Германы Кёльн хотын нисэх онгоцны буудлаас Италийн Милан хотыг чиглэн хөөрөх байсан “Германуинг” компанийн онгоцыг хөөрөхөөс нь хэдхэн минутын өмнө зогсоож, бүх зорчигчдыг онгоцноос гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Нисэх буудлын удирдлагууд нислэгийг зогсоосон шалтгаанаа цагдаагийн газраас онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан байж магадгүй гэх мэдээлэл ирсэнтэй холбон тайлбарласан байна.
Улмаар “Германуингс” компанийн Эйрбус A320 онгоцонд суусан байсан 126 зорчигчийг бүгдийг гаргасныхаа дараа цагдаагийн алба хаагчид тэсрэх бөмбөг илрүүлэх төхөөрөмж болон нохой ашиглан онгоцонд нэгжлэг хийсэн бөгөөд одоогоор сэжигтэй обьект илэрсэн талаарх мэдээлэл байхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв.
Ойролцоогоор гурван долоо хоногийн өмнө Испанийн Барселонагаас Германы Дюссельдорфийг чиглэн ниссэн тус компанийн онгоц Альпийн нуруунд сүйрсэн билээ.
Т.АНУ