Д.Тэрбишдагвын хар жагсаалт

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагвын хар жагсаалт

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Шадар сайдын албаа өгснөөс хойш зав зайтай болж, хууль тогтоох ажилд анхаарлаа хандуулж эхэлжээ. Баяр наадам дөхөж олон нийтийн анхаарал сарнисан үед УИХ гол, гол хуулиудыг баталж, юм, юм амжуулах нь бий. Яг энэ жишгээр УИХ-аар ногоон гэрлээр батлагдсан хуулиудын жагсаалтыг гаргасан нь “Д.Тэрбишдагва гишүүний хар жагсаалт” гэж нэрлэж ч болохоор байгаа юм.

Түүний судалгаагаар УИХ 2006 оноос хойш нийт 197 хуувийг сар шинэ, үндэсний их баяр зэрэг томоохон тэмдэглэлт баяруудтай уралдан баталжээ. Тухайлбал, Үндсэн хуульд хоёр удаа өөрчлөлт оруулахад хоёулаа баяртай давхацсан байна. Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан ч түүнээс хойш 18 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ 11 удаагийн нэмэлт өөрчлөлт нь сар шинэ, улсын баяртай давхацсан байна. Хамгийн сүүлийн баримт нь УИХ-ын намрын чуулганыг завсарлуулахын өмнө буюу сар шинийн битүүний өдөр Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр, Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний өмнөхөн Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан гэдэг судалгааг гаргажээ. Мөн зарим хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээд ердөө долоо хоног хүрээгүй байж, УИХ дахь нам, эвслийн бүлгээр хэлэлцэгдэхээр болж, ногоон гэрлээр орж ирдэг атал нийгмийн захиалга болсон ард түмний хүсэн хүлээж буй хуулиудыг хэдэн сараар ч хамаагүй хав дардаг. Энэ ангилалд Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах жагсаалтыг нэрлэж болох юм байна. Засгийн газар энэхүү хуулийн төслийг өмнөх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхэд даваа гаригаас эхлэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээр хэлэлцэгдэхээр шахуу орж ирж, түүний дараагаар Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар орж, шахсан аж. Гэхдээ УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх шатанд гишүүд хүчтэй эсэргүүцсэнээр ард иргэдийн саналыг асуухаар болж, хойшлуулжээ. Харин хэлэлцэхийг хүлээсээр хоног сар алдаж байгаа хуулийн төсөлд Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулийн төслүүдийг нэрлэж байна.

Ингэж шахаж шавдуулсан хуулийн төслийн ард хэн нэгний лобби захиалга явж байна гэх харыг ч сонгогчид Д.Тэрбишдагва гишүүнд уламжилдаг байна.
 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж