Ц.Цолмон сайд орон нутагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон сайд орон нутагт ажиллалаа

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186, Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330, Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Зэвсэгт хүчний салбар аж ахуйд ажиллалаа. Түүнийг дагалдаж БХЯ-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Д.Даваа нарын албаныхан ажиллав.

 

Маршал Г.Дэмидийн нэрэмжит ангийнхан сургалтандаа анхаарчээ

 

Батлан хамгаалахын сайд эхлээд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар  ангийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний тайван цагийн бэлтгэл сургуулилт, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцсан юм. Маршал Г.Дэмидийн нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт энэ анги нь анх Цэргийн яамны сайдын тушаалаар 1936 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Хадан хөв хэмээх газар байгуулагдаж байсан түүхтэй. “Матадын наймдугаар морьт дивиз” хэмээн алдаршсан тус дивиз байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үүргээ үнэнчээр гүйцэтгэн 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд амжилттай оролцож баатарлаг гавьяа байгуулсан түүхтэй. Энэ домогт дивизийн дайчдын дундаас Д.Нянтайсүрэн, Ч.Дугаржав, Д.Самдан, В.Шарав нар улсын баатар цол хүртжээ. Одоо ч гэсэн энэ ангийн албан хаагчид Зэвсэгт хүчний анги нэгтгэл дотроо дэг журам, сахилга батаараа манлайлагчид хэвээр байсаар байна. Ангийн захирагч, хурандаа Ө.Эрдэнэ-Очир салбарынхаа сайдад зэвсэгт хүчний хөгжлийн бодлогод нийцүүлэн ангийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн төвшинг дээшлүүлж, олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах гол зорилт тавьж, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа гэдгээ илтгэсэн. Тус ангиас НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд давхардсан тоогоор 535 офицер ахлагч, гэрээт цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэжээ. Одоо тус ангийн хоёр офицер, 6 ахлагч Афганистанд, 11 офицер, 28 ахлагч, 7 гэрээт цэрэг Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа бол гурван офицер нь Конго, Өмнөд, Хойд Суданд цэргийн ажиглагч болон штабын офицерээр ажиллаж байгаа ажээ. Мөн ангийн хамт олон туслах аж ахуй хөгжүүлэхэд анхаарснаар 2500 гаруй толгой малтай болж, мал сүргээ Булган аймгийн Орхон, Бүрэгхангай сумдын нутагт өвөлжүүлж хаваржуулдаг байна.  Ц.Цолмон сайд хээрийн дадлага сургуулилтаас ирээд удаагүй байгаа 186 дугаар ангийн хамт олонд сургалт дадлагадаа онцгой анхаарч буйд талархаад цаашид энэ эрчээ алдахгүй ажиллахыг хүссэн. Мөн тэрээр албан үүрэгтээ эзэн нь болж, бусдыгаа түүчээлэн манлайлж буй зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.

 

 

Сургалтын төвийн газрын маргааныг шийдэж өгөхийг хүсэв

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй албаныхан үүний дараа Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажилласан.  Энэ анги нь 2005 онд Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан юм. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахаас гадна тайван цагт энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх тусгай зориулалттай мотобуудлагын тусгай батальон юм. 2006 оны есдүгээр сараас Косовод явагдсан "КФОР" энхийг дэмжих ажиллагаанд анх удаа оролцож эхэлсэнээс хойш Ирак, Сьерро Леон, Афганистан, Чад, Өмнөд Судан, Хойд Судан зэрэг орнуудад давхардсан тоогоор 1100 гаруй энхийг сахиулагчийг илгээжээ. Монголын Зэвсэгт хүчин 2012 оноос Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анх удаа мотобуудлагын батальоны хэмжээнд ажиллагааны бүс хариуцан бие даан ажиллагаа явуулах болсон. Энэ үүргийг энэ ангийн хамт олон амжилттайгаар гүйцэтгэсээр байна. Ангийн захирагч, дэд хурандаа Н.Алтангэрэлийн хэлснээр бол энхийг сахиулах ажиллагаанд хамгийн олон оролцсон найман албан хаагч бий ажээ. Тэд нийтдээ зургаан удаа оролцсон байна. Энэ нь 330 дугаар анги нь энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоо, байр суурь нь тод харагдаж байгаа юм. Түүнээс гадна ангийн захирагч Н.Алтангэрэл ЗХЖШ-аас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл сургалт явагдаж байгааг онцолсон.  Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох цэрэг дайчдын хэлний бэлтгэлийг хангах үүднээс 2008 онд гадаад хэлний сургалтын төв байгуулж, АНУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн багш ажиллуулдаг. Цэрэг, иргэний холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл сурталчилгааг сайжруулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, орон нутгийн бусад байгууллагатай байнгын холбоотой, ойр дөт ажилладаг гэсэн. Салбарын сайддаа зэвсэг техник, тоног төхөөрөмжөө танилцуулсны дараа ангийн сургалтын төвийн газрын маргаантай асуудлыг зохицуулж өгөх, албан хаагчдын орон сууцны хүрэлцээ хангалтгүй байгаа нь шинээр томилогдон ирж буй офицер, ахлагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад сөргөөр нөлөөлж байгааг анхаарч туслахыг Батлан хамгаалахын сайдаасаа хүссэн юм. Үүний дараа албаныхан Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн салбар нэгжтэй танилцсан юм. Холбооны салбар нэгж утгаараа улсын нууцад хамаарах асуудал ихтэй учраас хэвлэлийнхэнд хаалттай байв. Салбарын даргын хэлснээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд салбарын байрын дээврийг даруй шийдэж өгөх шаардлага байгаа гэнэ.

 

 

Зэвсэгт хүчний ангиудыг хүнсний ногоогоор хангаж байна

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн дараагийн ажилласан анги гэвэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хөдөө аж ахуй, экологийн алба. Энэ аж ахуй нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас холгүй байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. Албаны дарга, хурандаа М.Эрдэнэдалайгийн танилцуулснаар энэ аж ахуй нь нийслэлийн болон говийн аймгууд дахь Зэвсэгт хүчний ангиудыг төмс хүнсний ногоогоор бүрэн хангадаг байна. Төмс хүсний ногоо тариалахаас гадна сүүний чиглэлийн фермтэй ажээ. Орон нутгаас ажилчдаа бүрдүүлсэн энэ албанд хамгийн түрүүнд шийдвэрлүүлэх асуудал гэвэл 24 айлын орон сууц барих болон тариалангийн га газраа нэмэгдүүлэх тухай юм. Сумын төвөөс багагүй зайтай учраас албан хаагчид Эрдэнэтийн чиглэлийн машинд дайгдан ажилдаа ирдэг байна. Иймээс цаашдаа ажилтнаа тогтвортой ажиллуулахын тулд 24 айлын орон сууц барихад салбарын зүгээс тусалж дэмжихийг хүссэн юм. Тэд 2014 онд 109 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд ашгаараа газар тариалангийн машин техникээ авч чадсан байна. Түүнчлэн Зэвсэгт хүчний зарим ангид ашгийнхаа орлогоор  тавилга хэрэгсэл, багаж зэвсэг авч нийлүүлсэн тухай онцолсон юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн зүгээс тавьж буй асуудлыг нь шийдэх гарц эрэлхийлж, аль болох шийдвэрлэхийн тулд ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.

 


С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж