Хязгаарлалтын цагт өөрчлөлт орохгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Хязгаарлалтын цагт өөрчлөлт орохгүй

Сүүлийн хэдэн өдөр цахим ертөнц төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр автомашины хязгаарлалтын цагт маргаашнаас /04.15/ эхлэн өөрчлөлт орж 07.00-22.00 цаг болох талаарх ташаа мэдээлэл цөөнгүй мэдээлэгдэж, олны анхаарлыг татлаа. Энэхүү ташаа мэдээлэлд итгэн маргаашнаас 07.00 цагаас урьтан гэрээсээ гарахаар зэхэж буй иргэд ч цөөнгүй байгаа гэнэ. Тиймээс иргэдийн эргэлзээг мухарлах үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хязгаарлалтын цаг 08.00-20.00 цаг хэвээр үргэлжилнэ

“Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд саналыг өнгөрсөн арванхоёрдугаар сард оруулсан. Энэхүү саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд өвөл, зун ялгаагүй дугаарын хязгаарлалт үйлчлэх цагийг 08.00-20.00 цаг байх шийдвэрийг гаргасан” гэдгийг албаныхан онцолж байна. Өөрөөр хэлбэл маргаашнаас эхлэн автомашины дугаарын хязгаарлалтын цагт ямар ч өөрчлөлт орохгүй, урьдын адил үргэлжилнэ гэсэн үг юм.

Ямар өөрчлөлт орсон бэ?

Харин маргаашнаас эхлэн автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх зам буюу бүсчлэлд багагүй өөрчлөлт орох юм байна. Тодруулбал, зуны улиралд зуслангийн болоод алслагдсан дүүргүүдэд замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул хязгаарлалтын бүсийг тэлэх тухай шийдвэрийг НИТХ- Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан юм. Өвлийн улиралд буюу одоогоор бидний мөрдөж байгаа хязгаарлалтын бүс нь баруун зүгт Саппоро, хойд зүгт 32-ын уулзвар, зүүн тийш бол Чулуун овооны уулзвар харин өмнө зүгт 120-ын уулзвар хүртэлх замууд хязгаарлалтын бүсэд хамаарагдаж байгаа.


Харин маргаашнаас эхлэн дээрх хязгаарлалтын бүсгийг  улам тэлж хойд зүгт Долоон буудлын эцэс, Дамбадаржаагийн зам, зүүн тийш бол Хууль сахиулах их сургууль, өмнө зүгт Их тэнгэрийн ам, ХААИС, харин баруун зүгт Геологийн төв лаборатори хүртэл хязгаарлалт үйлчлэх юм.

Эцэст нь автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх цагт өөрчлөлт орохгүй харин хязгаарлалт үйлчлэх замуудад дээрх өөрчлөлт орсон гэдгийг дахин сануулъя.

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж