Пропорциональ нь бага бол шинэчлэл болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Пропорциональ нь бага бол шинэчлэл болохгүй

УИХ дахь намын бүлгүүд сонгуулийн холимог тогтолцоог илүүд үзэж байгаа. Харин холимог систем дотроо пропорциональ, мажоритар хувилбарын харьцаа 50:26, 52:24, 38:38 гэхчлэн янз бүрээр ярьж байна. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Холимог дотроо пропорциональ систем 50 хувиас доошгүй байх ёстой. Манай намын бүлэг 50:26 хувилбарыг дэмжиж байгаа. Энэ нь таамаглаад гаргачихсан хувилбар биш л дээ. Сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бидэнд саналаа ирүүлж байсан. Тэд “Танай улсад 50:26, 38:38 хувилбарын аль нэг нь байвал зүгээр” гэсэн юм. Пропорциональ хувилбар нь иргэдийн саналыг маш сайн тусгадаг, улс орны нийтлэг эрх ашгийг шийдэхийн тулд хяналт тавьж чадахуйц тогтолцоо. Тэгэхээр үүнд анхаарах нь маш чухал.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Иргэний Зориг намын байр суурь маш тодорхой бол пропорциональ систем давамгайлсан гэдэг дээр санал нэг байгаа. Болж өгвөл 100 хувь пропорциональ байвал зүгээр. Харин одоо холимог тогтолцооны талаар хэлэлцэж байна. Ийм байгаа учир ядаж 50 хувь нь пропорциональ, 26 нь тойргоосоо буюу мажоритар байх хувилбарыг дэмжиж байгаа юм. Нөгөө талаас пропорциональ нь 24, мажоритар нь 52 гэж байна. Ийм болбол олигтой шинэчлэл болж чадахгүй. Олон жил ярьсны эцэст тогтолцоондоо шинэчлэл хийх гэж байна. Ийм үед пропорциональ нь бага байвал шинэчлэл болохгүй. Нэг ёсондоо хуучин мажоритар л гэсэн үг. Хүмүүсийн өгч байгаа санал тусгалаа олохгүй, эмэгтэйчүүдийн квотын асуудлыг шийдэж чадахгүйд хүрнэ. Тиймээс шинэчлэл хийе гэж байгаа бол 50:26 хувилбараар явах ёстой. Пропорциональ нь бага байвал нэг нам хичээж байгаад 10 хувийн санал авсан ч хоёрхон суудалтай болохоор ямар ч өөрчлөлт, үр дүнгүй болно. Тэгэхээр цаашдаа хоёр намын тогтолцоогоор хүчээр явдаг байдал үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн Х.Жекей:

-Холимог, пропорциональ, мажоритар тогтолцоо гэж туйлширч болохгүй. Ямар ч системд сайн болон муу тал бий. Чухам эдгээрээс аль нь илүү чухал байх юм бэ гэдгийг шийдэхийн тулд сайн судлах хэрэгтэй. Хамгийн гол нь Үндсэн хуульд зааснаар “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын иргэн шууд сонгоно” гэсэн зарчмаар явах ёстой гэж бодож байна.

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь:

-Миний хувьд мажоритар нь давамгайлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Манай нам “Пропорциональ нь давамгайлах хэрэгтэй” гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс үүнийг хэлэлцүүлгээр шийдвэрлэх байх. Холимог дотроо 52:24 байх нь хамгийн зөв хувилбар юм болов уу гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Манай улс тархай, бутархай учир тойрог хэт том, жижиг байж болохгүй болов уу. Миний бодлоор тойргийн тоо нь илүү байх нь зүгээр юм. Нэг үгээр хэлбэл 52:24 хувилбарыг дэмжиж байгаа.


УИХ-ын Нийгмийн бодлого, бо­ловсрол, соёл, шинжлэх ухаа­ны байнгын хорооны дарга Д.Очирбат:

-Холимог дотроо мажоритар тал нь давамгайлж байх ёстой. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн ард түмнээс шууд сонгогдоно” гэж заасан байдаг. Магадгүй пропорциональ тогтолцоо нь давамгайлвал Баянхонгор аймгийн Баянбулаг суманд байгаа нэг айлд УИХ-ын гишүүн очихгүй. Очих ч шаардлагагүй болно. Мажоритар тогтолцоо нь УИХ-ын гишүүдийг сонгосон ард түмэн нь байгаа учир тэдэнд ажлынхаа тайланг тавих ёстой юм. Тиймээс л мажоритар тогтолцоо нь илүү байх нь зөв гэж бодож байна.

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж