Ливид НҮБ-ын шинжээчид ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Ливид НҮБ-ын шинжээчид ажиллав

Ливийн Засгийн газрын цэргийнхэн  болоод  сөрөг хүчний босогчдыг  дайны гэмт хэрэгт буруутгаж байна.  Хүний эрхийн төлөө тэмцэгчид Ливид болж буй улстөрийн зөрчлийн улмаас энгийн номхон иргэд аллага, хүчирхийлэл болон эрүү шүүлтийн хохирогч болж байгааг баримтаар нотлохоо мэдэгдсэн байна. НҮБ-ын элч нар Ливийн Засгийн газрын  бодлогыг эсэргүүцэж буй сөрөг хүчний босогчдыг ч мөн хүний эрхийг зөрчсөн, хүчирхийлэл явуулсан хэрэгт буруутгажээ. Үүнээс өмнө НАТО Ливид явуулж буй цэргийн ажиллагааг 90 хоногоор сунгахаар болсон байна. НҮБ-ын хүний эрхийг хамгаалагч, шинжээчид өчигдөр Женев хотноо  дээрх мэдэгдлийг гаргажээ. НҮБ-аас томилсон хүний эрхийн шинжээчид Ливид очиж, зөрчил үүсгэж буй хоёр талынхан болон хүний эрхийн төлөө тэмцэгчид, эмч нар, зөрчил мөргөлдөөний үеэр амиа алдсан иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзсан байна. Шинжээчид Ливийн босогчдын явуулж буй зэрлэг балмад үйл ажиллагаа ялангуяа цагаач ажилчдад зүй бусаар хандаж, хууль зөрчиж буйг мэдэгдэлдээ онцолжээ. Шинжээчдийн гаргасан дүгнэлтийг Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн хороо авч хэлэлцэх юм байна. Өчигдөр НАТО-гийн гишүүн 28 орны төлөөлөгчид Бруссельд чуулж, Ливид явуулж буй цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж