Рахат Алиев
Казахстаны Нурбанкны хоёр менежерийг хулгайлж, хөнөөсөн хэргийг Австрийн шүүхэд хэлэлцэж байна. Энэ хэргийн гол сэжигтэн Рахат Алиев өнгөрсөн хоёрдугаар сард Австрийн шоронд нас барсан юм. Харин Рахат Алиевт банкны ажилчдыг хулгайлж, хөнөөхөд тусалсан хэрэгт Казахстаны тагнуулын албаны экс дарга Альнур Мусаев болон ерөнхийлөгчийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Вадим Кошляк нарыг буруутгаж байна. Энэ хэрэгт Вена хотын шүүхэд 60 гаруй хүн гэрчээр оролцох аж. Нурбанкны топ-менежерүүд болох Айбар Хасенов, Жолдас Тимралиев нар 2007 онд ор сураггүй болж, дөрвөн жилийн дараа цогцос нь олджээ.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Даригагийн нөхөр байсан Рахат Алиевыг Нурбанкны менежерүүдийг хулгайлан хөнөөсөн хэрэгт буруутгаж байв. Нөхөрт нь эрүүгийн хэрэг үүсгэх үед Дарига Назарбаева Алиеваас салсан аж. Казахстаны шүүх Рахат Алиевыг зохион байгуулалттай гэмт хэрэг болон төрийн эргэлт хийхээр оролдсонд буруутган 40 жил шоронд хорих ял оноосон юм. Гэвч Австрийн тал түүнийг Казахстанд шилжүүлэн өгөхөөс татгалзаж, Вена хотын “Josefstadt” шоронд хорьж байжээ. Рахат Алиев Вена хотын шоронд дүүжлэгдэж нас барсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС