Заамарт замбараагүй байдал үүсэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.06.02-нд нийтлэгдсэн

Заамарт замбараагүй байдал үүсэхэд ойрхон байна

Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж
буй алтны зарим уурхайг мэргэжлийн хяналтын болон тагнуулын байгууллагын
ажилтнууд өнгөрсөн сарын 17-18-нд хааж, лацдаад явсан талаар манай
сонин өмнө нь мэдээлсэн. Харин тухайн газарт бодит байдал ямар байгааг
өнгөрсөн амралтын өдрүүдэд сурвалжлаад ирлээ. Тухайн үед газар дээр нь
байсан эх сурвалжуудын яриаг сонсоход уурхай хаасан явдал нь хууль ёсны
арга хэмжээ бус, үл ойлгогдох тусгай ажиллагаа байсан мэт сэтгэгдэл
төрүүлж байв. Төрөөс зохион байгуулсан дээрх “тусгай ажиллагаа”-наас
ямар үр дагавар гарч буйг энэхүү сурвалжлагаараа харуулахыг зорилоо.

Уурхайчид ажилгүйчүүдийн эгнээ рүү

“Урт нэртэй” хуулиас болж уурхайчид ажилгүйчүүдийн  эг­­нээнд шилжих
нөхцөл бүр­дээд байсан билээ. Харин Заамарын зарим уурхайг хааснаар энэ
нь бодит байдал болчихоод байна. “Тусгай ажиллагаа”-нд өртсөн
компа­ниудын нэг нь Төв аймгийн Заа­мар, Булган аймгийн Бүрэг­хангай
сумын зааг буюу Туул голын адагт үйл ажиллагаа явуулдаг
“Мон­голросцветмет” нэгдлийн ха­рьяа “Шижир алт” ХХК. Эд­нийх 400 гаруй
ажилчинтай. Аж­лын байрыг нь лацдаад яв­сан болохоор энэ олон хүн
зү­гээр суухад хүрчээ. Үүдээ түгжүүлсэн бусад компанийн ажилчдыг
оролцуулбал 1000 хол давна. Уурхайчид ихэвч­лэн гэр бүлээ тэжээдэг гол
хүн нь байдаг. Тэдний нэг болох “Булган Гангат” ХХК-ийн уулын мастер
Г.Мөнх-Эрдэнэ “Бид ажлын туршлага багатай, харьцангуй залуу хүмүүс
боловч өрсөлдөхүйц цалин хангамжтай боломжийн сай­хан амьдарч байсан.
Одоо үүсээд байгаа нөхцөл байдал бид­ний ирээдүйг хааш нь ч эргүүлж
мэдэх нь” гэсэн юм. Туршлагатай инженерүүд нь ч яах вэ. Дараагийн ажлын
байраа түвэггүй ажилтай ол­чихно. Харин энэ залуусын ирээдүй үнэхээр
эргэлзээтэй болжээ.

Г.Ёндон: Ажилчдаас гадна орон нутгийн иргэд хэцүүднэ

“Монголросцветмет” нэгдлийн харьяа “Шижир алт” компани буюу Заамарын
алтны үйлдвэрийн захи­рал Г.Ёндонгоос зарим асуултад хариулт авлаа.


-Танай уурхайг ямар шалт­гаанаар хаасан юм бэ?

-Шалтгаанууд нь ойлгомжгүй байгаа юм. Жишээ нь, манайхыг “Гол, мөрний
урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд олборлолт
явуулж байгаа” гэсэн. Яг үнэндээ тэрхүү хамгаалалтын бүсийг нь Засгийн
газар эцэслэн батлаагүй шүү дээ. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан
бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг хориглох тухай хуулийн гуравдугаар зүйл буюу нэр томъёоны
тодорхойлолтод “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс гэж Усны тухай
хуулийн 31.3-т заасныг хэлнэ” гэж заасан байдаг. Тэгвэл Усны тухай
хуулийн уг заалтад “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй
зайд энгийн хамгаалалтын бүс, 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс
тогтооно” гэсэн байгаа. Харин манай ашиглалтын талбай 200 байтугай метр
зайтай. Тиймээс бид тэрхүү актыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Гэвч хаагаад
явсан.

-Уг асуудлыг богино хугацаанд шийдэх болов уу. Гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Уул уурхай гэдэг бол нарийн боовны цех биш. Асар өндөр зардал, урт
удаан хугацаа шаардлагатай хүнд ажил. Гэтэл үүсч болох үр дагаврыг
тооцолгүй ийм шийдвэр гаргасанд уулын инженер хүний хувьд үнэхээр их
гайхаж байгаа. Мэдээж мундаг ухаантай хүмүүс тэр хуулийг баталсан
болохоор засч залруулах байлгүй гэж найдаж байна. Уг нь энэ хуулийн
байгаль орчноо хамгаалах гэсэн үзэл санаа нь зөв. Харамсалтай нь,
хэрэгжүүлэх механизмыг нь нарийн тооцоогүйгээс ийм зөрчилтэй байдал
үүсгэж байна.

-Энэ байдал удаан үргэлжилбэл ямар үр дагавар гарах бол?

-Манай уурхайн үйл ажиллагаа доголдох нь зөвхөн өөрсдийн ажилчдаас гадна
Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөр тосгоны 3000 иргэний амьдралд шууд
нөлөө үзүүлнэ. Энд сум дундын цагдаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд
төсвийн бүх байгууллага нь манай компанийн байрыг түрээсэлж үйл
ажиллагаа явуулдаг. Өр төлбөр ч их бий. Дээр нь цэвэр, бохир усны шугам
сүлжээ, инженерийн байгууламжуудыг манай компани өөрийн зардлаар бүтээн
байгуулсан. Тэгэхээр энэ шийдвэр зөвхөн нэг компанийн бус, бүхэл бүтэн
тосгоны хувь заяатай холбоотой. Үүнээс гадна 2006 оны үед “нинжа” нар
эмх замбараагүй байдал үүсгэж, дийлдэхээ больж байсан түүх давтагдахыг
үгүйсгэх газаргүй.

Монгол Улсын зөвлөх инженер Г.Ёндон ийн ярьсан юм. Тэрбээр мөн “Төрийн
өмчийн байгууллагад ажилладаг хүний хувьд төрийн бодлого, шийдвэрийг
хүндэтгэж байна. Гэхдээ хувь хүн талаасаа өөр хоорондоо авцалдахгүй
хууль журмыг яаралтай цэгцлэхгүй бол олон талын эрсдэлтэй” гэдгийг
шулуухан хэлж байлаа.

Төр төсвийн орлого тасалдах нь нөхцөлийг бүрдүүлжээ

Уул уурхайн үйлдвэрлэгчид энэ оны улсын төсөвт 519 тэрбум төгрөг
төвлөрүүлэх учиртай аж. Гэтэл тэднийг үйл ажиллагаа явуулах эрхгүй
болгоод эхлэхээр төсвийн орлого тасалдах нь тодорхой болж байна. Уул
уурхайн үндэсний компаниуд улсын төсвийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг
байсан. Сүүлийн жилүүдэд энэ салбарын төсөвт эзлэх хувийн жин улам бүр
нэмэгдэж байгааг Сангийн яамнаас саяхан мэдээлж байсан. Үүнийг мэдсээр
байж орлогын эх үүсвэрээ хаасныг ойлгох хүн ховор байна. Мөн Заамарын
уурхайнууд “Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ” компанийн
орлогыг бүрдүүлэгч гол субьектүүд юм. Харин өдгөө нэгэнт үйл ажиллагаа
явуулах эрхгүй болсон учраас тухайн компанийн орлого тасалдана.
Санхүүгийн хувьд тун эмзэг байгаа эрчим хүчний салбарт орлогын тасалдал
үүсэхээр мөн л үйл ажиллагаа нь тодорхой. Үйл ажиллагаа нь зогссон
компанийн удирдлагууд хувийн эрх ашгаа бодоод цахилгаанаа таслуулж
болно. Харин уурхай дагасан суурин газар, тосгонууд бас гэрэл гэгээгүй
болох учраас эрчим хүчний компанитайгаа эв зүйгээ ололцож, түр аргалж
байгаа юм байна. Гэвч энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй нь
ойлгомжтой.

Нөхөн сэргээлтийн шилдэг компаниудаа хэлмэгдүүлжээ

Ер нь “Заамарын хөндий” гэхээр л сэндийлсэн газар, сүйдсэн байгаль, эмх
замбараагүй нүд хальтирмаар газар байх юм шиг төсөөлөх хүн олон. Харин
бодит байдлыг нүдээр харж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд
хийгээд орон нутгийн иргэдтэй ярилцаад үзэхээр эрс өөр дүр зураг бууна.
Уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн хэлж буйгаар гадаадын хөрөнгө
оруулалттай янз бүрийн компаниуд ёстой л ниргэдгээ ниргээд, авдгаа аваад
аль хэдийнэ арилаад өгчээ. Харин үндэсний гэх тодотголтой компаниуд л
хүртэх ашиг, хүлээх алдагдал хоёроо тэнцүүлээд зүтгэж байгаа нь түгээмэл
юм. Мөн ганц бүрхэг хуулиас болж хэрхэн баларч байгаа нь ч тодорхой
харагдаж байлаа.

Туул голын адагт үйл ажиллагаа явуулдаг “Монполимет” группийн Тосонгийн
уурхай л гэхэд 300 орчим ажилчинтай, 20 жил тасралтгүй үйл ажиллагаа
явуулж буй үндэсний томоохон аж ахуйн нэгжийн нэг. Улс, орон нутгийн
төсөвт оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж
хэрэгжүүлсэн ажил гээд гэрэл гэгээтэй зүйл энэ компанид олон байна.
Харин яагаад үйл ажиллагааг зогсоосон шалтгаан нь тун бүрхэг байгаа юм.
Энэ уурхай нөхөн сэргээлтийн ажлын арвин туршлагатай. Таван жил дараалан
улсын тэргүүний нөхөн сэргээгч компаниар шалгарсан байх юм. Уурхайн
олборлолтын технологийн хувьд ч олон улсад хамгийн шилдэгт тооцогддог
техниктэй. Эднийх ОХУ-д үйлдвэрлэсэн “250Д” маркийн хоёр драгтай юм
байна. Драг нь олборлолт явуулсан газарт үүссэн хоосон орон зайн 60-70
хувийг өөрөө нөхөн сэргээдэг, химийн ямар нэгэн хорт бодис огт
ашигладаггүй. Мөн голын ус ашигладаггүй, ашигласан усаа голд
нийлүүлдэггүй зэрэг олон давуу талтай технологи гэдгийг уурхайн
инженерүүд тайлбарлаж байсан. Тэд уурхайгаа хаалгасан, дээрээс нь дизель
түлшний хомсдолд орсон ч “Уурхайг маань хаачихлаа” гээд зүгээр суулгүй
нөхөн сэргээлтийн ажлаа боломж бололцооныхоо хэрээр хийцгээж байв. Тус
уурхайн ой зүйч С.Оюунтуяа “Бид биологийн нөхөн сэргээлт хийж, тарих
модоо өөрсдөө үрслүүлдэг. Энэ жил 15-20 га-д хийж байна” хэмээв.
Түүнчлэн 2007, 2008 онд 100, өнгөрсөн жил 50 га талбайд тус бүр 20 мянга
гаруй мод тарьсан нь бүгд боломжийн ургаж байна. Урьд нь огт модгүй
нүцгэн байсан дэнж өнөөдөр ногоон төгөл болсныг харахад тэд нөхөн
сэргээлтэд ямар их сэтгэл гаргадаг нь мэдрэгдэж байлаа.

Мөн “Шижир алт” ХХК 2008 онд “Шилдэг нөхөн сэргээгч компани”-аар шалгарч
байжээ. Тус компани 2006 онд Уул уурхайн үндэсний хүрээлэнтэй хамтран
“Олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээх төсөл” боловсруулж, холбогдох
яамдаар батлуулсан байна. Зургаан жилийн хугацаатай хэрэгжих 8.9 тэрбум
төгрөгийн төсөв бүхий энэ төсөл нь өнөөдөр ид хэрэгжиж байгаа аж. Мөн
өнгөрсөн онд нийт 210 гаруй га талбайг Монгол Улсад мөрдөж буй
стандартын дагуу бүрэн нөхөн сэргээж, улсын комисс болон орон нутгийн
мэдэлд шилжүүлэн өгчээ. Гэтэл нөхөн сэргээсэн уг талбайд нь “нинжа” нар
халдаж, жил хүрэхгүй хугацаанд нүд хальтирмаар болгосон ажээ. Тиймээс
уурхайн удирдлагууд их хэмжээний хөрөнгө зарж, нөхөн сэргээсэн талбайгаа
орон нутгийнхантай хамтран харж хандаж байх санаачилга гаргасан байна. 

Компаниудад ялгавартай ханджээ

Үүдээ түгжүүлсэн компанийн тоонд “Тод-Ундрага”, “Авдар Баян”, “Уян Ган”,
“Булган Гангат” гэх мэт жижиг, дунд олон уурхайн нэр багтаж байсан.
Харин биднийг сурвалжлага бэлтгэх үеэр зарим нь хэвийн ажиллаж, зарим нь
ажиллахгүй байгаа шалтгаанаа арай өөрөөр тайлбарлаж байлаа. Жишээ нь,
Туул голын зүүн эрэгт ашиглалтын талбайтай “Тод-Ундрага” ХХК-ийн ажилтан
Д.Оюунчимэг “Манай компанийн зарим бичиг баримт зөрчилтэй байсан. Тэр
алдаагаа засч залруулсан учраас хоёр хоногийн өмнөөс хэвийн ажиллаж
эхэлсэн” хэмээн ярьсан юм. Мөн “Авдар Баян” ХХК-ийн Ерөнхий геологич
Г.Ренчиндорж “Манай уурхайн гео­логийн судалгаанд асуудал гарсан. Алтны
агуулга илрэхгүй байгаа учраас ажиллахгүй байна” гэв. Харин тэндээс
нэлээд зайтай орших “Булган Гангат” ХХК-ийн уурхайн дарга Д.Мөнхсайхан
“Бид “Урт нэртэй” хуулиас болж, хөрөнгө мөнгө, цаг заваа хий дэмий үрж
байна. Манайх шиг дундаж уурхай дор хаяж 50 ажилтантай байдаг. Ар гэрийг
нь оруулаад тооцвол нэг аж ахуйн нэгж 150 гаруй хүний амьдралыг авч
явдаг. Гэтэл учир битүүлгээр ингэж хохироож болохгүй шүү дээ” гэсэн
шүүмжлэлийг төр, засгийнханд дайсан юм. Эдгээр компанийн заримынх нь
ашиглалтын талбайн тодорхой хэсэг хамгаалалтын бүсэд багтаж байсан аж.
Гэхдээ шинэчилсэн зураг төслөөр уг асуудлаа нэг мөр шийдсэн гэцгээж
байна. Харин голын урсгалд хэт ойрхон, бараг л гол дотор алт угааж
байгаа нэр нь үл мэдэгдэх зарим компани ямар нэгэн саадгүй ажиллаж
байгаа нь анхаарал татаж байв. Ямартай ч мэргэжлийн байгууллагууд
Заамарын хөндийд “тусгай ажиллагаа” явуулахдаа компаниудад ялгавартай
хандсан бололтой.

Жижиг уурхайнуудын хувьд ихэвчлэн үүсмэл орд буюу урьд нь өөр компани
ашиглаж байсан газрыг авсан байдаг аж. Тиймээс нөхөн сэргээлтийн ажилд
өндөр зардал шаарддаг. Гэтэл үүн дээр нь нэрмээс болж, хэрэгжүүлэх
механизм нь тодорхойгүй хуулиар далайлган үйл ажиллагааг нь доголдуулж
буйд тэд сэтгэл дундуур байсан юм. Хамгийн гол нь энэ үйлдэл хэн нэгнийг
гомдоох жижиг асуудал биш. Олон зуун хүний амьжиргаа, улс орны эдийн
засагт сөрөг нөлөө үзүүлэх хортой гэдэгт л хамаг учир байгаа юм.

"Нинжа" нар уурхай руу дайрахад бэлэн

Тагнуулын ажилчид уурхайнуудыг лацдаад явлаа гэх сургаар “нинжа” нар
идэвхжиж эхэлсэн байна. Уурхайнуудын ойр орчмын жалга судгаар гар аргаар
алт олборлох багаж хэрэгсэл үүрсэн хүмүүс дүүрчээ. Тэдний заримтай нь
уулзаж, сэтгэгдлийг нь сонсоход “Уурхайнуудыг хаах л юм бол лицензтэй
талбай руу нь ороход бэлэн. Бид хаа хамаагүй газар ухаад олигтой юм
олдохоо больсон. Тэгээд ч бидэнд өөр ажлын байр байхгүй” гэцгээж байна.
Өдгөө уурхайн талбай руу халдах үзэгдэл нэлээд гарах болжээ. Эзэмшлийн
бүс рүү нь нэвтэрсэн “нинжа” нартай компанийн ажилчид чадах ядахаараа
тэмцэж байгаа юм билээ. Ер нь нэг шөнийн дотор ойролцоогоор 30 орчим
хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгдөг гэсэн
мэдээлэл байна. Гэхдээ сүүлийн үед “нинжа” нар туулах чадвартай техник
хөлөглөж, орчин үеийн мэдээллийн технологи ашигладаг болсон. Хэр баргийн
хүнд баригдахгүй зугатаад алга болдог. Богино хугацаанд их хэмжээний
газар сүйтгэж, хохирол учруулдаг гээд байдал урьдынхаас эрс өөр болжээ.
Зарим уурхайн удирдлага “Тэд мэдээлэл сайн авдаг. Төрийн шийдвэр,
тушаалыг хамгийн түрүүлж мэддэг хүмүүс бол “нинжа” нар. Тиймээс зарим
“нинжа” нарын ард магадгүй нөлөө бүхий лобби бүлэг байхыг ч үгүйсгэхгүй”
хэмээн ярьж байлаа.

Заамарт бодит байдал нэг иймэрхүү байна. Өдгөө салхи хаашаа эргэх нь засаг төрийн дараагийн нүүдлээс шууд хамаарна.

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж