Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Бэлэг…Уут дүүрэн бэ­лэг…Энд тэндгүй л бэлэг “гүйлдэх”-ийг хараад эгээтэй л “Бэлэг амь орчихож” гэж хашгирсангүй. Тэгж хашгирвал нөгөө жаахан бэлэгнүүдийн цаадхи “бэ­лэг”-нүүд цочиж сандран, уйлаан майлаан болох нь дам­жиггүй болохоор энэ удаад амаа үдэхээр шийдэв. Холоос харахаар хайр хүрч, тэврээд үнсмээр санагдах мянга мянган үрс ийнхүү жил бүрийн зургадугаар сарын 1-нийг бэлгэнд дарагдан үдэх нь бий. Аз жаргал, хайр энэрэл, баяр хөөрийг “үйлдвэрлэгч” тэднийг нэг өдөр ийн баярлуулах нь эцэг эхчүүдийн хувьд онцгой үүрэг. Эх орны даалгавар ч гэж хэлж болохоор.

Ухаан орсон жаалууд аль хэдийнэ санаа сууж зур­­гадугаар сарын 1-ний чи­мээнээр “Аав, ээж надад ямар бэлэг өгөх нь вэ” хэмээн тандах нь бий. Машин, хүү­хэлдэй, робот, чихэр жимс…Юу эсийг хүсэх билээ дээ. Аав, ээжүүд ч өнгөрсөн жилийнхээ өгсөн бэлэгнээс зөрүүлэх гэж эрэлд гардаг. Эрлийн үзүүрт шар тос гэгчээр хүүхдийнхээ сэт­гэлд нийцэх хамгийн сай­хан бэлгийг сонгосон аав, ээжүүд ч балчир үрсийнхээ баярлах тэр л мэдрэмжийг нүдэндээ төсөөлж, сэтгэлдээ ургуулж догдлон алхдгийг бид мэднэ. Учир нь, аав ээж бүхэн хүүхдийнхээ хүслээр жигүүрлэж, хүүхдийнхээ ирээ­дүйг зурж амьдардаг болохоор тэр байх.

Зөвхөн үр хүүхдээ ч бус эргэн тойрны хүүхэд бүрийг баяр­луулахаас хэн ч татгалздаггүй. Ахын охин, эгчийн хүүхэд, хамаатны жаалууд гээд л…Яг л цагаан сарын бэлэг бэлтгэж байгаа мэт. Гол нь энэ нь өөрөө аз жаргал дагуулсан үйл учраас бид бүхэнд баярлаж, хөөрөх сэтгэлийг төрүүлдэг нь гарцаагүй.

Гэхдээ энэ зуур хүүхдээ үл хайхардаг, төрүүлсэн үрээ эрэмдэглэн зоддог аав, ээж, ах, эгч нарын тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Орчлон хорвоо дээр хайр энэрлийн үр цацахын төлөө ирсэн тэр л балчирхан үрсэд хэрцгийлэн загнах зориг зүрх, тэнэглэл хаанаас гардгийг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ зовлонгийн улмаас баярлах нь бүү хэл зодуурын шархандаа шаналж суугаа үрс бидний дунд цөөнгүй биш бололтой юм билээ. Хэрэв та санаандгүй тохиолдлоор ч гэсэн ийм эмгэнэлт хэргийн гэрч болсон бол тэр даруйд цагдаад мэдэгдээрэй. Учир нь, тэр хүүхдийн төлөө үйлдсэн таны сайн үйл аз жаргалын мянган үрийг цэцэглүүлэх нь гарцаагүй. 

Ямартай ч аз жаргалтай өдөр хоногуудын түүх мөнхөд үргэлжилж, Монголын үрс ч аав, ээжийнхээ хайранд энэ л өдрийн гэрэл мэт баясч байг. Тэд яг л нар мэт. Нарны гэрэлд дэлхий дулаацдаг шиг…Нар болсон жаалууддаа сайн сайхныг хүсье. Өдөр бүхэн зургадугаар сарын 1-н шиг баяр хөөрөөр дүүрэн байж, энхрий бяцхан үрс нь өдөр бүр аав, ээжийнхээ “хаан, хатан” нь байх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж