-Шинэчилсэн чансааны 209 орноос манай улс 200-д бичигдлээ-
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (FIFA) улс орнуудын шинэчилсэн чансааг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр гаргалаа. Энэхүү чансаанд багтсан 209 орныг Герман улсын шигшээ баг тэргүүлсэн бол Аргентин, Белги, Колумб, Бразил, Нидерланд, Португал, Уругвай, Швейцарь, Испани улс II-X байрт оржээ. Жагсаалтын дөрөвт бичигдсэн Колумбын шигшээ баг түүхэн дээд амжилт үзүүлээд байгаа бол Франц XI байр руу ухарчээ. Францын шигшээ баг талбайдаа Бразилтай нөхөрсөг тоглолт хийж, 1:3-аар хожигдсоноор топ арвын гаднa үлдлээ.
Харин энэ удаагийн чансаанд “Талын хөх чононууд” хочит Монгол Улсын шигшээ баг 200-д бичигдлээ. Өмнөх чансаагаар 189-р байранд явсан манай шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Зүүн Тиморт хожигдсоноор ийнхүү чансаа буурлаа. Манай шигшээ багийг хоёр хожсон Зүүн Тимор 152-т бичигдсэн байна. Энэхүү жагсаалтад хөгжил буурай Бутан улс Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Шри-Ланкыг 1:0, 2:1 онооны харьцаагаар хожиж, түүхэн хожил байгуулсан амжилтаараа 163-д бичигджээ. Тэд өмнөх чансаагаар хамгийн cүүлд буюу 209-д бичигдэж байсан юм.
Азийн бусад орнуудаас Япон улс 50, БНСУ 57, БНХАУ-82, Катар 99, Вьетнам 125, Тайланд 142, БНАСАУ 157, Бангладеш 167-д жагсчээ. Манай улсын шигшээ багийн ард Тонга, Сомали зэрэг 9 улс бичигдсэн байна.
2011 оны наймдугаар сард Дэлхийн чансааны 160-д хүрч байсан манай шигшээ багийн амжилт ийнхүү 40 байраар ухарч 200-д жагслаа.
Шигшээ багийн залгамж халаа болсон залуучуудын шигшээ баг өнгөрөгч гуравдугаар сард Лаост болсон 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцсон. Тэд БНХАУ(0-5), Лаост(0-7) хожигдсон ч Сингапуртай 2:2 оноогоор тэнцэж, нэр төрийн нэг оноог авсан билээ. Хэдийгээр насанд хүрэгчдийн баг хожил авч чадаагүй ч залуучуудын баг тэнцээ хийснээр бага ч болов хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсан юм.
ШИНЭ УДИРДЛАГАТАЙ БОЛСОН Ч ШИГШЭЭ БАГ ХОЖИЛ АВЧ ЧАДСАНГҮЙ
2014 онд Монголын хөлбөмбөгийн холбооны(МХБХ) 55 жилийн ой тохиосон. Гэхдээ энэхүү ой сүр дуулиантай болоогүй юм. Учир нь МХБХ-ны ерөнхийлөгч Б.Ганболдод FIFA-гаас авлига авсан хэрэгт буруутган хориг тавьсан. Түүнийг Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мухамед Бин Хамманаас 2009, 2011 онуудад авлига авсныг тогтоосон учир ФИФА-гийн ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн гэж үзсэн юм. Тэрээр таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй болж, энэхүү шийдвэр 2014 оны аравдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Ийнхүү оны төгсгөлийг бужигнаатэй өнгөрүүлсэн хөлбөмбөгийн холбоо энэ оны эхээр шинэ удирдлагатай болсон юм. МХБХ-ны ээлжит IV их хурал энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болж, шинэ бүрэлдэхүүн тодорч ажлаа хүлээж аваад сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. МХБХ-ны ерөнхийлөгчөөр А.Ганбаатар сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр ОУХМ Б.Буман-Учрал, Гүйцэтгэх хорооны гишүүдээр Б.Батзаяа, Д.Даваасамбуу, М.Болд, Б.Батсайхан, Б.Гансүх, М.Батболд Б.Болдбаатар, Г.Мөнхчулуун, Ж.Хишигжаргал нар сонгогдсон юм.
МХБХ-ны шинэ бүрэлдэхүүн ажлаа аваад удаагүй энэ үед насанд хүрэгчдийн болон залуучуудын шигшээ баг шийдвэрлэх тоглолтуудыг хийсэн ч хараахан хожил аваагүй юм. Насанд хүрэгчдийн шигшээ баг Зүүн Тиморт хоёр хожигдохдоо нэг гоол айлын хаалганд хийсэн бол залуучууд Сингапуртай 2:2-оор эвийн гэрээ байгуулсан амжилтыг үзүүллээ.
А.МӨРӨН, Г.ГАН-ДЭЛГЭР НАР ЕВРОПТ ХӨЛ ТАВИЛАА
Монгол Улсын шигшээ баг “БНСУ, Япон-2002”, “Герман-2006”, “ӨАБНУ-2010” ДАШТ-ий урьдчилсан шатанд нийт 10 тоглолт хийхдээ нэгд нь тэнцэж, бусдад нь ялагдаж байв. Харин “Бразил-2014” ДАШТ-ий урьдчилсан шатанд “Талын хөх чононууд” түүхэн ялалт байгуулсан. Мьянмарыг талбай дээрээ 1:0-оор хожсон энэ түүхэн ялалт 2011 оны зургаадугаар сарын 11-ний өдөр тохиосон билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа хариу тоглолт Мьянмарт болоход 0:2-оор хожигдож, цааш тоглох эрхээ алдаж байсан юм. Энэхүү цорын ганц хожлын гоолыг А.Мөрөнгийн дамжуулалтаар Х.Цэнд-Аюуш оруулсан түүхтэй.
Хоёр жилийн өмнө Тайландын лигт тоглосоноор Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болж байсан Алтанхуягийн Мөрөн дахин шинэ түүх бичиж, Европын багт тоглох гэж байна. Нийслэлийн 5-р сургуульд сурч байхдаа хөлбөмбөгт амьдралаа холбосон түүний хувьд “Сэлэнгэпресс” багаас спортын замналаа эхлүүлжээ. “Дуулиан-2020”-д “дуулиан” болж, 25-р эмийн сангаас 5-р сургууль хүртэл бөмбөгөө нэг ч алдалгүй жонглёрдсон тухай нь хөлбөмбөгийн хүрээнийхэн шуугиж, талбайн төвөөс унаж татаад гоол оруулж гайхан алмайруулж тэрээр өдгөө Монголын нэр хүндийг Европын тавцанд гаргалаа.
А.Мөрөн Сербийн “Мачва” багт нэг жилийн гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр тус улсыг зориод байна. “Мачва” багийн хувьд 1-р лигийнхээ 16 багаас 12-13-р байрт бичигдсэн амжилттай яваа аж.
Тэгвэл одоо бидний шинэ танил бол Ганболдын Гандэлгэр. Энэ жил 20 настай тэрээр Английн Премьер-лигийн шилдэг багуудын нэг “Тоттенхэм”-ийн нөөц багт тоглож байна. Арван настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн тэрбээр Өмнөд Солонгост хоёр жил мэргэжлийн хөлбөмбөгийн сургуульд сурч байгаад Английн нэгэн клубт шалгуулаад тэнцсэн байна. Улмаар тэндээ гурван жил тоглосны эцэст “Тоттенхэм”-ийн шалгаруултад орж тэнцэн, өдгөө “В” багт нь тоглож байгаа аж. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын шигшээ багт дуудаж, Зүүн-Тиморын тоглолт болон Лаост болсон залуучуудын шигшээ багт багтсан юм.
Одоогоор Монголын шигшээ багийн амжилт 209 орноос 200-д эрэмбэлэгдсэн ч А.Мөрөн, Г.Гандэлгэр нарын залуус шиг шилдэг тамирчид удахгүй төрж, бидэнд олон олон хожлыг авчирна гэдэгт итгэж байна. Монголын хөлбөмбөг мандтугай.
Ч.БОЛОРЧУЛУУН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин