршийн удирдагч нар Монгол Улсад их айлчиллаа. Маш их сайхан гэрээ хэлэлцээр хийдэг, харамсалтай нь гэрээ хэлэлцээр нь явдаггүй. Сүүлийн гэрээ хэлэлцээрүүд дээр маш их талархаж байгаа. Ер нь Хятад, Оросын удирдагчдыг ирэхэд монголчууд маш их баярладаг. Яагаад гэвэл ирээд маш сайхан гэрээ хэлэлцээр хийдэг. Үүний уг нь таны урилгаар ирээд юм хийдэг, тантай их холбоотой. Засгийн газар дээрээ болохоор явдаггүй. Миний санаа зовж явдаг юм бол дараагийн дахин уулзалтаар гэрээ хэлэлцээрүүд дундаас хос төмөр зам, цахилгаан галт тэрэгний асуудлаа хоёр орны төрийн тэргүүнтэй дахин нэг ярьж өгөөч. 13 дугаар зууных шиг нүүрсэн галт тэргээр тачигнаад явдаг объект бол энэ гурван улсын хооронд л байна. Захын Африкийн ядуу орон бүгдээрээ иргэд нь электрон галт тэргээр зорчиж байна. Үүнийг шийдвэрлэнэ гээд төрийн тэргүүнүүд нь гарын үсэг зурчхаад байхад Засгийн газар нь юм хийдэггүй. Энэ  хэлэлцээрийнхээ ажлыг явуулах талд нь та туслаач ээ.

Хоёрдугаарт, одоогоос гурван жилийн өмнө Үндэсний эрх чөлөөний өдрөөр Ялалтын талбайд Богдын хөшөө барина гээд шав тавьсан, таг алга. Би бол хатуу бодолтой явдаг. Яагаад гэвэл Монгол улсын түүх өөрөө үнэн байх ёстой. 1911, 1921 оны хувьсгалыг Богд хаант Монгол улсын цэрэг, арми удирдаж явуулсан. 1921 оны 7 дугаар сарын 16 хүртэл Монголын цэрэг “Ум ма ни бад мэ хум” гэсэн погонтойгоор энэ хувьсгалыг хийсэн юм. Тэр үеийн Монголын хаан гэдэг бол одоогийн Ерөнхийлөгч гэсэн үг. Энэ хүний нэр хүндийг сэргээнэ гэж гурван жилийн өмнө баярлаж оролцож байсан боловч өнөөдрийг хүртэл хөшөө дурсгал нь алга. Сайдуудаас нь асуухад ийм юм битгий хэл, үүнээс цаадах чинь болохгүй байна гэж хэлдэг. Монголын хөгжлийн үе шат бүрт нь амь насаараа дэнчин тавьсан энэ хүмүүсийн нэрийг түүхэнд зөв байршуулах ажил дээр их юм хийгдэнэ байх гэж бодож байна. Хөрөнгө мөнгө байхгүй гэсэн нэрийдлээр шав тавиад гурван жил болсон хөшөөний асуудал яаж шийдэгдэх вэ? Улс төрчдөд энэ бол огт хамаагүй зүйл болоод байгаа юм.

Гурав дахь асуулт. 1970-аад оны үед тэр үеийн ЗХУ-ын дарга Л.И.Брежнев, Монголын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал гуай хоёр Монгол Улсад хэдэн барилга барьсан. Одоо Оросын өмчид хэвээрээ. Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч нь Монголын ард түмэнд шилжүүлчихлээ гэдэг. Орос, Монголын Засгийн газрын хуралдаан 10 жил хийлээ. Энэ объектуудад бизнесүүдийн гар орчхоод огт явахгүй байна. Дархан, Баянгол, Баянзүрх дүүрэгт найман байр байдаг юм. Энэ ард иргэд үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа. Иргэд байраа хувьчлаад авчихсан, ОХУ-ын Ерөнхийлөгч нь май гээд өгчихсөн. Яг Засгийн газрын хуралдаанд болохоор хоёр орны мафиуд байгаа байхгүй юу. Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэхгүй юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Түрүүн хоёр хөрштэй харилцах харилцаан дээр хүрсэн амжилт, байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Хоёр хөрштэйгөө харилцах харилцаа Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Би бол маш талархаж явдаг. Манай хоёр хөршийн төрийн тэргүүнүүд Монгол Улстай харилцах харилцаан дээр маш их ач холбогдол өгч, харилцаан дээр шийдэх асуудал байгааг шат дараатай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байдаг. Манай улсын хувьд ч гэсэн хийсэн айлчлалуудаар яригдсан асуудлыг хэрэгжүүлэхэд Засгийн газар дээр төлөвлөгөө гаргаад, хариуцах эзэнтэй, хугацаатай тавиад, шаардлагатай гэрээ хэлцлүүдээ хийгээд явж байгаа. Бидэнд хоёр үнэн зүйл байгаа. Манай хоёр хөрш бол бидний мөнхийн хөрш. Шийдэх ёстой асуудлуудаа тухай тухайн үед нь шийдээд явах ёстой гэсэн байр суурийг барьж явдаг.

Дээд түвшиндээ бүрэн итгэлцсэн энэ харилцаа бий болсноор бүх шатанд асуудлыг шийдэх итгэлцсэн харилцаа үүсэж, ажлууд хийгдэж байгаа. Мэдээж нэг өдөр, нэг жил бүх асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ бидний ярьж байгаа гол асуудал бол дамжин өнгөрөх тээвэртэй холбогдсон асуудлууд байдаг. Хэдийгээр хоёр хөрш Монголын асуудлыг шийдэхэд анхаардаг ч гэсэн бас эдийн засгийн үр ашиг, боломжийнх нь тухай, Монгол Улсынх нь өөрийн гаргаж байгаа санал санаачилгыг мэдээж харгалзана. Энэ асуудлыг Монгол оролцоод шийдэх, Монголоор энэ дэд бүтэц дамжих юм бол ийм ашигтай, боломжтой гэдгээ аль нэг талтай нь, сайн ойлголцож, тэр нь үнэхээр ашигтай байх юм бол тэр ажил урагшлаад л явна.

Гэхдээ нэг асуудлыг шийдэхэд олон түвшинд ярилцах, баримт бичиг гаргах, хөрөнгө оруулалт, санхүүжилт, үр дүн гээд олон асуудал байдаг юм. Бидний хооронд ямар асуудлуудыг ярив, ямар хугацаанд шийдэж болох, ямар түвшинд ярих вэ гээд ойлголцол бүрэн гарч чадсан. Энэ дээр ажил хариуцсан хүмүүс хариуцлагатай ажиллаад явахад асуудал шийдэх боломжтой. Арвин гишүүний асуусан зарим асуудал бол бидний төлөвлөгөөнд ороод хэлэлцэгдээд явж байгаа ийм асуудлууд байгаа. Богдын хөшөөтэй холбоотой асуудал яригдаад хоёр газар байх шиг байгаа юм. Улаанбаатар хотдоо шийдчих бүрэн боломжтой юм билээ. Шийдчих байх гэж найдаж байна.

-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: –Хоёр асуулт асууя.Нэгдүгээрт, Ноён уулын талаар, үнэхээр Хан Хэрлэнгийн Бурхан халдун Хатан Туулын Богд уул, Хараа голын Ноён уулыг үеийн үед тахин шүтэж ирсэн тухай судар бичигт байдаг.Тийм учраас монголчууд энэ өвөл, хаваржин Ноён уулыг ухах асуудлаар үнэхээр санаа зовж хэвлэл мэдээллээр шуугьж, жагсаал цуглаан хийж, Сүхбаатарын талбай дээр хүртэл зарим бөө мөргөлчид цугласан байх шиг харагдсан. Олон хоног өлсгөлөн зарлаж амь биеэ золиослон эсэргүүцсэн. Үнэхээр Ноён уул маш их алттай, одоогоос 100 жилийн өмнө тэнд олон улсын нийгэмлэг монголоид нэртэй алт ухаж байсан. Гэхдээ Хүннүгийн үеийн онгон бунхан гарч ирэхэд 1920 онд Богд хааны зарлиг гарч шууд зогсоосон тухай түүх сударт байна.

Ингээд 1921-1924 онд Козловоор ахлуулсан эрдэмтэд судалгаа хийгээд Хүннүгийн үеийн хаад ноёдын 220 булш бунхныг илрүүлж зөвхөн зургааг нь судлаад үүгээрээ тухайн үеийн хүн нийгмийн хөгжил, Хүннү гэдэг хүчирхэг соёлт төрийн тухай судалгаа хийж Нью-Йоркийн академид илтгэл тавьж, үүгээрээ Козлов тухайн үеийн бүхий л  дээд шагнал цолыг авч байсан. Тиймээс л  Монгол Улс 2000 гаруй жилийн түүхтэй гэж бахархан хэлэх эрхтэй сууж байгаа.

Энд гадаадын “Цэнхэр гол” гэж компани доошоо 500 м шатлах замаар ил аргаар ухна гэж байгаа. Энэ нь байгаль орчинд, Ноён ууланд шууд нөлөөлнө. Яагаад гэвэл лицензийг нь хатан, ноён хоёр оргилынх нь яг дунд авчихсан. Тиймээс  ухсан тохиолдолд бүхлээрээ эсвэл тал нь үлдэнэ гэсэн үг. Ноён уулын суга болгоноос урсаж байгаа 5-6 гол  горхи, Хараа голд цутгадаг. Үүнд нөлөөлнө. Алт дагасан хүнцлийн хор тухайн орчинд гол усанд нөлөөлнө гэж эрдэмтэд ярьж байна. Түүнээс гадна мөнх цэвдгийг доргиож өвөг дээдсийн онгон бунханд нөлөөлнө. Ийм их хор уршигтай. Энэ дээр Их Хурлын гишүүд бид ч гэсэн  танд “Ноён уулыг төрийн хамгаалалтад аваач ээ” гэж бичиг илгээсэн хариу өгөөгүй. Та ч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ноён уулын бэлд очихдоо “Та нар ухуулахгүй гэж байвал би дээрээс нь дэмжээд өгье. Ер нь энэ сайхан байгальтай, онгон дагшин шүтдэг уулаа ухуулахгүй” гэж байсан. Ам ажлын нэгдэл хаана байна вэ. Тойргоор явж байхад Ноён уулын талаар олон иргэд асуусан. Тухайн орон нутгийн Ноён уул биш, Монгол түмний Ноён уул шүү. Үүн дээр Ерөнхийлөгчийн хувьд таны үгийг, зарлигийг олон түмэн хүлээсэн. Та энэ талаар үгээ хэлнэ үү.

Хоёрдугаарт, Ерөнхий сайд маань Таван толгойг хөдөлгөнө гэж ярьж байна. “Тавантолгой” хөдлөөд явж байсан. 2013 онд 2,2 сая тн нүүрс борлуулсан, 2014 онд 5,7 сая тн нүүрс борлуулж, үнэхээр Таван толгой гэдэг бол 7,5 тэрбумын нөөцтэй, одоогийн үнэ цэнээр 500 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий орд шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч болно. УИХ-ын гишүүн асуудал санаачлаад оруулж болно. Орон нутагтайгаа яриад, үнэхээр санаа зовж байгаа бол. Та бүхэнд  эрх нь  байгаа. Орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзаад тийм шийдвэрийг Их Хурал дээр ярьж болно.

Намайг Ерөнхийлөгч болоход Төрийн тахилгатай уул найм байсан. Дээр нь хоёрыг нэмсэн. Өмнөговь аймаг болон  Баян-Өлгий аймагт. Цаашид нэмэхгүй гэсэн бодолтой байгаа. Энэ арваараа байя. Таван жилд Төрийн  тахилгатай уулыг нэг тахидаг эргэлт нь ч  зөв таарч байгаа юм.

Миний нэг боддог зүйл бол Ноён ууланд байгаа археологийн үнэ цэнэтэй олдворуудыг судлах хэрэгтэй. Хэрүүлийн бай болгоод суугаад байх хэрэггүй. Шаардлагатай бол Их Хурлын гишүүд санаачлаад төсөвт мөнгө тавиулаад, мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгээд, тэндээс гарсан олдвор, түүхийн үнэт зүйлүүдээ баталгаажуулаад үзвэр музей болгоод олон нийтийн хүртээл болгох бүрэн боломжтой. Энэ бол тэнд байгаа  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахтай заавал холбогдох зүйл биш гэж бодож байна. Явуулсан ч бай, явуулаагүй ч бай, бид тэнд байгаа хосгүй үнэтэй зүйлсээ судлах, авран хамгаалах хэрэгтэй. Тэгээд олон нийтийн хүртээл болгох шаардлагатай бол болгоё. Миний хэлсэн байр суурь нэг, орон нутаг нь зөвшөөрөөд тэнд хамтраад ажиллах юм бол би дэмжихэд бэлэн. Тухайн аж ахуйн нэгж тэнд байгаа судалгааны үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх үйл ажиллагааг санхүүжүүлж болно. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн  өөрийнх нь төсөл болох ёстой гэж бодож байна. Төр, аж ахуйн нэгж, орон нутаг хамтраад дээр нь санаа зовж байгаа ард иргэд нийлээд хийж болно.

Гишүүн Л.Болд: –Би  Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулаад газрын асуудал, газар өмчлөлийн асуудлаар үгээ хэлээсэй, ард түмэнд хүргээсэй гэж бодож байна. Энэ бол зөвхөн сонгууль ч биш, ер нь Монголын нийт  ард түмний анхаарлын төвд байгаа асуудал. Сая тойргоор уулзалт хийгээд явж байхад манай иргэд энэ сэдвээр их ярьж байна. Хоёр жил хүлээлээ. Хууль УИХ дээр байгаа. Энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа бол гэж асууж байгаа. Энэ бол нэлээн тулгамдчихсан хойш  тавих бололцоогүй юм шиг харагдаад байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Газар бол төрийн үндэс гэж манай өвөг дээдэс сургасан. Энэ асуудлыг хуулиар шийдье. Энэ асуудлыг шийдэхдээ Монгол Улсын иргэнийхээ газар өмчлөх, эзэмших эрхийг нь тусад нь хуулиар баталгаажуулж өгье. Гадаадын аж ахуйн нэгж, гадаадын иргэдтэй холбогдсон асуудлыг өөр хуулиар шийдэх хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Хамтарч ярилцаад хуулиа боловсруулаад, Их Хуралд оруулж болно. Би бол энэ асуудал дээр үндэсний зөвшилцөлд хүрэх боломжтой гэж бодож байгаа. Энэ Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд шийдчих хэрэгтэй.

Гишүүн С.Дэмбэрэл: -Би хоёр гуравхан санал хэлье. Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөний талаар. Ерөнхийлөгч та зөвлөхүүддээ үүрэг өгөөд  2009 -2014 он хүртэл ХЭҮК-оос ямар ямар саналууд гарч, тэр нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн тусаж вэ, гэдэгт дүгнэлт гаргаад хүний эрхийн талаар санаачилга гаргах хэрэгтэй байна.

Яг үүнтэй  шууд холбоотой бас нэг асуудал нь, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний  тухай асуудал. Үндсэн хуулийн дээд эрх мөртлөө бусад хууль тогтоомжуудад буухдаа бусад хуулийн үг өгүүлбэртэй ижил хэмжээнд буугаад, энэ нь өөрөө хүний эрхийг зөрчих,  ялангуяа манай хууль шүүхийн  байгууллагууд зөрчих нь түгээмэл асуудал болсон. Энэ талаар 2014 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх судалгаа шинжилгээний төвөөс гаргасан тайлангаас уншиж болно.

Хоёрдугаарт,хөгжлийн урт хугацааны бодлогын талаар саяхан бид танилцуулга сонссон. Судалгаа нь их дажгүй, тэгсэн гаргалгаа нь тааруухан, ийм л юм байсан. Ажлын хэсгийн гишүүдэд хэлээд одоо хүртэл судалгаануудыг авч чадаагүй байна. Ер нь урт хугацааныхаа хөгжлийн бодлогыг цааш нь явуулмаар байдаг. Ингээд саатаад байгаа талаар П. Цагаан даргад хэлсэн. Энэ тал дээр анхаарч өгнө үү.

Гуравдугаарт, Олон Улсын хэмжээнд таныг санаачилга гаргаасай гэж бодож байгаа нэг санал байна. Монгол Улс бол ногоон хөгжлийн талаар нэлээн санаачилгатай таван орны тоонд орчихсон байгаа. Ийм улсын Ерөнхийлөгчийн хувьд Presidents for green development буюу ногоон хөгжлийн төлөөх Ерөнхийлөгч гэсэн Олон Улсын санаачилгыг та гаргавал Монгол Улсын нэр хүндэд их ач холбогдолтой байх болов уу гэсэн санал байна. Эцэст нь хэлэхэд, хэдэн жилийн өмнө гаргасан “Хуримтлалын бүлгийн тухай” зарлиг байгаа. Цаашид үүнийг өргөн олныг хамарсан хөдөлгөөн болгох талаар үндэсний хэмжээний форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт  үүрэг өгч зохион байгуулбал маш их хэрэгтэй зүйл болно гэдгийн санал болгох гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -ХЭҮК-оос жил бүр илтгэл оруулдаг. Энэ асуудлыг УИХ маш нухацтай хэлэлцэх байх гэж бодож байна. Олон улсын хүний эрхийн байгууллагын зүгээс Монгол Улсын Засгийн газрын нэр дээр, төрийн нэр дээр ирсэн асуудлууд дээр анхаарах зүйлүүд байх юм бол биелэлт болон санаа зовж байгаа асуудлуудыг харъя. Манай Тамгын газрынхан сууж байгаа. Энэ асуудал дээр анхаарлаа хандуулж ажиллая.

Хөгжлийн урт хугацааны бодлого бол  хэд хэдэн үзүүлэлтээр гардаг. Хүрэх зорилго нь ч  тодорхой байдаг.Эдийн засаг, хөгжлийн асуудал, хүний хөгжилтэй холбоотой асуудал, төрийн шударга байдал буюу хууль дүрэм нь зөв байхтай холбогдсон асуудал. Жишээлбэл, авлигын индекс ч юм уу, зээлжих зэрэглэл зэргийг хөндлөнгийн байгууллагууд маш тодорхой гаргадаг. Монголын улс төр, монголчуудаас бидний хувь хүний хүчин зүйл бага нөлөөлдөг. Ийм үзүүлэлтүүдээ тавиад, нөгөө талд нь хийхгүй бол хэн, ямар хариуцлага хүлээлгэх талаар хуультай болмоор байна. Маш тодорхой хуулийг хамтарч ярилцаад  гол гол үзэл санаануудыг тохироод оруулж болно.

Хуримтлалын бүлэг гэж маш зөв хөдөлгөөн Монголд байдаг. Би түрүүн тайландаа дурдсан. Хамтарч ажиллахад бэлэн байна. Хурал зөвлөгөөн хийх, анхаарал хандуулах шаардлагатай бол  хандуулна.

Ер нь Засгийн газарт чиглэл болгосон 41 зарлиг бий. Жил бүр, хагас жил бүр зарлигийн хэрэгжилт, биелэлтийн асуудлаар Засгийн газар мэдээлэл гаргаж өгдөг. Тийм үүрэгтэй.

Гишүүн Г.Уянга: -Ерөнхийлөгчийн эрх мэдэл хуулиар хязгаарлагдмал байдаг. Гэхдээ Үндсэн хуулийн заалтыг дурдаж тайлангаа тавь гэж сануулсан нь Монголын төрд, энэ танхимд суугаа бид нарт Монгол төрийн институциудын хооронд ярилцах хэрэгцээ шаардлага хэзээ хэзээнээсээ илүүтэй тулгарлаа гэж бодсоных. Тэгээд үүнээс хойших Ерөнхийлөгч нар УИХ-д тайлангаа тавьдаг жишиг тогтох биз гэж бодож байна. Эдийн засгийн хүндрэл Монголд тулгамдсан асуудал болж байна. Хэрхэн яаж үүнээс гарах вэ гэдэг талаар бид ярьж байна. Юунаас болов гэдгийг түүнээс дутуугүй чухал гэж харж байна. Одоо бол зээл авах нь энэ эрх барьж байх хугацаанд л баларчихгүй бол цаашдаа яах нь хамаагүй гэсэн зарчмаар явж байгаад би их санаа зовдог. Хэн нэг компани, аль нэг улс төрийн хүчнийг хүндрэлээс аварч үлдэхийн төлөө улсаараа дэнчин тавьж болохгүй байх гэж бодож байгаа. Мэдээж бизнесүүдийн эрх ашиг байх ёстой. Тэр ашиг бол Монгол Улс, Монгол үндэстний эрх ашгийн дотор л багтаж явах ёстой, түүнээс халих шаардлагагүй байх гэж бодож байна. Өнөөдөр баялаг бүтээгчид гэж байна. Баялаг бүтээгчид гэж яг хэн бэ гэдгийг хажуугаар нь тодорхой ялгамаар санагдаж байна. Баялгаа зарж байгаа хэсгийг баялаг бүтээгчид гэх үү. Баялгаа баялаг болгож хувиргаж байгаа хүмүүсийг баялаг бүтээгчид гэх үү. Энэ баялаг бүтээгчдийн ялгааг тодруулахад бас их чухал гэж бодож байна. “Тавантолгой” “Оюутолгой”-н араас орж байгаад ихээхэн санаа зовж байна. Энэ маягаар явуулах ёсгүй болов уу гэж бодож байгаа. “Тавантолгой”-гоос өмнө магадгүй Монгол төрийн гурван толгойн асуудлыг шийдэх нь илүү чухал ч байж магадгүй гэсэн санаа бодол төрж байна.

Дараагийн дугаарт, Гацууртын ордыг ухуулахгүй гэсэн шийдвэр нь гарсан юм билээ. Үүнийг дэмжих дэмжлэг л Монгол төрийн зүгээс хэрэгтэй байгаа учраас таныг өөрийн зүгээс зохих дэмжлэгээ үзүүлээсэй гэж хүсэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан Шилэн дансны хууль өнөөдөр төрийн мөнгийг ингэж ихээр замбараагүй идэж байгаа нөхцөлд сайн хууль болсон гэж бодож байна. Гэхдээ Монгол төрийн данс нь хүртэл шилэн байхад Оюутолгойн данс нь ширэн байгаа шүү. Оюутолгой ямар гүйлгээ хийж түүгээр хэдэн төгрөг хаашаа алга болж байгааг Монголчууд мэдэх аргагүй ширэн байгаа шүү. Төрийн данс нь, төрийн бодлого нь шилэн хорго дотор байгаа хүүхэн шиг, зар сурталчилгаа шиг шилэн байхад, зарим нэг компани монголын баялгийг гаргаж байгаа байгууллагуудын данс ширэн байж болж байна уу. Энэ шил, шир хоёроо зааг ялгааг нь тодорхой ойлгож, ялгааг нь утга учиртай болгох ёстой гэж бодож байна.

Хэн нь том популист вэ гэдэг том уралдаанд Монголын нийгмийг чирч оруулах хэрэгцээ шаардлага монгол төрийн тэргүүнүүдэд байна уу. Таныг Ардчилсан намын дарга байхаас эхэлсэн нэг сая төгрөг одонтой ээжүүдийн нэг сая төгрөг, оюутны 70 мянган төгрөг энэ популизмын уралдаанд Монголын эдийн засаг сөхөрч байгаа гэдгийг бүх хүмүүс мэдэж байгаа. Төсөөтэй юмс төсөөтэй юмсаа л төрүүлдэг. Эдийн засгийн форум хийж нэг хэсгийг нь популист гэж нэрлэхэд маш их хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага байсан уу? 2.5 жил болж байгаа залуу улс төрчдийг популист гэж нэрлэхийн тулд 25 жил УИХ-д суусан хүмүүс их хөрөнгө зарж хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Хэн нь Монголын алтыг 10-н тонноор нь онгоцоор ачиж зөөгөөд хагартлаа баяжаад гэмгүй энд сууж байна. Хэн нь хаанаас яаж олсон хэдэн сая ам.доллараар зураг худалдаж авч байна. Ингээд яриад байх юм бол Монголын популизмын уралдаан дуусахгүй. Энэ нь эцэстээ юунд хүргэх вэ гэдэг талаар та бид энд сайн ярилцах ёстой юм биш үү.

Энэ яриа хэлэлцээг энэ танхимд өрнүүлж байсан, дахин дахин тийм яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлагатай байх аа гэж бодож байна. Өнөөдөр монголчуудад эв нэгдэл хэрэгтэй, нийгмийн зөвшилцөл хэрэгтэй байна. Үүнд таны зүгээс санаачилга гараасай. Гэхдээ бие биеэ даапаалж буруутныг хайх заавал шаардлага байгаа бол шүү дээ. Өнөөдөр 2.5 жил УИХ-д сууж байгаа хүмүүс биш, 25 жил эрх барьж байгаа хүмүүсээс тэр буруу нь тодорно шүү. Буруутан тодруулах уралдааныг битгий үргэлжлүүлээсэй гэж бодож байна.

Жастин Каплатай холбоотой асуудлыг хүн болгон нэг дуугаар ярьж байсан. Тэгвэл Ц.Мөнхбаярыг уучлаасай гэж олон хүмүүс хүсэж байгаа юм байна лээ. Би сонгогчдын үгийг дамжуулж байна. Та энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ? Яг эцсийн эцэст үхтэл орших эх нутаг бол Монгол орон. Танд нэгэн цагт Капла биш, Ц.Мөнхбаяр тус болж магадгүй учраас Мөнхбаярын асуудалд таныг анхаарал хандуулж байгаа байх гэж бодож байна.

Ерөнхийлөг Ц.Элбэгдорж: -За их баярлалаа. Цаг, нийгэм гээд бидний амьдарч байгаа орчин 20 жилийн өмнөхтэй харьцуулахад зүйрлэшгүй өөрчлөгдсөн. Мөн албан тушаалтнуудаас асуудаг, хариуцлага ярьдаг зүйл ч мөн өөрчлөгдсөн. Иргэд мэдээлэл авах тусмаа илүү мэдлэг, мэдээлэлтэй болсон. Илүү мэдлэгтэй болох тусмаа илүү шаардангуй, асуудалд бодитой хандах боломж нь нэмэгдэж байгаа. Үндсэн хууль баталж байх үед Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна гэсэн өгүүлбэр байсан. Үүнийг яаж ойлгох вэ, өнөөдөр яаж ойлгох вэ, одоо бид нар үүн дээр нэг их маргах шаардлагагүй болов уу. Цаашдаа УИХ-ын гишүүдийн зүгээс санал гараад, Ерөнхийлөгч тайлангаа ирүүлэхэд УИХ-ын дарга хүлээж аваад энэ асуудлыг хэлэлцүүлье. Та орж ирээд тайлангаа тавь гээд ойлголцож хэлдэг. Тэгэхэд нь орж ирээд асуултдаа хариулаад ярилцдаг ийм жишиг хэрэгтэй байх.

Ямар ч өндөр албан тушаалтан бай, тайлан тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй албан тушаалтан байх ёсгүй гэсэн бодол надад өнгөрсөн хугацаанд төрсөн. Үүнийг хэлэх нь зөв байх. Өнөөдрийн энэ ярьж байгаа зүйлд би хувьдаа баярлаж байгаа. Хийж хэрэгжүүлсэн бодлого, ажлаа УИХ, түүгээр дамжуулан ард иргэддээ  хэлэх боломж гарлаа. Цаашдаа бид юун дээр анхаарах, юун дээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа вэ гэдгээ хэлэлцэж ярилцаж авлаа, энэ бол их чухал.

Ер нь баялагтай улс орнуудын хувьд хүндрэлтэй асуудлууд гарч ирдэг.  Үүнийгээ шийдсэн сургамжууд байгаа. Энэ сургамж дээрээ үндэслэн Ирээдүйн өв сангийн тухай хууль санаачлан оруулсан. Үүнд, парламентад суудалтай намуудын гишүүд оролцож, нэлээдгүй ярьж байж оруулсан. Үнэхээр бид нар баялагтай, орлоготой байгаа үедээ тодорхой хуримтлал бий болгож, тэр хуримтлалаа юунд, яаж зарцуулж, ирээдүй хойч үедээ яаж авч үлдэх вэ гэдэг бодлогоо одооноос авч үлдэх хэрэгтэй. Өнөөдөр өр зээлтэй байгаа ч гэсэн энэ хуулийг гаргаад механизмаа бүрдүүлээд, удирдлага зохион байгуулалтыг нь хөндлөнгөөс нь хийгээд явах хэрэгтэй. Энэ механизм хэзээ нэгэн цагт бий болно гэж бодож байна.

Өнөөдөр Засгийн газар арилжааны зээл аваад, зээлжих зэрэглэл буурсан үед хүнд байгаа. Ийм өндөр хүүтэй арилжааны зээл бол хэцүү. Аж ахуйн нэгжүүд бол арилжааны зээл авч болно. Монголын Засгийн газар, төр зөв бодлого хэрэгжүүлж зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Харин Засгийн газар бол хөнгөлөлттэй зээл авч түүнийг хэрхэн зарцуулах вэ гэдгийг УИХ-д ярих хэрэгтэй байгаа юм. Ер нь юунд зарцуулж болохгүйг УИХ-тай ярилцаад, шаардлагатай бол Аюулгүйн зөвлөл дээр ярьж тохироод явах хэрэгтэй. Огт мэдэхгүй харанхуй асуудал байхгүй шүү дээ. Өнөөдөр Монголд юу нэгдүгээрт хэрэгтэй байна. Юуг хоёрдугаарт тавих вэ гээд гарын таван хуруун дээр тавьсан юм шиг шууд хэлэх боломж бид нарт бүгдэд нь байгаа шүү дээ. Тийм учраас Засгийн газартай холбоотой зүйлээ ярьчих нь зөв байх гэж бодож байгаа.

Томоохон гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд, Оюутолгой дээр байгаа хөрөнгө оруулагчийн хувьд, миний итгэж найддаг зүйл бол зөв соёл оруулж ирэх хэрэгтэй. Дотоодын аж ахуй нэгжүүд, гадаадын аж ахуй нэгжүүдээс шаарддаг олон улсын жишигт нийцсэн нягтлан бодох бүртгэл, олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйл ажиллагаа Монголд явах ёстой. Магадгүй өөрийнхөө бүртгэлтэй орондоо олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг, Монголд өөр байдлаар ханддаг ийм байдал байж болохгүй. Үүнийг Засгийн газар дээр ярилцаад, хөрөнгө оруулагчидтайгаа хамтраад шийдчих хэрэгтэй гэж бодож байна.

Тэр бэлэн мөнгөний холбоотой амлалт дээрээс бид нар сургамж аваад, үүнийгээ больё гэсэн. Уг нь Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн мөрийн хөтөлбөр дээр нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцаа гэж байдаг юм. Дараа нь л нөгөө талаас 1.5 сая төгрөгийн бэлэн мөнгө гэсэн болохоос биш. Бид юу амлах вэ, юу хийх вэ гэдгээ энэ 20 гаруй жил улс төрийн амьдралд явахдаа тухайн тухайн түвшиндээ мэдэж ойлгож явж ирсэн. Тийм учраас энэ дээрээ ярилцаад асуудлаа шийдэх боломжтой.

Ер нь улс төрийн амьдралд оролцож байгаа хүнд хожим орсон, түрүүнд нь орсон гэдэг ойлголт байдаггүй юм шүү дээ. Өнөөдөр төрсөн юм шиг асуудалд хандаж болохгүй. Орсон л бол хариуцлага хүлээгээд явдаг болох хэрэгтэй. Өмнөх үеийнхний сайн хийсэн зүйлийг цааш нь үргэлжлүүлээд, алдаа гарсан бол сургамж аваад засаад явдаг байх хэрэгтэй. Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг шиг ингээд л явдаг. Бид 1990 онд ингээд л явсан. Ажил хийж байхдаа энэ л зарчмаар хандаж ирсэн, цаашдаа ч энэ л зарчмаар хандаж явах болно.

Гишүүн Д.Сарангэрэл: –Энэ хэрүүл талцал бол Монголыг мохоох гэж байгаа хэсэгт хүчилтөрөгч болж байна гэж Ерөнхийлөгч онож хэллээ. Тэгэхээр хэн нь ийм үйлдэл гаргаад байна. Ер нь хар цагааныг ялгахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монгол Улсад, тэр дундаа Монголын улс төрчдөд их хэрэгтэй салбар юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг боож хаах, нэг хуулийн төсөл баривал хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамааралтай заалтууд заавал байх боллоо. Үүнээс болоод хэвлэл мэдээлэл улс төрчдөд дургүйцэх, нийгмийг эрүүл байлгах, улс орноо хөгжүүлэхэд оруулах чиг хандлагыг нь мохоох асуудал үүсэж байна гэдгийг энд дуулгая. Хэвлэлийн хүн хэвлэлийн тухай ярих гэхээр ашиг сонирхлын зөрчлийн тухай ярьдаг. Гэхдээ энд сууж байгаа хүмүүс бүх салбарыг мэддэг тийм универсал хүмүүс биш шүү дээ. Чиний 20 жил ажилласан тогоог чи бусдаас илүү мэдэх нь тодорхой. Тийм учраас энэ салбараа төлөөлж дуугүй сууж болохгүй юм байна гэж үзээд үүнийг хэлэх нь зүйтэй гэж хэлж байгаа юм.

“Өдрийн сонин” сүүлийн үед энэ талаар оройлон бичиж байгааг би дэмжиж байна. Дөрөв дэх засаглал болох Монголын сэтгүүл зүй бол нийгмийн сэтгүүл зүйг хөтлөгч, нийгмийг хөтлөгч ийм том салбар юм. Бусад салбараас онцлогтой. Энэ бол махны үйлдвэр биш, нарийн боовны цех биш. Онцгойлон хандах ёстой. Хуулиудыг би нэрлэе. Эхлээд эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөн дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол төрийн байгууллагуудад үнэгүй үйлчилнэ гэдэг заалт оруулах гэсэн эхний алхам эхэлсэн. Эдийн засгийн хямрал хэвлэл мэдээллээс боллоо гэсэн. Эрүүгийн хуулиас Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа 110, 111 дүгээр зүйл буюу гүтгэхтэй холбоотой нэг заалтыг хасаж, засаж залруулах ажлыг хийсэн. Гэтэл сая эргээд Гэмт хэргийн тухай хуульд оруулаад ирлээ. Энэ мэтчилэнгээр олон хуульд, тухайлбал, Зөрчлийн тухай хуульд Телевизүүдийг тухайн өдрийн болж байгаа үйл явдлыг 6 сар архивт хадгал гэж байгаа юм. Тийм мөнгө тийм боломж хаана байгаа юм. Түүхэн үйл явдлыг хадгалдаг болохоос биш, зүгээр нэг хэвлэлийн бага хурал хадгалаад сууж байдаг тийм объект, үйл ажиллагаа хаана ч байхгүй. Гэх мэтчилэн амьдралд нийцэхгүй олон зүйлийг тулган шаардах болж байна.

Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн маш олон хэрэгслүүд санал бодлоо илэрхийлж байна. Энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү дайрч довтолж байна гэдэг бол ардчиллынхаа үндсэн зарчим болох хэвлэн мэдээлэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө рүү халдаж байгаа юм. Та бол ардчилсан Ерөнхийлөгч, мэргэжлийн сэтгүүлч хүн. Энэ талаасаа энэ асуудлуудыг би илүү гүн гүнзгий ойлгоно гэж бодож байгаа учраас энэ хуулийн төслүүдэд орж байгаа заалтуудыг анхаараач ээ гэж хэлэх гэж байна.

Хамгийн сүүлд Захиргааны ерөнхий хууль орж ирэхэд “Захиргааны байгууллага буюу захиргааны албан тушаалтан алдаа гаргах юм уу, үгүй бол ард нийтийн эрх ашгийг хохироосон хууль зөрчсөн шийдвэр гаргах юм бол түүнийхээ төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт үнэ төлбөргүй гуйна” гэсэн байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр хүний бурууг засаж залруулахдаа өөрийнхөө дэлгэц буюу сонины нүүрийг үнэгүй өгөх нь. Ийм шударга бус хандлага нэг салбар луу дайрсан ялгаварлан гадуурхсан хандлагыг зогсоох хэрэгтэй байна. Үүнийг би хэлэхийг хүсэж байна. Таныг энэ тал дээр анхаарлаа хандуулаасай гэж чин сэтгэлээсээ хүч байна. Нэгэнтээ тайлан сонсож байгаа учраас тодорхой дүгнэлт гарах байх. Ерөнхийлөгчийн тайланг харлаа, хуруу зузаан материал өгсөн байна. Их хөдөлмөрч хүн байна. Их зүйл хийсэн байна. Сэтгэл хангалуун үлдэж байгаагаа энэ дашрамд илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа.

Ерөнхийлөг Ц.Элбэгдорж: –Би бодохдоо нэг үнэтэй зарчмыг үргэлж баримтлах ёстой гэж боддог. Нээлттэй нийгэм бол дотроосоо эрүүлждэг. Нээлттэй нийгэм бол өөрөө эмчлэгддэг, дотроосоо эмчлэгдээд явдаг. Түүнийг албан тушаалтан, хүнд сурталтан гаднаас нь эмчлэх гэх шаардлага байдаггүй юм. Монголын өнгөрсөн хугацаанд олсон ололт бол нээлттэй нийгэм байгаа юм. Нээлттэй нийгэм нь өөрөө эрх чөлөөтэй, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээд явдаг ийм суурин дээр байдаг. Ийм зүйлээр баяжиж явдаг.

Тухайн албан тушаалтантай холбоотой буруу мэдээлэл хүний гарт орж болно. Тэр нь гүтгэлэг болж харагдаж болно. Тухайн албан тушаалтан түүнийгээ залруулах л хэрэгтэй. Ийм соёл руу шилжиж байгаа. Би хувьдаа энэ зүгт явах  ёстой гэж бодож байна. Шинэ Эрүүгийн хууль дээр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсэнтэй нь холбоотой заалтууд орж ирсэн бол УИХ дээр ярьж шийднэ хэмээн найдаж байна.

Өмнө нь Засгийн газарт байхад тэр заалтыг хуулиас нэг удаа авч хаяж байсан. Ер нь тэгж шийдэхгүй бол хүний үндсэн эрх, эрх чөлөө болсон энэ асуудлыг хуулийн заалтад оруулах юм бол хориг тавих эрхийг би хэрэгжүүлнэ гэдгээ ил тод хэлнэ гэж бодож байна.

УИХ, Засгийн газар, албан тушаалтнууд, төр өөрөө эхлээд хариуцлагатай болох ёстой. Хүний нээлттэй байх, үзэл бодлоо илэрхийлэхэд зөвхөн хэвлэл мэдээлэл биш. Сошиал медиа буюу олны хэвлэл, олны мэдээллийн хэрэгсэл гэж нэрлээд байгаа энэ мэдээллийн хэрэгсэл хүн бүхэнд, айл бүхэнд очлоо шүү дээ. Үүнд дээр баримтлах зарчмыг үргэлжид тунхаглаж байх ёстой. Энд бид хариуцлагатай, бүтээлч, ёс зүйтэй, хамтарч ажиллах соёлыг нэвтрүүлье. Энд хэдүүлээ сайн үйлсийн төлөө хамтарч ажилладаг байя гэдэг ийм сайн санаачилгын төлөө, ийм зөв юмыг дотроосоо бид хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал энэ нийгэмд зөв үнэлэмж болно. Үүнийг захиргааны, эсвэл өөр аргаар шийдэх гэж оролдвол буруу. Тийм учраас хэвлэл мэдээллийн чиглэл, ялангуяа иргэдийн үзэл бодлоо илэрхийлдэг зүйлд үргэлж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хэрвээ гүтгэсэн, буруу ойлголт өгсөн бол тайлбараа л тавь.

Гишүүн С.Бямбацогт: –Таны тайланд хэлснээр бид асуудлыг шийдэхийн тулд  нэгд, шүүмжилдэг, хоёрт шийдлээ хайх ёстой, гуравт, гарц олох ёстой, дөрөвт нь шийдвэрлүүлэх, тавд нь хэрэгжүүлэх гэж цогцоор нь харах ёстой. Ганцхан бид шүүмжлэхийг л чадаад бусдыг нь хийхгүй байна гэдэгтэй санал нийлж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд улс төрчид, улс төрийн намууд хуваагдаж, Засгийн газар, албан тушаалтнууд нь зөрчилдөж ирцгээсэн. Ингэснээр улс орон хөгждөггүй гэдгийг өнгөрсөн 25 жилийн хугацаанд хангалттай харлаа. Шийдлээ олохын тулд яаж шийдэх вэ гэдгээ мөн хэлэлцэж ярьсан. Ингэхийн тулд зөвшилцөж, ойлголцож, хамтаараа ойлголцож байж шийдлээ олдог юм байна. Иймээс бид улс орныхоо хөгжлийн алсын хараа, бодлогоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд улс төрийн намууд, Засгийн газар нь, орон нутаг нь, салбарын яамд нь бүгд бодлогоо чиглүүлж ажиллах ёстой юм байна гэсэн шийдлээ олсон байгаа. Ингээд УИХ дээр УИХ-ын бүлгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

Жилийн хугацаанд Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримтыг боловсруулж байна. Өчигдөр хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зохицуулалтын хуулийг нь УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн байгаа. Ийм байдлаар тодорхой алхмууд хийгдэж байна. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Үндэсний хөгжлийн хүрээлэн ачаа үүрч, дэд ажлын хэсэг болон ажиллаж тодорхой материал бэлэн болсон байгаа. Үүнийг үндсэн УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэгтээ хөрвүүлж, УИХ, ард иргэд, салбар байгууллага, орон нутгаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах хэрэг байна. Харамсалтай нь бид материалыг өөрсдийн гар дээр авч чаддаггүй. Үүн дээр Та анхаарч материалыг бидэнд хүргүүлэх тухай хэлж өгөөч гэж гуймаар байна. Үүнийг УИХ-ын ажлын хэсгийн нэрийн өмнөөс хэлж байна.

Албан бичгээр хандсан ч харамсалтай нь хариу алга. Та бас хэлж байгаа. Ерөөсөө улс орны урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд, түүнд нийцсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг улс төрийн намууд нь боловсруулдаг. Түүнд нь Үндэсний аудитын газар нь хяналтаа тавьдаг. Ингээд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сонгож, улс төрийн нам нь засгийн эрхийг барьдаг. Засгийн газар нь мөрийн хөтөлбөрөө улс орныхоо алсын харааг хэрэгжүүлэхийн тулд баталдаг. Батлаад хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцдог болох шаардлагатай гэж байгаа.

Үүнийг бид 2016 оны сонгуулиас өмнө хэрэгжүүлж эхэлмээр байна. Ганц жилийн хугацаа үлдлээ. Энэ ондоо багтаад Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримттай болмоор байна. Үүндээ нийцүүлж улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулмаар байна. Ингээд Үндэсний аудитын газраар хянуулаад сонгуульдаа оролцоод явъя. Ийм байдлаар бусдыг хийхгүй байна гэсэн алдаагаа засаж, шийдлээ олж гарцаа гаргаж, асуудлыг шийдэхийн тулд, хэрэгжүүлэхийн тулд, үр дүн гаргахын тулд л ажилламаар байна. Энэ дээр Үндэсний хөгжлийн хүрээлэнгийнхэнд хэлж өгөөч ээ. Бидэнтэй хамтарч ажиллахыг Танаас хүсэж байна. Яахын аргагүй бидэнд дутагдаж буй бодлого бол энэ байна. Зайлшгүй анхаарах шаардлага байгаа учраас хэлж байгаа юм шүү. Энэ дээр та бас өөрөө хэлсэн үгээ нэмж холбогдох хүмүүст уламжилж өгөөч гэж гуйя аа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Ер нь өнгөрсөн 25 жилд гарсан сайн муу зүйл бүгд бидэнд түүх, сургамж болж үлдэж байгаа. Энэ зүйлүүд өмнө нь гараагүй явсан бол ирээдүйд гарах л байсан. Тиймээс бид муу юм гарсан бол муу зүйлээ засаад явж байгаа. Яг энэ замаар яваагүй улс орнууд бол бидний өнгөрсөн 25 жилд явснаас ч долоон дор байдлаар энэ байдлыг давтах зам руу орж магад. Иймээс энэ 25 жилд гарсан зүйл дээр нэг талыг барьж хандах ямар ч шаардлага байхгүй.

Нэг зүйл дээр бид тохирох ёстой. Нэг муу гэж үзсэн зүйл байгаа бол үүнийгээ хаяад цааш явах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ болж өгвөл хуульчлан баталгаажуулж бүгд хүлээн зөвшөөрөөд хаяад явъя. Түүнийг эргэж аваад давтах гээд яваад байх шаардлага байхгүй. Жишээлбэл, саяхан Ардын намаас санаачилга гараад хэвлэлийн бага хурлаар яриад байна лээ. Сонгуулийг ямар системээр явуулах вэ, ард нийтийн санал асуулга явуулъя гэж байсан. Монголын түүхэнд Монголын тусгаар тогтнолын асуудлаар нэг л санал асуулга явсан шүү дээ.

Сонгуулиа ямар системээр явуулах вэ гэж ард түмнээсээ асууя гээд. УИХ өмнө нь тэртэй тэргүй шийдээд, Үндсэн хуулийн Цэцэд хүрээд бүх асуудлыг шийдээд явсан шүү дээ. Энэ системийг хэрэгжүүлээд явахад бүрэн боломжтой гэж үзсэн. Үүн дээр тулгуурлаад сонгуулийн хуулиа гаргаад л явах хэрэгтэй. Ард нийтийн санал асуулга явуулна гээд л учраа мэдэж байгаа улсууд ичсэндээ тараг үлээнэ гэдэг шиг иймэрхүү хандлага гаргаж болохгүй юм байгаа юм.

Тэгэхээр өмнө бид яваад болоогүй л бол эргэж тийшээ орох шаардлага байхгүй. Ийм байр суурь надад бий. Иймээс бид шийдэх газраа л юмыг шийдье. Ард нийт бидний нэрийн өмнөөс, та бүхэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэрээ гарга л гэсэн. УИХ үүнийгээ шийдээд л явах хэрэгтэй. Хэрвээ тэр Хөгжлийн тухай хуульд хариуцлагын механизм оруулж өгөхгүй бол наад чинь шүдгүй арслан шүү. Яг тэр үзүүлэлтүүдийг өөрийнхөө мөрийн хөтөлбөрт хэрхэн хангах талаар тусгаагүй бол сонгуульд нь бүртгэж авдаггүй л болох ёстой. Ийм л механизм оруулахгүй бол наадах чинь ерөөсөө явахгүй. Түүнийг олон нийтийн байгууллага, эдийн засгийн чиглэлийн байгууллага, аудитын байгууллага давхар хянаад дүгнэлтээ давхар ирүүлсэн байх хэрэгтэй. Ингэж байж явна. Би хувьдаа шүдгүй хууль гарчихвий, үзүүлэлтүүд нь ямар байх вэ гэдгийг өөр хуулиар ярих гэж байгаа юм болов уу гэж харж байгаа шүү дээ. Хэрэв тийм юм байгаа бол эргээд ярилцъя гэсэн ийм л бодолтой байна.

Гишүүн Ц.Даваасүрэн: –За баярлалаа. Хоёр гурван зүйл тодруулъя. Анх удаа Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүнийхээ ажлын тайланг сонсож байгаа нь зөв төлөвшил гэж бодож байна. Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн зүгээс Монгол төрийн цаашдын төлөвшилд ахиц гаргалаа гэж ойлгож байгаа. Харин 6 хүн асуугаад л хаасан бол иргэдээс хангалтгүй дүн авах байсан. Нийт иргэдэд сонсох гэсэн зүйлийг нь сонсгож байгаа нь бол сайн зүйл. Бид иргэдээс нуугаад байх зүйл юу байх вэ. Хийсэн бүх ажил бүгдийнх нь нүдэнд дээр ил байгаа. Хийсэн зүйлүүд дээр ахицтай зүйл байна. Г.Уянга гишүүн хэлсэн. Шилэн дансны тухай хууль бол хүмүүс мөнгө төгрөг, санхүүгийн асуудал дээр нэрээс нь авахуулаад боддог болсон юм шиг байгаа юм. Шүүхийн шинэтгэлийн хууль дээр бид нэлээд ахиц гарна гэж бодож байсан. Энэ дээр гол садаа болж байгаа зүйл бол эрх мэдэлтэй байх тусмаа, өндөр эрх мэдэлтэй байх тусмаа шүүхээс гадуур оршиж байна. Энэ л баллаад байна. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой аймшигтай мэдээлэл явж байна шүү дээ. Шалгаж нягталж байгаа юм алга. 4.8 тэрбум төгрөг угаачхаад прокуророор хүчингүй болгуулчхаад эргээд шалгасан улсуудаа “Уучлал гуй” гээд явж байна шүү дээ. Харин сая шинээр томилогдсон Ерөнхий прокурор тиймэрхүү хэрэгт дахин шалгалт хийж байгаа гэсэн.

 Миний мэдэж байгаагаар аудитаар шалгаж илэрсэн татварын томоохон хэргүүд хүчний байгууллагаар ороод л замхарч байна. Энэ бүгдийг Сонсголын тухай хуулиа оруулж ирээд шийдэхгүй бол завхраад байна. Дараа нь Хариуцлагын тухай хуулийг Та ярьж байгаа. Хариуцлага юунаас болоод байна. Намын гишүүнчлэлээс болоод байна. Өөр нэг асуудал бол хариуцлагын хамгийн дээд талын шат бол сонгууль, сонголт. Үүн дээр намын гишүүнчлэлээс болж алдаа гараад байна. Улс төрийн өндөр албан тушаалтнуудтай эхэлж хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр шат чинь сонгууль. Түрүүн Та хэлсэн. Иргэдийг тэмдэглээд аваарай гэсэн оролцооны асуудал. Би бас тэмдэглээд аваарай гэе. Ер нь яаж сонгууль өгч байх юм бэ гэж. Ярьж байгаагаар нь биш, амлалтаар нь тэмдэглэж авч бай. Дараа нь хэрхэн хэрэгжиж буйг үнэлж дүгнээд сонголтоо өгдөг болчихвол хариуцлагатай төр буй болно.

Сонгуулийн хууль, намуудын тухай хууль дээр бид нар тал талаасаа эдгээр асуудлыг шийдвэл хариуцлагын зөв тогтолцоо бүрдэнэ. Ер нь гоё хууль оруулж ирснээр бүтэхгүй. Хариуцлагын асуудлыг би дараах зүйлүүд дээр буй гэж бодож байна. Оюутолгойн  асуудал. Та Оюутолгойг урагшаа нэг алхлаа гэж хэлсэн. Яг бодит байдлаар бид мэдээлэл авч чадахгүй байна. Г.Уянга гишүүн мөн хэлсэн. Байнгын хорооны дарга байхдаа авсан мэдээллээ хэлье. Есөн сарын байдлаар 2 их наядын орлого олоод, Монголд орлогын 5 хувьтай тэнцэх л мөнгө төлж байгаа. 2015 онд 3.9 их наядын борлуулалт хийнэ. Нийт орлогынхоо 8 хувьтай тэнцэхийг татварт тооцно. Талыг нь өрөндөө, талыг нь татварт. Нийт 160-аад тэрбумыг л төрнө. Нийт орлогын 4 хувийг л төлнө.

Тэгээд орлогын 4,8-хан хувийг төлж байгааг хэлэхээр буруу гээд байх юм. Энэ зөв үү. Би бол нэг алхаад хоёр ухарлаа л гэж харж байна. Би үүнийг явуулахгүй гэж хэлээгүй, сайжруулъя л гэж байгаа. Бид Финландад цуглаад янз бүрийн орны хүмүүстэй ярьсан. Замби орон биднээс зэсээрээ хэд дахин том, тэнд яг л энэ зовлон байгаа байхгүй юу. Сая Замбийн Ерөнхийлөгч Роялти 6 хувь байсныг 20 болгосноос хүнд байдалд орсон хэдий ч хэлэлцээ хийж эхлэх гэж байгаа юм байна лээ. Бид гэрээг л сайжруулах ёстой. Татварын асуудал дээр та шийдвэрүүдээ эргэн харна биз. Ер нь төр оршихуй дор татвар буй. Татвар төлөхгүй байна гэдэг бол гэмт хэрэг. Тэгэхгүй бол татвар төлдөг хүн олдохгүй болно. Хоёр хөршийн компаниуд татвар төлөхгүй байвал бид яах вэ гэдэг асуудлууд тулгарна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Даваасүрэн гишүүн бол мөнгөтэй холбоотой асуудлыг сайн мэднэ дээ. Их мөнгөтэй газар олон жил ажилласан. Сангийн яаманд, тендер, уралдаант шалгаруулалт гээд.Тэнд ямар хүндрэл, асуудал байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Тиймээс бид Улсын Их Хурал, Засгийн газраас орж ирж буй асуудлыг улам шилэн, тунгалаг хариуцлагатай болгох чиглэлд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Ер нь хариуцлагын хуульд заалт байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн, тодорхой бүрэн эрхтэй улсууд дээр асуудал гарвал Ерөнхий прокурор авч үзээд албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудал оруулж ирнэ. Оруулж ирээд шүүхээр тэр хүн гэм буруугүй нь тогтоогдвол тэр оруулж ирсэн Ерөнхий прокурортой хариуцлага тооцно. Бид тийм механизмыг өмнөх Ерөнхий прокурортой ярьж байгаад оруулсан. Энэ бол зөв гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтай хүн бүхэн мөнгө төгрөг идсэн хууль зөрчсөн гэдэг биш, үнэхээр тэр нь нотлогдоод, Ерөнхий прокурор нотолгоондоо итгэж байгаа, хяналтын байгууллага итгэж байгаа бол оруул. Түүнийг нь УИХ шийд. Шалгах бололцоог нь олго. Шалгаад нотлогдохгүй бол тухайн оруулсан Ерөнхий прокурор хариуцлага хүлээдэг байя л гэж байгаа. Яг үүнтэй холбоотойгоор Их Хурлын сонгууль, намуудаас нэр дэвшиж болохгүй, шалгагдаж байгаа асуудлууд дээрээ Ерөнхий прокурор нь байр сууриа илэрхийлдэг, яг саяын ярьсан шиг хуулийн зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Тэгээд л УИХ-аас УИХ-д дамжаад, бүрэн эрх хуулиар ард нь халхлагдаад, олны өмнө сайхан яриад суугаад байдаг ийм байдлыг бид арилгах ёстой гэсэн ийм л бодол байна.

“Оюутолгой”-той холбоотой асуудал дээр нэг байр суурь хэлье. Ер нь УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ярих тусам “Оюутолгой” л хожиж харагдаад байдаг юм. Магадгүй тэр ярьж байгаа УИХ-ын гишүүд шударга мэт харагдах гэж ярьдаг байж болох юм. Нөгөө талд нь ард түмэн хохироод л байдаг. “Оюутолгой”-д оруулж байсан гадны хөрөнгө оруулалт хамгийн өндөр байх тэр үед, тухайлбал 2011 онд 30 хувь байсан. Өнөөдөр 80 хувь. Ийм хэмжээнд л гараад, бусад нь үргээд гараад явчхаж байгаа. Би хувьдаа Монгол Улс,  “Оюутолгой” хоёр хамтарч ажиллаж байгаа хариуцлагатай сайны жишээ болох ёстой. Түүнээс биш Монгол Улсын нэрийг унагадаг, бусад хөрөнгө оруулагчдыг гаргахад дотоодын популист улс төрчидтэй нийлж түлхэц үзүүлдэг. Ийм хандлагыг хэрэгжүүлж болохгүй л гэж боддог. Энэ асуудлыг Ерөнхий сайд болоод бусад хариуцаж буй хүмүүст хэлдэг. Дамжуулдаг байх гэж бодож байгаа.

Хөрөнгө оруулалт дээр бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бид гаднын хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалтыг Монголдоо татах шаардлагатай. Монголд л тэр хөрөнгө нь илүү зарцуулагдах ёстой. Гаднын хөрөнгө оруулалт яагаад чухал байдаг вэ гэхээр тухайн нутгийн нутаг дэвсгэр дээр л илүү хөрөнгө зарагдах ёстой. Тэнд байгаа аж ахуйн нэгжүүд, ханган нийлүүлэгчдэд л илүү мөнгө нь очиж байх ёстой. Энэ бол Монголын байр суурь.

Иймээс олон улсын жишиг бусад асуудлаа яриад явах хэрэгтэй. Нээлттэй том аж ахуйн нэгжүүд бол соёлтой хариуцлагатай,  өөр жишгээр явдаг. Нэг улс оронд очоод буруу үйлдэл хийх юм бол тэр нь эргээд тухайн бизнест нь нөлөөлдөг. Бид тавьж байгаа асуудлаа хуулийн дагуу тавиад л явах хэрэгтэй. Оюутолгойн асуудлаар 2013 оны эхэнд УИХ дээр нээлттэй ярилцсан. Ярилцах шаардлагатай 30-аад асуудал байна гэж гаргасан. Тэр хүрээгээ тогтож, түүнээс маш олон асуудлыг ойлгож ярилцаж явсан. Цаана үлдсэн нь маш цөөхөн байгаа. Ерөнхий сайд мэдэж байгаа. Засгийн газар хариуцаж байгаа. Түүнийг хариуцсан чиглэлийн яам байгаа. Тэнд өөрийнх нь удирдах зөвлөл нь байгаа. Тэндээ л яаж ажилладаг вэ, тийм байдлаар л ажиллаад явах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр яаж ажиллаад явж байна, тэр хэмжээнд нь л эрх бололцоог нь олгох хэрэгтэй.

Үргэлж улс төрийн асуудал болгоод яриад байхаар наана нь яг нийтлэг эрх ашиг нь хохироод, цаана нь нэг аж ахуйн нэгж, үүнийг ярьдаг нэртэй  хэсэг улсууд, шударга зүйл оруулж ирэх гэж байгаа юм шиг харагддаг. Тэгээд яг шийдэх дээрээ хүрэхээр шийдсэн зүйл байдаггүй. Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд, хуулийнхаа хүрээнд гэрээнд заасны дагуу асуудлаа шийдээд л явах хэрэгтэй. Энэ боломжийг бид хөрөнгө оруулагч болон аль аль талд олгох л хэрэгтэй.

Үүгээр УИХ-ын гишүүдийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асуух асуулт дуусаж УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж