Хүүхэд, багачуудынхаа саруул ирээдүйд итгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Хүүхэд, багачуудынхаа саруул ирээдүйд итгэж байна

Женев хотноо 1924 онд “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдсан тэр өдрөөс хойш жил бүрийн зургадугаар сарын  1-ний өдрийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Тусгаар тогтнолын талбайд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулсан “Эрүүл орчинд инээмсэглэн амьдарцгаая” сэдэвт арга хэмжээнд оролцож, ххүхэд багачууд, эцэг, эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Монголын төр хүүхэд, багачуудаа халамжилж, хүмүүжүүлэх, сайн сайхан амьдралын төлөө ямагт анхаарч  ирсэн түүхэн уламжлалтай. Төр, засгаас эхчүүд, хүүхдийн талаар нийгмийн хамгааллын олон чухал арга хэмжээ авч, түүнийгээ үр дүнд хүргэсэн.

Хүүхэд бүр эрүүл, цэвэр орчинд өсөх ёстой. Хүүхэд бүр инээд хөөртэй байхыг хүсч байна. Эцэг, эхчүүд ээ, болзошгүй элдэв эрсдлээс хүүхдүүдээ сэрэмжлэн хамгаалцгаая. Хүүхдэд ээлтэй нутаг оронд бидний үр хойчийнхон өсч хүмүүжих учиртай. Энэ бол манай эх орон мөн. Монгол эх орондоо хүүхдүүдийг хайртай болгож өсгөж хүмүүжүүлье. Энэ бол Та бидний бүгдийнх нь нийтлэг зорилт юм.

Хүүхдийн амьралд эх, эцэг үнэлж баршгүй үүрэгтэй. Эхчүүдийн одонгийн болзлыг хөнгөлөн, мөнгөн урамшуулал олгодог боллоо. Хүний хөгжлийн сангаас сар тутам 21 мянган төрөг өгч байна. Төрөөс ийнхүү эх, хүүхдүүддээ элгэмсэг бодлогоор дэмжин хүүхэд, залуучуудыг сурч боловсроход нь бүх талаар тусалж байна.

Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгож, оюутнуудыг зохих тэтгэлэгтэй болгох зорилт тавьж байна. Мэргэжил эзэмшихэд нь тусалж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдад тэтгэлэг олгон төлбөргүй сургадаг болгосон. Хүүхэд, залуучууд та нарыг сурах боломжоор эх орон чинь төгс хангаж байгаа билээ. Бидний ирээдүй, бас Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө санаа тавьж 18 нас хүртэлх хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс гаргадаг юм. Энэ бүхэн нь төрийн үүрэг, хариуцлага юм.      
   
Манай хүүхдийн төлөө байгууллагын ажилтнууд болон боловсролын байгууллагын ажилтан олон мянган сурган хүмүүжүүлэгч нартаа баярын энэ өдөр бид талархал илэрхийлж байна. Хүүхдийн байгууллагууд санаачлан “Хүүхдийн элч”-ийг ажиллуулж, хүүхдүүдээр өөрсдөөр нь идэвхи чармайлт гаргуулах, биеийг нь даалгаж ажиллуулах зорилт дэвшүүлэн өөрөө өөрсдийнхөө төлөө ажиллах талаар дадлага олгодог болжээ. Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн хэмжээнд 386 “Хүүхдийн элч” ажиллаж байна. Энэ санаачилгыг улам дэмжиж, өрнүүлэх нь чухал. Үүнийг ажил хэрэг болгох зорилгоор парламент дахь хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих бүлгийг УИХ-ын гишүүд санаачилсан юм.

Хүүхэд, залуучуудын талаар төрөөс тавьж буй халамжийг эцэг, эх, гэр бүлийн санаачлагатай холбовол бидний зорилго, ажил үйлс бүр ч амжилттай бүтэх нь магад юм. Бид хүүхэд багачуудынхаа саруул ирээдүйд итгэж байна гээд гэр бүл, эцэг, эх, найз нөхөдтэйгээ сайхан баярлаж, эрүүл энх, аз жаргалтай өсч торнихын ерөөл дэвшүүлэв.    

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Баатарзориг, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, дүүргийн хүүхэд багачууд, эцэг, эхчүүд өргөнөөр оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж