Монголд бослого хөдөлгөөн гардаггүй байсан гол шалтгаан нь хэт их
хятаджуулсанд оршино гэж боддог байлаа. Харин энэ бодол эндүүрэл байжээ.
Өвөр Монголын умарт хэсэгт Зөвлөлтөөр хамгаалуулсан Монгол улс тусгаар
тогтнож байсан явдал бол хүйтэн дайны үед Хятадын эрх баригчдад учруулж
байсан хамгийн том аюулын харанга байв. “Айсан хүнд аргал хөдөлнө”
гэгчээр Xятадын эрх баригчид тэр цагт Өвөр Монголыг хятаджуулах үйл
ажиллагааг нэн эрчимтэй явуулах болжээ. Өвөр Монголын нутагт хятадууд
сууршиж, тариалан хөгжүүлэхэд цаг уурын нөхцөл байдал ямар ч садаа
болсонгүй. Өвөр Монголын нам дор газар Төвдийн агаарын сийрэгжилттэй
өндөрлөг, Шинжааны элсэн цөлтэй зүйрлэхийн аргагүй үржил шимтэй учир
хятадууд тун амархан суурьшжээ. Эхлээд тэд Өвөр Монголын хот тосгод руу
төмөр зам татаж, төмөр зам дагаад асар олон хятад сууринг буй болгож,
түүгээр ч барахгүй илгээлтээр хятад залуусыг малчин болгож, тэднийг
монгол бүсгүйчүүдтэй гэрлэх үүд хаалгыг нээх зэрэг олон аргаар хан
үндэстэн хятадууд Өвөр Монголд олширч, улмаар Өвөр Монголчууд төрөлх
нутаг дээрээ үндэсний цөөнх болон хувирсан гунигт түүхтэй.
Өвөр
Монголын нутагт явагдсан эх нутаг, эх соёл, эрх чөлөөний төлөө тэмцэл
олон улсын хараа хяналтад өртөлгүй хаагдмал ирсэн тул монгол тэмцэгчдийг
Хятадын эрх баригчид үй олноор нууцаар устгаж амжсан юм. Үүнийг нотлох
түүхийн баримт хангалттай олон бий. Олон удаагийн цуст яргaллыг даван
туулж үлдсэн нь хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд, зүрх нь үхсэн эрчүүд байсан
хэмээн зарим ахмад өвөрлөгч нaр хуучилдаг билээ. Тухайн цаг үеийн
байдал, гадны хүчин, дотоод сэтгэхүйгээс болоод Монгол улсын иргэд ах
дүү Өвөр Монголчуудад цаг тухайд нь сэтгэл санаaны болоод эд материалaaр
тусалж дэмжих ямар ч боломж байсангүй. Харин Монгол улсад байсан
эрлийз тагнуулуудаараа дамжуулаад Өвөр Монголчуудыг Xятадад уусаад
дууссан гэсэн мэдээллээр монголчуудын тархийг угааж, монголчууд
хоорондоо хөндийрөх эндүүрлийн үүд амыг нээж өгсөн. Үүнд Oросын оролцоо
мөн их байсан. Тэр цагт оросууд монголчуудыг нэгтсэн хүчтэй болгохгүй,
Xятaдыг коммунист орон болгохын тулд тэдэнд зусардсан бодлого барьж
байв. Үндсэндээ Монгол түмэн хоёр их гүрний тоглоом болсон хэрэг.
Зөвлөлт гүрэн бутран унаж, Монгол оронд нөлөөлөх нөлөө эрc буурснаар
ардчилал Монголд хөгжих сайн нөхцөл бүрэлдэж өгсөн юм. Монгол орон алдаа оноотой ч сүүлийн 20 жил ардчиллын
замаар тууштай явж буй нь Өвөр Монголчуудад нэгийг бодогдуулж,
сэтгэлийн гүндээ хадгалсан итгэлийнхээ цогийг бага багаар бадраах
боломжийг олгожээ. Нэг үгээр хэлбэл Өвөр Монголчуудын хувьд ертөнцийг
харах цонх нь монгол соёл, монгол ахуй, Монгол орон, Монгол улсын ардчилал
болж чадсан. Өвөр Монголчуудын ирээдүйд итгэх итгэл ихээхэн нэмэгдсэн,
монгол соёлоо авч яваа Монгол улс тэдэнд ил далд ихээхэн нөлөөлөх
болсон.
Ийнхүү Өвөр Монголчуудын дотоод итгэл нэмэгдэх тутам орчноо харах нүд бас өөрчлөгдөж, хятадуудын дарлал мөлжлөгийг улам үзэн
ядах, тэднийг жигших болж, хорсол хилэнгийн гал тэдний зүрхэнд дүрэлзэх
хэмжээнд болж иржээ. Энэ хэдэн жилд хуримтлагдсан тэр хилэнгийн галыг
бадраахад Баруун Үзэмчинд газар нутгаа хамгаалан тэмцээд алтан амиа
алдсан монгол залуугийн хэрэг хуурай цучил болсон нь мэдээж. Хэргийн
эзэн хятадууд хэзээ нэгэн цагт ийм юм болно гэдгийг урьдаас мэдэж байсан
тул цэрэг цагдаагийнхаа хүчийг улам нэмж, олон улсын хараа хяналтаас
урьдын адил нууж хааж байгаад “барын зулзагыг бага дээр нь дарaх”
уламжлалт аргаа хэрэглэв. Олон жил дарлагдсан Өвөр Монголчуудаас ийм
зориг зүрх гарна гэж хөрш Монгол орны иргэд төсөөлөө ч үгүй явлаа. Өвөр
Монголчууд ахуйн соёлоороо хичнээн хятаджлаа ч зүрх сэтгэлээрээ монгол
хэвээрээ байгаа энэ бослого үймээн харуулж байна. Хятадын соёлын нөлөөнд
гүн орсон Өвөр Монголчууд бол муйхраар тэмцэж буй уйгар, төвдөөс
ихээхэн ялгаатай. Тэдний ихэнх нь интернэтээс мэдээллээ авдаг, дэлхий
дахинд юу болж байгаа харж чаддаг, хятад хүнээс тутахгүй хэлийг нь
эзэмшсэн тул эрх баригч хятадуудыг хамгийн ихээр сандаргаж байгаа нь
мэдээжээ. Тэгээд бас тэдний ард ардчилсан Монгол улс байна. Монгол улс
бол бүх Өвөр Монголчуудын хувьд Журасилим нь болно. Одоо цагт ямар ч Өвөр Монгол хүн “бид мөхсөн ч ард маань Монгол улс байна”
гэж бахархалтайгаар хэлж чаддаг болсон цаг. Бид л арчаагүйдээ улс
үндэстнийхээ талаар нарийн бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй
байгаа болохоос Монгол хэмээх нөмөр халх улс тэдний хувьд бол байгаа юм
аа.
Өнөөгийн энэхүү явуулж буйж Өвөр Монголчуудын бослого хөдөлгөөн нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь
бол дэлхийн дахины мэдээллийн хэрэгслэлээр эл үйл явдал түгж,
монголчууд бол олуулаа юм байна, бас эрх ашгийнхаа төлөө босч тэмцэж
чаддаг юм байна, Өвөр Монголчууд харaахан хятад болчихоогүй юм байна,
улмаар Монгол гэдэг үндэстэн байдаг юм байна гэсэн ойлголтыг мэдэхгүйд
төрүүлж, мэддэгт бататгах сайн талтай юм. Нэг үгээр хэлбэл Монгол улсад
ашигтай сурталчилгааг дэлхий нийтэд хийж байна. Сөрөг тал нь
Өвөр Монголчууд төрөлх нутаг дээрээ улс төр, соёлын хувьд Хятад улам
хавчигдах болно. Босогчдын тодорхой хэсэг хятадуудын ярaглал тамлалд
өртөж амь насаа алдах болно. Улмаар Монгол улс болоод Өвөр Монголчуудын
хоорондох соёлын харилцаа зогсоход хүрнэ. Гэхдээ л 1981 онд гарсан
оюутны хөдөлгөөнөөс хойш 30 дахь жил дээрээ энэхүү бослого хөдөлгөөн
Өвөр Монголд гарч буй нь авлигалд идэгдсэн Өвөр Монголын засаг төрийн удирдагч хан үндэстэнд өгч буй том цохилт боллоо.
Цаг
үеийн байдалд Монгол улсын иргэд бид ямар байр суурийг барих хэрэгтэй
вэ гэдэг асуудал тулгараад байна. Хоёр улсын харьцааг муутгачихна гээд
бүлх залигсан мэт дуугүй суугаад байж мэдээж болохгүй. Ардчилсан Монгол
оронд мэдээлэл бол чөлөөтэй байх ёстой. Бас бодитой байх ёстой. Дэмжиж
байна гээд туг далбаа намируулаад, хоосон уриа лоозунг хашгираад байх
бас хэрэггүй. Яг нөгөө “Ардын илч” кинон дээр гардаг хоёр данжаад
Ариунаа Тулга хоёрыг нуудагтай адил аргаар Өвөр Монголчуудыг дэмжих
хэрэгтэй юм. Манай улсын удирдлага харин ганц нэгээрээ зугтаад гарч ирж
буй монголчуудыг хүний голгүй бариад буцаагаад өгчихдөг шившигтэй, хүний
мөсгүй, арчаагүй байдлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ лай болно гэж бодвол
Монгол паспорт өгөөд АНУ-ын элчингээр дамжуулаад эрх чөлөөний оронд
тэднийг гаргачих хэрэгтэй. Яваандаа монголчууд бид чангараад ирэхээр
Улаанбаатар ханиахад Хөххотод найтийдаг болмоорсон. Өвөр Монголчууд оршин тогтнох нь Монгол улсын тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа юм шүү.