“Цогт тайж” киног сэргээх ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

“Цогт тайж” киног сэргээх ажил эхэлжээ

Монголын түүхийн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирч, уг киноны контратив хувилбарыг  францын талд хүлээлгэн өгсөн талаарх мэдээллийг бид та бүхэнд хүргэж байсан билээ.

“Цогт тайж” уран сайхны кино нь негатив, контратив, лаванд, дуу, дүрсний гэсэн таван төрлөөр Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвд хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй. Харин хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд “Цогт тайж”-ийг сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хуулбар буюу контратив хальсыг өгч явуулжээ.

“Цогт тайж” уран сайхны киног Францын соёлын яамны харьяа “CNC” кино урлагийн төвд сэргээн засварлаж байгаа аж. 1945 онд бүтээгдсэн уг кино дэлгэцнээ олон жил гарч гэмтэж муудсан тул сэргээн засварлахад нилээд цаг хугацаа шаардлагатай болж байгаа гэнэ.

Хоёр ангит уг киноны дүрс дууны 30 бүлэг 18 мянган метр урт хальсны гэмтлийг тогтоох ажил одоо хийгдэж байна. “Цогт тайж” киноны гэмтлийг тогтоосны дараа сэргээн засварлах ажил хийгдэж эхлэх ажээ.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж